| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 197/2025/00028/И |
| Дугаар | 210/МА2025/00709 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2025/00709
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
*******гийн нэхэмжлэлтэй
******* ХХК-д холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 17,621,746 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх 9 сарын хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 17,621,746 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
3.1. Нэхэмжлэгч ******* хариуцагч ******* ХХК-д холбогдуулж ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 17,621,746 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай гомдлыг Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар шийдвэрлэж, хөдөлмөрийн гэрээний талууд эвлэрээгүй гэх үндэслэлээр дуусгавар болгож шийдвэрлэснийг 42 тоот тэмдэглэлд тусгажээ.
3.2. Нэхэмжлэгч ******* нь уг тэмдэглэлийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дараа буюу 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх гаргасан байна. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШЗ2024/26220 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэсэн үндэслэлээр *******гийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ. Захирамж гарсан өдөртөө хүчинтэй болно.
3.3. Улмаар нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжид заасан зөрчлийг арилгаж 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд дахин гаргасан нэхэмжлэлд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 197/ШЗ2025/00044 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна.
3.4. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШЗ2024/26220 дугаар захирамж гарсан өдрөөс хойш Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж дүгнэж Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт зааснаар ажлын 10 хоногийг дахин тоолбол тэрээр 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй байжээ.
Гэтэл 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр буюу 2 сар гаруй хугацааны дараа шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хэтрүүлсэн, уг хугацааг сэргээлгэх талаар хүсэлт болон түүнтэй холбоотой нотлох баримт шүүхэд гаргаагүй байна.
Иймд хариуцагч талын энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр түүний гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/03117 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.4 дэх хэсэгт зааснаар ******* ХХК-д холбогдох ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 17,621,746 төгрөг гаргуулах тухай *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,059 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2. дахь хэсэгт зааснаар энэ магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Э.ЗОЛЗАЯА