Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2025/00789

 

 

 

 

*******ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 197/ШШ2025/02429 дугаар шийдвэртэй,

 

*******ий нэхэмжлэлтэй

*******ад холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 10,275,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,275,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ *******тай 2012 оноос хойш 2020 он хүртэл хамтран амьдарсан. 2020 оноос Солонгос улс явсан бөгөөд тэнд байх хугацаандаа *******ад гуйлтаар болон зээлээр мөнгө шилжүүлдэг байсан. Үүнээс зөвхөн зээлсэн 10,275,000 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч нь нэхэмжлэлийн эс зөвшөөрсөн татгалзлаа нэхэмжлэгчээс мөнгө зээлж байгаагүй, өөрт нь хэрэгцээтэй зүйлсийг нь авч явуулдаг байсан, хэн аль нь шилжүүлсэн мөнгийг хэрэгцээндээ зарцуулдаг байсан гэж тус тус тайлбарлажээ.

 

4. Анхан шатны шүүх талуудын дансны хуулгыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс үйл баримтыг буруу тогтоосон, уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэлээ.

4.1. Нэхэмжлэгч *******ий эзэмшлийн, ******* ХК-ийн ******* тоот данснаас *******ын эзэмшлийн, ******* ХК-ийн ******* тоот дансанд 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1,205,000 төгрөгийг, 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 190,000 төгрөгийг, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 188,000 төгрөгийг, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 900,000 төгрөгийг, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөгийг, нийт 2,783,000 төгрөгийг ******* гэх утга зааж тус тус шилжүүлжээ.

4.2. Хариуцагч ******* өөрийн дансаар хүлээж авсан дээрх мөнгөн хөрөнгийг өөр зориулалттай байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

4.3. Иймд нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэнэ.

Харин нэхэмжлэгч *******ээс хариуцагч *******ад шилжүүлсэн гэх 10,275,000 төгрөгийг бүхэлд нь зээл гэж дүгнэхгүй. Учир нь уг мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн зориулалтыг өөр өөрөөр тодорхойлсон тул зээлэв гэж тодорхойлсон 2,783,000 төгрөгийн хэмжээгээр зээлийн гэрээний харилцааг тодорхойлно.

 

5. Хариуцагч *******ын эзэмшлийн, ******* ХК-ийн ******* тоот данснаас нэхэмжлэгч *******ий эзэмшлийн, ******* ХК-ийн ******* тоот дансанд 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 29,421,000 төгрөг шилжүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгчээс зээл гэж шилжүүлсэн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1,205,000 төгрөгийг, 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 190,000 төгрөгийг, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 188,000 төгрөгийг, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 900,000 төгрөгийг, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөгийг хариуцагч эргүүлэн төлсөн хугацаатай харьцуулан дүгнэвэл 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1,205,000 төгрөгийг, 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 190,000 төгрөгийг, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 188,000 төгрөгийн зээлийг хариуцагч 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд нэхэмжлэгчид 20,246,000 төгрөг шилжүүлсэн байдлаар төлсөн гэж дүгнэнэ.

Харин хариуцагч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зээлсэн 900,000 төгрөгөөс 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд 500,000 төгрөгийг төлж 400,000 төгрөгийг төлөөгүй байна.

Түүнчлэн хариуцагч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зээлсэн 300,000 төгрөгийг төлсөн талаар баримт гаргаж өгөөгүй.

Иймд хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 700,000 /400,000+300,000/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй байна.

 

6. Нэхэмжлэгч ******* нь S1 Ultra маркийн гар утасны үнийг 2,000,000 төгрөгөөр тодорхойлсон ба тухайн гар утас нь 2,000,000 төгрөгийн үнэтэй болохыг, мөн цэргийн зарлан хаахад 800,000 төгрөг өгсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Энэ талаар нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 197/ШШ2025/02429 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 700,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 9,575,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч *******ий улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 179,358 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 21,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179,358 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЗОЛЗАЯА