Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 48

 

 

Г.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Бат-Эрдэнэ, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ц.Бурмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Наранцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1124 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 12 дугаар магадлалтай, 201526011090 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Г-ын гомдлоор хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, эрэгтэй, Г.Г нь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан “Догшин авирлаж танхайрах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтыг баримтлан Г.Гын Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх заалтад заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, Г.Гыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн хохирогч Д.Бийг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар Г.Гыг 2 жил 02 cap хорих ял шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг нарын гомдлуудыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Б.Бат-Эрдэнийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаа, өмгөөлөгч Б.Наранцэцэг нарын саналыг сонсоод

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Г хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Би гэртээ харьлаа гээд автобусны буудал дээр такси барихаар зогсож байтал Энхболд нөгөө найзтайгаа өөр хоёр залуутай муудалцаад улмаар зодолдож эхэлсэн. Би юу болов гээд очих хооронд Энхболд тэр хоёр хохирогч болох Бийг цохиж унагаад өшиглөж байсан. Би Энхболдын урдуур ороод салгатал хохирогч гэх Б босож ирээд миний нүүр рүү шууд цохиж дайрахаар нь би зөрүүлээд цохьсон. Тэгтэл эргүүлийн цагдаа ирж Б бид хоёрыг авч явсан. Тухайн үед Б нь цагдаад гомдол гаргасан байсан тул Энхболд бид хоёр Бтэй уулзаж тохиролцьё гэж ярилцсан. Тэгээд үгсэн тохироод анх байцаагдахдаа худал мэдүүлэг өгсөн. Энхболд надад хэлэхдээ миний хөгшин энэ хэргийг даачих, найз нь эхнэр, хүүхэдтэй хүн, ийм хэрэг явдалд орооцолдоод явах хэцүү байна, тэглээ ч нэг нь даасан дээр, хэрвээ мөнгө төгрөг хэрэгтэй бол найз нь тусална гээд амьдралаа ярьж уйлаад гуйгаад байсан тул би худал мэдүүлэг өгч энэ хэргийг даая гэж бодсон юм. Мөн байцаагч миний зан байдлыг тодорхойлно, дотны хүнээ дууд гэхээр нь найз Отгонболдыг дуудсан. Гэтэл байцаагч манай найзыг хэрэг гардаг шөнө шорлог зардаг хүн болгож, миний эсрэг гэрчийн мэдүүлэг өгүүлсэн байсан. Тухайн үед тэр хавьд ямар ч шорлог зардаг хүн байгаагүй. Би зодооныг эхлүүлээгүй, мөн намайг гэртээ амарч байхад Энхболд архи ууя гэж уруу татсан. Гэтэл одоо би Энхболдын эхлүүлсэн зодооноос болж хорих ял шийтгүүлж, ажил амьдрал, бие, сэтгэл санаагаараа хохирч байна. Хөгшин настай эцэг, эх минь харж хандах хүнгүй үлдлээ. Иймд энэ хэргийг мөрдөн байцаалтад буцааж, хэрэгт холбогдох Энхболдын найз, мөн хохирогч гэх Бийн найз зэрэг эдгээр хүмүүсийг олж, уг хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Г.Гын өмгөөлөгч Б.Наранцэцэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Өмгөөлөгч миний зүгээс хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийн хүрээнд хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрх байхгүй. Шүүгдэгч маань гэрч Д.Отгонболдыг худал мэдүүлэг өгсөн, мөн тухайн өдөр хамт явж байсан найз Ц.Энхболдын хэргийг ганцаараа үүрсэн гэж хэлдэг. Д.Отгонболдтой холбоотой нотариатаар батлуулсан шинэ нотлох баримт гарч ирсэн. Үүнийг миний зүгээс шинээр илэрсэн нөхцөл байдлаар шалгуулах хүсэлтэй байна. Хэргийн нөхцөл байдал бодит байдалтай нийцэхгүй байгаа тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

 

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Хохирогч намайг нэг хүн зодсон. Хамт явж байсан намхан нуруутай залуу нь салгасан гэж мэдүүлсэн. Хэрэг дан ганц Д.Отгонболдын мэдүүлгээр биш гэрч, хохирогч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсон. Хэрэв шүүгдэгчийн хэлж байгаа үнэн бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгуулах боломжтой. Хэргийн зүйлчлэл тохирсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

Шүүгдэгч Г.Г нь урьд хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байх хугацаандаа, согтуугаар 2015 оны 06 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 02-03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рокси” баарны гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн Д.Бийг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болсон байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “...Танхайрах /Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2, 181.3 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна”, 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтад “Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгоно”, 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна” гэж тус тус заажээ.

 

Гэтэл шүүх шүүгдэгч Г.Гын хувьд дээрх хуулийн аль заалт нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, илүү ашигтай байж болох үндэслэлийг тайлбарлаж, дурдалгүйгээр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтыг баримтлан Г.Гын ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг учир дутагдалтай гэж үзнэ.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1124 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 12 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Г.Гад холбогдох эрүүгийн хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцааж, хэрэг шүүхэд очтол Г.Гад урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Гын гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

 

ДАРГАЛАГЧ

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

 

                        ШҮҮГЧ                                                                       Б.БАТ-ЭРДЭНЭ