Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2025/00754

 

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/02109 дугаар шийдвэртэй,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

******* ХХК-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 124,149,375 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Хариуцагч ******* ХХК-тай 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ байгуулж, ******* ХХК нь худалдаж авсан бетон зуурмагийн үнийг төлөх үүргийг хүлээсэн бөгөөд гэрээний хугацаа 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дууссан.

1.2. Гэрээний хугацаанд манайх 150,857,500 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлсэн ба хариуцагчаас 82,766,250 төгрөгийг төлөөлгүй үлдэгдэлтэй байгаа.

1.3. Мөн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 100 хоногийн алдангид 41,383,125 төгрөг шаардах эрхтэй.

Иймд хариуцагчаас нийт 124,149,375 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* ХХК нь ******* ХХК-иас бетон зуурмаг худалдан авсан бөгөөд тодорхой хэмжээний төлбөрийн үлдэгдэлтэй байгаа нь үнэн.

2.2. Харин Иргэний хуульд зааснаар алданги шаардахад үүргийг гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээ, үүрэг гүйцэтгэх хугацаа, тооцох алдангийн хэмжээ зэрэг тодорхой байгаа нөхцөлд гэрээний дагуу алданги шаардах эрх бий болдог. Гэтэл талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэг, үүргийг гүйцэтгэх хугацаа тодорхойгүй тул алданги шаардах эрх үүсэх боломжгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-аас 82,766,250 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 41,383,125 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 936,668 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Содэра ХХК-аас 571,781 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулсан гэрээний 2.3-ийг үндэслэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь тухайн зохицуулалтаар худалдан авагч хэдийд, ямар хэмжээтэй, ямар маркийн бетон авахыг зохицуулсан.

4.2. Алданги тооцох нарийвчилсан хугацааг гэрээний 2.8-д, алданги тооцох хэмжээг гэрээний 6.2-т, гэрээний хугацааг гэрээний 1.5-д тодорхой тохиролцсон ба алдангийн тооцооллыг нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа дэлгэрэнгүй тодорхойлсон. Манай тал гэрээний хугацаа дуусгавар болсон хугацаанаас алданги тооцож нэхэмжилсэн нь гэрээ болон хуульд заасан үндэслэл, журмыг зөрчөөгүй болно.

4.3. Хариуцагч 150,857,500 төгрөгөөр тооцогдох бетоныг хүлээн авсан, гүйцэтгээгүй үүргийн дүн 82,766,250 төгрөгийг төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн ба хариуцагч нь алданги төлөхгүй гэж маргаснаас бус алданги төлөх хугацааны талаар маргаагүй.

4.4. Шүүх шийдвэртээ алданги шаардсан баримт нь нэг талаас гаргаж өгсөн баримт гэжээ. Хариуцагч гүйцэтгээгүй үүргийн дүнгээ шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүхийн мэтгэлцээний явцад зөвшөөрсөн. Иймд алданги 41,383,125 төгрөгийг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талаас нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Учир нь талуудын байгуулсан гэрээгээр гүйцэтгэх үүрэг, хугацаа тодорхой байх ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болох бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээгээр хэчнээн тооны бетоныг хэдий хугацаанд хэзээ нийлүүлэх нь тодорхойгүй.

5.2. Бетон зуурмагийн үнийн 50 хувийг эхлээд, үлдэгдэл 50 хувийг 09 дүгээр сарын 15-ны өдөр төлөхөөр тохиролцсон. Үүнээс харахад гэрээний агуулга зөрчилдөөнтэй. Гэрээний стандарт нөхцөл, гэрээний төслийг нэхэмжлэгч тал өөрөө өгдөг. Иргэний хуулийн 202 дугаар зүйлд гэрээний саналыг хүлээн авч буй талд ашигтайгаар тайлбарладаг.

5.3. Алдангийг хуульд гүйцэтгэх үүргийн хэмжээ, хугацаа, алдангийг хуулиар тохиролцсоныг шаарддаг. Гэтэл талуудын хооронд байгуулсан гэрээнд нийлүүлсэн бетон зуурмагийн хэмжээ тодорхойгүй учраас эргээд төлөх үнийн дүн мөн тодорхойгүй. Ингэснээр алданги тооцох зарчим яригдахгүй.

5.4. Талууд 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гэрээ байгуулж бетон зуурмаг авч эхэлсэн гэж тайлбарладаг ч бодит байдалд 1,000,000,000 орчим бетон зуурмагийг нийлүүлсэн. Уг нийлүүлсэн бетон зуурмагаас нэхэмжлэгч тал аль хэдийн олох ёстой ашгаа олсон. Алданги нэхэмжлээд байгаа нь зохимжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 87,766,250 төгрөг, алдангид 41,383,125 төгрөг, нийт 124,149,375 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч 87,766,250 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. ******* ХХК болон ******* ХХК-иудын хооронд 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХХК нь гэрээнд заасан хуваарийн дагуу бетон зуурмагийг 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд нийлүүлэх, ******* ХХК нь үнийг төлөхөөр тохиролцсон байх ба тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4. ******* ХХК нь гэрээний 1.5-д заасан хугацаанд буюу 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 150,857,500 төгрөгийн хэмжээний бетон зуурмаг нийлүүлснээс ******* ХХК нь 82,766,250 төгрөгийн бетон зуурмагийн үнийг төлөөгүй үлдэгдэлтэй байгаа талаар хариуцагч маргаагүй.

 

5. Харин анхан шатны шүүх талуудын хооронд бетон зуурмагийг нийлүүлэх хугацаа, үнэ төлөх хугацаа зэргийг тохиролцоогүй гэж дүгнээд алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэлээ.

5.1. Гэрээний 6.2-т худалдан авагч тал төлбөрийг гэрээний 2.8-д заасан хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг худалдагч талд төлнө. гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлолтод нийцсэн.

Харин алданги тооцох хугацааг гэрээний 2.8-д Худалдан авагч тал нь бетон зуурмаг худалдан авах бүртээ төлбөрийн 50 хувийг доорхи дансны аль нэгийг сонгон шилжүүлнэ. Үлдсэн 50 хувийн төлбөрөө 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд аль нэгийг сонгон шилжүүлнэ. Уг хугацаанд шилжүүлээгүй тохиолдолд бүтээгдэхүүн нийлүүлсэн өдрөөс хойш өдрийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор талууд харилцан тохиролцов. гэж тохиролцсоноос тодорхойлно.

Иймд хариуцагч талын гэрээний үүрэг, үүргийг гүйцэтгэх хугацаа тодорхойгүй тул алданги шаардах эрхгүй гэх тайлбар үндэслэлгүй болжээ.

5.2. Гэрээний 2.8-д зааснаар 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө төлөгдөөгүй төлбөрт алданги тооцох үндэслэлтэй бөгөөд хариуцагч ******* ХХК нь 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд нийлүүлсэн бетон зуурмагийн үнэд 76,341,250 төгрөгийг төлөөгүй дүнгээс алдангийг нэхэмжлэлийг тодруулсан тайлбарт дурдсан 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2025 оны 2 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 100 хоногт тооцвол 38,170,625 /76,341,250*0,5хувь*100 хоног/ төгрөг болох бөгөөд энэ нь гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрэхгүй байх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцнэ.

5.3. Харин нэхэмжлэгч ******* ХХК нь 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 3,125,000 төгрөгийн бетон зуурмагийг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 3,300,000 төгрөгийн бетон зуурмагийг, нийт 6,425,000 төгрөгийн бетон зуурмагийг хариуцагч ******* ХХК-д нийлүүлсэн боловч гэрээний 2.8-д заасан хугацаанд хамаарахгүй тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй юм.

 

7. Иймд хариуцагч ******* ХХК-иас гэрээний үүрэгт 82,766,250 төгрөг, алдангид 38,170,625 төгрөг, нийт 120,936,875 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/02109 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 82,766,250 гэснийг 120,936,875 гэж, 41,383,125 гэснийг 3,212,500 гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 571,781 гэснийг 762,634 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 364,866 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Э.ЗОЛЗАЯА