Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2019/0420/З |
Дугаар | 221/МА2020/0203 |
Огноо | 2020-03-25 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2020/0203
М.О-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 67 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор, М.О-ын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 67 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.13, 37.1.15, 39 дүгээр зүйлийн 39.2, 48 дугаар зүйлийн 48.1.3, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, 16.4.15, 16.5, 16.5.1, 16.5.5, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/92 дугаар захирамжийг хүчингүй болгож, эрхэлж байсан ажил буюу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлэх М.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, өмгөөлөгч Э.Г нар давж заалдах гомдолдоо: “...нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлүүдийг яаж шалгаж тогтоосон нь тодорхойгүй буюу ерөөсөө шалгаж тогтоогоогүй, энэ талаар өөрт нь мэдэгдэлгүйгээр тайлбар, нотлох баримт гаргах, гомдол гаргах эрхийг нь эдлүүлэлгүйгээр шууд 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ажлаас халах болсон тухай мэдэгдсэн нь дээрх журмыг ноцтойгоор зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий акт нь шийдвэр гаргах ажиллагааны алдаатай хууль бус шийдвэр байхад шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй. ...нийслэлийн Засаг дарга нь төсөл шалгаруулах асуудлыг шийдвэрлээд төсөл шалгаруулах захирамж гаргасан байх ба ийнхүү төсөл шалгарсны дараа төрийн бус байгууллагуудтай гэрээ байгуулж болдог, ...санхүүжилт орох үед бүх төрийн бус байгууллагууд нь улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. Иймээс энэ нь зөрчил биш юм. Нөгөөтээгүүр зөрчил гэж үзсэн байлаа ч энэ Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад 2017 оны 05 дугаар сард гарсан захирамжтай холбогдуулж, сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль бус юм.
...нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/880 дугаар “Хөрөнгө гаргах тухай” захирамжид уг захирамжийг хэрэгжүүлэх байгууллага буюу Нийслэлийн Замын цагдаагийн газарт, замын хөдөлгөөн зохион байгуулах ажилд шаардагдах тоног төхөөрөмжийг хэрэгжүүлэх ажлыг яаралтай зохион байгуулж ажиллахыг “Улаанбаатар зам засвар” ОНӨААТҮГазарт тус тус даалгаж үүрэг болгосноос үзвэл нийслэлийн Засаг даргаас “шууд худалдан авах” талаар заасан гэж үзэхээр байна. Нэгэнт нийслэлийн Засаг дарга ийнхүү захирамж гаргасан бол тэрхүү захирамжийг өөрчлөх, хүчингүй болгох эрх Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын эрх хэмжээнд байхгүй болно. ...М.О-ыг ажлын үр дүн, үзүүлэлтийг Засаг дарга л дүгнэх бөгөөд 2017, 2018 онуудын үр дүнгийн гэрээгээр түүнийг үүрэгт ажлаа хангалттай биелүүлсэн гэж үзэн 98, 99 хувьтай дүгнэсэн байдаг. Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны үйл ажиллагааны үнэлгээг 96.3 хувиар дүгнэсэн байна. Дээрх 2 дүгнэлт нь төрийн алба болоод төрийн албан хаагчийг тухайн жилдээ хэрхэн ажилласан байгааг дүгнэх төрийн албаны гол үзүүлэлт гэж бодож байна. ...Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Нийслэлийн Засаг дарга 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/92 дугаар захирамжаар нэхэмжлэгч М.О-ыг “ажлын байрны тодорхойлолтод заасан зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангаагүй, албаны эрх мэдлээ хэтрүүлсэн хуульд нийцээгүй шийдвэр гаргасан, нийслэлийн Засаг даргыг шийдвэр гаргахад нь үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангаагүй” гэж төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээ тайлбарлахдаа:
1. Нийслэлийн албан байгууллагуудын зарим үйлчилгээг Засаг даргын захирамжаар төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх гэрээ байгуулж ажиллахдаа холбогдох хууль зөрчсөн,
2. Нэр бүхий иргэдийг ажилд томилохдоо Засаг даргатай зөвшилцөөгүй хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлсэн,
3. Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд мэргэжлийн байгууллагуудтай хамтран уг ажиллагааг хийхдээ бараа ажил, үйлчилгээний хөлсийг иргэний хувийн данс руу шилжүүлж, сонгон шалгаруулалт явуулалгүй хууль зөрчсөн,
4. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар “Ц” ХХК-ийн гүйцэтгэж байсан орон сууцнаас нэхэмжлэгч Тамгын газрын даргын туслахаар ажиллаж байсан Х орон сууц захиалах гэрээг зөрчиж 2 орон сууц авах гэрээ байгуулсан нь нэхэмжлэгчийн оролцоотой байсан,
5. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2017, 2018 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын тайлангаар төсвийг үр ашиггүй зарцуулсан, зориулалтын бусаар зарцуулсан болох нь тогтоогдсон гэжээ.
Харин анхан шатны шүүхээс дээрх 5 үндэслэлийн “...Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2017, 2018 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын тайлангаар төсвийг үр ашиггүй зарцуулсан, зориулалтын бусаар зарцуулсан” гэсэн нь маргаан бүхий актын үндэслэл болоогүй гэх агуулгаар дүгнэж, бусад 4 үндэслэлд холбогдох үйл баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн, үүнд хариуцагчаас давж заалдах гомдол гаргаагүй хүлээн зөвшөөрсөн байх тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянав.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч М.О-ыг “...Засаг даргын захирамжаар төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх гэрээ байгуулахад болон Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажил хийхдээ бараа ажил, үйлчилгээний хөлсийг иргэний хувийн данс руу шилжүүлж, сонгон шалгаруулалт явуулаагүй...” зөрчил гаргасан болох нь тогтоогдсон, энэ үндэслэлээр түүнд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар Засаг даргын Тамгын газар нь Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалт, эрх зүй, аж ахуйн талаар болон Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нутгийн захиргааны байгууллагыг чиглүүлэн удирдахад нь Засаг даргад туслах чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд Засаг даргын Тамгын газрын дарга нь ажлын албаны үйл ажиллагааг чиглүүлэх, мэргэшлийн үндсэн дээр удирдан зохион байгуулах, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд эцсийн шатны зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй албан тушаалтан байна.
Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодоор зарим ажил, үйлчилгээг гүйцэтгүүлэх тухай” А/274 дүгээр захирамжийн хавсралтаар батлагдаж, “Хотын соёл-Ногоон ирээдүй” төслийг гүйцэтгэхээр сонгогдсон “ГЭ бох” ТББ нь 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу нийслэлийн Засаг даргын шийдвэрээр тус төрийн бус байгууллагыг ажил гүйцэтгүүлэхээр сонгох үед үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.
Үүнийг нэхэмжлэгчээс “...нийслэлийн Засаг даргын захирамжаар ажил гүйцэтгүүлэх шийдвэр гаргасан бол дээд шатны албан тушаалтны гаргасан шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй, тухайн төрийн бус байгууллагыг Нийгмийн бодлогын хэлтэс сонгосон” гэх боловч Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод тусгагдсанаар Тамгын газрын хэлтсийн үйл ажиллагааг уялдуулан, үйл ажиллагааг нь чиглүүлж, мэргэшлийн үндсэн дээр зохион байгуулж удирдах нь түүний хууль болон ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүрэг бөгөөд Нийгмийн бодлогын хэлтсээс “үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгэгдээгүй төрийн бус байгууллагаар ажил гүйцэтгүүлэхээр” санал оруулж ирсэн бол хуульд заасан шаардлага хангаж байгаа эсэхийг нягтлан шалгах үүрэгтэй байсан, энэ үүргээ нэхэмжлэгч М.О биелүүлээгүй, Тамгын газрын хэлтсийн үйл ажиллагаанд хяналт тавиагүй, үүний улмаас “ГЭ бох” ТББ-д ажил гүйцэтгэх эрхийг Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/274 дүгээр захирамжаар олгосон гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, Засаг даргын гаргах шийдвэрийн эрх зүйн болон бусад үндэслэлийг эцсийн байдлаар нягтлах үүрэг нь Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг бөгөөд нэхэмжлэгчээс тус захирамжийн үндэслэлийг нягталж шалгасан гэж маргаагүй байх тул нэхэмжлэгчийг зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй, Төрийн албан тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.15-д заасан харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах үүргээ биелүүлээгүй байна.
2. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/880 дугаар захирамжаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохион байгуулах ажилд шаардагдах тоног, төхөөрөмжийг нийлүүлэх ажлыг зохион байгуулах “Улаанбаатар зам засвар, зохицуулалтын газар” ОНӨААТҮГ-т даалгаж, тус арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах 280 493 600 төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргад зөвшөөрсөн байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, дээрх үнийн дүн бүхий ажлыг тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулаагүй болох нь тогтоогдсон, энэ талаар маргаангүй, харин нэхэмжлэгчээс “...Засаг даргын захирамжаар тендер зохион байгуулах үүргийг өгөөгүй, тендер зохион байгуулах нь Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг биш, нөөц хөрөнгөөс хөрөнгө гаргахыг зөвшөөрсөн, түүнийг нь биелүүлсэн” гэх агуулгаар маргажээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Засгийн газар нь барааны, ажлын, үйлчилгээний гэсэн ангилал тус бүрээр дараах босго үнийг тогтооно”, 8.1.2 “шууд худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаар”, 8.2-т “Энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ” гэж заасан, Монгол улсын Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Босго үнэ шинэчлэн тогтоох тухай” 68 дугаар тогтоол, тус тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан 2018 оны 129 дүгээр тогтоолоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд мөрдөх журмыг сонгоход баримтлах босго үнийг тогтоохдоо шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаарыг барааны ангилалд 10 сая төгрөг байхаар зохицуулсан байна.
Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/880 дугаар захирамжаас үзэхэд замын хөдөлгөөнийг зохион байгуулах ажилд шаардагдах тоног, төхөөрөмжийг нийлүүлэх ажлыг зохион байгуулахдаа тендер зохион байгуулахгүйгээр шууд худалдан авахаар үүрэг болгоогүй байхад “Улаанбаатар зам засвар, зохицуулалтын газар” ОНӨААТҮГ нь 198 413 600 төгрөгийн үнийн дүн бүхий хайс, хашлагыг худалдан авахдаа тендер зохион байгуулахгүйгээр шууд худалдан авч, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн үйл ажиллагаа явуулж байхад нэхэмжлэгч М.О Засаг даргын нөөц хөрөнгийг дээрх хууль бусаар зохион байгуулсан үйл ажиллагаанд зарцуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2 “... хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.6-д “харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” гэж заасантай нийцэхгүй байна.
Тодруулбал, 10 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий ажил үйлчилгээг худалдан авахдаа тендер шалгаруулалт зохион байгуулах ёстой болохыг нэхэмжлэгч мэдсээр байж нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээн дэх хэрэгжүүлэгч агентлагуудад заавар, зөвлөмж өгөхгүйгээр Засаг даргын захирамж хуульд нийцэхгүй байдлаар хэрэгжиж байхад түүнийг таслан зогсоох үүргээ биелүүлэхгүйгээр харин ч тухайн ажил үйлчилгээнд зарцуулагдах хөрөнгийг гаргасан зөрчлийг зөвтгөх боломжгүй тул түүнийг ажлаас халсан хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.
Нэхэмжлэгчээс “...Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/274 дүгээр захирамжаар гаргасан гэх сахилгын зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэх гомдлын тухайд, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т зааснаар сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/274 дүгээр захирамжаар “ГЭ бох” ТББ-аар ажил гүйцэтгүүлэхээр сонгогдоход тухайн төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэгдээгүй байсан болохыг мэдэх боломжгүй тул хариуцагчийн албаны шалгалтаар тус сахилгын зөрчил илэрсэн гэж тайлбарласныг буруутгах боломжгүй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэр Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 48.1.3-д “төрийн албанаас халах” гэж заасантай нийцсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгтээ төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан маргааныг хянан шийдвэрлэхэд хамааралгүй Төсвийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай, Төрийн бус байгууллагын тухай хуулиудыг баримталсан, мөн Төрийн албаны тухай хуульд байхгүй “39 дүгээр зүйлийн 39.2” гэх зохицуулалтыг хэрэглэсэн мэтээр бичсэн байх тул холбогдох өөрчлөлтийг оруулав.
Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон атлаа шийдвэртээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12 /Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах/-д заасныг удирдлага болгосон байсныг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 67 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл, заалт баримталсан хэсгийг “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.6, 37.1.13, 37.1.15, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3-т заасныг баримтлан” гэж өөрчлөн, шийдвэрийн Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, өмгөөлөгч Э.Г нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН