| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2019/0214/Э |
| Дугаар | 220 |
| Огноо | 2019-08-02 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 220
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Б.Догмиддорж
Хохирогч М.Октябрь
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат
Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л овогт М.Б-д холбогдох эрүүгийн 19дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд 1977 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл -26 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, ЖЗ8 регистрийн дугаартай, Л овогт М.Б.
Шүүгдэгч М.Б нь 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг бөхийн өргөөний урд талын аспалтан зам дээр “ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч М.Октябрийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн осол болсны дараа Октябрь ах эмнэлэг дээр очоод “би үзүүлэхгүй, ах нь өнгөрсөн хүн ...” гэж хэлэхээр нь би “та өөрийгөө өнгөрсөн гээд миний машины урдуур орж ирсэн юм уу?” гэж асуухад Октябрь ах их уурлаад “би шүүх эмнэлгийн дүгнэлтийг буруу гаргуулаад чамайг шүүхээр явуулаад байж чадна” гэж заналхийлсэн байдалтай надад хэлсэн. Би энэ тухай мөрдөн байцаагчид хэлэхэд “за энэ яах вэ” гээд ойшоогоогүй гэв.
Хохирогч М.Октябрь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би бөхийн өргөөнөөс гараад осолд орсон. Осолд орсны дараа Улаанбаатар хотод руу эмчилгээнд явсан. Одоо М.Б-аас замын зардал болон замын зардалд зарцуулсан бензиний мөнгө, эмнэлэгт үзүүлсэн болон эмчилгээний зардал, тээвэр хийж чадахгүй болсноос хохирсон алданги 3000000 төгрөг, дахин эмнэлэгт үзүүлэх зардал, мөн осолд орох үедээ алга болсон гар утасны үнэ 250000 төгрөг, нийт 4377600 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
-Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10/
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11/
-Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 12
-Шүүгдэгч М.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 46-48/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч М.Б нь 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг бөхийн өргөөний урд талын аспалтан зам дээр “” ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч М.Октябрийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 02-ны орой 21 цаг 40 минутын үед намайг 6 дугаар баг “Нарлаг” бөөний бааз дотор хүнс цуглуулаад явж байхад манай найз Оюунаа 88703078 дугаараас залгаад айлаас юм авах гэсэн юм аа, чи Зангиат руу машинаараа яваад өгөөч гэсэн, тэгэхээр нь би “Нарлаг” бөөний баазаас гараад очъё гэж хэлсэн. Тэгээд би ДОА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслээ өөрөө бариад “Нарлаг” бөөний баазын гаднаас хөдлөөд 10 дугаар байшингаас найз Оюунааг гэрээс нь аваад 4 дүгээр баг Зангиатын айл аа олохгүй баахан хайж байгаад, тэндээсээ Хан-Уулын 15 дугаар эгнээнд айлд очиж хүнээс юмаа аваад хөдөлсөн. Тэгээд Бөхийн өргөөний урд талын замаар баруунаас зүүн чиглэлд явж байхад зүүн гар талаас гэнэт хүн ороод ирсэн, би тоормосоо гишгээд мөргөөд зогссон. Би машинаасаа буугаад харахад мөргүүлсэн хүн босохгүй, хэвтсэн байдалтай байсан. Тэгээд би 88608 утсаараа 7058103 руу залгаж дуудлага өгсөн, үргэлжлүүлээд 7058102 дугаар руу залгахад ярьж байгаа дохио өгч байсан. Тухайн үед 22 цаг дөнгөж өнгөрч байсан, бөхийн өргөөний урд зам дээр хөдөлгөөн их байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/ түүнийг давхар нотолсон хохирогч М.Октбярийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 17 цагийн орчим 4 дүгээр баг Зангиатын 8-18 тоотод найз Даваанямын гэрт очсон. Намайг очиход тэдний гэрт нь 3 хүн байсан, тэгээд би нэмэгдээд дөрвүүлээ нийлээд 2.5 литрийн хүрэн савтай пиво 3 савыг уусан. Улмаар бид хэд пиво ууж дуусаад 22 цагийн орчим би Өсөхбуян гээд найзын хамт тэднийхээс гараад гэрлүүгээ явах замдаа бөхийн өргөө рүү орсон, тэгээд манай найз бүжиглэсэн. Тэгэхээр нь би за за найз нь харьлаа шүү? гээд Бөхийн өргөөнөөс гараад урд талын замаар гарах гээд явж байхад ар талаас гэнэт машин мөргөөд би хашлага даваад унасан. Тэгээд л хүмүүс бужигнаад машины жолооч гээд нэг хүүхэн бууж ирсэн. Бууж ирээд намайг машиндаа суулгаад эмнэлэг рүү аваачиж үзүүлсэн. Хүлээн авахад үзүүлэхэд маргааш зургаа аваад ирж үзүүлээрэй гэсэн, тэгэхээр нь би маргааш нь үзүүлээгүй. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэсэн чинь миний нурууны 12, 14-р нугалам хугарсан байна гэж хэлсэн. Улмаар эмчилгээ хийлгээд 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр аймагт ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/, гэрч М.Оюуны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ... орой 21 цаг өнгөрч байхад би утсаараа М.Б руу залгаад “чи гэртээ орсон уу” гэхэд, үгүй би гэртээ ороогүй байна, “Нарлаг” бөөний баазад явж байна гэсэн. Тэгэхээр нь би, чи тэгвэл найздаа Зангиат айл руу найздаа юманд яваад өгөөч гэсэн. Тэгээд М.Б манайд ирээд бид хэд хамт Зангиат руу явсан. Айлаа олохгүй баахан явж байгаад, би утсаар яриад Хан-Уулд байдаг айл руу очиж юмаа авсан. Тэндээсээ М.Б өөрөө машинаа бариад Бөхийн өргөөний урд талын замаар баруунаас зүүн чиглэлд явж байхад гэнэт хүн мөргөх шиг болсон, тэгэхэд хөдөлгөөн их байсан болохоор би сайн анзаарч хараагүй. Тухайн үед 22 цаг болж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 363 тоот дүгнэлтийн хэсэгт: “1. М.Октябрын биед сээрний 12-р нугаламын шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 36/
Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 33 тоот дүгнэлтийн хэсэгт: “Жолооч М.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болохгүйгээр зорчино” 12.2. “Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 2. Жолооч М.Б нь хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний эрчим замын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож яваагүйн улмаас осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Учир нь зам дээрх аюул, саад нь янз бүрийн шинж чанартай болох учраас түүнд тохирсон арга хэмжээг жолооч өөрөө авах ёстой. 3. “Тоёота Приус-20 маркийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Батбаатарын хийсэн үзлэгээр техникийн хувьд бүрэн гэсэн тэмдэглэл зэргээс үзэхэд уг тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн байх үндэслэлтэй байна. 4. Явган зорчигч М.Октябрь нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн өнгөрүүлэн эгц хөндлөн гарна”, 5.12а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна” гэх дүгнэлт /хх-ийн 40-41/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч М.Октябрийн биед учирсан хүндэвтэр хохирол /гэмтэл/ нь шүүгдэгч М.Б тээврийн хэрэгсэл жолоодохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.2-д заасан заалтыг тус тус болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзлээ.
Иймд шүүгдэгч М.Б-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжүүлсэн тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанд хохирогч М.Октябрь нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд 4,377,600 төгрөгийг нэхэмжилж байна.
Хохирогчоос шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримтуудыг нэг бүрчлэн бодож тооцож үзээд дараах нотлох баримтын шаардлага хангасан эмчилгээний зардлын 449300 төгрөг, гар утасны үнэ 140000 төгрөг, бензин шатахууны зардлын 374000 төгрөг, унааны зардалд 31600 төгрөг, нийт 996900 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна. Харин хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас шүүхэд гаргаж өгөөгүй нотлох баримтгүй бусад зардал болох тухайлбал тээвэр хийж чадаагүйгээс алдсан 3000000 төгрөг, дахин эмнэлэгт үзүүлэх зардал гэх мэт гэм хорын хохирлыг энэ удаагийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох боломжгүй байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг хохирогчид мэдэгдэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч М.Б-н ЖЗ8 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3-3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л овогт М.Б-ааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ааг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-аад оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Б-аад мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.Б-аас гэм хорын хохиролд нийт 996900 /Есөн зуун ерэн зургаан мянга есөн зуу/ төгрөг гаргуулж, хохирогч М.Октбярьт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хангагдаагүй бусад хохиролтой холбоотой зардлын баримтаа бүрдүүлэн тусад нь иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг хохирогчид мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч М.Б регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч М.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР