| Шүүх | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Одонгийн Баатарсүх |
| Хэргийн индекс | 147/2017/0033/э |
| Дугаар | 01 |
| Огноо | 2017-05-09 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | Ц.Роза |
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 01
Г.Баатармөнхөд холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Л.Наранбаяр, шүүгч Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга С.Бат-Очир
Прокурор Ц.Роза
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр
Шүүгдэгч Г.Баатармөнх нар оролцов.
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугарын шийдвэрлэсэн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Г.Баатармөнх, түүний өмгөөлөгч Т.Хүдэр нарын давж заалдах гомдлоор Г.Баатармөнхөд холбогдох эрүүгийн 201717000007 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Хөвсгөл суманд 1986 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн Жинчин 1-46 тоотод оршин суух, улсаас гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Сайнхүү овогт Гүрдоржийн Баатармөнх /РД-ЕМ86051871/
Г.Баатармөнх нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон сумын 3 дугаар багийн нутаг “Авдрант” гэх газарт өөрийн эзэмшлийн УАЗ-31514 маркийн 84-64 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн М.Амгалансүрэнгийн амь нас хохирч, иргэн Ж.Алтангадасын биед махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Сайнхүү овгийн Гүрдоржийн Баатармөнхийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчин иргэн М.Амгалансүрэнгийн амь насыг хохироосон, Ж.Алтангадасын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Г.Баатармөнхийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг журамлан шүүгдэгч Г.Баатармөнхөд оногдуулсан 2 жил 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Баатармөнхийн эзэмшлийн 84-64 ДГО улсын дугаартай УАЗ-31514 маркийн авто машиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримаар хураагдаж ирсэн дахин ашиглах боломжгүй болсон LT215/85/R16 маркийн хий нь гарсан төмөр обудтай дугуйг устгахаар, шүүгдэгч Г.Баатармөнх нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Баатармөнх давж заалдах гомдолдоо: Арын дугуй хагарч, зогсоох арга хэмжээ авсан боловч, замын бартаанаас болоод машин онхолдож унасан. Миний хүзүүний 3 яс хугарч, шрупдүүлсэн. Эмч нар хөдөлгөөний хязгаарлалт хийж, хэвтрийн дэглэм сахь гэж зөвлөсөн ч хэвтрийн дэглэм сахиж чадаагүй. Мөн бага байхдаа мориноос унан нуруу сууж, зүрхний хэм алдагдалтай болж, байнгын эмчийн хяналтанд байдаг. Осол гарах үед ч архи уугаагүй. Орон сууцаа зарж, өөрийн эмчилгээнд болон оршуулгын зардалд 6 сая төгрөг өгсөн. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлээгүй, нотлох баримтыг үнэлэхдээ хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Г.Баатармөнх нь анх удаа тохиолдлын шинжтэй хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм хорын хохирол 6 сая төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн, хохирогч Ж.Алтангадас нь гэм хорын хохирол нэхэмжлэхгүй гэж мэдүүлжээ.
Мөн Г.Баатармөнх нь тухайн авто ослын улмаас хүзүүндээ хүндэвтэр гэмтэл авсан. Дээрхи нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр ял биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу юм. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Роза дүгнэлтдээ:
Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхээс Г.Баатармөнхийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон сумын 3 дугаар багийн нутаг “Авдрант” гэх газарт өөрийн эзэмшлийн УАЗ-31514 маркийн 84-64 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн М.Амгалансүрэнгийн амь нас хохирч, иргэн Ж.Алтангадасын биед махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Адъяасүрэнгийн “... М.Амгалансүрэн нь миний төрсөн дүү юм. 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Онгон сумын хүн эмнэлэгт нас барсан гэсэн хэл дуулгасан. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх /хх-21-22/, хохирогч Ж.Алтангадас “... Бид нар Алтан овоо, Шилийн богд дээр гарчихаад 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр буцаж яваад осолд орсон. Осол гарахад арын суудлын голд нь сууж явсан. Ухаан ороход Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан. Нэхэмжлэх зүйлгүй” гэх /хх 24-25/, гэрч Д.Баярын “...би осолд орсон залуучуудыг Онгон сум руу хүргэж өгөөд буцсан” гэх, /хх 32/, гэрч Б.Батбилэгийн “2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13 цаг 45 минутанд эмнэлгээс осолд орсон, ухаан алдсан хүмүүс ирлээ гэж дуудлага өгсөн. Амгалансүрэн Алтангадас 2 бөөлжсөн шинжтэй, нүүр ам нь цус болсон, ухаангүй байсан. Амыг нь цэвэрлэн үзлэг хийж хүчил төрөгч залгаж, шаардлагатай эмчилгээг хийсэн. Амгалансүрэнгийн биеийн байдал дордсоор байгаад 19 цаг 40 минутанд нас барсан. Харин Алтангадасын бие маш хүнд байна.” гэх /хх 35-36/, хэргийн газар, тээврийн хэрэгсэл, цогцост хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт, /хх 3-12, 89-93/, шинжээчийн 2017 оны 01 дугаар сарын 17-ны өдрийн “... Ж.Алтангадасын биед хүнд гэмтэл учирсан” гэх 13 дугаар дүгнэлт /хх-75-76/, шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “... М.Амгалансүрэнгийн тархины баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хальсан дээрх цусан хураанаас үүссэн тархины эдийн дарагдалт, амьсгал зүрх судасны дутагдлаас нас барсан гэх 04 дүгээр дүгнэлт /хх-109-111/ зэрэг шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байна.
Мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар нотолбол зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоож, үйлдлийг зөв зүйлчилж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Иймд анхан шатны шүүх Г.Баатармөнхийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас иргэн М.Амгалансүрэнгийн амь насыг хохироож, иргэн Ж.Алтангадасын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий болжээ.
Г.Баатармөнх нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа үйлдсэн, түүний эрүүл мэндийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 324 дүгээр зүйлийн 324.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Г.Баатармөнхөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар оногдуулсан 2 жил 10 хоногийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай” гэж, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д тус тус зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулах эсхүл захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай” гэж, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ялтан Г.Баатармөнхөд хяналт тавихыг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай” гэх заалтыг тус тус нэмсүгэй.
2. Тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.2, 63, 65, 70 дугаар зүйлийн 70.1-д тус тус зааснаар Г.Баатармөнхөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
4. Шүүгдэгч Г.Баатармөнх нь тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор 15 /арван тав/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.БААТАРСҮХ
ШҮҮГЧИД Л.НАРАНБАЯР
Б.СҮХГОМБО