| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2019/0213/Э |
| Дугаар | 216 |
| Огноо | 2019-07-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 216
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Ц.Лхамсүрэн
Шүүгдэгч Г.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Г.Л-д холбогдох эрүүгийн 192237 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баянтүмэн суманд 1996 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Хэрлэн” ажилтай, ам бүл 4, өвөө, эмээ, дүүгийн хамт амьдрах, Дорнод отод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, ЖЮ регистрийн дугаартай, Х овогт Г.Л.
Шүүгдэгч Г.Л нь 2019 оны 07 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 03 цагийн орчимд улсын дугаартай Соната маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа Дорнод аймаг Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт Хивсний хорооллын 5 дугаар эгнээний орчимд машин дотор нь зорчиж явсан иргэн У.Тамирааг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч У.Тамираа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 12 цагийн орчимд найз Түвшин, Төрболд, Баасандорж нартай уулзаж, Найрамдал парк орж салхилж байгаад шөнийн 03 цагийн үед гэртээ харихаар болж 24 дүгээр байрны урд талын таксины зогсоол дээрээс дугаартай Соната маркийн тээврийн хэрэгсэлд сууж гэртээ харьсан. ... Хивсний 5 дугаар эгнээ өнгөрөөд явахаар нь наагуур чинь эргэх байсан юм гэхэд жолооч Г.Л нь хэлэхгүй яасан юм? гэхээр нь би инээсэн. Тэгсэн чинь инээгээд байна уу, намайг шоолоод байна уу гээд энд буу гээд цамцны захаас татахаар нь буухгүй гээд ноцолдсон чинь нүүр рүү гараараа нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 447 тоот дүгнэлтэд: "1. У.Тамираагийн биед хамрын хянга ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрхи гэмтлүүдийн хамрын хянга ясны цөмөрсөн хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 21/
Шүүгдэгч Г.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-28/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Г.Л нь 2019 оны 07 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 03 цагийн орчимд улсын дугаартай “Соната” маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа Дорнод аймаг Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хивсний хорооллын 5 дугаар эгнээний орчимд машин дотор нь зорчиж явсан хохирогч У.Тамираатай хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Г.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “Хивсний хорооллын 5 дугаар эгнээний орчим явж байхад гэнэт наагуураа баруун гар тийшээ гэж хэлэхээр нь би сандраад түрүүн хэлэхгүй яасан юм бэ?, би зөндөө асуусан биз дээ? гэхэд өөдөөс үл ойшоосон байдалтай инээхээр нь чи яагаад инээгээд байгаа юм бэ? гэхэд яадаг юм гээд надтай хэрэлдэх гээд байхаар нь би машинаа зогсоогоод “чи буу” гэхэд буухгүй гээд суугаад байхаар нь би машинаасаа буулгах гээд цамцнаас нь татаж буулгахдаа нүүр рүү нь гараараа цохисон юм. ...Би Тамираагаас уучлалт гуйж, гэм буруугаа ухамсарлаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28/, түүнийг давхар нотолсон хохирогч У.Тамираагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-17/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 447 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч У.Тамираагийн биед учирсан “хамрын хянга ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд зовхины цус хуралт” бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Г.Л хохирогч У.Тамираагийн нүүрэн тус газарт нь гараараа 1 /нэг/ удаа цохисон санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Г.Л-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, хэрэгт авагдсан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгчийн гэм бурууг нотолсон нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналыг хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана”, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж тус тус заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан түүнд ял оногдуулбал зохино.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдсан ирсэн шүүгдэгч Г.Л регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Г.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л-ийн цалин, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Л-д мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Г.Л-ийн Ж712 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР