Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 39

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго

            Улсын яллагч А.Тунгалагтуяа

            Хохирогч Б.Б

Шүүгдэгч Ө.У нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор А.Тунгалагтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч  Ө,У  холбогдох 1940000810048 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 06 сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

   Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Ө, У

              Шүүгдэгч Ө.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ө.У нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Уулын баяжуулах үйлдвэрийн механик ажилтай Б.Б итгэмжлэн хариуцуулсан виза картнаас 2019 оны 04 сарын 19-ний өдөр 800267 төгрөгийг авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

- Хохирогч Б.Б 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2019 оны 04 сарын 18-ны өдөр өөрийн танил хуурай ах Д ,Б гэх тал цус харавсан ах, болон түүний эхнэр Онарын гэрт очиж хамт архи уусан юм. Намайг Б гэрт байж байх үед У гэж Бор-Өндөр суманд ажиллаж, амьдардаг эмэгтэй орж ирсэн. Би тухайн үед Б ахынд 0.75 литрийн савлагаатай архи нэг шилийг авч ороод уусан. Би архи уухаараа хурдан тасарчихдаг болохоор түүнээс хойш хэдэн шил архи ууснаа мэдэхгүй байна. У хэдэн цагт орж ирснийг санахгүй байна. Миний санаж байгаагаар Б,ахынд байж байхад У орж ирж байхыг санаж байна. Ингээд би нэг мэдсэн гэртээ ирчихсэн унтаж байсан. Ингээд би гэртээ унтаж амраад 2019 оны 04 сарын 19-ний өглөө манай ээж Ж, над руу залгаж дүү Э, чинь У,гэдэг эмэгтэйгийн гэрт архи уугаад байна гэж 09 цагийн үед ярихаар нь би У гэр буюу У, Э, А нар хоол цай идээд сууж байсан. Намайг гэрт нь ороход надад хоол цай хийж өгөхөөр нь би идэж ууж чадахгүй байгаагаа хэлэхэд надад 0.75 литрийн савлагаатай нэг шил архийг Э гаргаж хийж өгсөн. Ингээд би тэд нартай хамт ууж сууж байгаад ганц хоёр хундагыг уугаад тасарчихсан гэж байсан. Би тэрийгээ санахгүй байгаа. Намайг манай дүү Э гэрт хүргэж өгсөн байсан. Тухайн үед Э нь миний хажууд архи уугаагүй болохоор эрүүл байсан. Би өмнөх өдөр нь уусан байсан болохоор хурдан тасарчихсан байсан. Ингээд намайг гэртээ унтаж байтал 2019 оны 04 сарын 20-ны өглөө 10 цагийн орчимд У нь манай гэрт ирээд “Та картаа авахгүй юм уу” гэсээр миний ногоон өнгийн хаан банкны виза картыг оруулж өгсөн. Мөн тухайн үед У нь намайг хот явахгүй юм уу машин бэлэн байна шдээ гэхээр нь ах нь явах ажил байхгүй, шартаж үхэх гээд байна гэхэд “гадаа манай хоёр найз байгаа гарч ганц таталдаа” гэхээр нь дотроо засахаар гараад ганц л татсан ингээд би тэр өдрөөс хойш ганц ч архи уугаагүй. У ч тааралдаагүй. Ингээд 2019 оны 04 сарын 22-ны өдөр хаан банкин дээр очиж данснаасаа мөнгө авах гэтэл миний дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэхээр нь үлдэгдлийг шалгуулахад 57 мянган төгрөг үлдсэн байсан. Уг нь би 2019 оны 04 сарын 18-ны өдөр татварын буцаан олголт гэж 1242485 төгрөг миний дансанд орсон байсан юм. Би энэ мөнгийг орсноос хойш данснаасаа ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй. Харин энэ мөнгийг орсноос хойш зээлийн эргэн төлөлт 85 мянган төгрөгийг төлж бусад зүйлд 351450 төгрөгийг зарцуулсан. Тухайн үед би өөрийн дансанд 850 мянган төгрөг үлдсэн гэж тооцоолж байсан боловч 2019 оны 04 сарын 22-ны өдөр дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэхээр нь дансныхаа хуулгийг 2019 оны 04 дүгээр  сарын 19-ний өдөр шалгуулахад 2019 оны 04 дүгээр сарын 19-ний 09 цаг 17 минутаас эхэлж 13 цаг 16 минут хүртэл их бага хэмжээгээр гүйлгээ хийгдсэн байсан. Тэгэхээр нь би Ууганхорол надад миний картыг авчирч өгсөн болохоор нь У уулзах гэсэн боловч уулзаж чадаагүй болохоор миний данснаас У нь мөнгө авсан байж болзошгүй байгаа тул камер шалгаж миний хохирлыг барагдуулж өгнө үү гэж цагдаагийн байгууллагад хандсан. Тэгсэн У нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр миний картаар дэлгүүрүүд болон ATM-ийн машинаар гүйлгээ хийж 800 мянга орчим төгрөгийг авсан байсан. Үүнийгээ ч У нь сүүлд цагдаа дээр ирэхдээ хүлээн зөвшөөрч намайг хохиролгүй болгож өгнө гэдгээ илэрхийлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/,

            -Гэрч Л.А 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “Би Бор-Өндөр сумын Нэгдүгээр баг 41 дүгээр байрны баруун талд байх “Буурал минж” нэртэй хүнсний дэлгүүрт худалдагчаар 2019 оны 01 сараас эхлэн ажиллаж байна. 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өглөө 09 цагийн үед дэлгүүрээ нээгээд байж байсан. Тус өдөр 11 цагийн үед гаднаас 40 дүгээр байранд амьдардаг У гэх эмэгтэй орж ирсэн. Тэгээд эхлээд нэг шил архи аваад ногоон өнгийн виза карт гаргаж ирээд авсан архиныхаа үнийг уншуулсан. Тэгээд дахин гоймон, ногоо зэрэг нилээд их хүнсний зүйл авсан ба тус авсан зүйлсийнхээ үнийг мөн ногоон өнгийн виза картаар уншуулаад юмнуудаа аваад гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

            -Гэрч Ц.А 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2019 оны 04 дүгээр сард яг хэдэн гэдгийг санахгүй байна. Бор-Өндөр сумын Нэгдүгээр баг 40 дүгээр байранд нэг давхарт амьдардаг У утсаар ярихад намайг гэртээ хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд яваад очиход У ганцаараа том өрөөндөө ууж байсан. Тэгээд жижиг өрөөнд нэг хүн унтаж байхыг хараад асуухад наадах чинь хамаагүй ээ гэж хэлсэн. У гэрт нэг шил Ерөөл нэртэй архи байсан. Түүнийг бид хуваагаад ууж байх үед жижиг өрөөнд хэвтэж байсан. Энхээ гэх залуу босоод ирсэн. Тэгээд бид гурав хамт хувааж уугаад ажлынхаа О,гэх залууг дуудсан. Тэгтэл О,дахин нэг шил архитай ирсэн. Тэгээд бид ууж дуусаад У, Э бид гурав хоноод өглөө нь сэрэхэд 8 цагийн үед Э ах Б нэг шил архитай У гэрт орж ирсэн. Тэгээд орж ирсэн үед нь би ажилтай байсан болохоор тэднийхээс гараад ажилдаа явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

-Гэрч Б.Энхбаяр 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “ 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гэрээсээ гараад Бор-Өндөр сумын хүрэн өнгийн төмөр хаалгатай У гэрт очоод тэдний гэрт 7-8 хонож байх үед 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 08 цаг 30 минутын үед би У, А нарын хамт байх үед Б нилээд согтуу орж ирсэн. У банштай цай чанаж өгсөн, би тэр цайнаасаа Б ахад хийж өгсөн. Тэгтэл ах уухгүй ээ би архи уумаар байна гэхээр нь би өмнөх өдөр У ууж байсан архийг нуусан байсан ба тэр архиа гаргаж өгсөн. Тэгээд тэр архинаас Б ах 2 татсан. А ажилтай гээд архи уугаагүй ба удалгүй яваад өгсөн. Ах хөл дээрээ зогсож чадахгүй байсан болохоор би сугадаад 40 дүгээр байрнаас гараад гэр рүү нь 45 дугаар байр руу хүргэж өгсөн. Гэрт нь ороход хүн байхгүй байсан ба ах өөрөө түлхүүрээрээ гэрээ онгойлгоод орсон. Би У гэр рүү буцаад очиход У ганцаараа унтаж байсан. Өдөр 10 цаг өнгөрч байх үед сэрсэн ба гарч архи ууна гээд гараад явсан. Тэр өдрийн орой 22 цагийн үед согтуу орж ирсэн. Дараа нь 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр би 42 дугаар байрны гадна явж байх үед ах Б таараад ах нь өөрийнхөө виза картыг алдсан ба “Буурал минж” нэртэй дэлгүүрээс 200 мянга орчим төгрөгний хүнсний зүйл уншуулаад авсан байна, цагийн дараа 500 мянган төгрөг уншуулсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр картыг чинь мэдэхгүй шүүдээ гэж хэлсэн. Тэгээд би Бор-Өндөр сумын 2 дугаар баг 42 дугаар байрны баруун талд байх “Буурал минж” нэртэй хүнсний дэлгүүр рүү ороод худалдагчаас “Би виза картаар юм уншуулж худалдаж авсан уу гэж асуухад худалдагч надад та уншуулаагүй, 40 дүгээр байранд байдаг Ууганаа гэдэг охин 200 мянга орчим төгрөгний хүнсний зүйл уншуулж авсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

-Гэрч Н.О 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 11 цагийн үед нөхөр Д.Б хамт Б.Б гэрт орж 2 шил Хараа нэртэй 0.75 литрийн савлагаатай архийг бид уусан. Тэгээд Б.Б гэрээс  19 цагийн үед гараад манай гэрт буюу  Б.Б манай нөхөр бид 3 орсон. Тэгтэл удалгүй гаднаас У манай гэрт нэг шил архи бариад орж ирсэн. Тэгэхээр нь тэр архийг  бид хувааж уугаад дууссан. Манай нөхөр харвалт өгч байсан учраас тухайн үед нилээд их согтсон байх, тэгээд ууж дуусаад Б.Б У хандан “Бусад нь нилээд согтсон байна чи гайгүй байгаа юм чинь гараад ир гэж хэлээд” хаан банкны ногоон виза картныхаа нууц кодыг хэлж гаргаж байсан ба би тэр нууц кодыг бас санахгүй байна. У тус виза картыг авч гараад Хараа нэртэй 0.75 литрийн савлагаатай архи авч ирсэн. Тэрнээс хойш 2-3 удаа архинд У  гарсан. Тэгээд тэрнээс хойш би тасарсан ба юу болсоныг санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудаас/,

-Яллагдагч Ө.У 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2019 оны 04 сарын 18-ны өдөр Б.Б, О Д.Б, Энхбаяр нарын хамтаар Д.Б ахын гэрт архи уусан юм. Тэднийд архи ууж байхад Б.Б ах надад дэлгүүр рүү явж архи аваад ирээч гээд өөрийнхөө ногоон өнгийн Хаан банкны виза картыг өгөөд кодыг нь 7777 гэж хэлж өгсөн. Ингээд би уг картыг авч гараад Оранж дэлгүүрээс 0.75 литрийн савлагаатай Хараа гэх нэртэй 1 шил архи, 1 ундаа аваад буцаж Д.Б ахын гэрт орж уусан. Ингээд архи ууж дуусахад 2019 оны 04 сарын 19-ний өглөө 9 цаг болж байсан. Тэгсэн Б.Б ах нилээн согтоод гэртээ харьсан. Харин Д.Б нь гэртээ үлдэж О, Э бид гурав манай гэрт очиж архи уусан. Би тухайн үед Б.Б ахыг салаад гэр рүү явахад нь Хаан банкны картыг нь өгөхөө мартчихсан байсан. Ингээд гэр рүү явж байх замдаа санасан. Тэгэхээр нь би Б ахад хэлчихнэ гэж бодоод картыг нь дэлгүүрт дахин уншуулж архи, ууж идэх юм авсан. Би тэр өдөр картаар нь олон удаа дэлгүүрт уншуулж архи идэж уух зүйл авсан. Ингээд тэр ууж идэж байгаад өдөр 12 цагийн орчимд Б ахын дансанд дахин мөнгө байж магадгүй гэж бодоод Ажнай худалдааны төвд байх Хас банкны АТМ-д хийж шалгахад 1 сая гаран мянган төгрөг байсан. Тэгэхээр нь би данснаас нь 200.000 төгрөгийг, аваад 20 орчим минутын дараа дахин 500.000 төгрөгийг аваад гэртээ очиж дахин архи уусан. Би тухайн үед мөнгө авахдаа Б.Б ахад хэлнэ гэж бодож байсан. Гэхдээ тухайн үедээ хэлж чадаагүй юм. Ингээд 2019 оны 4 сарын 19-ний өдөр бүтэн өдөр архи ууж байгаад 2019 оны 04 сарын 20-ны өдөр би Баярсайхан ахын гэрт очиж картыг нь өгөхдөө Би таны данснаас мөнгө авсан шүү, дүү хот явлаа, карт чинь мөнгө орсон байсан, би хот явж ирээд таны мөнгийг эргүүлж өгнөө гэхэд Баярсайхан ах өө байрны мөнгө орчихсон байсан юм байна, орно гэж байсан юм гэхээс өөр зүйл хэлээгүй. Ингээд би Б  ахад картыг нь өгөөд Улаанбаатар хот руу явж үлдсэн мөнгөөрөө Улаанбаатар хотод шоудаад дуусгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

-Б.Б ХААН банкны дансны хуулга, Ө.У иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, 250000 төгрөг төлсөн баримт /хх-ийн 04, 34, 36, 101/

-Шүүгдэгч Ө.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Ө.У миний бие хохирогч Б.Б эзэмшлийн Хаан банкны виза картыг ашиглаж 800267 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь үнэн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

Хохирогч Б.Б гэрч Л.А гэрч Ц.А гэрч Б.Э, гэрч Н.О шүүгдэгч Ө.У нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Ө.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

              Тухайлбал шүүгдэгч Ө.У нь 2019 оны 04 сарын 19-ний өдөр хохирогч Б.Б эзэмшлийн виза картнаас нийт 800267 төгрөгийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн завшсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.   

              Шүүгдэгч Ө.У энэхүү үйлдэл нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ө.У холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Ө.У “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Хохирогч Б.Б учруулсан 800267 төгрөгний хохирлоос 250000 төгрөгийг шүүгдэгч Ө.У нь төлсөн болох нь 250000 төгрөг төлсөн баримт, хохирогч Б.Б шүүгдэгч Ө.У нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байгаа тул үлдэх 550267 төгрөгийг шүүгдэгч Ө.У гаргуулж, хохирогч Б.Б олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ө.У нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Шүүгдэгч Ө.У  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт  хэрэг  үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.

Шүүгдэгч Ө.У эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ө.У холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно. 

Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ө.У  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгчид оногдуулах шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ө.У эрхэлсэн ажил, сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ө.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл,

36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1,

38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

              1.Шүүгдэгч  Ө У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

              2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө, У 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.У оногдуулсан торгох ялыг 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5.Шүүгдэгч Ө.У нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

  6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ө.У 550267 /таван зуун тавин мянга хоёр зуун жаран долоон/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б олгосугай.

              7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.У авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

              8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

  9.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ                                  М.ЭНХМАНДАХ