| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2019/0228/Э |
| Дугаар | 215 |
| Огноо | 2019-07-07 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Э.Идэрбат |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 215
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Э.Идэрбат
Шүүгдэгч Э.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л овогт Э.Э холбогдох эрүүгийн 19210 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Баян-Овоо суманд 19 оны 01 дүгээр сарын 1-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, исгэлтийн технологч мэргэжилтэй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн , гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, регистрийн дугаартай, Л овогт Э.С
Шүүгдэгч Э.С нь 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 2 дугаар баг “Нам Ухаа” гэх газарт улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.4 в-д “мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 23.1-д заасан “зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож, тус мотоциклд зорчин явсан 1 нас 8 сартай С.Билгүдээн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10/
-Зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураг /хх-ийн 11-13/
-Шүүгдэгч Э.С-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 46-47/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 78 тоотын дүгнэлтийн хэсэгт: “1. Билгүдээн цогцост Гавал тархины битүү гэмтэл: Гавлын орой болон суурь ясны шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн дагз, зулайн орой хэсэг, тархины баруун тал бөмбөлгийн зулайн орой хэсэг, бага тархины суурь хэсгийн аалзан хальсан доорхи цус хуралт, духны няцарсан шарх, цус хуралт, дух, зүүн хацар эрүүний зүүн булан, зүүн чихний урд хэсгийн зулгаралт, баруун хацар, баруун шанаа, эрүүний зүүн булангийн цус хуралт, баруун гарын долоовор хурууны няцарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрхи гэмтлүүдийн орой болон суурь ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дагз, зулайн оройн хэсэг, тархины баруун тал бөмбөлгийн зулайн орой хэсэг, бага тархины суурь хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт нь гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаачид нь шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрхи гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /хх-ийн 34-35/
Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 32 тоотын дүгнэлтийн хэсэгт: “Жолооч Э.Сэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.4в-д “Жолооч мотоцикл...жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, үүргийг хүлээнэ” , 3.7в-д “Зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, ... түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй ... тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно”, 23.1-д “Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ”, 23.9.е-д “10 хүртэлх насны хүүхдийг мотоциклийн арын суудалд тээвэрлэхийг хориглоно” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн байна. Жолооч Э.С нь аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасаж, аль болох хохирлыг багасгах арга хэмжээ авч, зогсоох арга хэмжээ аваагүйгээс зам тээврийн осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Даюун маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл нь замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Пүрэвбаатарын хийсэн үзлэгээр техникийн хувьд бүрэн гэсэн тэмдэглэл зэргээс үзэхэд уг тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн байх үндэслэлтэй байна” гэх дүгнэлт /хх-ийн 40-41/
Шүүгдэгч Э.С-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 46-47/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Э.С нь 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгий Хөлөнбуйр сумын 2 дугаар баг “Нам Ухаа” гэх газарт улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.4 в-д “мотоцикл…мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 23.1-д заасан “зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож, улмаар тус мотоцикл дээр сундалцаж явсан 1 нас 8 сартай хохирогч С.Билгүдээн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...Би Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 2 дугаар баг “Нарийн Цагаан Чулуут” гэх газарт эхнэр хүүхдийн хамт оршин суудаг. 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр том хүү Бадралын үсэглэлийн баяр болоод хүүхдийнхээ үсэглэлийн баярт оролцчихоод тухайн өдрийн 17-18 цагийн орчимд талийгаач хүү Э.Билгүдээг мотоциклынхоо банкан дээр суулгаад хөдөө гэр рүүгээ явсан. Ингээд сумын төвөөс хойш 10 орчим км яваад “Нам ухаа” гэх газарт явж байхад хүү маань үүрэглээд толгойгоо дохиод хажуу тийш болоод байсан. Ингэхэд нь би зүүн гараараа хүүгээ цээжээр нь тэврээд баруун гараараа рулиэ бариад явж байхад гэнэт 2 тийш дайвалзахад нь хүүгээ тавиад 2 гараараа рулиэ бариад өвдгөөрөө хүүхдээ хавчаад мотоциклоо тогтоох гэхэд шарваад онхолдсон. Ингээд босоод ирэхэд хүү маань мотоциклын баруун талд 1 метр орчим газарт унасан байсан, очоод тэврэхэд ухаан алдсан байдалтай, дуу гарахгүй байсан. Ингээд би сумын төвийн эмнэлэг рүү яриад түргэн дуудсан удалгүй эмч ирж үзээд хүүг маань нас барсан байна гэж хэлсэн. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/, түүнийг давхар нотолсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр манай том хүү Бадралын үсэглэлийн баяр болоод нөхөр Э.С бид хоёр бага хүүгээ аваад үсэглэлийн баярт оролцсон. Ингээд үсэглэлийн баярыг дуусгаад 18 цагийн орчимд нөхөр Э.С нь талийгаач хүү С.Билгүдээг мотоциклондоо сундлаад хөдөө гэр рүүгээ явсан, ингээд орой нь Э.С нь мотоциклтойгоо онхолдож хүү маань нас барсан талаар мэдсэн. Нэгэнт л ийм асуудал болоод өнгөрсөн, одоо гаргах ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22/, гэрч П.Бибишийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг очиход Э.С гэх залуу мотоциклоос онхолдсон байдалтай газарт хүүхдээ тэврээд уйлаад сууж байсан юм. Тухайн үед Билгүдэ гэх 1 нас 8 сартай хүүхдийг үзэхэд хүүхэн хараа өргөссөн, баруун чихнээс цус гарсан, амьсгал, зүрх, судас зогссон, нас барчихсан байсан ... Э.С миний өөдөөс ямар нэг зүйл хэлээгүй уйлаад сууж байсан бөгөөд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 78 /хх-ийн 34-35/, Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 32 тоот /хх-ийн 40-41/ дүгнэлтүүд болон бусад шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч С.Билгүдээн амь нас хохирсон нь шүүгдэгч Э.С-ийн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.4-в, 23.1-д заасан заалтуудыг болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Э.С-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан тухайн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэг байхаас гадна гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан нь түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн СД99 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л овогт Э.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.С нь тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Э.С мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч Э.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдсугай.
6. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгчийн СД9 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Э.С авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР