| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2019/0217/Э |
| Дугаар | 221 |
| Огноо | 2019-08-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Идэрбат |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 221
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Э.Идэрбат
Шүүгдэгч Т.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Т.М-д холбогдох эрүүгийн 10246 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чулуун хороот суманд 1984 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “газарт үсчин ажилтай, ам бүл 6, нөхөр, 6-17 насны хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, ЖН0 регистрийн дугаартай, Х овогт Т.М.
Шүүгдэгч Т.М нь 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 11 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Элит” салонд иргэн Д.Баярмаатай маргалдаж улмаар түүнийг зодож хүзүүнд зулгаралт, зүүн бугалга, шуу, гуянд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Д.Баярмаа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 20 цагийн үед манай өрөөгөөр Т.М орж ирэхээр нь хөлний массажны аппаратаа манай өрөөнөөс гаргаад үүдэнд тавьсан дээр юм гэж санаагаа хэлтэл тэрийг маань хүндээр тусгаж аваад уурласан байсан. ...2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 11 цагийн орчим ажил дээрээ үйлчлүүлэгчийн нүүр будаж байхад Т.М манай өрөөнд орж ирээд над руу хашгирч уурлаад байхаар нь би хэрүүл хиймээргүй байна. Миний төрсөн өдөр болоод байна. Би тайван баймаар байна гэж хэлэхэд намайг хөгшин авгай пизда гэх зэргээр хэл амаар доромжилж дайраад байхаар нь би цаашаа бай гэж хэлээд түлхсэн чинь намайг үсдэж доош дарангуутаа багалзуурыг маань маажиж, зүүн гарыг маань базаж, хөл, хэвлий хэсэг рүү өшиглөөд байсан. Тэгэхэд манай ажлын үсчин Болортуяа бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 452 тоот дүгнэлтэд: "1. Д.Баярмаагийн биед хүзүүнд зулгаралт, зүүн бугалга, шуу, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 28/
-Шүүгдэгч Т.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-35/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Т.М нь 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 11 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Элит” салонд хохирогч Д.Баярмаатай маргалдаж улмаар түүнийг зодож биед нь хүзүүнд зулгаралт, зүүн бугалга, шуу, гуянд цус хуралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Т.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...Би “Элит” салонд үсчин ажил хийдэг юм. 2019 оны 07 дугаар сарын 09-ний орой 19 цагийн үед гоо сайхны өрөөндөө үйлчлүүлэгч оруулж хөлийн хумсыг нь засах гэтэл гоо сайханч Баярмаа энэ өрөөнд гоо сайхан хийхгүй, хүнээ цаана суулга, сандлаа гаргаж ав, энэ сандлыг чинь гаргаж хаясан ч миний дур гээд байхаар нь би хүнээ буцааж өрөөнөөс нь гаргасан. Ширээний хажууд байсан шүүгээг холдуулж гоо сайхны хоёр сандлаа холдуулж тавьсан. ... тэгтэл Баярмаа хүний юм чулууддаг нь яаж байгаа юм бэ? гээд миний баруун гарын бугалга руу гараараа цохисон. ... 2019 оны 07 дугаар сарын 10-ны өглөө 10 цагийн орчимд ажил дээрээ ирэхэд Баярмаа хүний нүүр будаж байсан. ... Бид хоёр маргалдаж Баярмаа миний зүүн хацар руу алгадсан. Улмаар би түүнийг цааш нь түлхээд бие биетэйгээ зууралдаж үсдэлцсэн. Тэгээд бид хоёрыг үйлчлүүлж байсан хүмүүс салгасан. ... харин хүзүүнийх нь зулгарсан шархыг үсдэж байхдаа би гараа маажсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35/, түүнийг давхар нотолсон хохирогч Д.Баярмаагийн өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 20 цагийн үед манай өрөөгөөр Т.М орж ирэхээр нь хөлний массажны аппаратаа манай өрөөнөөс гаргаад үүдэнд тавьсан дээр юм гэж санаагаа хэлтэл тэрийг маань хүндээр тусгаж аваад уурласан байсан. ... 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 11 цагийн орчим ажил дээрээ үйлчлүүлэгчийн нүүр будаж байхад Т.М манай өрөөнд орж ирээд над руу хашгирч уурлаад байхаар нь би хэрүүл хиймээргүй байна. Миний төрсөн өдөр болоод байна. Би тайван баймаар байна гэж хэлэхэд намайг хөгшин авгай пизда гэх зэргээр хэл амаар доромжилж дайраад байхаар нь би цаашаа бай гэж хэлээд түлхсэн чинь намайг үсдэж доош дарангуутаа багалзуурыг маань маажиж, зүүн гарыг маань базаж, хөл хэвлий хэсэг рүү өшиглөөд байсан. Тэгэхэд манай ажлын үсчин Болортуяа бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 452 тоот дүгнэлт /хх-ийн 28/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч Д.Баярмаагийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Т.М-ын хохирогч Д.Баярмааг доош нь дарж, багалзуурдаж, маажиж, гарыг нь базаж, хөл, хэвлий хэсэг рүү цохиж зодсон санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Т.М-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналыг хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана”, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж тус тус заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан түүнд ял оногдуулбал зохино.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Т.М регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Т.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т Т.М-ын цалин, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.М-д мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Т.М регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Т.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР