Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 138

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Ариунжаргал,

Улсын яллагч Д.Сүрэнхор,

Шүүгдэгч Д.Г , Б.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г , Б.Б  нарт холбогдох 163/2019/0129/Э индекстэй, 19150002380125 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Орхон аймгийн ... оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Д.Г  ,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Булган аймгийн ... оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, Г овогт Б.Б  .

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Г , Б.Б  нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн нутаг "Галтайн ам" гэх газраас иргэн И.Б ын аргамжаатай байсан нар саран тамгатай бор, хар, алаг, өсгий цагаан хүрэн зүмсийн 4 тооны морийг хулгайлж 2800000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г өгсөн мэдүүлэгтээ: Өмнө нь өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугийн талаар маргахгүй, хохирлыг бүрэн төлсөн гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б  өгсөн мэдүүлэгтээ: Өмнө нь өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугийн талаар маргахгүй, нэхэмжилсэн 1000000  төгрөгийг төлсөн гэжээ.

19150002380125  дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч И.Б ын өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 26-ны орой 22 цагийн орчимд гэрийнхээ гадна 4 тооны адуугаа аргамжаад унтаж амарсан. Өглөө 07 цагийн орчимд сэрээд адуугаа хартал манай аргамжаатай байсан адуу хулгайд алдагдсан байсан. Тэгээд Хангал сумын хэсгийн төлөөлөгчид албан ёсоор хандан утсаар дуудлага мэдээлэл өгсөн.  Миний бие хөрш айлуудын залуучуудын хамтаар адуугаа хайж, ойр орчмын газруудаар эрэн хайж явсан боловч олдоогүй. Ингээд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумаар явсан. Мөн Хангал сумын Сөрт, Сэвсүүл, Булаг, Мэргэн зэрэг газруудаар явсан олоогүй улмаар 2019 оны 05 дугаар сарын 31-ний өглөө адууны сураг гарч, манай адуунуудыг Орхон аймгийн харьяат Г , Хангал сумын харьяат Б  нар бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан үйлдсэн болох нь тогтоогдсон, …адуугаа эргүүлж олж авсан. Харин адуугаа хайж явсан гэх зардлын мөнгө 1000000 /нэг сая/ төгрөг нэхэмжилж байна.” гэх /хх-ийн 16-18 тал/, ...надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, адуугаа хайх үед зарцуулсан мөнгийг маань өгсөн учир баярлаж байна гэх /хх-19 тал/ мэдүүлэг,

Гэрч Ц.Б ы өгсөн: “...адуу алдагдсан хэрэгт миний бие эрлийн багт орж ажилласан. Тухайн үед эрж хайсан боловч олдоогүй. Б ын бор, хүрэн, алаг, хар зүсмийн морьд алдагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,

Гэрч Д.Б.өгсөн: “...Б тай очиж уулзахад миний хүү Б  нь өөрийн найз гэх Г  гэдэг залуугийн хамтаар Б ын 4 тооны адууг хулгайлж Орхон аймаг руу хүргэх замдаа цагдаагийн байгууллагын алба хаагч нарт баригдсан  талаар  хэлсэн. ...Б ын  алдагдсан  адууг мэднэ.   Ер  нь Б  4-5 адуутай залуу байгаа юм. Алдагдсан адуунууд нь бор, хар, хүрэн, алаг зүсний 4 морь. ...2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүү маань өөрийнхөө машинаа унаад төрсөн эх, дүүгээ аваад Орхон аймаг руу явсан. Орой эхнэр, охин хоёр Орхон аймгаас ирсэн. Б  Орхон аймагтаа үлдсэн байсан. Тэгээд маргааш нь ирээгүй, адуу Орхон аймаг руу оруулах гэж байгаад баригдсан юм шиг байна лээ.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 тал/,

Эд хөрөнгийн үнэлгээний “Тольдох оюуны өгөөж” ХХК-ний шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 19/56 тоот дүгнэлтэд“...Өсгий цагаан хүрэн морь 1, үнэ 700 000 төгрөг, Сартай чандмань тамгатай хээр морь 1, үнэ 700 000 төгрөг, “Б” тамгатай бор морь 1, үнэ 700 000 төгрөг, “Нар сар тамгатай хар морь 1, үнэ 700 000 төгрөг, нийт 2 800 000 төгрөг ...” гэх үнэлгээ тогтоосон дүгнэлт /хх-ийн 41-45 тал/,

Шүүгдэгч Д.Г ийн яллагдагчаар өгсөн: “... адуунд явж байгаад бид 2 айлын аргамжаатай морьдыг харсан. Тэгээд “энэ хэний морьд вэ” гэж асуухад Б.Б  “энэ морьд Б  ахын морьд байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр ярилцаж байгаад хулгай хийхээр тохироод 2019 оны 05 дугаар сарын 26-ны 00 цагийн орчимд Б  гэдэг айлын гадна аргамжаатай байсан 4 морийг аваад дээрхи морьдоос миний   бие   алаг   морийг   тохом   тохоод   унаж   "Сөрт"-ийн   гүүр   хүртэл   явсан. Б  "Сөрт"-ийн гүүр хүртэл гаргаж өгөөд, цаашаа ганцаараа явж "Мэргэн" гэх газар луу тухайн шөнөдөө яваад шөнийн 03 цаг өнгөрч байх үед ууланд очиж хулгайлсан 4 адуугаа модноос уясан... алаг морь, бор морь, өсгий цагаан хүрэн мор, хар морьд байсан. Өглөө Б  намайг ирж аваад тэгээд гэрт нь очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 тал/,

Шүүгдэгч Б.Б ын яллагдагчаар өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сайрын ам гэдэг газар луу бид 2  манай  адуунд явсан.  Явж байх замдаа  айлын аргамжаатай морьдыг харсан. Тэгээд Д.Г  “энэ хэний морьд вэ, би энэнээс 1 морийг аваад явъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи яах гэж байгаа юм бэ, энэ чинь манай таньдаг ахын морьд” гэж хэлсэн. Д.Г  “би энэ морьдыг аваад явна, чи надад Сөрт хүртэл гаргалцаад өг тэгээд өглөө ирээд аваарай” гэж хэлсэн. Тэгээд бид 2019 оны 05 дугаар сарын 26-ны орой Б  ахынд очиж 4 адууг хулгайлж аваад би Г ийг “Сөртийн гүүр” хүртэл хүргэж өгөөд буцсан. Сөртөөс цаашаа Г  өөрөө 4 адууг аваад явсан. Тэгээд би үүрээр 4 цагийн алдад Г ийг “Мэргэн” гэх газраас очиж аваад 5 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн... 2019 оны 05 дугаар сарын 30-ны орой 09 цаг өнгөрч байхад Мэргэн гэх газраас хулгайлсан дөрвөн мориныхоо хоёрыг нь очиж аваад Орхон  аймаг руу  авч  орох  гэж байгаад Төмөр замын вокзал дээр цагдаад саатуулагдсан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 83-84 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх 79-80/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, адуунд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-4/, мэдүүлгийг газар дээр нь шалнах ажиллагааны тэмдэглэл /хх 5-6/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-11/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-14/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 56, 60/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 70-71/ болон хувийн байдлын талаарх баримтууд /хх 88-97/ тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 66 тал/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын дээрхи нотлох баримтуудыг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Г , Б.Б  нар нь бүлэглэж 2019 оны 05 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн нутаг "Галтайн ам" гэх газраас иргэн И.Б ын аргамжаатай байсан бор, хар морь, алаг, өсгий цагаан хүрэн зүсмийн 4 тооны морийг хулгайлж, бусдад 2800000 төгрөгийн шууд, 1000000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан хууль зүйн факт, хулгайлах гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, адуунд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн улмаас 2800000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон байх бөгөөд хохирогч, гэрч нарын мэдүүлэг зөрүүгүй, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байна.

“Мал хулгайлах” гэмт хэрэгт бусдын малыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд халдлагын зүйл нь мал /хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ/ байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдана.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх талаар санаатай нэгдэж, урьдчилан төлөвлөснөөр шөнийн цагт уг адууг авч уулын аманд уяж захиран зарцуулах боломжийг бий болгосон дээрх үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байх учир шүүгдэгч Д.Г , Б.Б  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч 4 тооны морьдыг биет байдлаар хүлээлгэн өгч, гэмт хэргийн улмаас үүдэлтэй гэм хорын хохирлыг төлж барагдуулсанаар хохирогч И.Б  нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн ...” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн ...” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтаар хэрэгт битүүмжлэгдсэн “Kia Bongo” загварын **-** ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мал хулгайлах гэмт хэргийг үйлдэх үедээ ашиглаагүй, харин хулгайн эд зүйлээ зөөж тээвэрлэх, борлуулах явцдаа ашигласан болох нь тогтоогдож байх тул мөрдөгчийн 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.Б ын өмчлөл, эзэмшилд үлдээх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурьдаж, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй болно.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Д.Г ,  Г овогт Б.Б  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Г , Б.Б  нарыг тус тус 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г т оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын, шүүгдэгч Б.Б од оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Булган аймгийн Булган сумын нутагт хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол тус ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Г , Б.Б  нарт сануулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж, мөрдөгчийн 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, “Kia Bongo” загварын **-** ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.Б ын өмчлөл, эзэмшилд үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г , Б.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,  38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Г , Б.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.ЦЭРЭНХАНД