Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 102/2017/00011/и |
Дугаар | 001/ХТ2018/00011 |
Огноо | 2017-12-26 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 001/ХТ2018/00011
Д.Бын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/01536 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2006 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: Д.Б
Хариуцагч: “О/ОНӨААТҮГ/-т холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгч Ж.Б хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ш.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017-05-03-ны өдрийн Б/606 тушаалаар Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3-ын даргаар ажиллаж байсан намайг ОСНААУГ-ын дүрмийн 8.8, Удирдах газрын дүрмийн 8.3, 8.3.1, 8.8-г үндэслэн ажлаас чөлөөлсөн. Хариуцсан салбарын орлогын төлөвлөгөөг бууруулсан, хариуцсан салбарын удирдуулж байсан ажилчдаас гомдол ирсэн гэсэн нь үндэслэлгүй. 2017 он гарсаар надтай үр дүнгийн гэрээ байгуулаагүй. Ажилчин, албан хаагчид гомдол ирүүлсэн гэх боловч ямар гомдлыг үндэслэл болгосон нь ойлгомжгүй. Төлөвлөгөөний биелэлт бол зөвхөн даргын үйл ажиллагаанаас гадна байцаагч нараас хамаардаг. Би ноцтой зөрчил гаргаж байгаагүй, өөр ажилд очих өргөдөл өгөөгүй, харилцан тохиролцож өргөдөл гаргасан зүйл байхгүй.Иймд Б/606 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, олговор мөн удаан жилийн нэмэгдэл гаргуулж өгнө үү. Үр дүнгийн шагнал гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хэрэглэгчдэд үйлчлэх төв 3-ийн даргын ажил үүргийг хөдөлмөрийн гэрээгээр харилцан тохиролцсон байгаа. 2017-03-25 -ны өдөр Д.Бтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд 1.12.2-т ажилтны үр дүн шаардлага хариуцлагыг харгалзан ажлын байрыг өөрчилж шилжүүлэн томилохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1-т заасны дагуу талууд харилцан тохиролцоно. Мөн ажлын зайлшгүй шалтгаанаар шилжин ажиллах үүрэгтэй гэж зааж өгсөн. ОСНААУГ бол хуулиар зохицуулаагүй харилцааг дүрмээр зохицуулдаг. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017-02-23-ны өдрийн 33-р тогтоолоор ОСНААУГ-ын дүрмийг шинэчлэн баталсан. Хөдөлмөрийн гэрээг 2017-05-03-ны өдрийн Б/606 тоот тушаалаар дуусгавар болгож, өөртэй нь зөвшилцөж цалинг буруулахгүйгээр 2017-05-04-ний өдрийн Б/615-р тушаалаар Д.Быг ахлах операторын 850 000 төгрөгийн цалинтай ажилд шилжүүлсэн. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 452 дугаартай захирамжаар бүх захирамжийн баримтууд цахим системд шилжсэнтэй холбоотой тус тусад нь тушаал гаргасан. 2016 оны 11 дүгээр сараас ажил доголдоод 2017 оны 03 дугаар сард төлөвлөгөө биелэлт хамгийн доод түвшиндээ орж, ажилчид нь гомдол гаргах болсон. Хөдөлмөрийн гэрээг цуцлахгүйгээр өөр ажилд шилжүүлэх асуудал яригдаж шилжүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/01536 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.2.11, 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.2, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41 600 төгрөгийг Төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Бт олгож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2006 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/01536 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Быг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 3-ын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 4 сарын хугацааны олговорт хариуцагчаас 6 727 668 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Д.Бын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл төлсөн тухай бичилтийг хийхийг хариуцагчид даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээжээ.
Хариуцагч хяналтын гомдолдоо: Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа харилцан тохиролцож ажлын үр дүн, хариуцлага зэргийг харгалзан ажлын байрыг өөрчилж болохоор хөдөлмөрийн гэрээний 1.12.2, 2.1.7, 2.2.6-д заасан Гэтэл давж заалдах шатны шүүх “үндэслэл тогтоогдохгүй”гэсэн нь буруу. Тус газар нь хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл өөрчлөгдөх тохиолдолд хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгож дараагийн ажилдаа үргэлжлүүлэн гэрээ байгуулан ажиллах талаар хөдөлмөрийн дотоод журмаар тодорхой заасан байгааг нэхэмжлэгч сайн мэдэж байгаа. Хөдөлмөрийн гэрээ цуцлах нь амралтын тооцоо болон холбогдох бусад тооцоог хийдэг өөр асуудал юм. Тус газар хэрэглэгчдийг ус, дулаанаар хангах, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг тасралтгүй 24 цагийн турш явуулах үүднээс ажилтнуудынхаа сахилга хариуцлага, мэдлэг чадвар, удирдлага зохион байгуулалтыг байнгын анхаарч ажиллаж байж, хэвийн үйл ажиллагааг эрхлэх боломжтой юм. Ийм үүднээс ажлын зайлшгүй шаардлагаар Д.Бын хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон нөхцөлөөр өөр ажилд шилжүүлэн ажиллах шийдвэрт хүрсэн. Давж заалдах шатны шүүх ажил олгогчийн шийдвэр хуульд нийцээгүй гэж дүгнэсэн нь ямар хуулийн аль заалтыг яаж зөрчсөн талаар тодорхой дурдаагүй нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх нөхцөл юм. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар /ОСНААУГ/-н дарга 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Б/606 дугаартай тушаал гаргаж, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-ийн 4, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, байгууллагын дүрмийн 8.3.1, 8.8-г баримтлан “салбарын орлогын төлөвлөгөөний биелэлтийг бууруулсан” гэсэн үндэслэлээр Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3-ын дарга Д.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон, уг тушаалыг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Д.Б нь ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах шаардлага тавьсан /хх 1, 41/ хариуцагч зөвшөөрөөгүй /хх 20, 45/ маргасан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх өөрчилж, нэхэмжлэлийг хангажээ.
Хариуцагчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар /ОСНААУГ/-н даргын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/606 дугаар тушаалын үндэслэл тогтоогдоогүй буюу Д.Б салбарын орлогын төлөвлөгөөний биелэлтийг бууруулсан гэх нөхцөл байдал нотлогдоогүй тул ажил олгогч тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчсөн тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.
Түүнчлэн, ямар шалгуураар “...ажлын үр дүн, шаардлага, хариуцлагыг харгалзан ажлын байрны байршлыг өөрчлөх, шилжүүлэх...” шийдвэрийг ажил олгогч гаргадаг нь тодорхойгүй, энэ тухай баримт хэрэгт байхгүй тул талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 1.12.2., 2.1.7., 2.2.6 дахь хэсгийн зохицуулалтыг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нөхцөл болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 32-34 дүгээр зүйлд нийцэхгүй .
Нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, хариуцагчаас олговор гаргуулахдаа давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан тул хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2006 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ