Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2019/ШЦТ/86

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч Х.Гүнжидмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Шүүгдэгч Д.Г. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Г. холбогдох 1916001700098 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Д.Г-ийн 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв нэгдүгээр цэцэрлэгийн зүүн талын засмал замд 00-00ГАА улсын дугаартай приус-20 маркын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хохирогч Ц.Х-г шүргэсний улмаас эрүүл мэндэд нь зүүн хөлний хавчаар ясны хугарал, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт хамаарна.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Д.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Д. овогтой Г миний бие 05 дугаар сарын 04-нд 1 дүгээр цэцэрлэгийн доод талын засмал замаар явж байгаад 1 дүгээр цэцэрлэгийн харалдаа доод талд хүн буулгасан. Хүн буулгачихаад хөдлөхөд идэж явсан алимаа сандал дээр тавьсан чинь уначихсан. Тэгэхээр нь хөлөөрөө түлхчихээд харахад тэр эмээ явж л байсан. Тэгээд хажуугаар нь өнгөрнө гэж бодоод өнгөрсөн чинь бөгсөөрөө шүргээд унагаасан. Хүн орилох шиг болохоор нь цонхоороо харсан чинь эмээ унасан хэвтэж байсан. Тэгээд очиж аваад эмнэлэгт хүргэж өгсөн ... Намайг хөдлөөгүй байхад замаар явж байсан... Хөгшин эмээг дайрсан нь миний буруу. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Декриттэй байгаа учир хуульд заасан доод хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгож өгнө үү?”  гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Мөрдөн байцаалтын шатан өгсөн хохирогч Ц.Х-н “...1 дүгээр цэцэрлэгийн доод талд байдаг хөндлөн засмал замаар гараад явсан. Тэгээд яг зам гараад дуусаад баруун талын хөлөө замын боржур дээр тавиад алхах гэтэл 1 машин намайг мөргөсөн. Тэгээд тэр машины жолооч нь бууж ирээд намайг эмнэлэгт хүргэсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ17-20/,

Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Даваахүүгийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 158 дугаартай “...1. Иргэн Ц.Х-н биед зүүн хөлний хавчаар ясны хугарал, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /ХХ26-27/,

 

Шинжээч, цагдаагийн дэслэгч Л.Лхагвадоржийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “...Нэг: 00-00 ГАА улсын дугаартай приус маркын авто машины жолооч Д. овогтой Г нь /РДДЮ00000000/ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх

10.1   Жолооч хөдөлгөөн  эхлэхийн өмнө зам орчны  байдлыг биеэр шалгаж
хөдөлгөөн эхлэх , чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх
нөхцөлийг хангана.

10.2   Жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө.
12.тээврийн хэрэгсэлийн хурд

12.3   Жолооч   хөдөлгөөнд   аюул   саад   тулгарахыг   мэдсэн   үед   тээврийн
хэрэгсэлийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн
заалтыг,  

Явган   зорчигч   Ц-гийн  Х   нь   Монгол   Улсын   замын хөдөлгөөний дүрмийн

Тав: Явган зорчигчийн үүрэг. 5.6 Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Хоёр: Жолооч Д-гийн Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 102. 12.3 дахь хэсгийг, явган зорчигч Ц-гийн Х нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6 дахь заалтыг тус тус зөрчсөн байна.

Гурав: Камерын бичлэгт жолооч Д-гийн Г нь хөдөлгөөн эхлэх үедээ осол гаргасан нь зам дээр тоормосны мөр гараагүй учир авто машины хурдыг тогтоох боломжгүй байна.

Дөрөв: Зам тээврийн осол үйлдэгдэхэд жолооч Д-гийн Г, явган зорчигч Ц-гийн Х нарын буруутай үйлдэл нөлөөлсөн.

Тав: Камерын бичлэгээр жолооч Д-гийн Г нь осол гаргасны дараа тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан байна.

Зургаа: Жолооч Д.Г нь явган зорчигч Ц.Х нар нь өөр хөдөлгөөний аюулгүй байдлын хууль болон замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна.                                                                                  

Долоо:Шинжилгээний явцад шинээр ямар нэгэн нөхцөл байдал илрээгүй болно..." гэсэн дүгнэлт /ХХ34-35/,

Шинжээч Д.Даваахүүгийн мэдүүлэг/ХХ-28-29/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / ХХ9-11/, хэрэгт авагдсан камерын бичлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Г нь 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв нэгдүгээр цэцэрлэгийн зүүн талын засмал замд 00-00 ГАА улсын дугаартай приус-20 маркын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Ц.Х-г шүргэсний улмаас эрүүл мэндэд нь зүүн хөлний хавчаар ясны хугарал, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал буюу хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг мөн хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

  2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүхээс торгох ял оногдуулах тухай прокурорын санал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсний дараа хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон дээрх хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Д.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

“...Өмнө 1 сая төгрөг авсан. Одоо сүүлд гарсан эмчилгээний зардлыг гаргуулж авмаар байна...” гэх хүсэлтийг хохирогч Ц.Х гаргасан бөгөөд хохирлын талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй тул түүний нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхээр нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Г-гийн жолоочийн үнэмлэхийг өөрт нь буцаан олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Д-гийн Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-г 450 / дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д шүүхээс оногдуулсан 450 / дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/  хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Д.Гэрэлмаад сануулсугай.

5. Хохирогч Ц.Х-гийн цаашид гарах эмчилгээний зардлаа  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй зэргийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Г-гийн №000000 дугаартай жолоочийн үнэмлэхийг өөрт нь буцаан олгосугай.

6. Шүүгдэгч Д.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.МӨНХТУЛГА