Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 219

 

            Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Б.Догмиддорж                 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгч О.У нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт О.У-д холбогдох эрүүгийн 19216 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1991 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, “ажилтай, ам бүл тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, мөн Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, бие эрүүл гэх, ЖЯ9 регистрийн дугаартай, Х овогт О.У.

 

            Шүүгдэгч О.У нь 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 4-16 тоотод хууль бусаар нэвтрэн орж, иргэн Б.Түмэндэмбэрэлийн эзэмшлийн 32 инчийн “LG” маркийн хар өнгийн зурагт болон цацраг трейдийн станц зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч 320,000 /гурван зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч О.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч Б.Түмэндэмбэрэл мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...манай гэрийн вакум цонхоор үл таних 160 орчим см өндөртэй улаан өнгийн курткатэй, саарал өнгийн даавуун өмдтэй, хар өнгийн гуталта эрэгтэй  хүн гараад байшингийн хойд талын хашааг давж зугтаасан ба манай нөхөр Ж.Дарьсүрэн араас нь гүйж гудамжинд барьж аваад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. ... Манай гэрт хууль бусаар нэвтрэн хулгай хийх гэж байсан этгээд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба их согтолттой унаж тусаад байсан. ... надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/

Гэрч Ж.Дарьсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай гэрийн вакум цонхоор үл таних 160 см орчим өндөртэй, улаан өнгийн курткатэй, саарал өнгийн даавуун өмдтэй, хар өнгийн гуталтай эрэгтэй хүн гараад байшингийн  хойд талын хашааг давж зугтаасан би араас нь гүйж гудамжны төгсгөлд барьж авсан. ... манай гэрийн 32 инчийн “LG” маркийн хар өнгийн зурагт болон цацраг трейдийн станцтай хамт хананд байрлуулсан байсныг аваад үүдний өрөөнд тавьчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/

 

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10/

 

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 34/

 

-Шүүгдэгч О.У-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-33/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч О.У нь согтуурсан үедээ 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 4-16 тоотод хууль бусаар нэвтрэн орж, хохирогч Б.Түмэндэмбэрэлийн өмчлөлийн 32 инчийн “LG” маркийн хар өнгийн зурагт болон цацраг трейдийн станц зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч О.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...Би Зангиат хорооллоор алхаад явж байхад том байшинтай хашаа байсан. Хашааны хаалга онгорхой байхаар нь орж цонхыг нь түлхэхэд онгорхой байх шиг байхаар нь цонхоор нь орсон гэж санаж байна. ... нэг мэдэхэд хашаан дотор машин орж ирээд байшингийн цонхоор гэрэл тусахаар нь би цонхоор гарч зугтаж байгаад нэг залууд баригдсан. Тэр залуу цагдаа дуудсан...”  гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/, түүнийг давхар нотолсон хохирогч Б.Түмэндэмбэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэрийн вакум цонхоор үл таних 160 орчим см өндөртэй улаан өнгийн курткатэй, саарал өнгийн даавуун өмдтэй, хар өнгийн гуталтай эрэгтэй хүн гараад байшингийн хойд талын хашааг давж зугтаасан ба манай нөхөр Ж.Дарьсүрэн араас нь гүйж гудамжинд барьж аваад цагдаагийн байгууллагад  дуудлага өгөн юм. ... манай гэрт хууль бусаар нэвтрэн хулгай хийх гэж байсан этгээд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба их согтолттой унаж тусаад байсан. ... надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/, гэрч Ж.Дарьсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай гэрийн вакум цонхоор үл таних 160 см орчим өндөртэй, улаан өнгийн курткатэй, саарал өнгийн даавуун өмдтэй, хар өнгийн гуталтай эрэгтэй хүн гараад байшингийн  хойд талын хашааг давж зугтаасан би араас нь гүйж гудамжны төгсгөлд барьж авсан. ... манай гэрийн 32 инчийн “LG” маркийн хар өнгийн зурагт болон цацраг трейдийн станцтай хамт хананд байрлуулсан байсныг аваад үүдний өрөөнд тавьчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

         

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэжээ.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч О.У нь бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж зурагт, цацраг трейдийн станц зэрэг эд зүйлийг хулгайлахаар шууд чиглэсэн санаатай үйлдэл хийсэн боловч шүүгдэгчийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдал буюу шүүгдэгчийн бусдын эд зүйлийг авахаар өөр газарт шилжүүлэн байрлуулж байхад нь байшингийн цонхоор машины гэрэл туссанаар шүүгдэгч О.У-ын үйлдэл таслан зогсоогдож, улмаар эд зүйлээ хаяж цонхоор зугтаасан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

 

Иймд шүүгдэгч О.У-д холбогдох хэргийг Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн ирүүлснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зөвтгөн зүйлчлэх нь зүйтэй байх ба шүүгдэгч О.У-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.У-н үйлдсэн хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  “...гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан  ялын дээд  хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна “гэж заасны дагуу түүнд ял оногдуулбал зохино.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хөндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдвал зохино.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч О.У-ын регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

                              

1. Шүүгдэгч Х овогт О.У-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч О.У-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.У-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт баримт бичгээр ирсэн шүүгдэгч О.У-ын Ж тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны  08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР