Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2025/0006

 

“Т” ХХК /хуучин нэрээр/-ийн

нэхэмжлэлтэй, Монголбанкны Ерөнхийлөгчид

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:     Д.Батбаатар

Шүүгчид:                       Г.Банзрагч  

                                         П.Соёл-Эрдэнэ

                                         Ц.Цогт

Илтгэгч шүүгч:          М.Батсуурь

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 221/ШШ2024/0039 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, Б.Э нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.“Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А-1/476 дугаар захиргааны актыг хүчингүй болгуулах, “Э Э Х” ХК-ийн хувьцааны бүтцэд өөрчлөлт оруулсан тухай бүртгэлийг хүчингүй болгуулах тухай”

Хэргийн нөхцөл байдал:

2. “Х банк” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын    2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 11/2178 дугаар албан бичгээр “... “Х банк” ХХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч “Э Э Х” ХК-ийн хувьцааг худалдан авсан “У И” ХХН-ийн партнер М К компанийн зүгээс ... журамд заасны дагуу шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж, нэмэлтээр шаардсан бүх баримт бичгүүдийг гарган өгсөн тул Монголбанкнаас холбогдох зөвшөөрөл олгож өгөхийг хүссэн, ... албан бичигтэй танилцан зохих чиглэл өгч туслахыг хүсье” гэж Монголбанкны Ерөнхийлөгчид хандсан; үүний дагуу 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А-1/476 дугаар албан бичгээр “... Банкнаас ирүүлсэн хүсэлтийн дагуу баримт бичгийг хянаж үзээд ... хуульд заасан шаардлагыг хангаж байгаа тул “Х банк” ХХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч “Э Э Х” ХК-ийн хувьцааны бүтцэд өөрчлөлт оруулсан тухай бүртгэлийг хийсэн ...” гэсэн хариуг хүргүүлжээ.

2.1.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... манай компани нэгдмэл сонирхол бүхий этгээдийн хамтаар Х банкны 25.31 хувийн хувьцааг эзэмшдэг. Монголбанкны хуульд нийцээгүй шийдвэрийн улмаас бид Монгол Улсын хууль тогтоомж, Монголбанкны дүрэм журмыг үл тоомсорлодог, хөрөнгийн эх үүсвэр нь хууль ёсны байх, эх үүсвэр, эцсийн өмчлөгчийн мэдээлэл нь эргэлзээ бүхий этгээдтэй Монгол Улсын нөлөө бүхий системийн банкийг удирдах нь бизнесийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсэж байна, ... Х банк болоод түүний хувьцаа эзэмшигч “Т” ХХК-ийн хувьд хувьцааны үнэ цэнэ, хувьцаа эзэмшигчийн авах ноогдол ашиг буурах өндөр эрсдэл үүсгэж байгаа нь бидний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг шууд хөндөж байна. Х банкны зүгээс “Э Э Х” ХК-ийн хувьцааны бүтцэд өөрчлөлт оруулахыг хүссэн хүсэлтийг Монголбанкинд гаргаж байгаагүй болох нь баримтуудаар нотлогдож байгаа, тухайн албан бичиг нь агуулгын хувьд зөрчилтэй, ... мэдээлэл дамжуулах тухай бичгийг Х банкны зөвшөөрөл хүссэн хүсэлт мэтээр гуйвуулан тайлбарласан, ... банкийг төлөөлөх эрх бүхий этгээдээс хүсэлтээ хуульд заасан журмын дагуу гаргаагүй байхад Монголбанкны Ерөнхийлөгч бүртгэл хийж, энэ талаараа банкинд мэдэгдэж байгаа нь холбогдох хууль, журмын зохицуулалтыг зөрчсөн, ...” гэж тодорхойлон маргасан.

2.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... “Х банк” ХК-аас зөвшөөрөл хүсэж Монголбанкинд ирүүлсэн холбогдох баримтыг шалгахад “У И” ХХН, түүний ерөнхий партнер М К компанийн зүгээс хувь нийлүүлсэн хөрөнгийн гарал үүсэл, нөлөө бүхий бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны эцсийн өмчлөгчийг тодорхойлсон баримт нь Банкны тухай хуульд заасны дагуу зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэлгүй байсан тул Монголбанкнаас хуульд заасан бүрэн эрхийн дагуу 2022 оны А-1/476 дугаар албан бичгээр “Х банк” ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч “Э Э Х” ХК-ийн хувьцааны бүтцэд өөрчлөлт оруулах тухай холбогдох зөвшөөрлийг олгосон. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зөвшөөрөл авсан холбогдох этгээдүүдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн эх үүсвэр, гарал үүслийг нотлохоор бүрдүүлсэн баримт бичгүүд нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй нөхцөл байдал шинээр илэрсэн тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу холбогдох арга хэмжээг Монголбанкнаас авч ажиллах бөгөөд нэхэмжлэгчийн энэ талаар дурдсан үйл баримт, зөрчил тогтоогдоогүй ...” гэсэн тайлбарыг шүүхэд гаргажээ. 

3.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцээд, Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3, 36.11-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... хариуцагч Монголбанкыг дээрх хууль, журамд заасны дагуу хянан үзэж шийдвэр гаргасан гэж үзэхээр байна, ... Х банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг Монголбанк хүлээн авч шалгаад холбогдох хууль, журамд заасан шаардлагыг хангасан гэж үзэж зөвшөөрөл олгосон энэ тохиолдолд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А-1/476 дугаар захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна, ... Монголбанкны Ерөнхийлөгчид хандан “Х банк” ХК-ийг төлөөлж Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга О.А хүсэлт гаргасан байх тул нэхэмжлэгчийн “Монголбанкинд зөвшөөрөл хүсэж хандах эрх бүхий этгээд гүйцэтгэх захирал бөгөөд гүйцэтгэх захирал нь хүсэлтээ хууль журмын дагуу Монголбанкинд гаргаагүй” гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй төдийгүй уг үндэслэлээр шууд хариуцагчийг буруутгаж, маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй ...” гэсэн дүгнэлтийг хийсэн байна.

4.Давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэл: 

4.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С-оос “... шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэх нөхцөл байдал бүрдсэн гэж үзэж байна.

4.1.1.Нэг. Шүүх хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй тухай: Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3 дахь заалт, шийдвэрийн Тогтоох хэсэгт Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3, 36.11 дэх заалтыг иш татан тусгаж, дараах дүгнэлтийг гаргаж буй боловч эдгээр зүйл заалтуудыг тайлбарлан хэрэглээгүй, ач холбогдол бүхий нотлох баримтыг дүгнээгүй байна. Шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 3.3-т “Энэ нь Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.6 ..., Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны А/82 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам”-ын 4.1-д ... гэж тус тус заасантай нийцэж байх тул хариуцагч Монголбанкыг дээрх хууль журамд заасны дагуу хянан үзэж шийдвэр гаргасан гэж үзэхээр байна” гэж үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн. Энэхүү Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийг хууль зөрчсөн болохыг тайлбарлавал, Х банкны 60 хувийн хувьцааг эзэмшигч Япон Улсын С Х компанийн эцсийн өмчлөгчийг өөрчлөх хэмжээний тендерийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Япон Улсын М К компанийн хөрөнгө оруулалттай “У И” хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл (“У”) зарласан байдаг.

4.1.2.Тендер зарлаж банкны хувьцаа эзэмшигч өөрчлөгдөх гэж байгааг Монголбанк олж мэдээд, “Х банк” ХХК-аар дамжуулан урьдчилан зөвшөөрөл авах байр сууриа илэрхийлж, албан бичиг хүргүүлж байсан. Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөөгүй, Монголбанкны зохих зөвшөөрлийг урьдчилсан байдлаар аваагүй, худалдан авагч талын эцсийн өмчлөгчийн хөрөнгийн гарал үүсэл, орлогын эх үүсвэрийг хөндлөнгийн хараат бус байгууллагаар тодорхойлж, хангалттай нотлох баримтыг бүрэн бүрдүүлээгүй тус тендер нь 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр амжилтгүй болж, дуусгавар болсон. Энэ талаар мэдээллийг Х банкны 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 11/6191 дүгээр албан бичгээр Монголбанкинд мэдэгдсэн. Тендер дууссаныг мэдэгдсээр байтал Монголбанкны Ерөнхийлөгч Б.Л нь 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр А-1/761 дүгээр албан бичгээр Япон Улсын М Ккомпанийн хөрөнгө оруулалттай Упсилонд дуусгавар болсон тендерийн хүрээнд хууль бусаар банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах талаар зөвшөөрөл олгосон. Гэтэл энэхүү зөвшөөрлийг зөвшөөрөл олгосонд тооцон Япон Улсын С Х нь компанийн эцсийн өмчлөгчийг өөрчлөх хэмжээний хэлцлийг хаалттай байдлаар хийсэн. Энэ нь зохих журмын дагуу зөвшөөрөл аваагүйг илтгэж байна.

4.1.3.Түүнчлэн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны А/82 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам”-ын 4.1-д Банк нь буюу Х банкнаас хүсэлтийг Монголбанкинд хүргүүлэх тухай зохицуулсан. Мөн 5 дугаар зүйлийн 5.6-д “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн тохиолдолд Монголбанкны хяналт шалгалтын асуудал эрхэлсэн газар, хууль эрх зүйн асуудал эрхэлсэн газар, төлбөр тооцоо бүртгэлийн асуудал эрхэлсэн газар, мэдээлэл технологийн асуудал эрхэлсэн газар санал дүгнэлтээ Ерөнхийлөгчид танилцуулж шаардлагатай тохиолдолд Монголбанкны хяналт шалгалтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ” гэж заасан. Гэтэл Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А-1/476 дугаар албан бичгээр дээрх зохицуулалтыг зөрчин холбогдох газруудаас дүгнэлтийг авалгүй бие даан зөвшөөрөл олгосон. Энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т.Энхмаа шүүгч зөв дүгнэлтийг хийж, журмын 5.6-д заасан зохицуулалтын дагуу гаргасан холбогдох шийдвэрүүдийг авахаар 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 2/2289 дүгээр албан бичгээр нотлох баримт авахаар даалгасан байдаг боловч Монголбанкнаас 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 6-10/897 дугаар албан бичгээр журмыг илтэд гуйвуулан тайлбарлаж шүүхээс шаардсан нотлох баримтыг гаргаагүй болохоо дурдсан.

4.1.4.Тухайн шүүхийн шийдвэрт ишилж буй Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны А/82 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам”-ын 4.1-д Банк өөрийн нэрийн өмнөөс хүсэлтийг гаргахаар зохицуулсан. Гэтэл шүүхийн шийдвэрт Банк хүсэлт гаргах тухайд дүгнэлт хийлгүй харин шийдвэрийн 3.5-д Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “... “Х банк” ХК-аас зөвшөөрөл хүсэж ирүүлсэн холбогдох баримтыг шалгахад Банкны тухай хуульд заасны дагуу зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэлгүй байсан тул ... гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Х банкийг төлөөлж Монголбанкинд хүсэлт гаргах эрх бүхий этгээд нь гүйцэтгэх захирал Р.М бөгөөд тэрээр “Э Э Х” ХК-ийн хувьцааны бүтцэд өөрчлөлт оруулах талаар хүсэлтийг албан ёсоор Монголбанкинд хандаж гаргаагүй. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.81-д компанийг төлөөлөх эрх бүхий этгээд нь Гүйцэтгэх удирдлага байхаар зохицуулсан.

4.1.5.Мөн түүнчлэн “Х банк” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2021 оны 10 дугаар сарын 29, 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрүүдэд тус тус хэлэлцэж С Х компанийн хувьцааг худалдан авагч хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч болон түүний мөнгөний гарал үүслийг эцэслэн тодорхойлж нотлоогүй байхад тус компанийн хувьцаа эзэмшлийн бүтцэд өөрчлөлт оруулах хэлцлийг хүлээн зөвшөөрөхгүй, зөвшөөрөл хүссэн хүсэлтийг Х банкаар дамжуулан Монголбанкинд гаргах боломжгүй талаар шийдвэрлэсэн бөгөөд уг тогтоолыг Монголбанкинд хүргүүлсэн юм. Харин Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаас мэдээлэл дамжуулах зорилгоор хувьцаа эзэмшигч “Э Э Х” ХК-ийн ирүүлсэн баримт мэдээллийг орчуулж Монголбанкинд хүргүүлж байсан бөгөөд үүнийг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Монголбанк ч, Х банк ч зөвшөөрөл хүсэж хандаж байна хэмээн ойлгож хүлээж авч байгаагүй. Тодруулбал: Х банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга О.А-аас 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 11/1979 тоот албан бичгээр “Мэдээлэл дамжуулах тухай” хэмээн хаяглаж Монголбанкинд хандсан бөгөөд “... банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч “Э Э Х” компанийн хувьцаа эзэмшлийн бүтцийн өөрчлөлтийг Монголбанкны зүгээс зохих зөвшөөрөл олгосон эсэх нь тодорхойгүй байгаа тул зохих ёсоор тайлагнахад хүндрэл учруулж байна. ... “Э Э Х” компанийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг олон нийтэд тайлагнаж чадахгүй байгаа болохыг мэдэгдэж байна” гэжээ.

4.1.6.Уг албан бичгийн хариуд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Л 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр А-1/308 дугаар албан бичгээр Х банкны гүйцэтгэх захирал Р.М-д хаяглаж хариу ирүүлэхдээ: “Танай банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны бүтцэд өөрчлөлт оруулах тухай эцсийн зөвшөөрлийг хуулийн хүрээнд Монголбанкнаас олгож бүртгэл хийгдээгүй байна. Танай банк хуулиар хүлээсэн үүргийн дагуу ... банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны бүтцэд өөрчлөлт оруулах тухай зөвшөөрлийн хүсэлтээ Монголбанкинд албан бичгээр ирүүлсний дараа холбогдох хүсэлтийг судалж, хариу хүргүүлэх хуулийн зохицуулалттай байна” гэжээ. Х банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга О.А-аас 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дахин 11/2178 дугаар албан бичгээр “Мэдээлэл дамжуулах тухай” хэмээн хаяглаж Монголбанкинд хандсан бөгөөд “Х банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч “Э Э Х” ХК-ийн хувьцааг худалдан авсан “У И” ХХН-ийн ерөнхий партнер  М К компанийн зүгээс хавсралт дахь албан бичиг ирснийг орчуулан хүргүүлж байна” гэжээ. Уг албан бичгийн хариуд Монголбанкны Хууль, эрх зүйн газрын захирал Д.А 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр А-10/362 дугаар албан бичиг ирүүлсэн бөгөөд уг бичигт “Х банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ бүтцэд өөрчлөлт оруулах тухай зөвшөөрөлтэй холбоотойгоор холбогдох этгээдээс гаргасан хүсэлтийг танайхаас Монголбанкинд дамжуулах бус дээрх хүсэлттэй холбоотойгоор танай банк өөрийн нэрийн өмнөөс Монголбанкинд зөвшөөрөл хүсэж ирүүлэх хуулийн нийцлийг хангана уу” гэжээ.

4.1.7.Энэхүү Монголбанкны Хууль, эрх зүйн газрын захирлын албан бичгийн хүрээнд 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Х банкны гүйцэтгэх захирал Р.М  01/2427 дугаар албан бичгээр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Л-д хандаж: ... “Э Э Х” ХК-ийн хувьцаа эзэмшлийн бүтцэд орсон өөрчлөлтийн дараагаар банк нь зөвшөөрөл хүссэн албан ёсны хүсэлтийг Монголбанкинд албан бичгээр нөхөж гаргах эсэхийг Банкны Төлөөлөн удирдах зөвлөл хэлэлцээд 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор “нөхөж зөвшөөрөл хүссэн хүсэлт гаргахгүй” байх талаар шийдвэрлэсэн болохыг дурдаад, Монголбанкнаас нөхөж зөвшөөрөл олгох талаар хүсэлт гаргах нь хууль зүйн боломжгүй талаар мэдэгдсэн байдаг. Гэвч уг албан бичгийн дараа 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Л А-1/476 дугаар албан бичгээр “Э Э Х” ХК-ийн хувьцааны бүтцэд өөрчлөлт оруулсан тухай бүртгэлийг хийсэн болно” гэжээ.

4.1.8.Уг албан бичиг нь нэгдүгээрт агуулгын хувьд зөрчилтэй болсон. Учир нь “Танай 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 11/2178 дугаар албан бичгээр ирүүлсэн “Упсолин” ХХН-ийн хүсэлттэй танилцлаа ... гэж эхний хэсэгт дурдсан атлаа албан бичгийн төгсгөлд “Банкнаас ирүүлсэн хүсэлтийн дагуу баримт бичгийг хянаж үзээд “Э Э Х” ХК-ийн хувьцааны бүтцэд өөрчлөлт оруулсан тухай бүртгэлийг хийсэн болно” гэсэн нь мэдээлэл дамжуулах тухай бичгийг Х банкны зөвшөөрөл хүссэн хүсэлт мэтээр илт гуйвуулан тайлбарласан. Хоёрдугаарт Х банкны Төлөөлөн удирдах зөвлөл дээрх агуулга бүхий зөвшөөрлийн хүсэлт Монголбанкинд гаргахгүй байх талаар шийдвэрлэсэн бөгөөд банкийг төлөөлж Монголбанкинд зөвшөөрөл хүсэж хандах эрх бүхий этгээд болох гүйцэтгэх захирал Р.М хүсэлтээ хуульд заасан журмын дагуу гаргаагүй байхад Монголбанкны Ерөнхийлөгч бүртгэл хийж энэ талаараа банкинд мэдэгдэж байгаа нь Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3, Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах тухай зөвшөөрлийн журмын 1.3.4-т заасан зохицуулалтыг зөрчиж байна. Гэтэл шүүхийн шийдвэрийн 4.1-д Монголбанкны Ерөнхийлөгчид хандан “Х банк” ХК-ийг төлөөлж Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга О.А хүсэлт гаргасан гэж илтэд алдаатай дүгнэлтийг хийсэн. О.А нь Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга бус нарийн бичгийн дарга юм. Эдгээр нэхэмжлэгч талаас гаргасан Х банкыг төлөөлөх эрх бүхий этгээдээс Монголбанкны Ерөнхийлөгчид хандсан албан бичиг болон Монголбанкны Хууль, эрх зүйн газрын захирлаас хүртэл хуулийн нийцлийг хангахыг шаардсан баримтууд байсаар атал шүүх шийдвэр гаргахдаа үл хайхарч, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, эргэлзээгүй байх зарчмыг зөрчиж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.1.9.Хоёр. Нэхэмжлэгчийн зүгээс эрх ашиг нь хөндөгдөж буй эсэх талаар нотлох баримт шаардсан дүгнэлтийн тухайд: Шүүхийн шийдвэрийн 3.6-д Өөрөөр хэлбэл, Х банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг Монголбанк хүлээн авч шалгаад холбогдох тохиолдолд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А-1/476 дугаар захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 3.7-д Нэхэмжлэгчээс “... маргаан бүхий актын улмаас ... бизнесийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсэж ... банкны төлбөр гүйцэтгэх чадварт сөргөөр нөлөөлж, банкны зохистой харьцааны түвшин алдагдах зэрэг Х банкны хувьцаа эзэмшигч нарын эрх ашгийг шууд хөндөж байна” гэж тайлбарласан боловч энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүйгээс гадна Х банкны зүгээс ч тэр эрх нь зөрчигдөж үйл ажиллагаа доголдсон, ашиг орлого буурсан, нэр хүнд нь унасан талаар тайлбар, баримт ирүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн энэ талаарх тайлбар үндэслэлгүй байна.

4.1.10.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан хүрээнд нэхэмжлэгч байгууллага “Т Х” ХХК нь өөрийн зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандсан.

4.1.11.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.7-д “Нэхэмжлэл” гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг хэлнэ. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахдаа маргаж буй захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн болохыг тогтоож нотолсон байхыг шаардахгүй, маргаан бүхий захиргааны шийдвэр, үйл ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн байж болзошгүй нь, түүнчлэн зарим төрлийн нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээр тодорхойлогдож байгаа тохиолдолд “нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд” гэж үзнэ. Нэхэмжлэлд дурдсаны дагуу “Т” ХХК нь “Х банк” ХХК-ийн 43,565,310 ширхэг буюу 25.31 хувийн хувьцааг эзэмшдэг. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А-1/476 дугаар захиргааны актын улмаас хувьцаа эзэмшигч “Т” ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа тухай дурдаж, бидэнд үүсэж буй эрсдэлүүдийг тодорхой тусгасан. Мөн манай компанийн зүгээс нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах тухай” 01А-296 дугаартай албан тоотыг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүргүүлсэн.

4.1.12.Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэж заасан, шүүхийн зүгээс шууд нэхэмжлэгчийг нотлох баримт гаргаж өгөөгүй үндэслэлээр буруутган хэргийг хэрэгсэхгүй болгож буй нь нэхэмжлэгч талын эрх ашгийг зөрчиж байна. Х банкны зүгээс шүүхийн шийдвэрийн 3.7-д заасны дагуу тайлбар, нотлох баримт гаргах үүргийг хүлээгээгүй болон шүүхийн зүгээс Х банкнаас дээрх тайлбар авахаар хандаагүй байж шууд дүгнэн үнэлэх нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг зөрчиж байна. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

4.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н-аас “... нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Нэг. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 3.2-т “Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Х банк нь нөлөө бүхий хувьцаа эзэмшигч “Э Э Х” ХК-ийн хувьцааг нь худалдан авсан “У И” ХХН-ийн ерөнхий партнер М Ккомпани нь хувьцааг худалдан авах тухай зөвшөөрөл хүсэж, бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлтийг Монголбанкны Ерөнхийлөгчид 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан байх бөгөөд холбогдох хувь нийлүүлсэн хөрөнгийн гарал үүсэл, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн эцсийн өмчлөгчийг тодорхойлсон баримт, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хүсэлтийг хавсаргажээ” гэж, 3.3-т “Энэ нь Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.6-д ..., ... журмын 4.1-д ... гэж тус тус заасантай нийцэж байх тул Монголбанкны дээрх хууль, журамд заасны дагуу хянан үзэж шийдвэр гаргасан гэж үзэхээр байна” гэж, 4.1-д “Монголбанкны Ерөнхийлөгчид хандан “Х банк” ХК-ийг төлөөлж Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга О.А хүсэлт гаргасан байх тул нэхэмжлэгчийн “Монголбанкинд зөвшөөрөл хүсэж хандах эрх бүхий этгээд гүйцэтгэх захирал бөгөөд гүйцэтгэх захирал нь хүсэлтээ хууль, журмын дагуу Монголбанкинд гаргаагүй” гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй төдийгүй уг үндэслэлээр шууд хариуцагчийг буруутгаж, маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна” гэжээ.

4.2.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, мөн шүүх хуралдаанд “Х банк” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга О.А-ын Монголбанк руу явуулсан 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн бичгийн талаар дэлгэрэнгүй тайлбар оруулсан боловч давж заалдах шатны шүүх ойлгоогүй юм уу, эсвэл ойлгосон ч үл тоосон уу, огт бодит байдалд нийцээгүй, зарим талаар хэт мэргэжлийн бус тайлбар, дүгнэлт хийсэн гэж үзэж байна. а/Юуны түрүүнд Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга О.А Монголбанк руу явуулсан 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр явуулсан 2178 дугаар албан бичгийнхээ агуулгыг “Мэдээлэл дамжуулах тухай” гэж тодорхойлсон нь бичгийн баруун дээд буланд бичигдсэн байгааг онцолж байна. Өөрөөр хэлбэл “Х банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга хүсэлт илгээж байгаа бус, харин мэдээлэл дамжуулж байгаагаа илэрхийлжээ. б/2178 дугаартай бичгийн эхний өгүүлбэрт “Х банк ХХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч “Э Э Х” ХК-ийн хувьцааг худалдан авсан “У И” ХХН-ийн ерөнхий партнер М Ккомпанийн зүгээс хавсралт дахь албан бичиг ирснийг албан ёсны орчуулгыг үүгээр хүргүүлж байна” гэсэн. Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигчээс ирсэн бичгийг орчуулж танайд хүргүүлж байна гэсэн утга агуулга байна. в/2178 дугаар бичгийн хоёр дахь өгүүлбэрт “Тус компанийн зүгээс Монголбанкны “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам”-д заасны дагуу шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлж, нэмэлтээр шаардсан бүх баримт бичгүүдийг гаргаж өгсөн тул Монголбанкнаас холбогдох зөвшөөрлийг олгож өгөхийг хүссэн байна” гэсэн. Өөрөөр хэлбэл, “тус компанийн” гэдэг нь М К компанийн зүгээс зөвшөөрөл олгох өгөхийг хүссэн тухай хүсэлтийг нь дамжуулж байгаа утга агуулга байна. г/2178 дугаар бичгийн хамгийн доод хэсэгт “Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга О.А” гэсэн байдаг.

4.2.2.Гэтэл давж заалдах шатны шүүх “Монголбанкны Ерөнхийлөгчид хандан “Х банк” ХК-ийг төлөөлж Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга О.А хүсэлт гаргасан” гэж албан тушаалыг тодорхойлсон нь илтэд ташаа байгааг Захиргааны хэргийн танхимаас анхаарахыг хүсэж байна. Учир нь, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга гэх хоёр албан тушаал нь компанийн дүрэмд зааснаар огт өөр эрх хэмжээ, бүрэн эрхийг эдлэх субъектүүд юм. Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга О.А нь “Х банк” ХХК-ийг төлөөлж хэн нэгэнд хүсэлт гаргах эрхтэй албан тушаалтан биш болно.

4.2.3.“Х банк” ХХК-ийн дүрмийн 13.7.18-д “Гүйцэтгэх захирал Төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, Банкийг төлөөлөх зэргээр Банкны нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах, тодорхой асуудлаар Банкийг төлөөлөх итгэмжлэлийг бусдад олгох эрхтэй” гэсэн байна. Банкыг төлөөлөх онцгой эрх зөвхөн “Х банк” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.М-д хадгалагдаж байна. Тийм ч учраас 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Монголбанкны Хууль, эрх зүйн газрын захирал Д.А А-10/362 дугаар албан бичигтээ “Иймд “Х банк” ХХК- ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах тухай зөвшөөрөлтэй холбоотойгоор холбогдох этгээдээс гаргасан хүсэлтийг танайхаас Монголбанкинд дамжуулах бус дээрх хүсэлттэй холбоотойгоор танай банк өөрийн нэрийн өмнөөс Монголбанкинд зөвшөөрөл хүсэж ирүүлэх хуулийн нийцлийг хангана уу” гэсэн мэдэгдлийг ирүүлж байжээ. Үүний дараа “Х банк” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.М 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 01/2427 дугаар албан бичгээр Монголбанкинд хандаж “... Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний хувьд Япон Улсын “У И” ХХН/М Ккомпанитай холбоотой “Э Э Х” компанийн хувьцаа эзэмшлийн бүтцэд орсон өөрчлөлтийн дараагаар Банк нь зөвшөөрөл хүссэн албан ёсны хүсэлтийг Монголбанкинд албан бичгээр нөхөж гаргахыг зөвшөөрөөгүй байх” шийдвэр гаргасан ...” гэж мэдэгдсэн байна. Дээрх үйл баримтуудыг нотолсон нотлох баримтууд бүгд хэрэгт авагдсан байхад давж заалдах шатны шүүх нотлох баримтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасныг хэрэгжүүлж нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс бодит байдал болон хуульд нийцээгүй дүгнэлт хийсэн болохыг анхаарахыг хүсэж байна.

4.2.4.Хоёр. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 3.6-д “... Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А-1/476 дугаар захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэжээ. Банкны тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 19.1.4, 20.1 дүгээр зүйлийн 20.1.7, 36 дугаар зүйл, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 19 дүгээр зүйл болон Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А-82 дугаар тушаалын гуравдугаар хавсралтаар баталсан “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам”-ын 6.1 дүгээр зүйлд заасныг тус тус зөрчсөн гэж үзэж захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг зориуд тэмдэглэж байна.

4.2.5.Өмчлөл, засаглалын хувьд тогтворгүй, хувь нийлүүлсэн хөрөнгийн эх үүсвэрийн бүрдэл нь хууль ёсны байх шаардлагыг хангахгүй Банкны тухай хууль болон Монголбанкны журмыг зөрчиж, үл тоосон байдлаар үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдтэй Монголын нөлөө бүхий банкийг хамтран удирдана гэдэг бол “Т” ХХК-ийн хувьд бизнесийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх маш том эрсдэл гэж үзэж байгаа юм. Х банк гадаадын банк болон олон улсын санхүүгийн байгууллагуудаас их хэмжээний урт хугацааны санхүүжилттэй бөгөөд банкны хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хэмжээнд өөрчлөлт орсон даруйд тэдэнд мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл үүссэн зөрчилтэй нөхцөл байдлын улмаас дээрх олон улсын байгууллагуудад хэрхэн мэдээлэх эсэх нь ойлгомжгүй байна. Х банк, гадаадын банк болон олон улсын санхүүгийн байгууллагуудад бодит мэдээлэл өгөөгүйгээс тухайн этгээдүүд Х банкинд олгосон санхүүжилтээ буцаан татах, үүний улмаас 267.3 сая ам.доллар буцаан дуудагдах эрсдэлтэй болох төдийгүй төлбөр гүйцэтгэх чадварт сөргөөр нөлөөлж, улмаар хувьцаа эзэмшигч бидний авах ноогдол ашиг орлого өөрчлөгдөх үр дагавар гарч, “Х банк” ХХК-ийн бүх хувьцаа эзэмшигчдийн, түүний дотор “Т” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг шууд хөндөгдөж болзошгүй байгааг нотлох баримтаар нотолсон.

4.2.6.Монголбанкны Ерөнхийлөгчийн хуульд нийцээгүй, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А-1/476 дугаар шийдвэр нь Х банк болоод түүний хувьцаа эзэмшигч “Т” ХХК-ийн хувьд хувьцааны үнэлэмж, ноогдол ашиг буурах өндөр эрсдэл үүсгэж байгаа. (Хавсралт 6-д ногдол ашиг буурах тооцооллыг нотлох баримтаар хавсаргав.) Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А-1/476 дугаар бүхий албан бичиг нь Монгол Улсын банкны системийн 40 гаруй хувийг эзлэх “Х банк” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Япон Улсын “Э Э Х” ХК-ийн хувьцааны бүтцэд оруулсан өөрчлөлтийг Монгол Улсын Монголбанк хууль зөрчиж зөвшөөрснөөр Х банкны удирдлагын бүтэц өөрчлөгдөх, энэ тухай гадаадын банкууд болон олон улсын санхүүгийн байгууллагуудад үнэн зөв мэдээлэл хүргэх, тухайн санхүүжүүлэгч байгууллагууд явагдаж буй үйл явцад дүгнэлт өгөх, өгсөн санхүүжилтээ буцаан татах, улмаар банкны төлбөр гүйцэтгэх чадварт нөлөөлж банкны зохист харьцааны түвшин алдагдах зэрэг “Х банк” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын эрх ашгийг шууд хөндөх эрх зүйн болоод санхүүгийн үр дагавар бий болгож болзошгүй захиргааны акт мөн юм.

4.2.7.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр “Х банк” ХХК нь Банкны тухай хууль болон бусад холбогдох хууль, журмын хүрээнд үйл ажиллагаагаа хэлбэрэлтгүй мөрдөж, банк санхүүгийн зах зээлд тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, гадаадын банк болон олон улсын санхүүгийн байгууллагуудаас авсан их хэмжээний урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэрээ үр ашигтай ашиглах боломжтой болж. улмаар хувьцаа эзэмшигчдийн хувьцааны үнэ цэнэ, өгөөж баталгаатай хадгалагдах, эрх ашиг нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэгдэх, зөрчигдөж болзошгүй эрх ашиг нь хамгаалагдах чухал үр дагавартай. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж байгааг зөвшөөрөхгүй байна.

4.2.8.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн “шүүхэд гаргасан өргөдлийг;” гэж тус тус заасан.

4.2.9.Бид ийм хууль, дүрэм, журам зөрчсөн байдлаар цааш үргэлжлэх юм бол маш эмзэг, нарийн зохицуулалттай банк санхүүгийн салбарт хямрал үүсэж, хэн дуртай нь холбогдох хууль, журмыг алгасан системийн нөлөө бүхий банкны эзнээр суух нь “Х банк” ХХК-ийн ойрын ирээдүйд аюултай нөхцөл байдлыг үүсгэж болзошгүй гэж үзэж нэхэмжлэл гаргаж байхад давж заалдах шатны шүүх тэр нөхцөл байдал заавал өнөөдөр үүссэн байх ёстой мэтээр дүгнэлт хийсэн нь хуулийн агуулга, зарчимд нийцэхгүй. Иймд шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

5.Хяналтын шатны шүүхээс хэргийг давж заалдах шатны журмаар хянан хэлэлцэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангаагүй, нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй байна.

6.Банкны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Банк үүсгэн байгуулагч дараахь шаардлагыг хангасан байна:” гээд 19.1.4-т “банкны хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулах мөнгөн хөрөнгө нь тухайн этгээд, түүнтэй холбогдох этгээдийн санхүүгийн тайлангаар тодорхойлогдсон, хууль ёсны үйл ажиллагааны орлого байх”, 20 дугаар зүйлийн 20.1.7-д “банкинд хувь нийлүүлэх хөрөнгийн хэмжээ, эх үүсвэр, гарал үүслийг нотлох баримт” гэж; мөн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны А/82 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам”-ын 4.1-д “Банк нь хувьцаа нэмж гаргах, ногдол ашгийг хувьцаагаар хуваарилах, өрийг хувьцаагаар солих, хувьцаанд хөрвөх нөхцөлтэй хоёрдогч өглөг байршуулах, шинээр хувьцаа эзэмшигч нэмэгдэх, аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах замаар банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулж байгаа бол зөвшөөрөл хүссэн албан бичгээ дараах баримт бичгийн хамт Монголбанкинд ирүүлнэ ...” гээд 4.1.1-4.1.11-д заасан баримтуудыг бүрдүүлэхээр заасан, тухайлбал, эрх бүхий этгээдийн шийдвэр, аудитын болон татварын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, банкны хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулах хөрөнгийн хэмжээ, гарал үүслийг нотлох баримт, банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох этгээд нь журмын 3.3-т заасан шаардлага хангасан эсэх тухай Монголбанкны дүгнэлт гарсан эсэх баримтуудыг ирүүлэхээр заасан.

7.Маргаан бүхий акт болох Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А-1/476 дугаар албан бичгээр “... Банкнаас ирүүлсэн хүсэлтийн дагуу баримт бичгийг хянаж үзээд Банкны тухай хуулийн 19.1.4, 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалтад заасан шаардлагыг хангаж байгаа тул “Х банк” ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч “Э Э Х” ХК-ийн хувьцааны бүтцэд өөрчлөлт оруулсан бүртгэлийг хийсэн болно” гэж дурдсан байх боловч дээрх хууль,  журамд зааснаар тухайн компанийн хувьцааг худалдан авагч “У” ХХН (эцсийн өмчлөгч гэх)-ийн банкинд хувь нийлүүлэх хөрөнгө, түүний хэмжээ, үйл ажиллагааны орлого, эх үүсвэр, гарал үүслийн талаарх баримт, аудитын болон татварын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан зэрэг баримтуудад үндэслэж бүртгэл хийгдсэн эсэхийг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байна.

8.Түүнчлэн, Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т “Банк шинээр хувьцаа болон хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах, аливаа этгээд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болоход Монголбанкнаас тухай бүр зөвшөөрөл авах бөгөөд нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулахад Монголбанкнаас тогтоосон шалгуурыг үндэслэн мэдэгдэх, зөвшөөрөл авахтай холбоотой харилцааг энэ хуулийн 36.11-д заасан журмаар зохицуулна”, 36.11-д “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах, шинээр хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах, хувьцаагаа нийтэд санал болгох, банкны хувьцааг худалдах, шилжүүлэх, үүнтэй төстэй бусад хэлцэл хийх болон аливаа этгээд банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулахад энэ хуулийн 36.3-т заасны дагуу тогтоосон шалгуурыг үндэслэн Монголбанкинд мэдэгдэх, зөвшөөрөл авах нөхцөл, шаардлагыг Монголбанк Санхүүгийн зохицуулах хороотой хамтран батална” гэж; “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам”-ын 1.3-т “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд дараах байдлаар өөрчлөлт орох тухай бүр Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасны дагуу энэ талаар Монголбанкинд бичгээр урьдчилан мэдэгдэж, зөвшөөрөл авна ...” гээд 1.3.4-т “Нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт орох”, 4.2-т “Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээд бөгөөд уг хуулийн этгээдийн 20 хувиас дээш багцыг эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт орох бол зөвшөөрөл хүссэн албан бичгээ энэ журмын 4.1-д заасан баримт бичгийн хамт Монголбанкинд ирүүлэх бөгөөд энэ шаардлагыг үүнээс ч илүү үргэлжилсэн хэлхээ холбооны хамааралд тавина”, 5.6-д “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн тохиолдолд Монголбанкны банкны хяналтын шалгалтын асуудал эрхэлсэн газар, хууль, эрх зүйн асуудал эрхэлсэн газар, төлбөр тооцоо, бүртгэлийн асуудал эрхэлсэн газар, мэдээлэл технологийн асуудал эрхэлсэн газар, санал, дүгнэлтээ Монголбанкны Ерөнхийлөгчид танилцуулж, шаардлагатай тохиолдолд Монголбанкны Хяналт шалгалтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлнэ” гэж тус тус заасан.

9.Энэхүү хууль, журмын зохицуулалтаас үзэхэд, “Х банк” ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч “Э Э Х” ХК-ийн хувьцааны бүтцэд өөрчлөлт оруулсан бүртгэлийг хийлгэхийн тулд урьдчилан болон эцсийн зөвшөөрөл авах ажиллагаа явагдсан байх, зөвшөөрөл олгох асуудлыг хэрхэн судалж, шийдвэрлэсэн талаарх Монголбанкны эрх бүхий газар, хэлтсийн дүгнэлт, шийдвэр гарсан байх шаардлагатай байна.

10.Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2/2289 дүгээр албан бичгээр “... ямар эрх зүйн актыг үндэслэж  бүртгэлд өөрчлөлт оруулж бүртгэсэн болох, түүнтэй холбогдох баримт; журмын 5.6-д заасан зохицуулалтын дагуу гаргасан холбогдох шийдвэрүүд; банк байгуулах, банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, хавсралтын хамт; Х банкны 2022 оны 11/2178 дугаар албан бичгийн хамт бүрдүүлж хүргүүлсэн материал” зэрэг баримтуудыг Монголбанкнаас гаргуулахыг хүссэн хэдий ч Монголбанкны 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б-10/897 дугаар албан бичгээр Х банкинд олгосон Банкны зөвшөөрлийн гэрчилгээ, Х банкнаас Монголбанкинд ирүүлсэн 11/2178 дугаар албан бичгийг ирүүлжээ.

11.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Монголбанкны зүгээс шаардлагатай баримтуудыг шүүхэд бүрэн гаргаж өгсөн, Монголбанкийг төлөөлж эцсийн шийдвэрийг Монголбанкны Ерөнхийлөгч гаргана, хууль, журамд заасан шаардлага хангагдсан учраас бүртгэлийг хийсэн, ... тухайн баримт бичгийн хувьд холбогдох дүгнэлтүүд ноорог хэлбэрээр гарсан, захирлууд гарын үсэг зурсан байгаа, түүнийг шүүхэд өгөх боломжгүй, ... урьдчилан болон эцсийн зөвшөөрлийг олгосон, ...” гэх агуулгаар тайлбарлаж байгаа ч дээрх шат дараатай арга хэмжээг явуулсан эсэх, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч хуулийн этгээдийн хувьцаанд өөрчлөлт орж, эцсийн өмчлөгч нь өөрчлөгдөхөд Монголбанкны зүгээс Банкны тухай хуульд заасан шаардлага, шалгуур хэрхэн хангагдсан байсныг нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

12.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, 31.2-т “Нотлох баримт нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл, цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн бүрдүүлж, эргэлзээгүй талаас үнэлж хэргийг шийдвэрлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн зарчимд нийцнэ.

13.Нэхэмжлэгчээс “Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А-1/476 дугаар захиргааны актыг хүчингүй болгуулах, “Э Э Х” ХК-ийн хувьцааны бүтцэд өөрчлөлт оруулсан тухай бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар маргаж байгаа энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх Монголбанкнаас Х банкны эцсийн өмчлөгчийг өөрчилсөн зөвшөөрөл олгохдоо Банкны тухай хууль, Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журамд заасан шаардлагыг хэрэгжүүлсэн эсэхийг тогтоох үүднээс Монголбанкны бичиг баримтад үзлэг хийх, банкны хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулах мөнгөн хөрөнгө нь тухайн этгээд, түүнтэй холбогдох этгээдийн санхүүгийн тайлангаар тодорхойлогдсон, хууль ёсны үйл ажиллагааны орлого байх шалгуурыг хангасан эсэхэд шаардлагатай тохиолдолд шинжээчийн дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой байсан, гэтэл энэ үүргээ хэрэгжүүлээгүй, маргааны гол үйл баримтад холбогдох нотлох баримтыг бүрдүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу юм.

14.Мөн хэрэгт авагдсан баримтууд, тухайлбал, Монголбанкны Ерөнхийлөгчид хүргүүлсэн “Х банк” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 11/2178 дугаар албан бичгийг тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга О.А гэж гаргасан байхад давж заалдах шатны шүүх “... Монголбанкны Ерөнхийлөгчид хандан “Х банк” ХК-ийг төлөөлж Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга О.А хүсэлт гаргасан байх тул ...” гэж тухайн этгээдийн албан тушаалын байдлыг буруу тодорхойлон дүгнэснийг дурдах нь зүйтэй.   

15.Иймээс, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2024/0039 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР  

            ШҮҮГЧИД                                                                  Г.БАНЗРАГЧ

               П.СОЁЛ-ЭРДЭНЭ

               Ц.ЦОГТ

                                                                                                             М.БАТСУУРЬ