Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2025/00753

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/02339 дугаар шийдвэртэй,

 

*******ын нэхэмжлэлтэй

******* ХХК-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 35,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******тай гидр алх /молоток/-ыг 70,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.

1.2. Гэрээ байгуулсан өдрөө 30,000,000 төгрөгийн урьдчилгааг авсан. Харин үлдэх 40,000,000 төгрөгийг хариуцагч тал 2020 оны 02 дугаар сарын 21-ны өдөр гэхэд 20,000,000 төгрөгийг, 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэхэд 20,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэхээр харилцан тохиролцсон.

1.3. Гэтэл гидр алх /молоток/-ын үлдэх 40,000,000 төгрөгийн үнийг хариуцагч тал төлөлгүй өнөөдрийг хүрлээ. Худалдах, худалдан авах гэрээний дагуу эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, гэрээнд заасан зориулалтаар бүрэн ашиглах боломжтой гидр алх /молоток/-ыг худалдан авагчид хүлээлгэн өгсөн.

1.4. Хариуцагч тал гидр алхны хошууг 2022 онд Хятад улсаас захиалаад өгөөч гэж 4,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч дээрх хошууг авчирч өгч чадаагүй тул нэхэмжлэлийг 4,500,000 төгрөгөөр бууруулж хариуцагч ******* ХХК-аас 35,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* ХХК нь Хэнтий аймгийн ******* нутаг дэвсгэрт хайлуур жонш олборлох үйл ажиллагаа явуулдаг бөгөөд уурхайн үйл ажиллагаанд хэрэглэдэг тоног төхөөрөмж болох гидр алх худалдаж авахаар иргэн *******тай 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж урьдчилгаанд 30,000,000 төгрөгийг төлсөн.

2.2. Урьдчилгаа төлбөр төлөгдсөний дараа худалдагч ******* нь гидр алхыг уурхайд хүргэж авчирсан бөгөөд уг гидр алх нь анхнаасаа шууд ажиллах боломжгүй эвдрэлтэй байсан тул худалдан авагч талаас мэдсэн даруйдаа уг гидр алхыг буцаах эсвэл эвдрэл гэмтлийг засварлаж өгөхийг шаардсан.

2.3. Уг шаардлагын дагуу ******* гидр алхыг би засварлаж өгье, засварлахад шаардлагатай сэлбэг авахад мөнгө хэрэгтэй байна, өөрт нь мөнгөний боломжгүй байна гэсний дагуу түүнд худалдсан гидр алхны үлдэх төлбөрөөс хасуулж тооцуулахаар тохиролцож нийт 4,500,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн.

2.4. Гэвч ******* нь итгэлийг эвдэж амлалтаа биелүүлэлгүй, утсаа авахгүй өнгөрсөн 4 жилийн хугацаанд алга болсон. Бидний зүгээс удаан хугацаанд хүлээцтэй хандсан боловч огт холбоо бариагүй, түүний худалдсан гидр алх нь өнөөдрийг хүртэл огт ашиглагдаагүй, уурхайн талбайд анх буулгаж орхисон яг тэр байрандаа өнөөдрийг хүртэл хөдөлгөөгүй байгаа болно. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 35,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 335,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д талууд гэрээ байгуулсан, гэрээний зүйлийг хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн болон үнийн талаар маргаагүй гэжээ.

Манай байгууллагаас гидр алхны урьдчилгаа төлбөр төлсний дараа худалдагч ******* нь гидр алхыг уурхайд хүргэсэн бөгөөд хүргэгдэж ирсэн уг гидр алх нь чанарын шаардлага хангаагүй, ажиллах боломжгүй эвдрэлтэй байсан.

Эвдрэлийг мэдсэн даруйдаа уг гидр алхыг буцаах эсвэл засварлаж өгөх талаар *******д хэлэхэд тэрээр гидр алхыг би засварлаж өгье, засварлахад шаардлагатай сэлбэг авахад мөнгө хэрэгтэй байна, өөрт нь мөнгөний боломжгүй байна гэж худалдсан гидр алхны үлдэх төлбөрөөс хасуулж тооцуулахаар харилцан тохиролцож нийт 4,500,000 төгрөгийг 2 удаагийн шилжүүлгээр нэмж авсан тухай үйл баримтыг шүүх тодруулаагүй.

Нэхэмжлэгч талаас гидр алхны голыг солихоор сэлбэгийн мөнгийг үндсэн төлбөрөөс хасуулахыг зөвшөөрч үндсэн дүнгээс хассанаар доголдлыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй. Үүнтэй холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, өгсөн авснаа буцаах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх хүлээн аваагүйн улмаас гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргах зохигчийн эрх зөрчигдсөн тул гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй.

4.2. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д худалдах, худалдан авах гэрээг цуцлах, татгалзах үндэслэл тогтоогдоогүй гэж, үндэслэх хэсгийн 9-д ...гидр алхыг доголдлын улмаас хуулиар тогтоосон шаардах эрхийг ******* ХХК хэрэгжүүлсэн гэх үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй гэж тус тус дүгнэсэн.

Гэтэл нэхэмжлэгч талаас эвдрэлийг мэдэж, засварлахаар сэлбэгийн төлбөрийг авсан ч тухайн сэлбэгийг өнөөдрийг хүртэл өгөөгүйг нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрдөг. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасны дагуу нэгэнт баталгаат хугацаа тогтоогоогүй ч 6 сарын дотор хариуцагч тал доголдлыг мэдэж нэхэмжлэгч талд мэдэгдсэн, тухайн доголдлыг арилгуулахаар удаа дараа амаар болон уулзаж шаардлага хүргүүлэхэд засаж өгөхөөр харилцан тохиролцож сэлбэгийн төлбөр авсан талаар маргаагүйг шүүх харгалзалгүйгээр эд хөрөнгийн доголдолтой холбоотойгоор маргах эрхгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

4.3. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан шаардлагыг хангаагүй болон мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу хүлээн авахаас татгалзаж, уг захирамжид гомдол гаргах эрхгүйгээр гаргасан нь хариуцагч талын зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхийг ноцтойгоор зөрчин шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хууль зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч талаас эвдрэлтэй бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн гэж тайлбарладаг. Гэтэл гэрээ байгуулснаас хойш 10 хоногийн дараа гидр алхыг ажиллуулах мэргэжлийн хүн байхгүй байсан тул мэргэжлийн оператор ыг гуйж 5 хоног ажиллуулсан. Уг хугацаанд гидр алх хэвийн ажиллаж байснаас үзэхэд бид хэвийн ажиллагаатай бүтээгдэхүүн нийлүүлсэн.

5.2. Хариуцагч талаас алхны хошуу элэгдсэн учраас танайх урдаас захиалаад өгөөч гуйсны дагуу н.Мөнхжаргал нь сэлбэг захиж өгсөн. 4,500,000 төгрөгийн асуудал нь гэрээнээс тусдаа асуудал бөгөөд алхны хошуу захиалсан ч бид захиалсан зүйлийг нь өгч чадаагүй, захиалгын гэрээний гол зорилго нь биелэгдээгүй учраас 4,500,000 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хассан.

5.3. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж хэрэгт авагдсан гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 35,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. ******* ХХК болон ******* нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* нь гидр алхыг 70,000,000 төгрөгөөр худалдахаар, ******* ХХК нь үнийг 3 хувааж төлөхөөр харилцан тохиролцсон байх ба тэдгээдийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Хариуцагч ******* ХХК нь 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд тайлбар гаргахдаа худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр бус гэх талаар маргаагүй.

Харин хариуцагч ******* ХХК-иас хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед буюу 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэлийг гардаж авсан 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс хойш 4 сарын дараа байх бөгөөд сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа хүндэтгэн үзэх шалтгаанаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт зааснаар нотлоогүй.

Харин анхан шатны шүүх 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШЗ2025/12855 дугаар захирамжаар сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа үндсэн нэхэмжлэлтэй харилцан тооцогдохгүй гэж хийсэн дүгнэлт алдаатай болсныг дурдах нь зүйтэй. Нэгэнт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаан дээр сөрөг нэхэмжлэл гаргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан үндэслэл буруу байх нь шийдвэрийг хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд заасан гомдол гаргах үндэслэлүүдэд сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж нь хамаарахгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн аваагүй, гомдол гаргах эрхээр хангаагүй гэсэн хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

Иймд талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байна.

 

4. Нэхэмжлэгч ******* худалдах, худалдан авах гэрээний зүйл болох гидр алхыг хариуцагч ******* ХХК-д шилжүүлсэн, хариуцагч ******* ХХК гэрээний үнэд 30,000,000 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй.

 

5.1. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дэх догол мөрөнд ...худалдагч уг гидр алхыг худалдан авагчид шилжүүлэн өгөхдөө эвдрэл гэмтэлгүй хүлээлгэн өгсөн болно. гэж тохиролцсоноос дүгнэвэл хариуцагч тал гэрээний зүйлийг шалгаж авсан байх ба гидр алхны хошуу эвдрэлтэй эсэхийг Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар мэдэх боломжтой. Энэ нь гэрч *******ын мэдүүлэгт: ...анх молотокыг авч яваад жоншны уурхайд хүлээлгэж өгсөн. ******* ХХК-ийн талаас цалинтай 5 хоног ажиллаад өг гэхэд нь 5 хоног молотокыг ажиллуулсан. ...молотокыг ажиллуулж чадах хүн байхгүй, оператор байхгүй гээд 5 хоног намайг ажиллуулж байсан... гэх нөхцөл байдлаар нотлогдоно.

Түүнчлэн гэрч ын ...2022 оны 9 дүгээр сарын сүүлээр 4-лээ хамт явсан. Бор өндрөөс хойш явсан засмал тавиагүй байсан. Шороон замаар явж уурхай дээр очсон. Молоток авъя гэсэн, үйл ажиллагаа явагдаж байсан, жоншиндоо ашиглаж байсан. Одоо ашиглан сарын дараа мөнгийг өгье гэж буцаасан. Эхний удаа тэгж буцсан. Уурхайн захирал нь *******той холбогдож жоншиндоо хүрнэ, сарын дараа мөнгийг өгнө гэсэн гэж хэлсэн гэх мэдүүлгээс дүгнэвэл хариуцагч тал гэрээний зүйлийг худалдаж авснаас хойш 2 жил 8 сарын хугацаанд ашиглаж байжээ.

Иймд гэрээний зүйл анхнаасаа доголдолтой байсан гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй байна.

 

5.2. Худалдан авагч ******* ХХК нь гэрээний зүйлийг анхнаасаа эвдрэлтэй байсан гэж маргаж байгаа бол тэрээр эд хөрөнгийн доголдолтой холбоотой Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.2 дахь хэсэгт заасан шаардлагын аль нэгийг гаргах боломжтой байсан боловч гаргаагүйгээс гадна мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаагүй байна.

 

5.3. Иймд худалдах, худалдан авах гэрээг байгуулснаас хойш 5 жилийн дараа гэрээний зүйлийн доголдлын талаар маргаж байгаа нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан худалдан авагчийн шаардах эрхийг хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

5.4. Хариуцагч тал 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа ...Уг шаардлагын дагуу ******* гидр алхыг би засварлаж өгье, засварлахад шаардлагатай сэлбэг авахад мөнгө хэрэгтэй байна, өөрт нь мөнгөний боломжгүй байна гэсний дагуу түүнд худалдсан гидр алхны үлдэх төлбөрөөс хасуулж тооцуулахаар тохиролцож нийт 4,500,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн гэх боловч мөнгөн хөрөнгө шилжүүлсэн хугацааг тодорхойлоогүй. Түүнчлэн 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөнгөн хөрөнгө шилжүүлсэн байдал болон хугацааг нэхэмжлэгчийн данс руу 4,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Надад [хариуцагч тал] хэлэхдээ 2020 оны 2-3 сар гэсэн гэж тодруулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох боломжтой байтал нотлоогүй. Иймд нэхэмжлэгч талаас 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд ...молоток худалдаж авснаас хойш 2 жилийн дараа 4,500,000 төгрөгийг [хариуцагч талаас] нэг удаа шилжүүлсэн гэсэн тайлбарыг үндэслэн дүгнэвэл уг мөнгөн хөрөнгийг хариуцагчаас нэхэмжлэгчид 2022 онд шилжүүлэгдсэн гэж дүгнэх бөгөөд гэрээ байгуулснаас хойш 2 жилийн хугацаанд доголдлын талаар хариуцагч тал шаардлага гаргаагүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

6. Нэхэмжлэгч тал хариуцагчаас шилжүүлсэн 4,500,000 төгрөгөөр нэхэмжлэлийн дүнг багасгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасантай нийцсэн.

 

7. Хариуцагч нь гэрээний үнэд 70,000,000 төгрөг төлөхөөс 34,500,000 төгрөгийг төлж 35,500,000 төгрөгийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас уг мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/02339 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 335,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Э.ЗОЛЗАЯА