Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2025/00686

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 192/ШШ2025/01053 дугаар шийдвэртэй,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

******* ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,226,290,994 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Хариуцагч компанитай 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ******* цогцолбор сургуулийн спорт комплекс болон ахлах, дунд бүлгийн хичээлийн байр барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тус гэрээгээр хариуцагч компани нь ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан 04/02 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ-г дүгнэж, гүйцэтгэсэн ажлын тоо, хэмжээ болон төлбөрийн тооцоог тооцож, үлдэгдэл төлбөрийг манай компанид төлж барагдуулах, манай компани үлдэгдэл ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхээр харилцан тохиролцсон.

1.2. Манай компани гэрээний дагуу ахлах, дунд сургуулийн барилга 1 дүгээр давхар, спорт комплекс барилга 2 дугаар давхрыг тус тус дуустал бетон угсралтын ажлыг гүйцэтгэсэн. Манайх 1,2 тэрбум төгрөгийг авалгүйгээр өөрөө хөрөнгөө гаргаад барилгын ажил хийсэн, цаашаа төлбөр авахгүйгээр барилга барих боломжгүй. Үлдэгдэл төлбөрийг төлөхийг хариуцагч компаниас удаа дараа шаардсан боловч бүрэн төлөөгүй.

1.3. Ажлын гүйцэтгэлийн дэвтрээр энэ ажил хийгдсэн нь тогтоогддог бөгөөд уг дэвтрүүд хариуцагч байгууллагын өмчлөлд очих ёстой боловч ирж авдаггүй. Гүйцэтгэгч солигдсон эсэхээс үл хамаараад барилгын ажлын дэвтэр бол хийсэн ажлаа өдөр тутам цаг цагаар, хийсэн ажил, тоо хэмжээ, оролцсон хүн, хянасан, шалгасантайгаа бүгд бичигдэж явах ёстой. Манай компанийн гүйцэтгэсэн ажлын хөлс нийт 2,780,602,500 төгрөг болсон ба үүнээс хариуцагч нь 1,554,311,506 төгрөгийг төлж, үлдэгдэл 1,226,290,994 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Уг гэрээний харилцаатай холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж, шалгуулж байгаа учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар хохирогчоос мэдүүлэг авсан. Шүүгч нотлох баримт гаргуулах захирамж гаргаагүй учраас эрүүгийн хэргийн талаар цааш тайлбарлах боломжгүй. Нэхэмжлэгч тал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэгт оролцоо байгаа эсэх талаар л хянан шалгагдаж байгаа.

2.2. Хэрэгт нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримтууд нь хуулийн шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаас хасах нь зүйтэй гэж үзэж байна. Уг баримтуудыг хэзээ, хэн, нөхөн үйлдсэн эсэх нь эргэлзээтэй. Ажил хүлээлгэж өгсөн гэх акт болон хавсралтуудаар өгсөн баримтад гарын үсэг зурагдаагүй, тамга дарагдаагүй. Ажлаа хүлээлгэж өгснөөр шаардах эрх үүснэ. Ажил гүйцэтгэх гэрээний онцлог нь ажлаа хүлээлгэж өгөх юм. Нэхэмжлэгч нь ажлаа хүлээлгэж өгөөгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 123 дугаар зүйлийн 123.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-аас 1,226,290,994 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,289,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 6,289,405 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагч ******* ХХК нь барилгын ажил гүйцэтгүүлэгч, төлбөрийн үүрэг гүйцэтгэгч хэдий боловч ******* ХХК-д төлсөн төлбөртэй холбоотой мөнгөн дүнгийн талаар маргаантай байхад анхан шатны шүүх ******* ХХК-д тухайн мөнгөн төлбөрийн шаардах эрхийг шилжсэн гэж дүгнэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, хэргийн 52-100, 125-163 талд авагдсан нотлох баримтуудад нэр дурдагдсан ******* гэх иргэн хариуцагч буюу захиалагч талыг төлөөлөх эрхтэй этгээд биш бөгөөд энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлох баримт шинжлэн судлах явц, асуулт, хариултаар тодорхой болгосон.

4.2. 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 23/04/03 дугаартай гэрээнээс өмнө гэрээний гол үүрэг гүйцэтгэх ёстой ******* ХХК-тай тооцоо нийлсэн гэх баримтад ******* ХХК-ийн тамга дарагдаж баталгаажаагүй, гарын үсэг зурагдаагүй байхад шүүх дүгнэлт хийсэн нь буруу.

4.3. Мөн хэргийн 18 дугаар талд авагдсан ...23/04/03 тоот гэрээт ажлын тооцоо гэх баримтад зөвхөн нэхэмжлэгч компанийн тамга, гарын үсэг зурагдсан бөгөөд хариуцагчид хүлээлгэн өгсөн, танилцуулсан баримтгүй, хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй байхад уг баримтад дурдсан тооцооллыг үндэслэж хариуцагч компанид төлбөрийн үүрэг ногдуулсан нь үндэслэлгүй, нотлох баримтыг үнэлэх журамд нийцэхгүй байна. Нөгөөтэйгүүр ******* ХХК-д хариуцагчийн төлсөн төлбөрийг дахин *******" ХХК-д төлөхөөр давхардуулан үүрэг ногдуулсан нь хуульд нийцэхгүй.

4.4. Маргаан бүхий гэрээний гол асуудал үүсгэсэн хавсралтаар баталсан тооцоо нийлсэн актууд буюу хэргийн 1-10 дахь талд авагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-т дурдаж буй баримтад ******* ХХК гэсэн бичилттэй хэсэгт гарын үсэг зураагүй, тамга дарагдаагүй байхад нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтаар тогтоогдож, нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг шүүх үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Энэ нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан баталгаажуулаагүй байхад анхан шатны шүүхээс хариуцагчид үүрэг ногдуулж дүгнэсэн нь буруу. Тухайн тооцоо нийлсэн гэх нэг талын хүсэл зоригийг илэрхийлсэн баримтад "******* ХХК, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд, нягтлан бодогч нар энэ тооцооллыг зөвшөөрсөн эсэхээс хамаарч хариуцагч байгууллагад төлбөрийн үүрэг ногдох эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх ёстой.

Дээрх баталгаажаагүй тооцоо нийлсэн акт болон зохигчийн хооронд байгуулагдсан гэрээнд заасан маргаан бүхий төлбөрийн дүнг нэхэмжлэгч Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан санхүүгийн анхан шатны болон бусад баримтаар нотлоогүй байхад шүүх нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл болон түүнээс хойш гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй гэж таамаг байдлаар, тодорхойгүй буюу нэхэмжлэгч хуулийн шаардлагад нийлүүлэн нотлон тогтоолгоогүй, бодит үндэслэлгүй, нотлох баримтын эргэлзээг гаргаагүй шийдвэрлэсэн.

4.5. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийг зөвшөөрсөн гэж үндэслэлгүй дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, шүүгч хариуцагч талыг санаатай хариу тайлбар өгөөгүй мэт шийдвэртээ дурдаж, хариуцагчийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд ажиглагчаар оролцуулж, мэтгэлцэх зарчим хэрэгжүүлээгүй.

4.6. Шүүх хуралдааны хэлэлцүүлэг, нотлох баримт шинжлэн судлах шатанд хариуцагчаас 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан тайлбар, гомдол, итгэмжлэлийг нотлох баримтаар шинжлэн судалсан. Хэрэв хариуцагчийн тайлбар үнэлэгдэх ёсгүй, хэрэгт авагдаагүй буюу нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй бол итгэмжлэл болоод шүүгчийн захирамжид гаргасан гомдол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан хүсэлт зэрэг нь бүгд хуульд нийцэхгүй баримтын шаардлага хангахгүй болж таарна.

4.7. Мөн хариуцагчаас тайлбар, татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж дурдсан. Гэтэл тухайн эрүүгийн журмаар шалгагдаж байгаа хуулийн этгээд болоод гүйцэтгэх удирдлагаас шалтгаалсан баримтыг үнэлж, шүүхийн шийдвэрийг гаргаж байгаа нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргах үндэслэлүүдийн нэг болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа:

5.1. 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.8 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч байгууллагын эрх бүхий этгээд болох байгуулсан. Уг гэрээгээр манай компани ******* ХХК-тай тооцоо нийлээгүй, ******* ХХК-ийн захиралтай тооцоо нийлж, гэрээг баталгаажуулсан.

******* ХХК-ийн албан тушаалтан ******* гэх хүний асуудал огт яригдахгүй. Учир нь манай компани ******* ХХК-тай тооцоо нийлж талууд зөвшөөрсөн тул 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн гэрээ нь талуудын чөлөөт байдлын зарчмын хүрээнд хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ учир Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч үүргийг зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх ёстой.

5.2. Бодит байдал дээр ******* ХХК-ийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн ажил ******* ХХК-ийн өмчлөлд үлдсэн. Хохирч байгаа этгээд нь төлбөрөө авч чадаагүй ******* ХХК юм.

5.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3, 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдааны товыг лавлах үүргийг зохигч хүлээдэг бөгөөд тэдгээр нь шүүхийн дуудсанаар ирэх үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар хамт ирдэггүй. Шүүх өмгөөлөгч авах, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, хэргийн материалтай танилцах хариуцагчийн эрхийг хязгаарласан зүйл байхгүй.

5.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч талаас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэх агуулгаар хариу тайлбарыг ирүүлсэн болохоос давж заалдах гомдолд дурдаж байгаачлан ажлыг хүлээж авсан, аваагүй, ******* ХХК-тай тооцоо нийлсэн, нийлээгүй гэх агуулгаар тайлбар хэлээгүй. Хариуцагчийн төлөөлөгч гэрээ хүчин төгөлдөр, ажлыг хүлээн авсан эсэх асуудалд огт маргаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,226,290,994 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрээний дагуу ахлах, дунд сургуулийн барилга 1 дүгээр давхар, спорт комплекс барилга 2 дугаар давхрыг тус тус дуустал бетон угсралтын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд санхүүжилтийг өөрөөсөө гаргасан, нийт гүйцэтгэсэн ажлын хөлс 2,780,602,500 төгрөгөөс төлөөгүй үлдсэн 1,226,290,994 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч нь уг гэрээний талаар маргаантай, тухайн маргаантай холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгуулж байгаа учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлажээ.

 

4. Анхан шатны шүүх маргааны үйл баримт тодорхой бус байхад тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь алдаатай болсон байх ба давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна. Учир нь:

4.1. Нэхэмжлэгч өөрийн хийж гүйцэтгэсэн ажлыг 2,780,602,500 төгрөгийн үнэлгээтэй гэж тодорхойлсон бөгөөд ******* ХХК болон ******* ХХК хооронд 2023 онд хийсэн тооцоо нийлсэн акт гэх баримтад дурдагдсан 1,911,977,500 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж дүгнэх бол түүний зөрүү болох 868,625,000 төгрөгийн хэмжээний ажил хийж гүйцэтгэсэн гэх байдал хэргийн баримтаар нотлогдох эсэх нь тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Уг зөрүү болох 868,625,000 төгрөгийн ажлыг нэхэмжлэгч хийж гүйцэтгэсэн гэдгийг нотлох баримт болох хэргийн 50-198 дугаар талд авагдсан Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл, Цутгамал төмөр бетон бүтээцийн арматурчилсан акт, суурийн нүх ухсан акт, Бетон дүүргэгч, барилгын физикийн лаборатори, Бетон зуурмагийн чанарын гэрчилгээ болон барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл гэх 2 ширхэг дэвтрийг үндэслэн шүүхээс тогтоох боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг тодруулаагүйгээс тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлд хамаарч байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

5. Харин хариуцагч талаас анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

5.1. ******* ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан нэхэмжлэлд шүүх 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч д 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлажээ.

5.2. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШЗ2024/26072 дугаартай захирамжаар иргэний хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хэлэлцүүлэхээр товлосон байна.

5.3. Шүүх 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШЗ2024/26085 дугаар захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулахдаа хариуцагчийн төлөөлөгч гийн гаргасан өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ.

5.4. Шүүх 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШЗ2024/28070 дугаар захирамжаар шүүхийн бүтэц өөрчлөн, зохион байгуулагдахтай холбогдуулан тус шүүхийн дотоод үйл ажиллагаатай холбоотойгоор шүүх хуралдааныг жич товлон хойшлуулсан байна.

5.5. Нэхэмжлэгч талаас 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 147 хуудас нотлох баримт шүүхэд гаргаж өгсөн байх ба шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр болох шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч ******* нар за ойлголоо гэсэн хариу өгчээ.

5.6. Шүүх 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 192/ШЗ2025/07517 дугаар захирамжаар хариуцагчийн өмгөөлөгчийн нотлох баримт гаргуулах, хэргийн материалтай танилцах тухай хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгахгүй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт зааснаар уг хүсэлтийг шүүх хуралдаан дээр гаргаж байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай гэснийг тайлбарлаагүй байна.

Иймд дээрх хугацаанд шүүхээс хариуцагчийн өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцах, нотлох баримт цуглуулах эрхээр хангаагүй гэх байдал тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 192/ШШ2025/01053 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,289,405 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Э.ЗОЛЗАЯА