Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 37

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Б даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул, улсын яллагч А.Тунгалагтуяа, шүүгдэгч С.Х С.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Х, С.Ж  нарт холбогдох эрүүгийн 1940000000025 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа, шагнал, ял шийтгэлгүй, С.Х.

Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, С.Ж.

Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Садагийн С.Х  нь С.Ж-тай бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 09-ний 23 цаг 30 минутын орчимд тус сумын ......тоотод оршин суух М гэгчийн гэрийн гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас Х.Б эрх чөлөөнд халдаж, түүний толгойн тус газарт чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Садагийн С.Ж  нь С.С.Х тай бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 09-ний 23 цаг 30 минутын орчимд тус сумын ......тоотод оршин суух М гэгчийн гэрийн гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас Х.Б эрх чөлөөнд халдаж, түүний толгойн тус газарт чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ж “Тухайн өдөр буюу 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр эгч М д очсон. Мартын 8-ны баяраар очиж амжаагүй учир маргааш нь очсон. Эгч Х  дуудсан. Миний төрсөн эгч учир баярлуулах гээд дуудсан. Бид нар яваад Б эгчийгээ авчраад сууж байтал, Б  гаднаас согтуу орж ирсэн. Тэгээд сууж байтал Б  агсам тавьж эхэлсэн. Эхнэр явъя, хүүхэд уйлаад байна явъя гээд байсан. Б  тухайн үед өөрөө согтуу байсан. Тэгэхээр нь би жоохон байж байгаад эгчийг хүргэж өгнө гэсэн. Тэгээд удалгүй манай ах орж ирсэн. Тэгээд сууж байгаад бид гараад нойл орсон. Нойлд сууж байхад манай ахтай муудаад байгаа сонсогдоод байсан. Тэгээд энэ хоёрыг яаж зодолдож цохилцсоныг хараагүй. Б-ийг хашаанаас гараад явж байхаар нь чи яах гэж ирсэн юм, ирж дандаа агсам согтуу тавьж байх юм, яваач гээд хөөгөөд чулуугаар биш барьж байсан утсаараа цохисон” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Х “Хоёр найзтайгаа явж байгаад оройхон дүүгийнхээрээ орсон юм. Тэгсэн Б  байж байсан. Тухайн үед Б тэй эгчийгээ өмөөрөөд жоохон муудсан байх. Гадаа гарч байгаад толгой руу чулуугаар цохисон байна лээ. Маргааш нь өөрөөс нь уучлалт гуйсан. Тэр үед уурандаа тийм юм болсон” гэв.

Шүүгдэгч С.Х 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...тухайн үед цаг 22 цаг болж байсан байх. Миний санаж байгаагаар дэлгүүрүүд хаасан байсан үе. Ингээд би тэд нартай хамт пивоноос уусан. Ингээд сууж байтал Х  эгчийн охин Е  гаднаас орж ирээд мөн л суусан. Тэгсэн энэ үеэр Е-ы хүүхэд нь үймүүлээд урдуур хойгуур гүйгээд байхад нь манай эгч Ж  нь “Битгий сахилгагүйтээд бай, томоотой бай” гээд бөгсрүү нь алгадахад Е  гэнэт уурлаж Ж  эгч рүү очиж “Та яагаад хүүхэд зодоод байгаа юм” гэж хэлээд шууд үстээд авсан. Тэгэхээр нь би Ж  эгчийг өмөөрч “Муу сайн ч чиний эгч чинь шүү” гээд уурандаа толгой тус газар нь бага зэрэг алгадаж цааш нь түлхэсэн. Тэгсэн Б  “Чи яахаараа миний охины алгадаж байгаа юм” гээд босоод ирсэн. Ингээд Б  бид 2 муудалцаж бие биенийхээ хувцаснаас зууралдаж М  гэрээс гарсан. Ингээд би уурандаа газраас чулуу аваад Б ийн толгой зулай хэсэгт нь 1 удаа цохисон. Тэгсэн гэрээс С.Ж  гарч ирээд бид 2-ыг салгасан Тэгсэн Б  хашаанаас гүйгээд гараад явсан. Ингээд би буцаж гэр лүүгээ М  гэрт ороод юм яриад сууж байтал цагдаа нар ирээд намайг аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-н 24-25 хуу/

Шүүгдэгч С.Х яллагдагчаар 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өгсөн “Би тухайн үед С.Ж тай нийлж Б ийг зодож цохисон асуудал байхгүй. Би Б тэй муудалцаж улмаар толгойг нь чулуугаар хагалсан нь үнэн. Намайг Б тэй муудалцаад толгойг нь чулуугаар цохисны дараагаар С.Ж  Б ийн хойноос очиж муудалцсан. Гэхдээ би Б ийг цохисон эсэхийг нь хараагүй. Тэрнээс бид хоёр нийлж зодсон асуудал байхгүй. Иймд би бүлэглэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед С.Ж  нь бид хоёр руу ирсэн. Тэр үед нь Б  надаас зууралдахаа болиод хашааны хаалгаар гарахаар явсан. Харин энэ үед нь С.Ж  хойноос явсан. Би тухайн үед согтуу байсан учир С.Ж  ирж салгасан гэж бодсон. Надад нэмж ярих зүйл байхгүй. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа,  гэхдээ би Б ийг С.Ж тай нийлж зодож цохисон асуудал байхгүй, Б ийг цохисон нь үнэн. Иймд миний хийсэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг. /хх-ийн 86-87 хуу/

Шүүгдэгч С.Ж ын яллагдагчаар 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өгсөн “...Би 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 16 цагийн орчимд том эгч Ж  болон хүргэн ах И  нарын хамтаар төгсөн эгч М  гэрт Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэхээр дэлгүүрээс 0.5 литрийн савалгаатай Хараа гэх нэртэй архи 1 шилийг, 2.5 литрийн савалгаатай Сэнгүүр гэх нэртэй пиво 1 ширхгийг аваад очсон. Ингээд бид ярилцаж байгаад эгч Х  авчирч хамт ууя гээд архи пивоо задлаагүй. Ингээд би М эгчийн хамтаар Х  эгчийн гэрт очиход гэрт нь түүний нөхөр болох Б  нь 3-4 хүний хамтаар архи уугаад сууж байсан. Харин Х  эгч хүүхдүүдээ хараад сууж байсан. Ингээд М эгч бид хоёр тэдний гэрт ороод цай уучихаад Х  эгчид хандаж "Явъя, М эгчийн гэрт очиж жаахан сууя, баяр болсон юм чинь" гээд гэрээс нь бага хүүхэдтэй нь дагуулж гараад М эгчийн гэрт ирсэн. Ингээд бид баяраа тэмдэглэж дэлгүүрээс авч орж ирсэн архи пивоо задалж уусан Ингээд байж байтал Б  гаднаас нилээн согтуу байдалтай 18 цагийн орчимд буюу бид нарыг ууж эхэлснээс хойш 1 цаг гарны дараагаар орж ирээд Х  эгч рүү "Хүүхэд чинь уйлаад байхад архи уугаад суугаад байхын гэртээ харъя" гэхэд нь би Х  эгчийн өмнөөс Б эд хандаж ганц удаа баяр тэмдэглээд сууж байхад яагаад байгаан, чи өөрөө хүүхдээ харахгүй юу, эмэгтэйчүүдийн баяр юм байгаа биз дээ" гэж хэлсэн. Би ингэж хэлчихээд дахин дуугарч үг хэлээгүй. Тэгсэн Б  Х  эгчрүү уурлаж элдэв бусаар хэлж дайрч давшлаа л байсан. Энэ үед манай төрсөн ах С.Х  гаднаас бас л нилээн согтуу байдалтай орж ирж М эгчээс таксины 4000 төгрөг нэхэж авсан. Энэ үеэр би гэрээс гарч нойл ороод гараад ирэхэд М эгчийн гэрийн гадаа Б , С.Х  хоёр энгэр заамнаасаа зууралдаад зогсож байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгахад Б  хашаанаас гараад явсан. Харин би С.Х  ахыг М эгчийн гэрлүү аваад орсон. Тэгсэн удалгүй цагдаа нар ирээд С.Х  ахыг Бакарбекийн толгойг хагалсан гэж аваад явсан. ... Би тухайн үед Б ийн гаргасан аашинд нь дургүй хүрсэн. Мөн төрсөн ах С.Х  муудалцаж байхаар нь дургүй хүрээд хойноос очиод гартаа барьж байсан жижиг хар утсаараа цохчихсон юм. Б ийг цохисноос болж гаднах нь хагарч эвдэрсэн тул хог дээр хаячихсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Би төрсөн эгч Х  болон С.Х ыг өмөөрч ийм гэмт хэрэгт холбогдсондоо харамсаж гэмшиж байна. Иймд миний хийсэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж шүүх прокурорын байгууллагаас хүсэж байна.” гэх мэдүүлэг /хх-н 29-30 хуу/

Шүүгдэгч С.Ж ын яллагдагчаар 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр өгсөн “Би тухайн болсон асуудлын талаар өмнө нь яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө мэдүүлсэн байгаа. Тухайн хэрэг үйлдэгдэх үе буюу 2019 оны 03 дугаар сарын 09-ний оройн 23 цагийн үед намайг гэрээс нойл орохоор гарсны дараагаар С.Х  болон Б  нар нь гарч ирж хоорондоо маргалдаад байх шиг байсан. Ингээд би нойлд орчихоод гарч ирэхэд тэр хоёр муудалцаад байгаа бололтой зууралдаж байсан. Тэгсэн намайг очиж явж байх үед тэр хоёр муудалцахаа болиод Б  хашаанаас гарах гээд хашааны хаалганы дэргэд явж байсан. Тэгэхээр нь би Б-ийг дандаа архи ууж  хэрүүл маргаан үүсгээд байдаг болохоор мөн л тэр өдөр манай ах дүү нартай хэрэлдэж маргалдаад явж байна гээд жаахан уусан архиныхаа халуунд Б т уур хүрээд араас нь очиж гартаа барьж байсан өөрийн хэрэглэж байсан товчлууртай хар өнгийн  нокио маркийн гар утсаар “Яваач дээ, зайл, яах гэж ирж хэрүүл маргаан үүсгээд байгаан, дандаа гай болж байх юм” гээд араас нь толгой тус газарт нь 1 удаа цохисон. Тэгсэн миний гар утас эвдэрсэн. Тэгсэн Б  намайг хэл амаар доромжилчхоод явсан. Харин би М эгчийн гэр рүү буцаж орсон. Би тухайн үед нилээн согтолттой байсан. Тэр өдөр болсон асуудлын талаар мэдүүлэг өгөхдөө тэгж өгсөн. Учир нь би тийм үйл явдал болсон гэж бодоод байсан чинь намайг нойлоос гарахад тэр хоёр өөрсдөө муудалцахаа болиод салсныг сүүлд санасан. Намайг нойлд бие засаад  сууж байхад тэр хоёр хоорондоо зодолдсон эсэхийг мэдэхгүй, миний мэдсэнээр хоорондоо маргалдаад л байсан. Тэгээд намайг нойлоос гараад ирэхэд салчихсан С.Х  гэр лүү, харин Б  хашаанаас гараад явсан. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэхдээ би Б ийг С.Х тай нийлж зодож цохисон асуудал байхгүй, би тэр хоёрыг  салсны дараагаар Б ийг хашаанаас гарах гэж байхад нь  хойноос нь очиж цохисон  нь үнэн. Иймд миний хийсэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” /хх-ийн 82-83 хуу/

Хохирогч Х.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...С.Ж  нь намайг гадаа С.Х тай муудалцаж зууралдаж байхад араас ирээд чулуугаар цохисон. Тэр үед С.Х  миний урдаас мөн газраас чулуу аваад толгойн тус газар цохисон. Тэгсэн миний толгой хоёр хэсэгт хагарсан байсан. С.Ж  тухайн үед манай эхнэр Х д “Би танай нөхрийн толгойг хагалчихлаа” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 7 хуу/

Хохирогч Х.Б мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “Би 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гэртээ эхнэр Х  болон хүүхдүүдийн хамтаар байж байтал эхнэрийн төрсөн эгч дүү болох С.Ж , М нар нь манай гэрт И гийн хамтаар 0.5 литрийн савалгаатай “Хараа” гэх архи 1 шилийг, 2.5 литрийн савалгаатай “Сэргүүн” гэх нэртэй пиво 1 ширхгийг авч орж ирээд манай эхнэрт өнгөрсөн ч гэсэн мартын 8-ны мэнд хүргэе гээд хувааж уусан. Ингээд манай гэрт бид 5 авчирсан архийг нь задалж дээрээс нь тал хүртэл нь уугаад байж байтал эхнэрийн төрсөн дүү М нь “Хэдүүлээ манай гэрт очъё” гэхээр нь бүгд зөвшөөрөөд М  гэрт очсон. Бид нарыг М  гэрт очиход тэдний гэрт Ж , М  нөхөр Б нар байсан. Ингээд бид М  гэрт очиход И  дэлгүүрээс 0.75 литрийн савалгаатай “Ерөөл” архи авчирсан. Ингээд бид хэд уугаад сууж байтал С.Ж  согтож Е ы 3 настай хүү болон манай 4 дүгээр ангийн хүүхдийг цохиж зодоод, мөн эхнэр Х  үстэж аваад цохиж зодоод байхаар нь би тухайн үед эгч дүү нар өөрсдөө мэдэж байгаа байлгүй, өөрсдөө учраа олох байх гээд тоогүй юм. Тэгсэн гаднаас С.Х  нилээн согтуу байдалтай орж ирээд “Таксинд өгөх гэсэн юм 4000 төгрөг байна уу” гэхэд М байгаа гээд өгөхөөр гарсан. Тэгэхээр нь би бас хойноос нь гарахад С.Ж  миний хойноос гарч ирээд “Энэ муу ногоон пиздад ч байгаа гэж хэлээд” газраас чулуу авч миний толгой руу цохисон. Тэгэхээр нь эргээд хартал мөн С.Х  нь миний толгой руу чулуугаар цохисон. Тэгсэн миний толгой хоёр хэсэг газар хагарч цус нь гоожоод тогтохгүй байхаар нь эмнэлэгийн байгууллага дээр очиж оёдол тавиулаад цагдаагийн байгууллагад энэ талаар хандсан.  С.Ж  бид хоёрын дунд тухайн үед ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Яагаад цохих болсон эсэхийг С.Ж  мэдэж байгаа. Ер нь С.Ж  нь намайг байнга эхнэр бид хоёрын дундуур амьдралд оролцож явдаг. С.Ж  миний толгойн оройн хэсэгт чулуугаар цохиж гэмтэл учруулсан. С.Х  нь тухайн үед бол намайг эхнэрээ зодлоо гэж л буруу ойлгож цохисон байсан. Маргааш нь С.Х  нь таныг Х  эгчийг зодсон байна гэж ойлгосон гэж байсан. С.Х  нь миний духны дээд хэсэгт чулуугаар цохиж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хх-н 9 хуу/

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 31 дугаартай

  1. Х.Б биед толгойн зулай хэсэг болон толгойн орой хэсгүүдийн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал  бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 13 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар нь ямар шалтгаанаас болж маргалдсан, шүүгдэгч нар нь хохирогчийн толгой тус газар чулуугаар цохиж гэмтэл учруулсан болохоо шүүгдэгч С.Х болон хохирогч хэн аль нь мэдүүлсэн, хохирогч толгой тус газраа чулуугаар цохиулсны улмаас гэмтсэн, тус гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр хөдөлмөрийн чадварыг түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтэл болохыг тогтоосон зэрэг үйл баримтыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгч С.Х С.Ж нарыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Садагийн С.Х , Садагийн С.Ж  нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 09-ний 23 цагийн орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг ......тоот хашаанд хувийн таарамжгүй харьцааны улмаас Х.Б эрх чөлөөнд халдаж, түүний толгойн тус газарт чулуугаар цохиж толгойн зулай хэсэг болон толгойн орой хэсгүүдийн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь :

Хохирогч Х.Б “...С.Ж  нь намайг гадаа С.Х тай муудалцаж зууралдаж байхад араас ирээд чулуугаар цохисон. Тэр үед С.Х  миний урдаас мөн газраас чулуу аваад толгойн тус газар цохисон. Тэгсэн миний толгой хоёр хэсэгт хагарсан байсан...” гэх мэдүүлэг

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 31 дугаартай дүгнэлт, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Шүүгдэгч нар нь хохирогч Х.Б эрх чөлөөнд бүлэглэн халдаагүй тус тусдаа халдсан гэж мэдүүлж байх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж авсан “...С.Ж  нь намайг гадаа С.Х тай муудалцаж зууралдаж байхад араас ирээд чулуугаар цохисон. Тэр үед С.Х  миний урдаас мөн газраас чулуу аваад толгойн тус газар цохисон...”, “С.Ж  миний хойноос гарч ирээд “Энэ муу ногоон пиздад ч байгаа гэж хэлээд” газраас чулуу авч миний толгой руу цохисон. Тэгэхээр нь эргээд хартал мөн С.Х  нь миний толгой руу чулуугаар цохисон” гэх мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй гэж үзлээ. Х.Б хохирогч болон гэрчээр өгсөн тус мэдүүлгүүд нь зөрүүгүй, мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан зэрэг нь хуулиар тавьсан шаардлагыг хангасан гэж үзнэ.   

Шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Өөрөөр хэлбэл өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын эрх ашигт хор уршиг учрахыг мэдсэн, уг хор уршгийг хүсэж үйлджээ.

Дээрх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь шүүгдэгч нарын хувийн таарамжгүй харьцаа, зүй бус зан авир, архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдал нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй юм.

            Шүүхээс шүүгдэгч С.Х С.Ж нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

             Шүүгдэгч нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.  

          Хохирол төлбөрийн талаар:

          Хохирогч Х.Б  нь мөрдөн байцаалтын шатанд “миний хувьд С.Х д ямар нэгэн гомдол, санал болон түүнээс нэхэмжлэх зүйлгүй, харин С.Ж ад гомдолтой байна” гэж мэдүүлжээ. Хохирогч нь шүүгдэгч С.Ж ад гомдолтой гэх боловч түүнээс эмчилгээ болон холбогдох бусад зардлыг нэхэмжлэх талаар мэдүүлээгүй түүний С.Ж ад гомдсон шалтгаан нь байнга дарамталж, архи уусан үедээ хүүхүүд болон өөрийг нь загнадагт гомдож явдгаа илэрхийлсэн тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, тэдний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд тус тус дурдсан болно.

          Шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн заалттай /5.3.1/ зөрчилдөөгүй тул өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

Т О Г Т О О Х нь:

 

  1. Шүүгдэгч С.Х, С.Ж   нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х С.Ж нарыг тус бүр 600 /зургаан зуун/ нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл С.Х С.Ж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ                           Р.БАТБАЯР