Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2019/ШЦТ/228

 

 

 

 

 

 

 

 

    2019              08              06                                                    2019/ШЦТ/228

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,

Улсын яллагч Х.Оюунцэцэг,

Хохирогч Б.Н,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа,

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч С.С,

Өсвөр насны шүүгдэгч С.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийж,

Төв аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Цад холбогдох эрүүгийн 1934004580271 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Өсвөр шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, С.Ц, 2002 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, аав, ээж нарын хамт Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, 5 дугаар хороо 9-14 тоотод оршин суух, Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар сургуульд 11 дүгээр ангийн суралцагч, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 00000000000 регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч С.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Өсвөр насны шүүгдэгч С.Цын өгсөн: Тухайн өдөр би найз охиныхоо хамт Төв аймгийн Зуунмод сумын Солонго цогцолборт кино үзчихээд найз охин Г.Уыг гэрт нь хүргэж өгөх гээд явж байтал Г.Уын ах Б.Н ирээд шууд манай найз охин Г.Уыг алгадсан. Тэгэхээр нь болиоч гэж хэлээд дундуур нь ортол миний зүүн хацар луу нэг удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би дальдчихаад баруун гараараа хамар хэсэгт нь цохисон. Г.Уын эгч ирээд намайг хэд хэдэн удаа гар толгой хэсэг рүү гараараа 4 удаа цохисон мөн хөлөөрөө миний цээж хэсэг рүү жийсэн тэр үед нь би хөлөөрөө хамгаалсан байгаа. Тэр үед миний зүүн талд Г.У сууж байсан. Тэгээд цагдаа ирээд болиулсан гэх мэдүүлэг /хх 41/,

 

Хохирогч Б.Нын өгсөн: 2019 оны 6 дугаар сарын 06-ны орой 21 цагийн үед Оюунцог гээд найзынхаа хамт явж байсан бөгөөд миний урд талд манай эгч Насантогтох Субару маркийн машинтайгаа өөрөө бариад явж байсан чинь манай хамаатны охин Г.У нэг бандийн хамт явж тааралдсан. Г.Утай хамт явсан банди нь манай Г.Уыг өмнө  нь удаа дараа дагуулж гадуур тэнээд байдаг байсан. Нэг удаа би энэ залууд хандаж чи битгий хүүхэд дагуулж гадуур тэнээд бай, гадуур тэнээд байвал ална шүү гэж хэлж байсан. Тэгээд тэр хоёр дээр очоод чи одоо яах гээд байгаа юм бэ гэж хэлээд заамдаад авсан. Тэгээд ганц хоёр удаа сэгсрээд айлгах гээд мөргөх гэтэл намайг боль боль гэж хэлээд аваад явсан. Тэр үед манай эгч Насантогтох чамайг цагдаад аваачиж өгнө гэж хэлээд аваад явсан. Тэр үед манай найз надад чиний хамар чинь мурийчихсан байна гэхээр нь машины цонхонд харсан чинь мурийчихсан байсан. Тэгэхээр нь уур хүрээд эгчийн машинд суусан байсан нөгөө банди дээр очоод баруун талын мөр хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд над руу хөлөө харуулаад хэвтчихээр нь хөл рүү нь хоёр удаа жийсэн. Тэр үед цагдаа ирээд аваад явсан. Шүүгдэгч миний хамар луу нэг удаа цохисноос болж миний хамар далийсан байгаа. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Г.У бол манай ээжийн дүүгийнх нь хүүхэд. Манайд сууж сургуульд явдаг хүүхэд. Миний хувьд эхлээд цохиж зодсон зүйл байхгүй мөргөх гэж л айлгасан чинь намайг цохичихсон. Миний хувьд хамраа янзлуулчих юм бол гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх 08/,

 

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Сын өгсөн: С.Ц нь 2002 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд миний хоёр дахь хүүхэд болон мэндэлсэн. Бага наснаасаа Төв аймгийн Зуунмод сумын Ирээдүй цогцолбор цэцэрлэгт суралцаж улмаар Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар сургуульд орж одоо 11 дүгээр ангиа төгссөн байгаа. Миний хүү төлөв даруу томоотой, ямар нэгэн муу зуршилгүй. Эцэг эхийнхээ үгэнд сайн ордог, сургуулийнхаа тэргүүний сурагчдын нэг байгаа. 2019 оны шилдэг сурагч мөн Төв аймгийн Мэдээлэл зүйн олимпиадад орж 3 дугаар байранд, 2018 онд 5 дугаар байранд орж байсан. Төв аймгийн өсвөрийн сагсан бөмбөгийн лигийн тэмцээнд оролцож мөнгөн медиал авч байсан. 2016 онд Солиот эх уран сайхны кинонд тоглосон. Улсын хэмжээний физикийн олимпиадад оролцож тусгай байр эзэлсэн, өсвөрийн Улаан загалмайн нийгэмлэгийн идэвхтэн гишүүн хүүхэд байгаа юм. Миний хувьд харсан зүйл бол байхгүй. Манай хүүхэд орой 20 цагийн орчим гэртээ ирэхгүй байхаар  нь гар утас руу нь залгатал ааваа би цагдаа дээр байна гэж байсан. Тэгэхээр нь яваад очтол Б.Нын ээж гэж хүн манай хүүхдийг харааж зүхээд ясыг нь цайлгана гэх зэргээр хэлээд байж байсан. Тэгээд би улмаар мэдүүлэг авах ажиллагаанд нь оролцсон бөгөөд тухайн үед миний хүүг эхлээд зодсон юм байна гэдгийг нь мэдээд гайгүй болох байлгүй гэж бодоод одоо болтол тайван байсан. Мөн цаадах хүүхэд нь 21 настай манай хүүхдээс хамаагүй ах хүүхэд байсан бөгөөд ажил төрөл хийж байгаа хүн байж манай жоохон хүүхэдтэй гайгүй харьцах байх гэж бодсон чинь тийм юм болоогүй бөгөөд манай хүүхдийг удаа дараа үерхэж байгаа хүүхэдтэй нь дарамтлан заналхийлж байгаад сүүлд нь тэрийгээ гүйцэлдүүлж найз охиныг нь цохиж зодоод улмаар манай хүүхдийг эхлээд зодсон байсан юм байна лээ. Манай хүүхдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа бөгөөд мөн хүн хүнийг хайрлах хайрлуулах эрхийг нь зөрчөөд явж байна. Тийм учраас би хүүхдээ энэ хэрэгт яллагдагч биш харин хохирогч гэж үзэж байгаа заавал миний хүүхэд гэмтэж бэртсэн байх ёстой юм уу. Мөн миний хүүхдэд дөнгөж амьдралд хөлөө тавьж байхад нь хүнийг зодоод дараа нь яллагдагч болгоод байж болдог юм байна гэж үзүүлсэн мөн хүүхдийг ясыг нь цайлгана гэж хэлээд мөн Б.Нын аав нь мөнгөтэй хүн хүн зоддог гэж хэлж байсан. Тийм учраас энэ хүүхдийг буруугаар амьдралыг нь эхлүүлэх гэж байгаад нь маш их гомдолтой байсан. Тэгээд найз охин Г.Уых нь утсыг нь авчихаад одоо болтол яриулахгүй байгаа гэсэн ингэж бодохоор энэ хүүхдийн эрхийг маш ихээр зөрчиж байна гэж бодож байсан. Манай хүүхдэд ирээдүйд цагдаагийн сургуульд сурах гэж байгаа энэ байдалд нь муугаар нөлөөлөх байх. Цаашлаад манай хүүхэд хүнд зодуулсан буюу гадны ямар нэгэн нөлөөнд орвол би энэ Б.Н гэх хүүхдийг сэжиглэнэ. Миний хувьд эцэг хүний хувьд нөгөө хүмүүст нь маш их гомдолтой байсан. Хоорондоо уулзаж учраад асуудлаа шийдэхгүй юм л бол хууль ийм байдаг гээд өсөж байгаа хүүхдийн ирээдүйд нэг том хар толбо суулгаж байгаад нь харамсаж байна.

Хохирогчоос уучлалт гуйж байна. Цаашдаа би хүүхдээ анхаарч, өөрийнхөө хараа хяналтад байлгах болно. Тиймээс ял шийтгэл оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай арга хэмжээ авч өгөөч гэх мэдүүлэг /хх 11/,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Насанд хүрээгүй гэрч Г.У-ын өгсөн: 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр нэг сургуулийн найз С.Ц-ын хамт Төв аймгийн Зуунмод сумын 1-р багт үйл ажиллагаа явуулдаг Солонго цогцолборт кино үзчихээд орой 21 цагийн үед гараад гэр лүүгээ хүргүүлэх гээд явж байхад 1-р багийн Андууд захын хажууд манай хамаатны ах, эгч нар таарсан. Тэгээд манай ах машинаас бууж ирээд надад хандан чамд дахиж битгий уулзаарай гэж хэлсэн биз дээ гэж хэлээд миний хацарт Б.Н ах алгадсан. Тэгсэн чинь С.Ц миний урдуур яваад орсон тэр үед С.Ц нар хоорондоо заамдалцаад авсан. Тэгтэл С.Ц манай ах Б.Ныг гараараа нэг удаа нүүр лүү нь цохиод авсан. Тэр үед эгч Насантогтох машинаасаа бууж ирээд дахиж би чамайг эрэгтэй хүүхэдтэй битгий уулзаарай гэж хэлсэн биз дээ гэж хэлээд миний гар луу цохиод машинд суулгасан. Тэгээд Б.Н, С.Ц нарыг манай эгч салгаад С.Цыг эцэг, эхэд чинь аваачиж өгнө гэж хэлээд машинд суулгасан. Дараа нь манай ах Б.Н хамраа далийлгасныг мэдээд машинд сууж байхад хөлөөрөө хөл рүү нь хоёр удаа цохисон байх. Тэгээд С.Ц өөдөөс нь жийсэн. Тэгээд л цагдаа дээр ирсэн байгаа гэх мэдүүлэг /хх 13/,

 

Гэрч П.Оюунцогийн өгсөн: 2019 оны 6 дугаар сарын 06-ны орой 21 цагийн үед Б.Н бид хамт заал авах гээд Б.Н-ын эгчээр хүргүүлээд Усны аж ахуйгаас Солонго цогцолбор луу хүргүүлээд Солонго дээр буусан. Замдаа Б.Нын дүү Ундрал талбай дээр явж байсан гэсэн. Тэгээд Б.Нын эгч дүүгээ аваад харина гэж хэлээд хөдөлсөн. Тэгтэл Б.Н "Би бас дүүгээ очиж авна. Юм хэлэхгүй бол болохгүй." гэж хэлээд араас нь такси бариад явсан. Тэгээд Андууд захын урд талд таарсан. Тэгээд Б.Н таксийнаас буугаад би таксиний мөнгө өгөөд үлдсэн. Тэгээд эргээд хартал Б.Н нөгөө хүүхдийг очоод өөдөөс нь сарвайгаад зуурах шиг болсон чинь өөдөөс нь цохьчихсон. Тэгээд цаанаас нь эгч нь ирээд нөгөө бандийг чи яагаад хүүхэд цохиж байгаа юм гэж хэлээд алгадаж авсан тэгэхээр нь би дундуур нь ороод салгасан чинь Б.Нын хамар далийчихсан байсан. Тэгээд нөгөө бандийг Б.Нын эгч нь цагдаа руу авч явна гэж хэлээд машиндаа чирээд суулгасан. Тэгээд Б.Н хамар далийлгачихлаа гээд уурлаад хөлөөрөө жийж байх шиг байсан. Тэгээд нөгөө банди нь өөдөөс нь бас жийгээд байх шиг байсан. Тэр үед цагдаа дээр ирээд аваад явсан. Миний харсан зүйл гэвэл Б.Н нөгөө бандийг заамдах гээд гар нь сарвайхад өөдөөс нь цохьчихсон. Харин Б.Н цохиулчихаад өөдөөс нь хоёр гурван удаа цохиод өшиглөлцөөд эхэлсэн. Тэгэхээр нь би очоод салгасан. Харин Б.Нын эгч нь нөгөө бандийг болон Г.Уыг алгадаж авсан. Нөгөө банди Б.Нын эгчийг цохиж зодсон зүйл байхгүй. Б.Н Г.Уыг цохиж зодож байхыг хараагүй, мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх 15/,

 

Гэрч Ё.Лаажинхандын өгсөн: 2019 оны 6 дугаар сарын 06-ны орой ажлаасаа 20 цаг өнгөрч байхад гэртээ ирээд байж байсан чинь манай хүүхэд байхгүй  байсан. Манай хүү уул нь гэртээ байнга байдаг хүүхэд. Тэгээд би ойрхон усанд явсан юм болов уу гэж бодоод байж байтал ирэхгүй байхаар нь гар утас руу нь залгасан чинь утсаа авахгүй байж байгаад эргээд залгасанаа би Г.У-ын ахынх нь хамрыг хугалчихсан бид одоо цагдаа дээр байна гэхээр нь би цагдаа дээр яваад очиход манай хүүхдийг Б.Нын ээж нь бололтой хүүхэн загнаад явж бүрийн үг хэлээр "ясыг нь цайлгана, хачин юм, намайг писда" гэх зэргээр давшлаад байсан. Би айгаад дуугүй байсан. Миний хүү их л зөөлөн эцэг, эхдээ тусархуу дүүгээ хардаг туяхан хүүхэд байгаа юм. Гэрсэг гэрээсээ бараг гараад байдаггүй. Гэрийн ажилд сайн гадуур дэмий тэнээд байдаггүй хүүхэд юм. Нийгмийн идэвхитэй сургуульдаа нэр хүндтэй сургуулиа төлөөлөөд Эко төсөлд илтгэл тавьж, төсөл хүртэл танилцуулж сургуульдаа хөрөнгө оруулалт авч байсан хүүхэд. Мөн  хий гэснийг заавал хийдэг, сагсан бөмбөгийн тэмцээнд амжилт гаргаж байсан хүүхэд гэх мэдүүлэг /хх 19/,

 

Гэрч Ж.Сувдаагийн өгсөн: Миний хувьд болсон зүйлийн талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан миний бага хүү Б.Н нь нэг хүүхдэд цохиулаад хамар нь далийсан гэсэн. Тухайн цохиулсан өдрийнх нь урд өдөр нь уулзсан. Тэгэхэд зүгээр байсан гэх мэдүүлэг /хх 20/,

 

 Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №377 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Б.Нын биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ /хх 22/,

 

Өсвөр насны шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 42/, Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх 44/, хохирогч Б.Ныг Зөрчлийн хуулиар арга хэмжээ тооцсон шийтгэлийн хуудас /хх 49/, өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 51-57/, өсвөр насны шүүгдэгчийн оршин суугаа, газрын тодорхойлолт /хх 58/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 59/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх 60/ зэрэг болно.   

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

 

                        Өсвөр насны шүүгдэгч С.Ц нь 2019 оны 6 дугаар сарын 06-ны орой Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт байрлах “Андууд” захын хажууд хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Н-ын нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь өсвөр насны шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Н, насанд хүрээгүй гэрч Г.У, гэрч П.Оюунцог нарын мэдүүлэг, Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №377 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогджээ. 

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл өсвөр насны шүүгдэгч С.Цыг хохирогч Б.Н болон түүний эгч Б.Насантогтох нар "дүү Г.Утай уулзуулахгүй. Г.Уыг дагуулж гадуур дэмий тэнэлээ" гэх шалтгаанаар эрх чөлөөнд халдаж, хэрүүл маргаан үүсгэсэн болох нь дээрх гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Дээрхээс дүгнэвэл гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэхээр байгаа хэдий ч шүүгдэгч хууль зүйн хувьд санаатай үйлдлээр хохирогчийн эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Өсвөр насны шүүгдэгч С.Цыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Өсвөр насны шүүгдэгч болон түүний өмгөөлөгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Өсвөр насны шүүгдэгч С.Цаас гэм хорын хохиролд хохирогч Б.Н нь хохирлын баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгчийг тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.  

 

Хохирогч Б.Н нь энэ гэмт хэргийн улмаас миний хамар мурийсан гэх боловч Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 377 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх 22/ Б.Нын эрүүл мэндэд тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдсон гэсэн байх бөгөөд өөрөөр хэлбэл хамар ясны хугарал гэмтэл тогтоогдсон гэж үзээгүй байна.

 

 Шинжээчийн дээрх дүгнэлттэй хохирогч 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр танилцаж энэ шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар нэг гомдол гаргаагүй байна. Хохирогч Б.Н хамар ясны хугаралтай холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэснийг дээрх үндэслэлээр хангах боломжгүй гэж шүүх үзсэн.  

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас "Өсвөр насны шүүгдэгч С.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах.",

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа "Гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, миний үйлчлүүлэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан ял оногдуулахаас чөлөөлж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх." саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Өсвөр насны шүүгдэгч С.Ц нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

Өсвөр насны шүүгдэгч С.Ц-ын хувийн байдалтай холбоотой хавтаст хэрэгт авагдсан хувийн хэрэг, анги удирдсан багшийн тодорхойлолт, өргөмжлөл, батламж /хх 45-48, 52-57/, гэрч Ё.Лаажинхандын өгсөн: "Миний хүү их л зөөлөн эцэг, эхдээ тусархуу дүүгээ хардаг туяхан хүүхэд байгаа юм. Гэрсэг гэрээсээ бараг гараад байдаггүй. Гэрийн ажилд сайн гадуур дэмий тэнээд байдаггүй хүүхэд юм. Нийгмийн идэвхитэй сургуульдаа нэр хүндтэй сургуулиа төлөөлөөд Эко төсөлд илтгэл тавьж, төсөл хүртэл танилцуулж сургуульдаа хөрөнгө оруулалт авч байсан хүүхэд" гэх мэдүүлэг /хх 19/, С.Сын өгсөн: "Миний хүү төлөв даруу томоотой, ямар нэгэн муу зуршилгүй. Эцэг эхийнхээ үгэнд сайн ордог, сургуулийнхаа тэргүүний сурагчдын нэг байгаа. 2019 оны шилдэг сурагч мөн Төв аймгийн Мэдээлэл зүйн олимпиадад орж 3 дугаар байранд, 2018 онд 5 дугаар байранд орж байсан. Төв аймгийн өсвөрийн сагсан бөмбөгийн лигийн тэмцээнд оролцож мөнгөн медиал авч байсан. 2016 онд Солиот эх уран сайхны кинонд тоглосон. Улсын хэмжээний физикийн олимпиадад оролцож тусгай байр эзэлсэн, өсвөрийн Улаан загалмайн нийгэмлэгийн идэвхтэн гишүүн хүүхэд байгаа юм. Хохирогчоос уучлалт гуйж байна. Цаашдаа би хүүхдээ анхаарч, өөрийнхөө хараа хяналтад байлгах болно. Тиймээс ял шийтгэл оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай арга хэмжээ авч өгөөч" гэх мэдүүлэг /хх 11/ зэрэгт дүгнэлт хийж,

Шүүх өсвөр насны шүүгдэгч С.Ц-ад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн шинж, чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал, өмгөөлөгчийн хүсэлт, хууль ёсны төлөөлөгч С.Сын шүүх хуралдаанд гаргасан: "Цаашдаа би хүүхдээ анхаарч, өөрийнхөө хараа хяналтад байлгах болно. Тиймээс ял шийтгэл оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай арга хэмжээ авч өгөөч" гэх хүсэлт зэргийг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч С.Цад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-т зааснаар шүүгдэгчид хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 1 жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрхий бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж,

түүнд авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Төв аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгаж, хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний эцэг С.С-т даалгах зүйтэй гэж үзлээ.   

 

Эрүүгийн 1934004580271 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч С.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Өсвөр насны шүүгдэгч С.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч С.Ц-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-т зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Ц-ад хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 1 жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрхий бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 8.7 дугаар зүйлийн 3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Ц-ад 1 жилийн хугацаагаар авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Төв аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Ц-ыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний эцэг С.С-т даалгасугай.  

 

6.Эрүүгийн 1934004580271 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч С.Ц-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ