| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/07127/И |
| Дугаар | 5131 |
| Огноо | 2016-07-07 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 5131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн хүсэлттэй,
1970 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, ногоон төгөл хотхон 76-04 тоотод оршин суух хаягтай, Ширнэнгийн Балжинням /РД:ОТ70060572/-ыг архины албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Төрболд, гуравдагч этгээд Ш.Балжинням, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрболд шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус хорооны Сэлбэ 8-193 тоотод оршин суух Ш.Балжинням нь архинд донтон согтуурч бүлэг бөөгнөрөл үүсгэж, ойр орчимдоо түгшүүр төрүүлдэг тул уг хүнийг архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү.” гэжээ.
Гуравдагч этгээд Ш.Балжинням нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие архины албадан эмчилгээнд явахад татгалзах зүйлгүй.” гэв.
Талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс нь тус шүүхэд Ш.Балжиннямыг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд тус цагдаагийн хэлтэс согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хүсэлт гаргах эрхтэй байна.
Ш.Балжинням нь байнга согтууруулах ундаа хэрэглэж байгаа, удаа дараа эрүүлжигдэж байсан болох нь хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн буюу эмчлүүлсний дараа согтууруулах ундаа, мансууруулах бодис дахин хэрэглэсэн этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ” гэж заажээ.
Ш.Балжинням нь “архинд донтох” өвчтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул түүнийг албадан эмчилгээнд явуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дах хэсэгт заасныг баримтлан Ширнэнгийн Балжинням /РД:ОТ70060572/-ыг архины албадан эмчилгээнд явуулсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан, тухайн этгээдийг албадан эмчлэх газарт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ