| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 197/2025/00934/И |
| Дугаар | 210/МА2025/00752 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2025/00752
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 197/ШШ2025/03516 дугаар шийдвэртэй,
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
******* ХХК-д холбогдох
Даатгалын гэрээний үүрэгт 7,987,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан даатгалын гэрээний үүрэгт 7,987,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ мэргэжлийн хариуцлагын гэрээ, Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 3/3224 дугаар шийдвэрийг үндэслэн даатгалын нөхөн төлбөрт 7,987,000 төгрөг гаргуулна гэж, хариуцагч нь нэхэмжлэгч ******* ХХК нь даатгалын тохиолдлыг зохих журмын дагуу баримтжуулаагүй, нэхэмжлэгч компанийн ажилтан ******* гэх хүн мэргэжлийн хариуцлагын алдаа гаргаж үйлчлүүлэгчийн автомашинд хохирол учруулсан талаар баримтгүй байх тул нөхөн төлбөр олгохгүй гэж тус тус маргажээ.
4. Анхан шатны шүүх маргааны үйл баримт тодорхой бус байхад тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь алдаатай болсон байх ба давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна. Учир нь:
4.1. Нэхэмжлэгч ******* ХХК-иас нэхэмжлэлээ нотлох зорилгоор ажилтан *******ийн мэргэжлийн үнэмлэх, иргэний үнэмлэхийн лавлагаа, ******* ХХК-ийн нэхэмжлэх болон зарлагын баримт, ******* ХХК-ийн бараа материалын зарлагын баримтууд, гэрэл зураг, ******* ХХК-д хандаж гараар бичсэн иргэдийн өргөдлийг тус тус баримтаар гаргаж өгсөн боловч эдгээр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар эх хувиар эсхүл нотариатчаар гэрчлүүлсэн байх шаардлага хангаагүй, хуулбар баримтууд байна.
Анхан шатны шүүх тухайн баримтуудыг ач холбогдолтой эсэхийг тодруулаагүйгээс гадна нотлох баримтын шаардлага хангаагүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаас хасах зэрэг ажиллагааг явуулаагүй байна.
4.2. Түүнчлэн анхан шатны шүүх камерын бичлэгийг хуулсан CD-нд үзлэг хийх ажиллагааг явуулахдаа бичлэгт гарч буй ******* ХХК-ийн ажилчдын нэрийг нэхэмжлэгч талаас тодруулах байдлаар тэмдэглэлд тусгаагүйгээс хэн гэх ажилтан болохыг шүүх дүгнэх боломжгүй болгожээ.
5. Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг тодруулаагүйгээс үйл баримт тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлд хамаарч байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 197/ШШ2025/03516 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар энэ магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Э.ЗОЛЗАЯА