Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 5190

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ОЭ76110871 регистрийн дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 6-30 тоотод оршин суух, Булгадар овогт Цогтоогийн Даваажавын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Монгол улсын иргэн ГЮ84112455 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 103/3 байрны 48 тоотод оршин суух, Олонхууд овогт Батмөнхийн Ариунболдод холбогдох,

 

Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.358.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Даваажав,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Даваажав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 3 дугаар сарын 01-ны өдөр “Түшиг” их дэлгүүрийн 2 дугаар давхарт байрлах нотариатаар хариуцагч Б.Ариунболдтой өвс зээлээр худалдах худалдах авах гэрээ байгуулж, гэрчлүүлсэн. Гэрээгээр 4000 боодол өвсийг нэг бүрийн үнэ нь 5500 төгрөг нийт 22.000.000 төгрөгийн гэрээ хийсэн. 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Б.Ариунболд урьчдилгаа төлбөрт 7.000.000 төгрөг шилжүүлсэн банк хоорондын гүйлгээ 1 хонож орно гэж худлаа хэлээд 600 боодол өвс аваад явсан боловч одоог хүртэл урьдчилгаа мөнгө нь орж ирээгүй худлаа ярьж мөнгөө төлөхгүй байгаа тул 600 боодол өвс нэг бүрийн үнэ 5500 төгрөгөөр тооцож 3.300.000 төгрөг, гэрээ нотариатаар гэрчлүүлсэн хөлс 28.000 төгрөг, тээврийн зардлын дутуу 30.000 төгрөг нийт 3.358.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

                                                                        

Нэхэмжлэгч Ц.Даваажав нь хариуцагч Б.Ариунболдод холбогдуулан зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3.358.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчдын хооронд 2016 оны 3 дугаар сарын 01-ны өдөр “зээлээр худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдсан байх ба уг гэрээгээр худалдагч Ц.Даваажав нь 4000 /дөрвөн мянган/ боодол өвсийг нэг бүрийн үнэ нь 5.500 төгрөг нийт 22.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авагч Б.Ариунболд нь 22.000.000 төгрөгийг 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 15-ны дотор хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ. /хх-ийн 3 дугаар тал/

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “зээлээр худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг  хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус зааснаар талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагджээ.

Дээрх гэрээний дагуу худалдагч Ц.Даваажав нь 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 600 /зургаан зуун/ боодол өвсийг нэг бүрийн үнэ 5.500 төгрөг нийт 3.300.000 төгрөгийн үнэ бүхий өвсийг худалдан авагч Б.Ариунболдолд хүлээлгэн өгсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт авагдсан зарлагын баримт зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 5 дугаар тал/

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу худалдан авагч Б.Ариунболд нь 600 /боодол/ өвсийг хүлээн авсан байх тул худалдагч Ц.Даваажав нь хүлээлгэн өгсөн өвсний үнийг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 600 /зургаан зуун/ боодол өвсний үнэ 3.300.000 төгрөг, зээлээр худалдах-худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардал 28.000 төгрөг, тээврийн зардлын дутуу 30.000 төгрөг нийт 3.358.000 төгрөгийг нэхэмжилсэн.

Зохигчдын хооронд байгуудсан гэрээний 6 дугаар зүйлд “уг гэрээг гэрчлүүлэхтэй холбогдон гарах зардлыг хоёр тал харилцан тохиролцож шийдвэрлэнэ” гэж заасан байх бөгөөд хэрэгт авагдсан нотариатын үйлчилгээний хөлсөнд төлсөн 28.000 төгрөгийн баримтаар уг төлбөрийг нэхэмжлэгч төлсөн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь тээврийн хөлсний зардал 30.000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Б.Ариунболдоос 3.300.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Даваажавд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 58.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүхээс хариуцагч Б.Ариунболдод нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гардуулж, хуульд заасан хугацааны дотор буюу 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай тайлбар болон нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарлсан байх боловч хариуцагч нь тайлбар болон ямар нэг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Шүүхээс хариуцагчид түүний нэхэмжлэлээ гардан авахад шүүхэд мэдүүлсэн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 103 дугаар байрны 3-48 тоот хаягаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар хүргүүлсэн боловч уг хаягт оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж,... түүнийг хүргэсэнд тооцно гэж заасан.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтыг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                           ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Ариунболдоос 3.300.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Даваажавд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 58.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68.680 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ариунболдоос 67.750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Даваажавд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.ЭНХЖАРГАЛ