| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2015/10206/И |
| Дугаар | 5101 |
| Огноо | 2016-07-06 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 5101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 5106567 регистрийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, Олимп, Тэнгэрийн цаг төвийн 304 тоотод байрлах, “Мон цемент билдинг материалс” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн ХМ86041012 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 57 дугаар байр, 1 тоотод оршин суух, Бурхант овогт Рэнцэндоржийн Нацагдоржид холбогдох
Сургалтын гэрээний төлбөр 21,573,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Р.Нацагдоржийн ажилласан хугацааны цалин болон илүү цагийн хөлс 5,878,700 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золзаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Баясгалан /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0983/, хариуцагч Р.Нацагдорж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0645/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Мон цемент билдинг материалс” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золзаяа, өмгөөлөгч О.Баясгалан нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Сэнж Сант” ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн иргэн Р.Нацагдоржийн ажил горилогчийн анкетыг үндэслэн 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Дорноговь аймаг, Өргөн суманд байрлах, компаний үйлдвэрийн Цахилгаан хэлтэст Кип автоматжуулалтын инженерийн албан тушаалд үндсэн цалин 700,000 төгрөг, томилолтын зардал 500,000 төгрөгийн цалинтайгаар 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл нийт 6 сарын туршилтын хугацаатайгаар талууд харилцан тохиролцож, гарын үсэг зурж хөдөлмөрийн гэрээ байгуулсан. “Сэнж сант” ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.2, Хөдөлмөрийн гэрээний 6.2.5-д заасны дагуу ажилтны мэргэжлийг дээшлүүлэх зорилгоор 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 3/28 дугаар бүхий Сургалтын гэрээг талууд харилцан тохиролцож байгуулж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Хуашин Цемент” ХХК-ийн сургалтанд 2015 оны 01 дүгээр сарын 15-наас 2015 оны 4 дүгээр сарын 27-ныг хүртэлх өдрүүдэд хамруулсан. Ийнхүү сургалтанд хамрагдахад унааны зардал, сургалтын төлбөр, байрны буюу Huarui зочид буудалд сургалтын нийт хугацаанд байрлуулсан зардал буюу өдрийн 2 хоолыг тогоочоор бэлтгүүлэн хийж өгч, өглөөний хоолны мөнгийг сард 800 юаниар тооцож суралцагчид олгож байсан зардалууд багтсан. Түүнчлэн эрүүл мэндийн үзлэгийн төлбөр, сургалттай холбоотой даатгал, визний төлбөрийг энэхүү сургалтын төлбөрт тооцож ажил олгогчийн зүгээс суралцахтай холбоотой бүхий л зардлуудыг төлсөн болно. Энэхүү сургалтын гэрээний нийт зардал нь гэрээний 2-т заасны дагуу 21,573,000 төгрөг бөгөөд сургалтын гэрээний дагуу “…гэрээ эсхүл хөдөлмөрийн гэрээ талуудын хэн нэгний санаачлагаар цуцлагдсан бол төлбөл зохих Сургалтын өртөгийг үл маргах журмаар компаний тогтоосон хугацаанд компанид төлөх үүрэгтэй” буюу ажилтан тус гэрээг байгуулснаас хойш 1 жилийн дотор ажил олгогчийн болон ажилтны санаачилгаар цуцлагдсан тохиолдолд гэрээний зардлыг ажилтнаар нөхөн төлүүлэхээр гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу дээрх сургалтанд хамрагдаж гэрээний 3.а-д заасны дагуу сургалтыг амжилттай төгсөөд компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тус компанид нэг жил тасралтгүй, үр бүтээлтэй ажилласан бол Сургалтын өртөгийн 25 хувийг, 3.б, 3.в-д заасны дагуу нийт 3 жил компанид ажилласан бол сургалтын төлбөрийг бүрэн төлөгдсөнд тооцохоор гэрээ хийсэн. Р.Нацагдорж Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суралцаж ирээд, компанидаа ажиллаж байх хугацаанд 6 сарын хугацаатай байгуулсан Туршилтын хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон учир ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн гэрээг шинэчлэх санал гаргаж Аж үйлдвэр автоматжуулалтын хэсэгт Үйлдвэрлэл, автоматжуулалтын инженер албан тушаалд 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн цалинтайгаар ажиллуулахаар Хөдөлмөрийн гэрээг ажилтанд өгсөн боловч гэрээнд шалтгаангүйгээр гарын үсэг зураагүй, ажил олгогчийн зүгээс ажилтантай удаа дараа уулзаж, цалинг нэмэх, тохиролцох талаар ярьж байсан боловч 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ажлаас гарах өргөдлөө ажил олгогчид өгсөн. Ажилтан өргөдөл өгч ажил олгогчоос тушаал гартал 30 хоногийн хугацаанд ажил гүйцэтгэх ёстойг хэлсээр байхад дур мэдэн ажил хаяж явсан. Р.Нацагдоржийн ажлаас гарах өргөдөл өгсөн хугацаанаас хойш ажил хүлээлцэх 30 хоногийн хугацаанд компаний удирдлагууд ажиллах боломж олгон цалин нэмэгдүүлье, бид нар өндөр зардлаар сургасан ажилтнаа ажлаас гаргах хүсэлгүй байна гэхэд би Англи, Хятад хэлтэй учраас ажиллахгүй гэдгээ хэлсээр ирсэн. Энэхүү 30 хоногийн хугацаанд сургалтын гэрээний 21,573,000 төгрөгийг гэрээний дагуу бидэнд өгөх талаар хэлэх бүрт би юу ч өгөхгүй, шүүхээр яваад аваарай гэж хэлж ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй байхад 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “Нийслэлийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороо” болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандаж компани надад хохирол учруулж байна гэж ирсэн. Бид энэхүү албан байгууллагуудад ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй, ажил хүлээлцээгүй гэдгийг тайлбарлаж байсан. Мөн дээрх байгууллагуудад ханддаг нийгмийн даатгалын бичилт дутуу хийсэн гэдэг үндэслэл нь ташаа юм. Энэ хүн анх хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа Дорноговь аймгийн Өргөн суманд ажиллана гэдгээ хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Хөдөө орон нутагт ажиллаж буй ажилчиддаа холбогдох хууль тогтооомжийн дагуу томилолтын зардал төлөх үүрэгтэй учир хөдөлмөрийн гэрээнд нь сард 500,000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцсон. Гэтэл ийнхүү томилолтын зардал мөнгийг нэмж нийгмийн даатгалд бичих ёстой гэдэг. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих шинжтэй байдал ажиглагдаж байна. Улмаар бид ажлаас чөлөөлөх тушаал гаргаж, ажил хүлээлцэх хугацаа тогтоож, сургалтын гэрээний дагуу 21,573,000 төгрөгийг төлөхийг хэлсээр ирсэн боловч өнөөдрийг хүртэл тойрох хуудсаа бөглүүлээгүй, ажлаа хүлээлцээгүй байгаа болно. Утсаар залгахад би ажилд орсон хөдөө ажиллаж байгаа. Завгүй байна гэдэг хариу өгдөг. Ийнхүү манай компани нь өөрийн зардлаар бага бус хэмжээний 21,573,000 төгрөгөөр ажилтнаа Бүгд Найрамдах Хятад ард Улсад 3 сарын хугацаатайгаар сургаад компанидаа тогтвортой ажиллуулж, цалинг нь нэмж, ажиллах бололцоо олгосоор байхад ажлаас гарч, компаний нууцад хамаарах мэдээллийг устгаж, өнөөдрийг хүртэл сургалтын гэрээний дагуу 21,573,000 төгрөгийг төлөхгүй байгаад манай компани хохирч байна.
Иймд сургалтын гэрээний дагуу 21,573,000 /хорин нэгэн сая таван зуун далан гурван мянга/ төгрөгийг Р.Нацагдоржоос гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Р.Нацагдорж, түүний өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Монгол Улсын Үндсэн Хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, сурч боловсрох эрхтэй билээ. Үүний дагуу л ажиллаж амьдарч яваа залуу хүн байна. “Сэнж Сант” ХХК нь надтай хөдөлмөрийн гэрээ, сургалтын гэрээ байгуулсаныг би үгүйсгэхгүй, харин Сургалтын гэрээний дагуу 21,573,000 төгрөг нэхэмжилсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Сэнж Сант” ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 болон 45.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5 дахь заалтын дагуу ажилтнаа сургах үүрэгтэй, би суралцах ёстой байсан. Миний хувьд сургалтанд нь суусан бөгөөд очоод сураагүй, эргэж ирээгүй үйлдэл хийгээгүй болно. ”Сэнж сант” ХХК-ийн захирал Г.Ариунхишиг нь хариуцсан ажилдаа маш хариуцлагагүй, ажилласан хугацааны цалинг минь хугацаанд нь олгоогүйд би гомдолтой байдаг.
Сургалт чанаргүй явагдсан талаар би мэдэгдэж байсан бөгөөд миний бие сурах биш, багшлах үүргийг хийж байсан. Анх намайг ажилд ороход 2,000,000 төгрөгөөс дээш цалин авах боломжтой гэж байсан боловч, гэрээг шинэчилэн хийх саналыг өгөхдөө 1,500,000 төгрөгөөр, миний ажиллах нөхцлийг хэвийн гэж үзсэн учраас гэрээ байгуулаагүй. Миний бие орон сууцны 8 хувийн зээлд хамрагдах гэтэл миний нийгмийн даатгалыг 600,000 төгрөгөөс төлсөн байснаас хамрагдаж чадаагүй, миний хувьд 8 дугаар сард ажилдаа очоогүй нь үнэн юм. 7 дугаар сард наадмын 5 өдөр ажилласан хөлсөө авах хүсэлтээ хэлж байсан.
Сургалтын гэрээний үүрэг биелэгдээгүй, гэрээний тэгш эрхийн зарчим алдагдсан. Компанид ямар хэмжээний хохирол учирсан нь тодорхойгүй, төсөвлөгдөөгүй зардал гарсан гэж ойлгохгүй байна. Европын сэргээн босголтын банкнаас сургалтын санхүүжилт хийгдсэн бол тус банкны эрх зөрчигдөж байгаа юм биш үү.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Р.Нацагдорж шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
“Сэнж сант” ХХК нь нэхэмжлэгч миний эсрэг хөдөлмөрийн гэрээ болон сургалтын гэрээг үндэслэн сургалтын зардал гаргуулан авахаар тус шүүхэд хандаж, үүн дээр нь иргэний хэрэг үүсгэсэн байгаа. Би 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хөдөлмөрийн гэрээгээр тус компанид Кип автоматжуулалтын инженерийн албан тушаалд ажиллахаар болсон. Эхний 6 сарыг туршилтын хугацаа хэмээсэн бөгөөд дахин гэрээг сунгахаас миний бие татгалзсан. 2015 оны 5 дугаар сард ажилласан хугацаа 24 өдөр бөгөөд энэ нь ажлын 264 цаг үүнээс илүү цаг 96 бөгөөд ажлын хөлс 1,028,500 төгрөг, 6 дугаар сарын цалин дансанд огт ороогүй, 24 өдөр үндсэн цалин 1,200,000 төгрөг илүү цаг 88 үүний хөлс 937,200 төгрөг, 7 дугаар сард 15 өдөр ажилласаны цалин 666,600 төгрөг, баяр ёслолын 5 өдрийн хөлс 916,000 төгрөг, бүгд 4,748,300 төгрөг дээр 7 дугаар сарын 20-ноос хойш 9 өдрийн цалин 400,000 төгрөг, 8 дугаар сарын 20 хүртэл 14 өдрийн цалин 730,400 төгрөгийг нэмэгдэхэд нийт 5,878,700 төгрөгийн цалин хөлс огт олгоогүйд гомдолтой байна. Иймд ажилласан хугацааны цалин болон илүү цагийн хөлс нийт 5,878,700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч “Мон цемент билдинг материалс” ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Р.Нацагдорж нь 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс тус компанид Кипер автоматжуулалтын инженер албан тушаалд ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 3/28 дугаар бүхий Сургалтын гэрээг талууд харилцан тохиролцож байгуулж, БНХАУ-ын Хуашин Цемент ХХК-ийн сургалтанд 2015 оны 01 дүгээр сарын 15-наас 2015 оны 4 дүгээр сарын 27-ныг хүртэлх өдрүүдэд 21,573,000 төгрөгийн зардалтайгаар хамруулсан. Энэхүү сургалтын гэрээний 2-т заасны дагуу “...гэрээ эсхүл хөдөлмөрийн гэрээ талуудын хэн нэгний санаачлагаар цуцлагдсан бол төлбөл зохих сургалтын өртөгийг үл маргах журмаар компанийн тогтоосон хугацаанд компанид төлөх үүрэгтэй” буюу ажилтан тус гэрээг байгуулснаас хойш 1 жилийн дотор ажил олгогчийн болон ажилтны санаачилгаар цуцлагдсан тохиолдолд гэрээний зардлыг ажилтнаар нөхөн төлүүлэхээр гэрээ байгуулсан. Ажил олгогчийн зүгээс ажилтантай удаа дараа уулзаж, цалинг нэмэх, тохиролцох талаар ярьж байсан боловч 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ажлаас гарах өргөдлөө ажил олгогчид өгсөн. Ажилтан өргөдөл өгч ажил олгогчоос тушаал гартал 30 хоногийн хугацаанд ажил хүлээлцэх ёстойг хэлсээр байхад дур мэдэн ажил хаяж явсан. Энэхүү 30 хоногийн хугацаанд сургалтын гэрээний 21,573,000 төгрөгийг гэрээний дагуу бидэнд өгөх талаар хэлэх бүрт би юу ч өгөхгүй, шүүхээр яваад аваарай гэж хэлж ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй байхад 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “Нийслэлийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороо” болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандаж компани надад хохирол учруулж байна гэж ирсэн. Бид энэхүү албан байгууллагуудад ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй, ажил хүлээлцээгүй гэдгийг тайлбарлаж байсан. Р.Нацагдорж нь дээрх байдлаар ажил олгогчтой байгуулсан Сургалтын гэрээний үүргээ биелүүлээгүй тул 2015 оны 5 дугаар сарын илүү цагийн мөнгө 771,429 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын цалин 1,854,545 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын цалин 1,140,000 төргөг буюу нийт 3,765,974.45 төгрөгийг бид хариуцагчтай харилцан тохиролцож байгуулсан Сургалтын гэрээний дагуу 21,573,000 төгрөгөөс хасан тооцож 17,807,025.55 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Мон цемент билдинг материалс” ХХК нь хариуцагч Р.Нацагдоржид холбогдуулан сургалтын гэрээний төлбөр 21,573,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг,
Хариуцагч Р.Нацагдорж “Мон цемент билдинг материалс” ХХК-д холбогдуулан ажилласан хугацааны цалин болон илүү цагийн хөлс нийт 5,878,700 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
Хариуцагч нь сургалтын гэрээнд заасан шаардлага хангасан сургалтад хамруулаагүй тул үндсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж, нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3,765,974.45 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч үлдэх хэсгийг төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч “Сэнж сант” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Р.Нацагдоржид холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуулийн этгээдийн оноосон нэрээ өөрчилж, “Мон цемент билдинг материалс” ХХК болж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна./хх-ийн 222 дугаар тал/
Ажил олгогч “Сэнж сант” ХХК нь ажилтан Р.Нацагдорж нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 1164 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ” байгуулж, Р.Нацагдорж нь тус компанийн Дорноговь аймгийн Өргөн суманд байрлах үйлдвэрийн цахилгааны хэлтэст кип автоматжуулалтын инженерийн ажил албан тушаалд 700,000 төгрөгийн үндсэн цалинтай, 500,000 төгрөгийн томилолтын зардал олгож байхаар харилцан тохиролцож, уг гэрээг туршилтын 6 сарын хугацаатайгаар байгуулсан байна. /хх-ийн 238-240 дүгээр тал/
Түүнчлэн Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт хэрэгжүүлж буй Мон цемент төслийн хүрээнд төслийн гүйцэтгэгч компани болох Хуашин Цемент компанийн БНХАУ-д байрлах сургалтын төв болон үйлдвэрт хийгдэж цементийн үйлдвэрлэлийн 3 сарын мэргэшүүлэх сургалтанд Р.Нацагдоржийг хамруулахаар болж, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 3/28 дугаартай “Сургалтын гэрээг ажил олгогч “Сэнж сант” ХХК нь ажилтан Р.Нацагдоржтой байгуулжээ. /хх-32-35/
Зохигчдын хооронд байгуулсан сургалтын гэрээний 1 дэх хэсгийн е-д “Сургалтаа амжилттай төгссөнөөр компани нь тантай гурван /3/ жилийн хөдөлмөрийн гэрээг байгуулах бөгөөд энэ гэрээний нөхцлүүд болон хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцлүүд бүрэн биелснээр компани нь танд урамшууллыг холбогдох журмын дагуу олгох болно” гэж, 2 дахь хэсэгт “сургалтын зардал/төлбөр, Улаанбаатараас БНХАУ-ын Ухан хот ирж, очих 2 талын замын нийт зардал /нэг удаа/, байрны зардал, хоолны зардал, эрүүл мэндийн үзлэгийн төлбөр, сургалттай холбоотой даатгал, визний төлбөрийг оролцуулан таны оролцох сургалтын нэг хүнд оногдох зардал нь аливаа татвар хураамжуудыг оруулсан дүнгээр нийт 21,573,000 төгрөг байхаар, гэрээний 3 дахь хэсэгт зааснаар уг төлбөр хэрхэн төлөгдөж дуусах талаар талууд харилцан тохиролцжээ.
Хариуцагч Р.Нацагдорж нь нэхэмжлэгчтэй байгуулсан 328 дугаартай сургалтын гэрээний дагуу 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд буюу 3 сарын хугацаатай БНХАУ-д сургалтад хамрагдсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт “ажил олгогч нь ажилтанд мэргэжил эзэмшүүлэх, түүний мэргэжлийг дээшлүүлэх сургалт зохион байгуулж, суралцах нөхцлөөр хангана” гэж зааснаар ажил олгогч нь ажилтанг мэргэшил дээшлүүлэх сургалтад хамруулж, гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлсэн байна гэж дүгнэх үндэслэлтэй.
Хариуцагч Р.Нацагдорж нь сургалтын гэрээний дагуу 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд буюу 3 сарын хугацаатай БНХАУ-д сургалтад хамрагдсан боловч гэрээнд заасан шаардлагыг хангасан сургалт байгаагүй, энэ талаар ажил олгогч компаний ажилтанд цахим хэлбэрээр мэдэгдэж байсан гэж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байх боловч үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Хариуцагч Р.Нацагдорж нь нэхэмжлэгчтэй байгуулсан сургалтын гэрээний дагуу хамрагдвал зохих сургалтанд хамрагдсан, зохигчдын хооронд байгуулагдсан сургалтын гэрээнд заасан нөхцлийн дагуу нэхэмжлэгч “Мон цемент билдинг материалс” ХХК-тай 3 жилийн хугацаатайгаар хөдөлмөрийн гэрээ байгуулахаар тохирсон боловч Р.Нацагдорж нь үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулахаас татгалзсан нь сургалтын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг сургалтад хамруулахад нийт 21,573,000 төгрөгийн зардал гарсан Үүнд:
-БНХАУ-д байрлах зардал-7,016,724 төгрөг,
-Танхимын сургалтын зардал-9,940,359 төгрөг,
-Үйлдвэрлэлийн дадлага-2,533,817 төгрөг,
-Цалингийн зардал-2,384,516 төгрөг,
-Томилолтын мөнгө-1,277,419 төгрөг,
-Визний зардал-158,850 төгрөг,
-Сургалтын зардал-199,138 төгрөг,
-Эмнэлгийн үзлэгийн зардал-48,000 төгрөг,
-Томилолтын зардал-973,845 төгрөгийн зардлыг нэхэмжилсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн буюу хэрэгт авагдсан сургалтын зардлын зарим баримтууд хуулийн дээрх шаардлагыг хангаагүй, хариуцагч Р.Нацагдоржийг сургалтад хамруулахад гарсан зардал гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.
Иймд шүүх хэрэгт авагдсан хуулийн шаардлага хангасан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үүнд:
-Визийн хураамж-158,851 төгрөг
-УБ-Бээжин вагоны зардал-129,680 төгрөг
-Томилолтын зардал-317,818 төгрөг
-Зочид буудлын зардал-50,908 төгрөг
-Бээжин-УБ вагоны зардал-363,056 төгрөг
-Эмнэлгийн зардал-48,000 төгрөг дугаар тал/
-Цалингийн зардал-2,384,516 төгрөг /хэргийн 2 дугаар хавтас 60, 63-64, 116-117, 147-150, 152-166, дугаар тал/ нийт 3,452,829 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Р.Нацагдоржийн 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гаргасан хүсэлтийг үндэслэн “Сэнж сант” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2/105 дугаартай тушаалаар Р.Нацагдоржийг үүрэгт ажлаас нь Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т заасан үндэслэлээр чөлөөлсөн байх бөгөөд хариуцагч нь 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс хойш ажлаа хийгээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно” гэж зааснаар нэхэмжлэгч нь 2015 оны 5, 6, 7 дугаар сарын цалин хариуцагчид олгоогүй байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3,765,974.45 төгрөгийг хангах үндэслэлтэй.
Иймд дээрх үндэслэлүүдээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 3,452,829 төгрөгийг хангаж, 18,120,271 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, “сөрөг нэхэмжлэлээс 3,765,974.45 төгрөгийн шаардлагыг хангаж, 2,112,725.55 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т заасныг баримтлан хариуцагч Р.Нацагдоржоос сургалтын төлбөр 3,452,829 /гурван сая дөрвөн зуун тавин хоёр мянга найман зуун хорин ес/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Мон цемент билдинг материалс” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18.120.171 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар “Мон цемент билдинг материалс” ХХК-иас ажилласан хугацааны цалин 3,765,974.45 /гурван сая долоон зуун жаран таван мянга есөн зуун далан дөрвөн төгрөг дөчин таван мөнгө/ төгрөгийг гаргуулж, Р.Нацагдоржид олгож, сөрөг нэхэмжлэлээс 2,112,725.55 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,815 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Нацагдоржоос улсын тэмдэгтийн хураамжид 70,125 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Мон цемент билдинг материалс” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Р.Нацагдорж нь сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, “Мон цемент билдинг материалс” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 75,205 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ