Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 5149

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ЦЗ79042801 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 10-14 тоотод оршин суух Өндөр овогт Оюунбазарын Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн СК79081611 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, хужирбулан 10 гудамж, 400 тоотод оршин суух Боржигон овогт Дашдаваагийн Өлзийдаваад холбогдох,

 

Хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Оюунгэрэл, хариуцагч Д.Өлзийдаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Оюунгэрэл миний бие 2009 онд Д.Өлзийдаваатай танилцаж хамтран амьдрах болсон. 2012 онд охин Ө.Хэрлэн төрсөн бөгөөд бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй байсан. Бид зан харьцааны хувьд таарч тохирохгүй, хамтран амьдрах боломжгүй болсон бөгөөд 2016 оны 5 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа тул охин Ө.Хэрлэнг эх миний асрамжид үлдээж, эцэг Д.Өлзийдаваагаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2009 онд О.Оюунгэрэлтэй хамтран амьдарч миний охин Ө.Хэрлэн 2012 онд мэндэлсэн. Хамтран амьдрах хугацаанд хэдэн удаа маргаж байсан ч охиноо өнчрүүлэх хүсэл, шалтгаан миний хувьд үүсээгүй гэж үзэж байна. Цаашид хэвийн амьдралаа үргэлжлүүлж, охиноо харж хандан сайн эцэг байна гэж удаа дараа хэлж, гуйж байна, хүлээн зөвшөөрөөгүй. Цаашид гэр бүл батлуулах, сэтгэл зүйч, хуулийн зөвлөгөө авах зэргээр асуудлыг овончтой байдлаар шийдвэрлэх хүсэлтэй байна гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Оюунгэрэл нь хариуцагч Д.Өлзийдаваад холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч О.Оюунгэрэл хариуцагч Д.Өлзийдаваа  нар нь 2009 оноос хамтран амьдарч тэдний дундаас 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр охин Ө.Хэрлэн төрсөн болох нь зохигчдын тайлбар, охин Ө.Хэрлэнгийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасан.

Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т ”хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг, эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх ... ” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах амьдрах эрүүл саруул, аюулгүй  орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай  хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах” мөн зүйлийн 12.2-т “эцэг, эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус заасан.

Хариуцагч нь охин Ө.Хэрлэнг эхийн асрамжид үлдээх талаар маргаагүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасан зохицуулалттай нийцэж байх тул 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү охин Ө.Хэрлэнг эх О.Оюунгэрэлийн асрамжид үлдээж, эцэг Д.Өлзийдаваагаас сар бүр хүүхдийн тэтгэлгийг гаргуулан охин Ө.Хэрлэнг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                  ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин Ө.Хэрлэнг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь мөн тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Д.Өлзийдаваагаар тэжээн тэтгүүлсүгэй.

2.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин Ө.Хэрлэнг эх О.Оюунгэрэлийн асрамжид үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.ЭНХЖАРГАЛ