Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2025/00788

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/01295 дугаар шийдвэртэй,

 

*******ийн нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 36,137,160 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******ь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. *******ь нь ******* ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, Дотоод аудитын газрын захирлын албан тушаалд ажиллаж байсан. Гэтэл 2022 оны 04 дүгээр сарын 07-ний өдөр үндэслэлгүйгээр ажлаас халагдсан.

1.2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2023/02537 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 210/МА2023/01931 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 001/ШХТ2024/00037 дугаар тогтоолоор *******ийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 90,644,000 төгрөг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.

1.3. Улмаар ажил олгогчийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаар тогтоолоор *******ийг ажилд эгүүлэн тогтоосон.

1.4. Гэтэл Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 181/ШШ2023/02537 дугаар шийдвэр гарсан өдрөөс ажилд эгүүлэн томилсон буюу 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг олгоогүй байгаа.

1.5. Иймд 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийт 120 ажлын өдөр байх бөгөөд 1 өдрийн дундаж цалин хөлс 301,143 төгрөгийг үржүүлж тооцвол /125*301,143=36,137,160/ 36,137,160 төгрөгийн ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг урьдчилан шийдвэрлүүлэхээр Хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллага болох Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт шүүх шууд хянан шийдвэрлэх маргааныг нэрлэн заасан ба уг зүйлд зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн эрхийн маргаан урьдчилан шийдвэрлэх байгууллагад хандсан байх нөхцөл тавигддаг.

2.2. Гэвч хариуцагч ******* ХХК-д нэхэмжлэгч *******ийн шүүхэд 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гаргасан нэхэмжлэлтэй холбоотойгоор маргаан зохицуулах гурван талт хороонд нэхэмжлэл гаргасан тухай холбогдох мэдэгдэл, гурван талт хорооны шийдвэр ирээгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч *******ь нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасны дагуу эрхээ зөрчигдсөн талаарх гомдлоо хөдөлмөрийн маргаан урьдчилан шийдвэрлүүлэх байгууллагад гаргаагүй буюу урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн.

2.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-д заасны дагуу нэхэмжлэгч *******ь нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн маргаанаа шийдүүлэхээр хөдөлмөрийн маргааныг урьдчилан шийдвэрлэх байгууллагад хандах үүрэгтэй. ******* ХХК-ийн ТУЗ-ийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийг ажилд нь эргүүлэн тогтоосон хугацаанаас 3 сарын хугацааг тоолбол 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-иас нэхэмжлэгч *******ьд ажилгүй байсан хугацааны цалин 36,145,137 төгрөгийг гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч *******ийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 338,636 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас 338,675 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3-т хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалтай тул Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандах шаардлагагүй гэж үзэв гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хариуцагчаас иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасны дагуу нэхэмжлэгч нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн болон Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-д заасны дагуу нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн маргаанаа шийдүүлэхээр нэхэмжлэл гаргаагүй гэсэн хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж маргаж холбогдох тайлбар, нотлох баримтуудыг шүүхэд гаргасан.

4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт шүүх шууд хянан шийдвэрлэх маргааныг нэрлэн заасан ба уг зүйлд зааснаас бусад маргаан бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргахаас өмнө хөдөлмөрийн эрхийн маргаан урьдчилан шийдвэрлэх байгууллагад хандсан байх нөхцөлийг хууль тогтоогч тавьсан.

4.3. Гэвч нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотойгоор маргаан зохицуулах гурван талт хороонд нэхэмжлэл гаргаагүй бөгөөд гурван талт хороонд хандсан мэдэгдэл, гурван талт хорооны шийдвэр хариуцагчид ирээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасан.

4.4. Тус зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөн талаарх гомдлоо хөдөлмөрийн маргаан урьдчилан шийдвэрлүүлэх байгууллага буюу Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргах ёстой атал шууд шүүхэд хандсан нь үндэслэлгүй, маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх процесс ажиллагаа хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байсан.

4.5. Мөн Хөдөлмөрийн маргааны процессыг нарийвчлан зохицуулж буй Хөдөлмөрийн тухай хуулиар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалтай тул Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандах шаардлагагүй гэсэн хууль зүйн зохицуулалт байдаггүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан нотлох баримт үнэлэх зарчмыг баримтлан шийдвэр гаргасан нь хөдөлмөрийн харилцааг нарийвчлан зохицуулж буй Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн.

4.6. Анхан шатны шүүх хариуцагчийн тайлбарын дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхэд дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгч *******ь нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-д зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн маргаанаа шийдүүлэхээр хөдөлмөрийн маргааныг урьдчилан шийдвэрлэх байгууллагад хандах үүрэгтэй.

4.7. Хариуцагчийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийг Дотоод аудитын газрын даргын ажилд эгүүлэн томилсон бөгөөд энэ хугацаанаас 90 хоногийг тоолбол нэхэмжлэл гаргах хугацаа 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр дууссан.

4.8. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хэргийн баримтад авагдсан нэхэмжлэл гаргах тухай баримтаар нотлогдоно. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан тул хариуцагчийн эрх илт зөрчигдсөн.

4.9. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3-т тодорхойлсон баримтууд нь нэхэмжлэгч, хариуцагчаас шүүхэд гаргаж өгөөгүй, хэрэг маргаанд огт хамааралгүй баримтууд бөгөөд шүүхийн шийдвэрт бичигдсэн байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

4.10. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговорт 36,137,145 гэж тооцсон атлаа шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д "хариуцагч ******* ХХК-иас ...ажилгүй байсан хугацааны цалин 36,145,137 төгрөгийг гаргуулан олгосугай гэж тооны орон өөрчилж алдаа гаргасан нь шүүхийн шийдвэр илт үндэслэл муутай болжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1. 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ажилд эгүүлэн томилох тогтоол гарсан. Ажил олгогчид шүүхийн шийдвэр гарснаас ажилд томилсон өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулахаар хүсэлт гаргасан ч банк эвлэрэхгүй, шүүхээр шийдвэрлүүл гэсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан.

5.2. Энэ төрлийн маргааныг ажил олгогч сайн дураар биелүүлэх үүрэгтэй. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд би 4 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан ч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул шүүгчийн захирамжид заасан зөрчлийг арилгаж, нэхэмжлэлээ дахиж гаргасан.

5.3. Шүүгчийн туслах техник алдаа гаргасан байх үүнийг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой гэв.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч *******ь нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 36,137,160 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2023/02537 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 210/МА2023/01931 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 001/ШХТ2024/00037 дугаар тогтоолоор *******ийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 90,644,000 төгрөг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

3.2. Анхан шатны шүүх Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 181/Ш32024/02430 дугаар шүүгчийн захирамж гарч, 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ГХ2024/00191 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хариуцагчид даалгасан гэсэн дүгнэлт хийсэн нь баримтад тулгуурлаагүй буюу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 181/Ш32024/02430 дугаар шүүгчийн захирамж болон 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ГХ2024/00191 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас хэрэгт баримтаар авагдаагүй байна. Энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй байхыг дурдах нь зүйтэй.

 

4. Хариуцагч байгууллага 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр *******ийг *******ны дотоод аудитын газрын захирлын албан тушаалд эгүүлэн томилж, шүүхийн шийдвэрийг биелүүлжээ.

 

5. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс хариуцагч байгууллага ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 120 хоногийн хугацаанд ажилтны эрхийн зөрчил үргэлжилсэн хэвээр байсан тул энэ хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажилтан нь хариуцагч байгууллагаас Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх ...ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор-ыг шүүхийн шийдвэрт цалин гэж буруу тодорхойлсныг залруулна.

 

Ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байгаа тохиолдолд цалин шаардах эрхтэй, харин ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор шаардах эрхтэй.

 

7. Анхан шатны шүүх Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2023/02537 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 210/МА2023/01931 дугаар магадлалаар нэхэмжлэгч *******ийн 1 сарын дундаж цалин хөлсийг 6,324,000 төгрөг, 1 өдрийн цалин хөлсийг 301,143 төгрөгөөр тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт нийцжээ.

 

8. Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны олговорт 36,137,160 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн үнийг 36,145,137 төгрөгөөр тодорхойлж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасныг зөрчжээ. Энэ талаар гаргасан хариуцагч байгууллагын давж заалдах гомдлын энэ хэсгийг хангана.

 

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан тохиолдолд ажилтан шүүхэд нэхэмжлэлийг шууд гаргах боломжтой бөгөөд ажилтан нь үндэслэлгүйгээр ажлаас халагдсаны үр дагаврыг арилгуулах нэхэмжлэлийг мөн уг зохицуулалтад хамааруулан шийдвэрлэнэ. Иймд урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэх хариуцагч талын давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч *******ь нь 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба тус шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШЗ2024/08593 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснээс хойш Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж дүгнэж Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-д зааснаар 90 хоногийг дахин тоолбол тэрээр 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр буюу хуулийн хугацаанд нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх тул энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдолд үндэслэлгүй байна.

 

10. Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэгчээс гаргасан баримтыг дурдалгүй, энэ хэрэгт хамааралгүй 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Монгол Улсын Боловсролын сайдын Б/07 дугаартай тушаал, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 02/765 дугаартай албан бичиг, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 117 дугаартай тогтоол, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 02/1345 дугаартай албан бичиг, Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдол, Дархан-Уул аймгийн засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01/Б/15 дугаартай ажилд томилох захирамж, Дархан-Уул аймгийн засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1- 10/713 дугаартай албан бичиг гэж бичсэн нь алдаа гаргасан боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болох ноцтой зөрчилд хамаарахгүй болно. Энэ төрлийн алдаа гаргахгүй байж, шүүхийн шийдвэр бичих аргачлалыг баримтлахыг анхан шатны шүүхэд анхааруулав.

 

11. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/01295 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 36,137,160 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ьд олгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй .

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА