| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2024/03915/И |
| Дугаар | 210/МА2025/00684 |
| Огноо | 2025-04-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2025/00684
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
*******д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 34,890,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* нь ******* ХХК-иас 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй зээлж авсан. 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 542,500 төгрөгийн хүү төлснөөс хойш эргэн төлөлт хийгээгүй.
1.2. Компанийн зүгээс үндсэн зээл болон зээлийн хүүгээ төлөхийг *******д удаа дараа сануулсан боловч бидний шаардлагыг биелүүлэхгүй, манай компанид маш их хохирол учруулж байна.
Иймд үндсэн зээлд 15,000,000 төгрөг, зээлийн хүүд 12,390,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг, нийт 34,890,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэгч нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Зээлийн гэрээнд заасан барьцаа хөрөнгө болох ******* дугаарыг зээлийн гэрээний барьцаа болгохдоо Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан хэлбэрээр байгуулж, уг дугаарыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан.
2.2. Зээлдэгч графикийн дагуу эхний хэдэн төлөлтөө хийсэн ч зээлээ төлж чадахаа больсон. Гэтэл нэхэмжлэгч байгууллага зээл төлүүлэх талаар ямар нэг албан шаардлага огт өгөөгүй. Мөн фидуцийн гэрээний дагуу барьцаа хөрөнгийг зарж борлуулан зээлсэн мөнгөө гаргаж авах эрхтэй байсан ч уг эрхээ хэрэгжүүлээгүй.
2.3. Зээлд төлсөн үнийн дүн дээр маргахгүй. Харин хүү тооцож нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэв зээлийн хүүг тооцож байгаа бол зээлийн гэрээнд заасан хугацаанд тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. Одоог хүртэл фидуцийн гэрээнд заасан эд зүйл нэхэмжлэгчийн өмчлөлд байгаа.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******д холбогдох 34,890,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна гэж зааснаас үзэхэд ******* дугаар нь барьцааны зүйл болж чадахгүй байна. Учир нь ******* дугаарын өмчлөгч нь ******* ХХК юм. Барьцааны зүйлийн шалгуур үзүүлэлт бол өмчлөлийн зүйл байх ёстой.
4.2. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.3 дахь хэсэгт Барьцааны гэрээг бичгээр байгуулаагүй бол гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан. Нэхэмжлэгч нь хариуцагч *******тэй ямар нэг барьцааны гэрээ байгуулаагүй. Хариуцагч нь манай компанитай зээлийн гэрээ байгуулахаас өмнө ******* дугаарын эрхийг эзэмшиж байсан. Одоогоор ******* дугаарын эрхийг манай компани эзэмшиж багаа.
4.3. Түүнчлэн анхан шатны шүүх Иргэний хуулийн 206.1, 209.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь зээлдэгч зээл, зээлийн хүү, алдангийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасны дагуу хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүх манай компанийг үүрэг гүйцэтгэгч гэж дүгнэсэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
4.4. Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.4-т Хэрэв зээлдэгч нь зээлсэн мөнгөө, түүний хүү, алдангийн хамт зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 14 хоногийн дотор төлөөгүй тохиолдолд 15 хоногоос зээлдүүлэгч нь зээлдэгчийн сайн дураар шилжүүлсэн дугаарыг худалдан борлуулж, зээлсэн мөнгөө, түүний хүү, алдангийн хамт гаргаж авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдэв гэж мэдэгдэл байхад анхан шатны шүүх энэхүү мэдэгдлийг нэхэмжлэгчийн талын хүлээсэн үүрэг гэж буруу дүгнэлт хийсэн. Агуулгын хувьд мэдэгдэл, үүрэг нь хоорондоо зөрүүтэй ойлголт юм.
4.5. 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүхэд шүүгч нарын томилгоо, шилжилт явагдаж 8 сарын хугацаа өнгөрсний дараа анхан шатны шүүхийн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2 дахь заалтуудыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн.
4.6. Зээлийн гэрээнд дугаартай холбоотой заалтууд нь Иргэний хуулийг зөрчсөн байхад шүүх уг заалтуудыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. Манай компани барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг учраас зээлдэгч *******тэй Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасныг үндэслэн зээлийн гэрээ байгуулсан.
4.7. Мөн шүүх хуралдааны явцад хариуцагчийн төлөөлөгч алданги 7,500,000 төгрөг, үндсэн зээл 15,000,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлөхийг зөвшөөрсөн байхад шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд хариуцагч талын хүлээн зөвшөөрсөн үнийн дүн болох 22,500,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төлөх ёстой байсан хүү 525,000 төгрөг, нийт 23,025,000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 34,890,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрч маргажээ.
3. ******* ХХК болон ******* нарын хооронд 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* нь 15,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцсон байх ба тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
4. Харин анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны зүйлийг зөв тодорхойлсон боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс үйл баримтыг буруу тогтоосныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэлээ.
4.1. Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.4-т зээлдэгч тал өөрийн хүсэлтээр *******ын ******* дугаарыг зээлдүүлэгч талд шилжүүлсэн болно гэж, 5.5-т зээлдэгч тал үндсэн зээл, зээлийн хүү, алданги зэргийг төлж дуусгасан тохиолдолд зээлдүүлэгч тал *******ын ******* дугаарыг зээлдэгч талд буцааж, шилжүүлж өгнө гэж, 5.6-д зээлдэгч тал үндсэн зээл, зээлийн хүү, алданги зэргийг төлөхгүй тохиолдолд зээлдүүлэгч тал *******ын ******* дугаарыг зарж борлуулах эрхтэй гэж тус тус тохиролцжээ.
4.2. Гэрээ байгуулагдсан өдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ******* нь ******* дугаарын эзэмших эрхийг ******* ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн байна.
4.3. Талуудын энэ тохиролцоог Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгаар тайлбарлавал зээлдэгч ******* нь үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд ******* дугаарын эзэмших эрхийг ******* ХХК буцаан *******д өгөх нөхцөлтэйгээр ******* ХХК-ийн эзэмшилд хөрөнгийг шилжүүлсэн буюу Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан фидуцийн гэрээний агуулгатай гэж дүгнэнэ.
5. ******* ХХК нь 2012 оны оны 04 дүгээр сарын 21-ний өдөр барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх туслах үйл ажиллагаа явуулахаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэгдсэн байх ба тэрээр Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн хөдлөх хөрөнгийг барьцаалах эрхтэй байна.
5.1. Гэтэл анхан шатны шүүх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд гар утасны дугаар эзэмших эрхийг барьцаалахаар барьцааны гэрээ байгуулсан, уг барьцааны зүйлийг худалдан борлуулж, түүнээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй гэж алдаатай дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.
5.2. ******* ХХК нь 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр *******гийн ******* дугаарын эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж фидуцийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байна. Хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг шаардахад энэ шийдвэр саад болохгүй болно.
6. Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр байх тул зээлдүүлэгч ******* ХХК нь зээлдэгч *******гээс зээлийн гэрээний үүргийг Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй, энэ эрхээ зөв хэрэгжүүлжээ.
6.1. Талууд гэрээний 2.1-т зээлийн хүүг сарын 3,5 хувь гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасантай нийцсэн тул хариуцагч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл буюу гэрээгээр тохирсон 5 сарын хугацаанд үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүүд 2,625,000 төгрөг, нийт 17,625,000 төгрөг төлөх үүрэг хүлээжээ. Тэрээр энэ хугацаанд 2,152,500 төгрөг төлснийг хасч тооцвол 15,525,000 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангана.
6.2. Зээлийн гэрээний 2.6-д зааснаар зээлдэгч алдангийг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.
6.3. Алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар хязгаарлавал /15,000,000*0.5 хувь*681 хоног=51,075,000/ 7,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
6.4. Иймд хариуцагч *******гээс үндсэн зээлд 15,000,000 төгрөг, зээлийн хүүд 525,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг, нийт 23,025,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэв.
7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/01283 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******гээс 23,025,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 11,865,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 273,075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273,075 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Э.ЗОЛЗАЯА
Даргалагчаас: Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, байна. Иргэний хуулийн 281.1, 286.1 232.6-д заасныг баримтлан хариуцагч *******гээс 23,025,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж шийдвэрлэв. Улсын тэмдэгтийн хураамжид өөрчлөлт оруулна.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 286.1-т заасан гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн. Гэрээ хүчин төгөлдөр байна. Харин дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд гар утасны дураар эзэмших эрхийг барьцаалахаар барьцааны гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүхийн дүгнэлт буруу болсон. Барьцааны гэрээ нь барьцааны зүйлийн үнээс шаардлага хангуулах эрхийг бий болгодог.
Талуудын гэрээнд заасан гэрээний тохиролцоо нь Иргэний хуулийн 235.1 дэх хэсэгт заасан фидуцийн гэрээний агуулгатай байна. Өөрөөр хэлбэл мөнгөн төлбөрийн үүргийг хангах зорилгоор үүрэг хүлээгч нь үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд хөрөнгийг буцааж өгөх нөхцөлтэйгөөр үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд хөрөнгийг шилжүүлсэн агуулгатай гэрээ байгуулагдсан байна.
Барьцаалан зээлдүүлэх журмаар үйлчилгээ үзүүлдэг газрын хувьд Иргэний хуулийн 286.3 дахь хэсэгт зааснаар зөвхөн хөрөнгийг барьцаалах эрхтэй. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг тулд хөдлөх эд хөрөнгийг барьцаалах эрхийг хэрэгжүүлэх эрхтэй. Талуудын хооронд 235.1 дэх хэсэгт заасан фидуцийн гэрээ байгуулагдсан, хууль зөрчсөн хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай байна. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр тохиолдолд нэхэмжлэгч тал зээлилйн гэрээний үүргээ шаардах эрхтэй. Ингээд үндсэн зээл 15 сая, хүү 525,000 төгрөг, алданги 7,500,0 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв. Нийт 23,025,000 төгрөг