| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2019/0218/Э |
| Дугаар | 222 |
| Огноо | 2019-08-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Идэрбат |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 222
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Э.Идэрбат
Шүүгдэгч Г.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г.Ч-д холбогдох эрүүгийн 1235 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1993 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, Дорнод аймгийн Хэрлэн сумын ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн боловч Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжаар 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтолоор оногдуулсан 241 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн ялыг хорих ялаар сольж, 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр суллагдсан, бие эрүүл гэх, ЖЯ917 регистрийн дугаартай, Б овогт Г.Ч.
Шүүгдэгч Г.Ч нь 2019 оны 06 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Восток” рестораны хойд талд иргэн Д.Дөлгөөнжаргалыг зодож түүний биед зүүн нүдний дээд зовхины цус хуралт, баруун дээд төвийн үүдэн шүдний булгаралт, зүүн уруулын цус хуралт, дотор салстын язрал, цус хуралт буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Д.Дөлгөөнжаргал мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Сугарын найзууд Сугар руу залгаад 24 дүгээр байрны зүүн талд байна. Хүмүүст зодуулах гээд байна гэж хэлэхээр нь би хамт очсон юм. Тэгээд тэр хүмүүсээс Сугарын нэг найзыг нь машиндаа суулгаад дахин нэг найзыг нь авч машинд суулгах гэтэл Г.Ч гэх залуу над руу “чи яах гээд байгаа юм бэ? хоёулаа халзаръя” гээд над руу дайраад байсан. ... Улмаар “Восток” рестораны хойд талд хүрээд ир хоёулаа уулзъя гэж намайг дагуулж очоод шууд миний нүүр рүү нэг удаа цохисон. Тэр үед би тонгойход дээрээс маань зодож эхлэхэд би газар унаад намайг зодчихлоо гэж бахирсан. Улмаар манай найз Сугар найзуудтайгаа хүрч ирэхэд Г.Ч зугтаасан. ... миний нүүрэн тус газар гараараа хоёр удаа баруун тал орчим нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 416 тоот дүгнэлтэд: "1. Д.Дөлгөөнжаргалын биед зүүн нүдний дээд зовхины цус хуралт, баруун дээд төвийн үүдэн шүдний булгарал, зүүн дээд төвийн үүдэн шүдний сулрал, дээд уруулын дотор салстын цус хуралт, доод уруулын цус хуралт, дотор салстын язрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрхи гэмтлүүдийн баруун дээд төвийн үүдэн шүдний булгарал нь дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаараар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрхи гэмтэл нь бүрдэл байдлаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 14/
-Шүүгдэгч Г.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-22/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Г.Ч нь 2019 оны 06 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Восток” рестораны хойд талд хохирогч Д.Дөлгөөнжаргалыг зодож түүний биед зүүн нүдний дээд зовхины цус хуралт, баруун дээд төвийн үүдэн шүдний булгаралт, зүүн уруулын цус хуралт, дотор салстын язрал, цус хуралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Ч-ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...намайг цохиж зодсон зүйл байхгүй. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Дөлгөөнжаргалыг өөр ямар нэгэн хүн зодоогүй, зөвхөн надтай л зодолдсон. Дөлгөөнжаргалын биед учирсан гэмтлийг би цохиж учруулсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-22/, түүнийг давхар нотолсон хохирогч Д.Дөлгөөнжаргалын өгсөн: “...Сугарын найзууд Сугар руу залгаад 24 дүгээр байрны зүүн талд байна. Хүмүүст зодуулах гээд байна гэж хэлэхээр нь би хамт очсон юм. Тэгээд тэр хүмүүсээс Сугарын нэг найзыг нь машиндаа суулгаад дахин нэг найзыг нь авч машинд суулгах гэтэл Г.Ч гэх залуу над руу “чи яах гээд байгаа юм бэ? хоёулаа халзаръя” гээд над руу дайраад байсан. ... Улмаар “Восток” рестораны хойд талд хүрээд ир хоёулаа уулзъя гэж намайг дагуулж очоод шууд миний нүүр рүү нэг удаа цохисон. Тэр үед би тонгойход дээрээс маань зодож эхлэхэд би газар унаад намайг зодчихлоо гэж бахирсан. Улмаар манай найз Сугар найзуудтайгаа хүрч ирэхэд Г.Ч зугтаасан. ... миний нүүрэн тус газар гараараа хоёр удаа баруун тал орчим нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 416 тоот дүгнэлт /хх-ийн 14/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч Д.Дөлгөөнжаргалын биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Г.Ч-ын хохирогч Д.Дөлгөөнжаргалын нүүрэн тус газарт 2-3 удаа цохисон санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Г.Ч-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан тухайн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналыг хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана”, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж тус тус заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан түүнд ял оногдуулбал зохино.
Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Г.Ч регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Г.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч-ын цалин, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Ч-д мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Г.Ч-ын ЖЯ9 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР