Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 211/МА2025/00010

 

211/МА2025/00010

 

                                        

                            

Н.Цын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 301/ШШ2025/00143 дугаартай шийдвэртэй

У хотын Ч дүүргийн 0-р хороо Бийн 0-дугаар гудамжны 0 тоотод оршин суух Б овогт Нын Цын нэхэмжлэлтэй

Архангай аймгийн Э сумын 0 дугаар багийн 0 байрны 33 тоотод оршин суух Б овогт Мын Сд холбогдох

2019 онд үйлдвэрлэсэн, 2019 оны 06 сарын 21-нд импортлогдсон, 9726 хөдөлгүүрийн багтаамжтай, цагаан өнгийн С  ZZ загварын LZ арлын дугаартай, том, ачаа ачих зориулалттай тээврийн хэрэгсэл болон CLMC.QG13-A загварын LR арлын дугаартай өөрөө буулгагч чиргүүл C загварын том оврын ачаа тээврийн зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох, холбогдох бүртгэл хийхийг Авто тээврийн үндэсний төвд даалгах,  247,173,610 төгрөг гаргуулах тухай

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 28,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч М.С эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б /цахимаар/,

Хариуцагчийн өмгөөлөгч В.У,

нарийн бичгийн дарга Г.Гүн-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.1 Нэхэмжлэгч Н.Ц анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Н.Ц би 2008 оноос 2021 он хүртэлх хугацаанд БНСУ-д ажиллаж амьдарсан. Энэ хугацаандаа өөрөө олон төрлийн ажил хийж гэр бүл найз нөхдийнхөө хамаарал бүхий Солонгос улсыг зорьж ирсэн хүмүүст ажил олж өгч хамтран ажиллах зэргээр тусалж дэмжиж байсан. 2018 онд манай найз Цийн эгчийнх нь хүүхэд буюу Мын С Солонгос улсад ирэхэд уулзаж танилцаж , ажил олж өгч, өөрийнхөө хүрээнд хамт ажиллаж түүнээс хойш хуурай дүүгийн харилцаатай болсон. Би 2021 оны 08 дугаар сард Монгол улсдаа буцаж ирсэн бөгөөд М.С надаас жил гаруйн өмнө ирчихсэн байсан. Ирснээсээ хойш ч дүүгийн ёсоор уулзаж харилцаж байсан бөгөөд намайг ирсэн цагаас М.С нь “Та надад машин аваад өгөөч” гэж гуйдаг байсан. Ингэхдээ том тэрэг аваад хөдөө ажиллавал маш их боломж байна гэдэг байсан. Уулзах болгондоо л  тэр талаараа ярьж гуйдаг байсан учир хүний нутагт 3 жил гаруй хугацаанд хамт дүү шиг маань дотно байсан учир итгээд  мөн өөрийн найз Цийн эгчийнх нь хүүхэд байсан учир итгээд 2022 оны 09 сард C загварын том ачаа ачих зориулалттай тээврийн хэрэгслийг н.А гэх хүнээс авсан бөгөөд ингэхдээ н.Аийн 73,300,040 төгрөгийн зээлийг төлж, 77,7700,000 төгрөгийг бэлнээр өгч нийт 151,0000,040 төгрөгөөр, А загварын өөрөө буулгагч чиргүүлийг О.У гэх хүнээс 58,540,000 төгрөгийг бэлнээр өгч өөрийн өмчлөлийн HYUNDAI Starex загварын тээврийн хэрэгслийг 21,500,000 төгрөгөөр тооцож , нийт 80,040,000 төгрөгөөр тус тус авч нийт 213,040,040 төгрөгөөр чиргүүлтэй том тэргийг авч  М.Сд авч өгч байсан. Уг мөнгүүдийг Төрийн банкин дахь 385200115229 дугаарын данснаас 2022.09.19-ний өдөр Н.А болон О.Уын данс руу шилжүүлсэн. Мөн тэр өдрөө HYUNDAI Starex загварын тээврийн хэрэгслийг гэрээ байгуулж О.У руу шилжүүлж өгсөн байдаг. Тухайн үедээ би Улаанбаатар хотын хаягтай, М.С нь өөрийн аавын 000000 улсын дугаарыг том тэргэндээ зүүмээр  байна гэж гуйсных нь дагуу өөрийн нэр дээр уг тээврийн хэрэгслийг шилжүүлж авахгүйгээр шууд М.Сгийн нэр рүү итгээд шууд шилжүүлсэн.

М.С нь тухайн үедээ надад “ би аавынхаа дүүгийн яг энэнтэй адилхан машиныг жил гаран барьсан. Мөнгийг олох боломжтой юм байна лээ. Би зүгээр байхаар танаар машин авахуулаад сард хамгийн багадаа 15 сая төгрөг олно оо. Би 1 жил гаруйн дотор таны машины мөнгийг хийнэ. Сар сардаа 15 саяас дээш мөнгийг тань руу шилжүүлээд байх болно оо. Төлж дуусгаад хоёулаа энэ машиныг дундаа өмчилье...Түүнээс хойш олсон орлогоо хуваагаад явъя” гэсэн бөгөөд би энэхүү үгэнд нь итгээд хуурай дүүгийн харилцаа, найзынхаа эгчийн дүү гэдэг утгаар нь намайг хуурч мэхлэхгүй байх гээд зөвшөөрч байсан.

Ингээд 2022 оны 09 сард М.С нь уг тээврийн хэрэгслийг авч явсан. Ажил хийж байгаа болж бүтэж байна гэдэг байсан ч хэлснийхээ дагуу сар бүр 15 саяас дээш мөнгөө олж над руу шилжүүлэхгүй байсан. Би эхэндээ итгэсэн хэвээрээ л байсан боловч 4 сарын хугацаанд над руу ямар ч мөнгө шилжүүлээгүй. Би энэ хугацаанд холбогдож итгэл алдарч эхэлсэн. Ингээд маш олон удаа шаардуулсны дараа 2023.01.16-ны өдөр 10 сая төгрөг шилжүүлсэн. Тэгэхээр нь чи сар бүр л 15  саяаас дээшийг шилжүүлнэ гэсэн яагаад ингэж байгаа юм бэ гэж шаардахад 2023.01.20-ны өдөр 5 сая төгрөг шилжүүлсэн. 2023.02.15-ны өдөр 10 сая төгрөг, 2023.03.24-ний өдөр 5 сая төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш таг болсон. Өөрөөр хэлбэл 231 сая төгрөгөөр машин авахуулсан атлаа 1 жил гаруйн хугацаанд 30 сая төгрөг л шилжүүлсэн байдаг. Одоо энэ шилжүүлсэн мөнгөө миний цалин мэтээр тайлбарлаж намайг хохироож байна.

Н.Ц би Т банкнаас 231,040,000 төгрөгийг хадгаламжийн хүүгээр тооцоход жил 22,872,960 төгрөгийг олох боломжтой талаар тооцооллыг авсан. Гэтэл М.С гэх хүүхдэд би итгээд өөрийн 231,040,000 төгрөгийг өгсөн атал ямар ч ажил хийлгүйгээр хадгалуулсантай  тэнцэх хэмжээний л мөнгийг над руу шилжүүлсэн. Миний мөнгийг ашигласан байдаг. Анхнаасаа л М.С нь урьдын Солонгос улсад байсан дүүгийн харилцааг ашиглаж бусдын газар ажиллаж олсон хөрөнгийг минь авах зорилготой намайг хуурч, залилж, миний мөнгөөр тээврийн хэрэгсэл авахуулж өөрийн нэр дээр авч одоо уг тээврийн хэрэгслийн нэрийг буцааж шилжүүлж өгөхгүй  иргэн намайг маш их хохироож байна.  Иргэн Ц би өөрийн 00000 дугаараас Сгийн 00000 болон 00000 дугаар руу нь, аавынх нь 00000 дугаар руу нь, ээжийнх нь 00000 дугаар руу, Сгийн эхнэр гэх хүний 00000 дугаар руу нь тус тус удаа дараа залгаж холбогдож ярьж тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлж өгөхийг хүссэн. Тодруулбал.... Энэ мэтчилэн дээрх хүмүүс рүү удаа дараа маш олон удаа ярьсан бөгөөд бүгдийг баримтжуулж бичлэг хийж авсан байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл иргэн миний өөрийн хөрөнгөөр авсан машиныг өмчлөх эрхэд халдаж тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлж өгөхгүй, тээврийн хэрэгслийн нэр өөр дээр нь байгааг ашиглаж мөнгө өгвөл шилжүүлье гэх байдлаар барьцаалж иргэн намайг хохироож байгаад маш их гомдолтой байна. Сгийн энэхүү үйлдэл Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж иргэн би Цагдаагийн байгууллагад хандсан боловч иргэний шүүхээр маргаанаа шийдвэрлүүл гэсэн учраас энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байгаа болно.

  Иймд C загварын том оврын ачаа тээврийн зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох, холбогдох бүртгэл хийхийг Авто тээврийн үндэсний төвд даалгах шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

1.2 Хариуцагч М.С анхан шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Би анх нэхэмжлэгчтэй сар болгон 15 саяас дээш мөнгө шилжүүлнэ гэж анхнаасаа тохироогүй, 5 сая төгрөг шилжүүлнэ гэж тохирсон. Миний бие тухайн өдрүүдэд дээрх мөнгийг шилжүүлсэн. Мөн өөрийн төрсөн эх Дгийн 00000 дугаарын Х банкны данснаас нэхэмжлэгч Н.Цын Ц гэдэг хүнд өгөх ёстой байсан 10 сая төгрөгийг Цийн охин Аын дансанд 2023.04.26-ны өдөр шилжүүлсэн. Ингэж шилжүүлэхийг Ц өөрөө надад утсаар хэлсний дагуу би  тэр мөнгийг нь шилжүүлсэн. Ингэхээр би нэхэмжлэгч Н.Цт 30 сая биш 40 сая төгрөгийг өгсөн. Үүнийг нэхэмжлэгч өөрөө сайн мэдэж байгаа атлаа 30 сая төгрөг өгсөн гэж тайлбарлаж байгаад гомдолтой байна...Миний бие анх түүнд машин авч машиныг нь барьж ажил хийх талаар санал тавихад өөрөө зөвшөөрч авч өгчихөөд дараа нь хуурсан залилсан мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Би нэхэмжлэгчийг хуурж залилан өөрийн нэр дээр машин авахуулж түүнийг хохироогоод байсан зүйл байхгүй. Анхнаасаа хэлэлцэн тохирчихоод ингэж байгаад нь гомдож байна. Мөн миний бие тухайн автомашиныг анх 2022 оны 09 сард авчихаад хуучин машин байсан учраас эхний 10 хоног ажилд гараагүй, тухайн автомашинд засвар үйлчилгээ хийж багаж хэрэгсэл авах зэргээр өөрийн болгож тордох гэж өнжсөн. Түүнээс хойш 2023 оны 08 дугаар сарын сүүлчээр авч явах хүртэлх хугацаанд тухайн тээврийн хэрэгсэлд гарсан эвдрэл гэмтэл, дугуй, бусад сэлбэг, бензин тос зэрэг бүхий л зардлыг би өөрөө хариуцаж өөрөөсөө мөнгө гаргаж хийдэг байсан. Эдгээр зардал сэлбэгт 30 гаран сая төгрөгийг өөрийн хөрөнгөнөөс болон приус-20 маркийн автомашинаа хүртэл зарж тухайн автомашиныг засаж сэлбэж тордож байсан. Үүнийг би нэхэмжлэгчээс нэг ч удаа мөнгө өгөөч, сэлбэг авна, бензин тос авна гэж огтхон ч ярьж байгаагүй. Үүнийг миний бие сөрөг нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх болно. Мөн Солонгос улсад ажиллаж байх хугацаанд намайг ажилд гаргаад 20 хоногийн цалинг нэхэмжлэгч Н.Ц надад өгөх ёстой байсан боловч өгөлгүй Монголд очоод хоёулаа болчих байхаа гэхээр нь итгээд огт аваагүй. Үүнийг нэхэмжлэгч өөрөө өгнө гэсэн боловч өгдөггүй. Үүнийг миний бие нэхэмжлэх болно. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний тухайн автомашинд засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгсэл, бензин тос, туслах ажилтны цалин хөлс үзлэгт зарцуулсан мөнгөний тал хагасыг, мөн анх хэлэлцэн тохирсон амлалтандаа хүрэлгүй, машинаа буцааж авч намайг хохироосон учраас нэхэмжлэгчид өгсөн сая төгрөгийн  хувь болох 20 сая төгрөгийг, мөн Солонгос улсад ажил хийгээд нэхэмжлэгчээс авах ёстой байсан цалин хөлс 5 сая төгрөгийг надад төлөх юм бол миний бие автомашиныг нэр дээр нь шилжүүлж өгнө гэжээ.

 

2.1 Нэхэмжлэгч Н.Ц нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: ...Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж М.Сгаас 247,173,610 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Учир нь М.С нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж өөрийн Х банкны 000000 тоот дансны 2022.10.01-ний өдрөөс 2023.06.05-ны өдрийг хүртэлх дансны хуулгыг хэрэгт гаргаж өгсөн бөгөөд уг дансны хуулгаас үзэхэд М.С нь Н.Цын 2019 онд үйлдвэрлэсэн, 2019 оны 06 сарын 21-нд импортлогдсон, 9726 хөдөлгүүрийн багтаамжтай, цагаан өнгийн С  ZZ загварын LZ арлын дугаартай, том, ачаа ачих зориулалттай тээврийн хэрэгсэл болон CLMC.QG13-A загварын LR арлын дугаартай өөрөө буулгагч чиргүүлийг ашиглаж 247,173,610 төгрөгийн орлогыг олсон болох нь нотлогдож байх тул уг 247,173,610 төгрөгийг М.Сгаас гаргуулж Н.Цт олгох шийдвэр гаргаж өгөхийг шүүхээс хүсэж байна. Тодруулбал М.Сгийн Х банкны 000000 тоот дансны 2022.10.01-ний өдрөөс 2023.06.05-ны өдрийг хүртэлх дансны хуулгын 154, 180, 405, 540, 557, 591, 606, 625, 743, 779, 802, 803, 861, 862, 1068, 1120, 1175, 1241, 1244, 1251, 1256, 1257, 1272, 1281, 1375, 1468, 1498, 1538, 1591, 1618, 1672, 1702, 1758, 1773, 1801, 1894, 2101 дугаарт ачаа тээврийн хөлс агуулгатайгаар бичигдсэн орлогууд нь Н.Цын тээврийн хэрэгсэл, өөрөө буулгагч чиргүүлийг ашиглаж олсон орлого гэж үзэж байх тул энэхүү орлогыг зүй ёсоор авах, нэхэмжлэх эрх нь нь Н.Цт байгаа гэж үзэж байгаа болно. М.Сгийн Х банкны 000000 тоот дансны 2022.10.01-ний өдрөөс 2023.06.05-ний өдөр хүртлэх дансны хуулгаас үзэхэд М.С нь 8 сарын хугацаанд 336,456,854 төгрөгийн орлогыг олсон болох нь харагдаж байгаа бөгөөд энэхүү 8 сарын хугацаа нь Н.Цын тээврийн хэрэгсэл өөрөө буулгагч чиргүүлийг ашиглаж байсан, уг тээврийн хэрэгсэл, өөрөө буулгагч чиргүүлийг ашиглаж энэхүү орлогыг бүтэн болсон гэж үзэх үндэслэлтэй. Хэдийгээр дээрх 336,456,854 төгрөгийн дийлэнх хэсгийг нэхэмжлэх үндэслэлтэй байсан хэдий ч Н.Цын хувьд дансны орлого хэсгийн утгыг үндэслэн зөвхөн тээврийн хөлс гэсэн агуулга бүхий орлогуудыг л шаардаж байгаа болно. Иймд М.Сгаас 247,173,610 төгрөгийг гаргуулж Н.Цт олгох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2.2 Хариуцагч М.С нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардаж аваад ирүүлсэн хариу тайлбартаа:  Хариуцагч М.С миний бие нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бгийн 2025.01.06-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 247,173,610 төгрөг гаргуулахыг огт хүлээн зөвшөөрөхгүй байна.

М.С миний Х банкны 000000 тоот дансны 2022.10.01-ний өдрөөс 2023.06.05-ны өдөр хүртэлх орлогын 37 гүйлгээний 247,173,610 төгрөгийн үнийн дүнд 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд огт хамааралгүй гүйлгээнүүд байгаа болно. Мөн урсгал зардал болон сэлбэг хэрэгсэл, хоол хүнс, туслах ажилтны цалин хөлс зэргийг огт тооцолгүй, зөвхөн орлого олсон гэж тооцсон байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Х банкны 405, 1244, 1251, 1256, 1257, 1272, 1672, 2101 зэрэг нийт 8 орлогын гүйлгээ нь 00-00 улсын дугаартай автомашины орлоготой ямар ч хамааралгүй. Эдгээр 8 орлогын гүйлгээ нь нийт 140,100,000 төгрөг болж байгаа юм. Дээрх гүйлгээнүүдээс 405,1244,1272 гүйлгээ нь манай ээж Н.Дгийн 00000, 000000 тоот данснуудаас надад орж ирсэн орлого юм. Утга нь тээврийн хөлс, тээвэр гэсэн утгаар хийсэн нь миний бие тухайн үед банкнаас зээл авч машин авах гээд орлогоо нотлох шаардлагатай байсан тул дээрх утгаар дансандаа орлого хийлгэж байсан. Мөн 1251 дугаар 000000 дугаартай данснаас орсон орлого нь Н гэдэг манай хамаатны хүнээс ээжээр яриулж мөн машин авах гэж 70,000,000 төгрөгийг зээлж авч байсан. 1256, 1257 дугаартай гүйлгээ нь 00000000000 дугаартай данснаас орсон орлого нь Ч гэдэг хамаатны хүнээрээ малчны зээл авахуулж би 30,000,000 төгрөгийг зээлж авч байсан. 1272 дугаартай орлогын гүйлгээ нь 00-00 болон 000000 улсын дугаартай 2 машины 2-уулангийнх нь ажлын хөлсний урьдчилгаа бөгөөд дан ганц 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслээр олсон орлого биш юм. Энэ орлого нь эдгээр 2 машинд хуваагдах ёстой юм. 2101 дугаартай гүйлгээ нь 000000 улсын дугаартай тээврийн хэрэгслээр  Т гэдэг компанид ачаа тээвэрт явсан бөгөөд түүний хөлс юм. Энэ ажлыг 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслээр хийж гүйцэтгээгүй бөгөөд огт хамааралгүй орлого юм. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний дансанд орсон орлогыг шүүгээд 247,173,610 төгрөг 000000 улсын дугаартай тээврийн хэрэгслээр олсон гэж үзэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Миний бие тухайн тээврийн хэрэгслийг жолоодож ажилд явж байхдаа эвдрэл гэмтлийг засварлах, түлш шатахуун зарцуулах, туслах ажилтан цалинжуулан ажиллуулах, хоол хүнс худалдан авах зэрэг бусад дагалдах зардлуудыг бүгдийг нь ачаа тээвэрт явж олсон орлогоосоо зарцуулж ажилд явж байсан. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нийт нэхэмжилсэн 247,173,610 төгрөгнөөс 140,100,000 төгрөг нь 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийн орлого биш юм. Мөн нэхэмжлэгч Н.Цт 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд үүнийг нэхэмжлэгч өөрөө авснаа хүлээн зөвшөөрч байгаа болно. Хэрвээ миний бие 247,173,610 төгрөгийн цэвэр орлогыг олсон бол тухайн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчээс худалдаж авах байсан. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

2.3 Хариуцагч М.С шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: Н.Ц бид хоёр анх тохирохдоо автомашиныг Н.Ц худалдан авч надад өгөх, би тухайн машинаар ажил хийж мөнгө олж ашгаа хуваах тохиролцоотой байсан. Би ажиллаж олсон мөнгө болох 40 сая төгрөгийг түүнд шилжүүлсэн. Үүний 50 хувь буюу 20 сая төгрөгийг нэхэмжилж байна. Миний бие тухайн автомашиныг анх 2022 оны 09 дүгээр сард авчихаад хуучин машин байсан учраас эхний 10 хоног ажилд гараагүй, тухайн автомашинд засвар үйлчилгээ хийж багаж хэрэгсэл авах зэргээр өөрийн болгож тордох гэж өнжсөн. Түүнээс хойш 2023 оны 8 дугаар сарын сүүлээр нэхэмжлэгч Н.Цыг машин авч явах хүртэлх хугацаанд тухайн тээврийн хэрэгсэлд гарсан эвдрэл, гэмтэл, дугуй, бусад сэлбэг, бензин тос зэрэг бүхий л зардлыг би өөрөө хариуцаж мөнгө гаргаж хийдэг байсан. Эдгээр зардал сэлбэг хэрэгсэлд нийт 30 гаран сая төгрөгийг өөрийн хөрөнгөнөөс болон приус 20 маркийн автомашинаа хүртэл зарж  тухайн ачааны автомашиныг засч янзалж сэлбэж тордсон. Дээрх зардлуудаас заримыг хасаж 17 сая төгрөгөөр тооцож тухайн мөнгөн дүнгийн 50 хувь болох буюу 8,500,000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд машин барьж байх хугацаандаа олж нэхэмжлэгчид шилжүүлсэн 40,000,000 төгрөгийн 50 хувь 25,000,000 төгрөг, сэлбэг хэрэгсэл, бензин тос, эвдрэл гэмтлийн зардал д зарцуулсан 17,000,000 төгөгийн 50 хувь болох 8,500,000 төгрөг, нийт 28,500,000 төгрөгийг үндсэн нэхэмжлэгч Н.Цаас сөрөг нэхэмжлэл гарган нэхэмжилж байна гэжээ.

 

2.4 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б сөрөг нэхэмжлэлийг гардан аваад ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа Н.Цын нэхэмжлэлтэй Н.Сд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ц.Б би оролцож байгаа бөгөөд М.Сгийн 28,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гардаж аваад бүхэлд нь эс зөвшөөрч байгаагаа энэхүү тайлбараар илэрхийлж байна гэжээ.

 

2.5 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Т ХХК нь Ө аймгийн нутаг дэвсгэрт 2021 оноос эхлэн нүүрс тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Боржигон овогт М овогтой С нь 00-00 чирэгч, 00-00 чиргүүл, 000000 чирэгч, 0-0   чиргүүлийг манай компанитай холбогдон бүртгүүлж нүүрс тээвэрт явсан нь үнэн болно. М овогтой С нь 2023 оны 02 дугаар сарын 08-нд манай компанитай холбогдож гэрээ байгуулан М  овогтой Сгийн нэр дээр бүртгэлтэй 00-00 чирэгч, 0000 чиргүүлтэй тээврийн хэрэгслийг ЭТТ-Ханги чиглэлд 2023 оны 3 сард 3 рейс, 4 сард 4 рейс, нийт 7 рейс явсан. М овогтой С нь 00-00 чирэгчийн дугаарыг 00-00 улсын дугаараар сольж тус тээврийн хэрэгслийг М овогтой Сгаас Т ХХК руу 2023 оны 11 сарын 8-нд шилжүүлсэн ба уг тээврийн хэрэгслийн улсын дугаарыг 00-00 чирэгч, 00-00 чиргүүл болгож компанийн нэр дээр шилжүүлсэн болно. Уг тээврийн хэрэгслийг ЭТТ-Ханги чиглэлийн гэрээнд бүртгүүлсэн боловч тээвэрлэлт хийгээгүй. 00-00 чирэгч, 00-00 чиргүүлтэй тээврийн хэрэгслийг ЭТТ-Х чиглэлд 2023 оны 03 сарын 30-нд бүртгүүлж тус оны 4 сард 1 рейс, 10 сард 2 рейс, 11 сард 2 рейс, 12 сард 1 рейс, нийт 6 рейс явсан болно. М овогтой С нь 000000 чирэгч, 00-00 чиргүүлтэй тээврийн хэрэгслийн банкны бичгийг Т-с авч 2023 оны 10 сарын 11-нд ЭТТ-Х чиглэлийн гэрээнд бүртгүүлж 10 сард 2 рейс, 11 сард 2 рейс, 12 сард 1 рейс явсан болно. Тус тээврийн хэрэгслийг манай компаниас хасалт хийлгэж гаргасан бөгөөд одоогийн байдлаар М овогтой Сгийн эзэмшлийн 00-00 чирэгч, 00-00 чиргүүлтэй тээврийн хэрэгсэл Т ХХК-н нэр дээр бүртгэлтэй байгаа гэжээ.

 

2.6  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Тус шүүхэд 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр  нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагаа 2024 оны 04 сарын 23-ны өдөр тодруулж, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд  нэхэмжлэлийг бүхэлд нь дэмжиж оролцож байна. Н.Цын тухайд  2018 оноос 2021 он хүртэл Бүгд Найрамдах Солонгос улсад ажиллаж, амьдарч байсан. Энэ хугацаандаа  олон төрлийн ажил хийж байсан.  Мөн гэр бүл найз нөхдийн хамаарал бүхий хүмүүс Солонгос улсыг зорьж ирж байгаа үед нь ажил олж өгч, хамт ажиллах зэргээр тусалж дэмжиж байсан. 2018 онд Н.Цын найз Цгийн эгчийнх нь хүүхэд буюу М.С Бүгд Найрамдах Солонгос улсад ирэхэд нь танилцаж, ажил олж өгч, өөрийнхөө хүрээнд хамт ажиллаж, түүнээс хойш  хуурай дүүгээ хэмээн бодож явсан. Ингээд Ц нь 2021 оны 08 дугаар сард Монгол улсад ирсэн. Харин С 1 жилийн өмнө Монгол улсад ирсэн байсан. Ингээд Н.Цыг Монгол улсад ирсэн цагаас нь хойш М.С “надад машин аваад өгөөч, том тэрэг аваад хөдөө ажиллавал их ашигтай юм байна” хэмээн гуйж байсан. М.С нь уулзах болгондоо энэ талаар ярьж байсан учраас би хүний нутагт 3 жил  хамт ажиллаж, дүү шигээ байсан болохоор нь мөн  Цгийн  эгчийнх нь хүүхэд байсан тул итгээд 2022 оны 09 дүгээр  сард SINOTRUCK, ZZ3257-N36478 загварын том ачаа ачих зориулалттай тээврийн хэрэгслийг А гэх хүнээс авсан. Ингэхдээ Аийн 73,300,040 төгрөгийн зээлийг төлөөд, 77,700,000 төгрөгийг бэлнээр өгч, нийт 151,040,000  төгрөгөөс С1МС.QG13-А загварын LJRВ09366М8001053 арлын дугаартай, өөрөө буулгах зориулалтай чиргүүлийг У гэх хүнээс 58,540,000 төгрөгөөр, мөн өөр загварын  тээврийн хэрэгслийг 21,500,000 төгрөгт тооцож, нийтдээ 80,040,000  төгрөгөөр тус тус авч, нийт 231,040,040 төгрөгөөр чиргүүлтэй том тэргийг М.Сд авч өгсөн. Уг төлбөр мөнгийг Н.Ц өөрийн Т банкны данснаас 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр А болон Уын данс руу шилжүүлсэн. Мөн тэр өдрөө Хюндай старекс загварын тээврийн хэрэгслийг гэрээ байгуулан У руу шилжүүлж өгсөн байдаг.  Тухайн үед  М.С өөрийн аавын 000000 улсын дугаарыг  том ачааны машиндаа тавимаар байна гэж гуйсных нь дагуу   М.Сгийн нэр дээр шилжүүлж өгсөн. Үүнээс  хойш М.С нь уг тээврийн хэрэгслээр тээвэрт явж, талууд хоорондоо мөнгө шилжүүлж өгнө гэдэг байдлаар тохирсон боловч тохирсон мөнгөө шилжүүлж өгөөгүй тул асуудал үүссэн. Ингээд Н.Ц өөрийн хөрөнгөөр авсан машиныг М.Сгаас нэхэмжилж байгаа  юм. Нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд нь хариуцагч М.С халдаж, тээврийн хэрэгслийг нь өөрийн нэр дээр нь  шилжүүлж өгөлгүй, тээврийн хэрэгслийг нэр дээрээ байгааг ашиглан мөнгө өгвөл шилжүүлье гэх байдлаар барьцаалж иргэн Н.Цыг хохироож байгаа. Иймд нэхэмжлэгч Н.Ц нь 2019  онд үйлдвэрлэсэн 2019 оны 06 дугаар сарын 21-ны өдөр  импортлогдсон 9726  хөдөлгүүрийн багтаамжтай Цагаан өнгийн SINOTRUCK, ZZ3257-N36478  загварын С1МС.QG13-А загварын LJRВ09366М8001053 арлын дугаартай өөрөө буулгагч чиргүүлийн өмчлөгчөөр тогтоолгох, уг тээврийн хэрэгсэл болон өөрөө буулгагч чиргүүлийн  бүртгэл хийхийг Авто тээврийн үндэсний төвд даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм. Мөн энэ уг нэхэмжлэлийн шаардлага дээрээ нэмэгдүүлээд 247,173 төгрөгийг хариуцагч М.Сгаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарсан. Учир нь  уг тээврийн хэрэгслийг  ашиглаж энэ хэмжээний орлогыг олсон байна.  Энэ орлогыг тээврийн хэрэгслийн өмчлөгч болох Н.Ц  авах хууль зүйн үндэслэл байна гэдэг агуулгаар нэхэмжилсэн. Иймд  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Мөн сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбар гаргахад 28,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.  Учир нь  тээврийн хэрэгслийг  ашиглаж байх үед орлого олохоос гадна зарлага гаргасан байхыг үгүйсгэхгүй. Иймд  манай талаас  зарлагуудыг хассан дүнгээр буюу 247,173,000 төгрөгийг Н.Ц М.Сгаас нэхэмжилж байгаа. 28,000,000 төгрөгийг  уг тээврийн хэрэгслийг  ашиглаад олчихсон учраас нэхэмжлэгч тал төлөх үндэслэл байхгүй. Мөн 40,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц хариуцагч Сгаас авсан. Энэ үнийн дүнг нэхэмжлэлийн шаардлагаасаа хасаж тооцсон гэв.

 

2.7 Хариуцагч М.С анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 6 дугаар сарын үеэр Ц болон өөрийн ах дээрээ очиж ажил хийхээр Бүгд найрамдах Солонгос улс руу явсан.  Тухайн үед  манай ахын найз болох Н.Ц гэдэг хүнтэй анх танилцаж байсан. Би өөрийн ажлын хажуугаар Н.Ц ахтай хамт ажилладаг байсан. Ингээд 1 жил гаран болсны дараа би Монгол руугаа буцах болсон. Тэгтэл Н.Ц ах надад 1 сар гарангын цалин дутуу өгсөн. Өөрөөр хэлбэл 1 сар гарангын цалин өгөөгүй байсан. Тэгээд Н.Ц ахаас цалингаа яах вэ гэж асуухад  “Монголд очиж байгаад хоёулаа болно,  хоёулаа очиж байгаад юм хийнэ” гэсэн агуулгатай зүйл ярьж байгаад намайг буцаасан. Монгол улсдаа ирээд дахин цалингаа асуутал “очиж байгаад болно” гэх мэтээр хойшлуулсаар байсан.  Үүнээс хойш би 2022 он хүртэл 2 жил гаран том тэрэг барьсан. Тэгээд удалгүй Н.Ц ах Монгол улсад ирж надтай холбогдоод “хоёулаа юмаа хийе” гэж хэлэхээр нь би  ажлаасаа гараад Ц  ах дээр очсон. Ингээд бид хоёр 6,7 сар хийцгүй  байж байгаад том ачааны машин авахаар болсон. Авахдаа “хоёулаа том тэрэг авна, тэгээд бүх мөнгөө хийж дууссаны дараа орлогоо хуваана,  дараа нь машинаа зараад мөнгөө тэнцүү хувааж авъя” гэхээр нь зөвшөөрөн. Бид иймэрхүү байдлаар аман гэрээ байгуулсан. Бид ачааны машинаа  2022 оны 10 сард аваад 06 сар хүртэл 8 сарын хугацаанд олсон орлого болох 40,000,000 төгрөгөө Н.Ц ах руу шилжүүлсэн. Энэ хугацаанд үүнээс илүү мөнгө олох боломж байхгүй. Н.Ц ахын тооцож нэхэмжилсэн мөнгө арай л их мөнгө байна. Ийм хэмжээний мөнгө олох боломжгүй. Мөн би Н.Цаас машин авснаасаа хойш нэг ч төгрөг авч байгаагүй. Өөрийн олсон орлогоосоо Н.Цт сард 5,000,000 төгрөг өгдөг байсан. Би дугуй засвар,  бензин, тос, машины эд анги,  сэлбэгийн мөнгө,  туслах жолоочийн цалин хоол унд гэх мэтчилэн бүх зардлаа өөрөө зохицуулж, өөрийн орлогоосоо гаргадаг байсан. Сүүлд өөрийнхөө Приус маркийн машинаа 14,000,000 төгрөгөөр зараад бараг 8,000,000 төгрөгөөр нь том ачааны машиндаа засвар хийсэн. Ингээд ажилдаа гарах гэж байтал Н.Ц  утсаар  залгаад “машиныг чинь очиж үзээдэхье, Ха байна” гэхээр нь би байгаа газрыг нь хэлсэн. Гэтэл орой нь над руу залгаад “ би машинаа аваад явчихлаа” гэхээр нь би “Та яагаад аваад явчхав,  юу болсон бэ” гэхэд “өөрийнхөө юмыг өөрөө авч байна, чамд хамаагүй” гэсэн. Ингээд намайг хаяад явсан. Үүнээс 20 гаран хоногийн дараа “миний нэр дээр шилжүүлж өг” гэхээр нь би “ахаа  хоосон хоцорчихлоо шүү дээ, би цалин гэж аваагүй, дундаас нь юу ч унагааж  амжаагүй байгаа” гэж хэлтэл   надад хамаагүй гэдэг утгатай зүйл хэлсэн. Тэгэхээр нь би “тэгвэл би машиныг чинь таны нэр дээр шилжүүлж өгөхгүй” гэж хэлсэн. Гэтэл Ц ах “7,000,000 төгрөг  өгье” гээд  машины хоёр гэрчилгээ болон номертой нь салгаж Архангай аймагт авчирч өгсөн. Тэгээд би  “нотариат хийлгэчихлээ, та мөнгөө хийх үү” гэтэл эхлээд нэрээ шилжүүл гэсэн тэгэхээр нь би “эхлээд мөнгөө авч байж, шилжүүлж өгнө” гэж хэлсэн. Үүний дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Анх бид хоёр 3,4 жил ажиллана гэж ярьсан боловч Н.Ц  дундаас нь больсон учраас би орлого болох 40,000,000  төгрөгийнхөө талыг нь авах эрхтэй гэж үзсэний үүднээс сөрөг нэхэмжлэл гаргасан. Мөн 8 сарын дотор 247,000,000 төгрөгийн орлого олно гэж байхгүй. Миний дансны хуулгаас “тээвэр” гэсэн утгатай бүх орлогыг уг ачааны машинаас олсон орлого хэмээн тооцож гаргасан байсан. Мөн машин авах зорилгоор хүнээс зээлсэн мөнгөнүүдийг хүртэл уг машинаас олсон орлого хэмээн тооцсон байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Харин том ачааны машиныг нь нэр дээр нь шилжүүлэн өгөхийг хүлээн зөвшөөрч байгаа.  Би ажилласан 8 сарын хугацаандаа огт цалин аваагүй. Би 8 сар хий дэмий хоосон байсан болох гээд байна. Би бүх орлогоо Ц руу шилжүүлсэн гэв.  

 

2.8 Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.С анх манай компанид  2023 оны 02 сарын 08-ны өдөр холбогдож 000000 улсын дугаартай том  ачааны машиныг шилжүүлж, манай тээвэрт явж эхэлсэн.  Уг машины эзэмшигч нь  М.С тул манай компани М.Стай гэрээ байгуулсан. Хавтаст хэрэгт тээврийн задаргаа,  тооцооны баримтуудыг хавсаргасан. 4 дүгээр сараас буюу 03 дугаар сарын 30-ны өдрөөс 8819 улсын  дугаартай машиныг  шилжүүлж оруулж ирсэн. Мөн адил Стай гэрээ хийсэн. Бид энэ хүмүүсийн цаана ямар үйл ажиллагаа явж байсан талаар мэдэхгүй. 00-00 улсын дугаартай ачааны машинаар  6 удаагийн рейс хийсэн. Энэ машин  нэлээн эвдрэлтэй болсон байгаа. Үүнээс хойш бүртгэл хийгдээгүй байна. М.С одоо манайд 3,000,000 төгрөгийн өглөгтэй байгаа. М.С ажиллаж байхдаа машин эвдэрчихлээ гээд олон удаа урьдчилгаа гуйж байсан. Үүнээс үлдсэн мөнгө 3,000,000 төгрөг байгаа. Энэ мөнгөө төлчихвөл манайх машиныг нь шилжүүлээд өгч болно гэв

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 301/ШШ2025/00143 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т зааснаар 2019 онд үйлдвэрлэсэн, 2019 оны 06 сарын 21-нд импортлогдсон, 9726 хөдөлгүүрийн багтаамжтай, цагаан өнгийн С  ZZ загварын LZ арлын дугаартай, том, ачаа ачих зориулалттай тээврийн хэрэгсэл болон CLMC.QG13-A загварын LR арлын дугаартай өөрөө буулгагч чиргүүл C загварын том оврын ачаа тээврийн зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь нэхэмжлэгч Н.Ц болохыг тогтоож, 2019 онд үйлдвэрлэсэн, 2019 оны 06 сарын 21-нд импортлогдсон, 9726 хөдөлгүүрийн багтаамжтай, цагаан өнгийн С  ZZ загварын LZ арлын дугаартай, том, ачаа ачих зориулалттай тээврийн хэрэгсэл болон CLMC.QG13-A загварын LR арлын дугаартай өөрөө буулгагч чиргүүл C загварын том оврын ачаа тээврийн зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөгчийн бүртгэлийг нэхэмжлэгч Н.Цын нэр дээр шилжүүлж бүртгэх бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг хариуцагч М.Сд, холбогдох бүртгэл хийхийг Авто тээврийн үндэсний төвд даалгаж, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476,1, 477 дугаар зүйлийн 477.1, 477.2, 477.3, 478 дугаар зүйлийн 478.8-т зааснаар хариуцагч М.Сгаас орлого 13,536,805 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Цт олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 233,636,805 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч М.Сгийн 28,500,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2707200 төгрөгөөс илүү төлсөн 1,393,818 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож 1,313,382 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Сгаас сөрөг нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 340,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох буюу өмчлөгч тогтоолгох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, 13,536,805 төгрөг гаргуулах шаардлагад ногдох 225,634 төгрөг, нийт 295834 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Цт олгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарлан шийдвэрлэжээ.

 

Хариуцагч М.С шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: ...Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 сарын 21-ний өдрийн 301/ШШ2025/00143 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх С 223257-М36478 загварын том оврын ачаа тээврийн зориулалттай автомашинаар 107.073.610 төгрөгний орлого олсон гэж үзэж 13.536.805 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шүүх хэт нэг талыг барьж нотлох баримтыг үнэлсэн байна. Иймд Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 сарын 21- ний өдрийн 301/ШШ2025/00143 дугаартай шүүхийн шийдвэрийг ИХШХШТхуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д зааснаар бүхэлд нь хянаж өгнө үү. Шүүх хуралд өмгөөлөгч нарын хамт биечлэн оролцож дэлгэрэнгүй тайлбар гаргана... гэжээ

           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж төлөөлөгчийн хувьд үзэж байна. Хариуцагчаас анх нэхэмжилсэн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагатай мардаггүй, энэ талаар анхан шатны шүүх баримтын хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Гомдлоос харахад тээврийн хэрэгсэл ашиглаад ийм хэмжээний орлого олоогүй юм гэдэг тайлбарыг хариуцагч тал хэлээд байна. Хэрэгт хариуцагчийн дансны хуулга нотлох баримтаар авагдсан. ИХШХШТХ-ийн 38.8 дугаар зүйлд шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаас татгалзсан ч эсрэг тал түүнээс иш татах нь хуулиар олгогдсон. Энэ эрхийнхээ хүрээнд хэдийгээр хариуцагч татгалзаагүй ч энэ эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч тал уг нотлох баримттай танилцаад өөрийн шударга өмчлөлийн тээврийн хэрэгслийг ашиглаад 8 сарын хугацаанд хариуцагчийн дансны хуулгаар 336.000.000 төгрөгийн орлого ороод гарсан байгаа. Өөрөөр хэлбэл сарын хугацаанд 40 гаруй сая төгрөгийн орлого олоод байгаа. Энэ талаас нь ямар учиртай орлого юм бэ гэж баримтыг нэг бүрчлэн шүүж үзсэн. Тээврийн хүнс гэдэг тодорхой гүйлгээнүүдийг үндэслээд 40 40 гэдэг байдлаар тээврийн хэрэгслийн зардал гэдэг гүйлгээнүүдийг авч үзээд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Ингээд үзэхэд л 247.000.000 төгрөг гарах гээд байна. Энэ хэмжээний орлогыг миний авч өгсөн тээврийн хэрэгслээр олсон байна гэж Н.Ц үзэж  нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Хариуцагч өөрийн хамаарал бүхий 3 гэрчийг, гэрчээр асуулгаад, 140.000.000 төгрөг нь зээлийн асуудал байж болох юм гэдгийг гэрчүүд хэлсэн. Гэрчүүдийн үнэн зөв мэдүүлэг өгсөн эсэх дээр нэхэмжлэгч маргаагүй. Үлдсэн 107.000.000 төгрөгийн хувьд ямар татгалзал хэлж байгаа вэ гээд үзэхээр анхан шатанд ч тэр давж заалдах шатанд ч тэр  тайлбар хэлээд байгаа боловч нотлох баримт гаргаж өгдөггүй. Энэ ийм, ийм юм аар олсон орлого шүү, би тээврийн хэрэгсэл ашиглахаас гадна ийм, ийм орлого олдог байсан шүү, энэ ийм баримтуудаар нотлогдож байгаа учраас би үгүйсгэж байна гэдэг үндэслэл гаргаагүй. ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар татгалзлаа нотлох үүргээ хариуцагч биелүүлээгүй. Энэ тохиолдолд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнээд, тооцоолоо хийгээд үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч үзэж байгаа. Өмгөөлөгчийн хувьд хариуцагч хохирсон юмаа л гэж хэлээд байгаа. Н.Цын хувьд өөрөө 200 гаруй сая төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгсэл эхлээд М.Сд авч өгч байгаа. Уг тээврийн хэрэгслээ одоо болтол цааш нь ашиглаж, хэрэглэж чадахгүй байгаа. Өмчлөл нь өөрийнх нь нэр дээр нь байхгүйгээс шалтгаалж зарж борлуулж чадахгүй нөхцөл байдал үүсэж өнөөдрийг хүртэл явж байгаа. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр уг тээврийн хэрэгслийн үнэ цэнэ унаж байгаа. Уг тээврийн хэрэгслийг ашиглаж тээвэрт явуулж орлого олох боломжгүй нөхцөл байдалд байгаа. Учир уг тээврийн хэрэгсэл нь М.Сгийн нэр дээр байж байгаа гуравдагч этгээдийн нэр лүү шилжсэн. Нэхэмжлэгчийн нэр дээр байхгүй, энэ нөхцөл байдлаас шалтгаалаад нэхэмжлэгч хохирсоор байгаа. 200 гаран сая төгрөгөө 2-3 жил эргэлдүүлж чадахгүй нөхцөл байдалд байсаар байгаа. Нэхэмжлэгч энэтэй холбоотой олох байсан орлого гэж нэмэгдүүлсэн зүйл байхгүй. Шударга ёсны өмчлөлөө тогтоолгоод тээврийн хэрэгслээ олж авъя гэдэг шаардлага гаргасан. Гэтэл уг тээврийн хэрэгслийг ашиглаад энгийн хүн 8 сард 300 гаруй сая төгрөг олж байгаа нь нотлох баримтаас харагдаж байгаа. Гэтэл энэ тохиолдолд хариуцагч би хохирсон юмаа л гээд байгаа. Өмгөөлөгч нь тиймээ гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өнөөдрийн хурал дээр өмгөөлөгч зөвхөн түлшинд 70-80 сая төгрөг зарцуулсан гэж ярьж байх шиг байна. 70-80 сая төгрөгийн түлш зарцуулж байгаа тохиолдолд үүнээс илүү хэмжээний орлогыг уг тээврийн хэрэгслийг ашиглаад олсон гэж үзэх үндэслэлтэй байна. Харамсалтай нь хариуцагчийн дансаар орсон орлого нь ингэж тодорхойлж байгаа. Цаашлаад уг тээврийн хэрэгслийг ашиглаад бэлнээр болон бусад хүний дансаар ямар хэмжээний орлого олсныг тогтоож чадахгүй учраас харамсалтай нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд тодорхойлж байгаа. М.С өөр төрлөөр, ааруул цагаан идээ зарж орлого олдог байсан гэж байна. Одоо бүр өөр тээврийн хэрэгсэл худалдаж авах хэмжээний орлоготой болсон байгаа шүү дээ. 8 сарын хугацаанд уг тээврийн хэрэгслийг ашиглаад. Энэ тохиолдолд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хувьд үзэж байгаа. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн тайлбарыг хэлж байна... гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч В.У давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ...Давж заалдах гомдолтой холбогдуулаад М.Сгийн өмнөөс би тайлбарыг хэлье. Хамгийн гол үндэслэл нь шийдвэрийн хэсэг хариуцагч талын нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болох 247.173.610 төгрөгийн орлого байна, дансаар нь 2023.10.01-нээс 2024.06.05-ны өдрийг хүртэл орсон, М.С болон Н.Ц нарын хооронд байгуулагдсан, худалдаж авсан тээврийн хэрэгслээр олсон орлого гэж үзсэнийг М.С хүлээн зөвшөөрөхгүй байгаа. М.С Х банкны данс эзэмшдэг, энэхүү дансаараа тухай тээврийн хэрэгслээр явсан, олсон орлого болон гарсан зарлага, мөн хувийн данс учраас аав, ээж, эхнэрээс нь гээд олон янзаар орлого, зарлага хийгддэг нь нотлох баримтаас харагдана. Мөн зээл авах, зарим нэгэн хүнээс авах ёстой байсан мөнгөө авах гээд уг данс руу орлого орсон байдаг. Гарахдаа ч гэсэн М.Сгийн хувьд бусдаас авсан зээл, мөн том оврын тээврийн хэрэгсэл худалдаж авсан байдаг, тэр мөнгө төгрөгөө шилжүүлэх гээд зарлагууд гарсан байдаг. Гэтэл зөвхөн энэ дансаар тухайн тээврийн хэрэгслээр олсон орлого, зарлага нь байсан мэтээр дүгнэж байгаа нь учир дутагдалтай гэж үзэж байна. Шүүхийн дүгнэлтээс харахад тодорхой харагдана. Орсон орлого нь тэр юм байна, гарсан зарлага тэр юм байна гээд. Гэхдээ гарсан зарлагыг үзэхдээ зөвхөн гүйлгээний утга дээр байгаа агуулгаар нь буюу сэлбэг, хэрэгсэл болон бусад зардлыг хасаж тооцож, дээрээс нь сэлбэг хэрэгсэл, түлш гэсэн зардлыг хасаж тооцсон байдаг. Гэтэл М.Сгийн хувьд гүйлгээний утгыг хийгээгүйгээр, түлш, сэлбэг гэж бичээгүйгээр SS гэсэн тэмдэглэл тавиад, янз бүрийн тэмдэглэгээнүүд тавиад гүйлгээ гаргаж байсан. Тэр нь түлш, сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээ гэх мэтийн хоол унд гээд янз бүрийн зардлууд гардаг. М.С өөрөө тухайн тээврийн хэрэгслийг барьж, үйл ажиллагаа явуулж орлого олж байгаа. М.Сгийн тухайд идэж ууна, унтана, зарим тохиолдолд туслах ажилтан авч байсан зардлууд гаргаж байсан. Тэр болгоныхоо зардлыг М.С тийм зардал, ийм зардал гэж утгаар нь гүйлгээ хийгээгүй, М.Сгаас гэх мэтээр гүйлгээ хийсэн. Байнгын өдөр болон ийм орлоготой байгаагүй. Нүүрсний орлого нь орж ирээгүй тохиолдолд тээврийн хэрэгсэлдээ түлш хийх шаардлагатай, засвар үйлчилгээ шаардлагатай байгаа тохиолдол ааваас нь мөнгө шилжүүлж байсан. Аавынх нь шилжүүлсэн гүйлгээ дансны хуулганаас маш тодорхой харагдаж байсан. Б.М, н.Б гэсэн данснаас мөнгө шилжүүлэгдэж байсан. Ээжээс нь гээд мөнгө шилжүүлсэн юмнууд байхад энийг тээврийн хэрэгслээр олсон орлого байна гэж бүх орлогыг тооцсон нь учир дутагдалтай болжээ. Тэгээд хасахдаа гүйлгээний утгаар нь тогтоогдож байгаа хэсгээр хасаж байгаа бүр учир дутагдалтай байгаа. Үнэхээр тэгээд тэр агуулгаар нь үйл ажиллагаа явуулж олсон орлого байна гэж байгаа бол тэр бүх зардлыг хасах ёстой. Гэтэл зөвхөн нотлогдож байгаа хэсгээр хасаж тооцож байгаа нь учир дутагдалтай байна. М.С, Н.Ц нарын хооронд үүссэн харилцааг хамтран ажиллах гэрээ байна дүгнэж байна. Тэгэхээр орлог нь ч адилхан, зарлага нь ч адилхан хувиарлагдах ёстой. Цын анхны шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэл дээр ч тодорхой байгаа. Би өөрөө хөрөнгөө гаргаж тээврийн хэрэгсэл авч өгнө. М.С тэр тээврийн хэрэгслээр явж мөнгө олно. Зөрүү нь 15.000.000 төгрөг, 5.000.000 төгрөг гэж маргадаг. Тэгээд 15.000.000 төгрөг нь ч тогтоогддоггүй, 5.000.000 төгрөг нь ч тогтоогддоггүй. 40.000.000 төгрөгийг М.С Н.Цт шилжүүлсэн гэдэг нь тогтоогддог. Үнийг төлж дууссаны дараа дундын өмч, орлого, зарлагаа 50%, 50% байна гэдэг нь тусгагдсан байдаг. Шүүх энэ талд дээр зөв дүгнэлт хийсэн байна гэж үзэж байгаа. Ганцхан нотлох баримтыг буруу үнэлжээ, бүх орлогыг нь тээврийн хэрэгслээр явж олсон орлого байна гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ. М.Сгийн тухайд сөрөг нэхэмжлэл гаргасан, М.С бол өөрт орлого олоогүй, ашиг авч үлдэж чадаагүй. 40.000.000 төгрөгөө өгчихсөн, өөрөө хохиролтой, хөдөлмөрлөсөн ямар нэг  хөлс өртөг юу ч аваагүй. М.С яагаад Н.Цт тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлж өгөхгүй байсан шалтгаан нь приус 30 маркын машинаа 14.000.000 төгрөгөөр зараад, үүнээс 8.500.000 төгрөгөөр засвар үйлчилгээ хийсэн байдаг. Би танд машиныг чинь шилжүүлээд өгье та надад миний энэ гаргасан мөнгийг өгчих, ядаж 5.000.000 төгрөг өгчих, би орлого мөнгөгүй үлдье гэж байхад Ц зөвшөөрөхгүй байгаа. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ шилжүүлж өгөөгүй хохироосон гээд. Гэтэл Н.Ц өөрөө очоод машинаа аваад явсан. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ М.Сд байгаад байсан нөхцөл байдал байгаа. Ийм учраас шилжүүлж өгөхгүй байгаад байсан. Тухайн тээврийн хэрэгслийн үнэ өртгийг Н.Ц төлсөн, Цын тээврийн хэрэгсэл, өмчлөл энэ дээр маргахгүй. М.Сгийн тухайд 40.000.000 төгрөгийн орлогынхоо 50%, 20.000.000 төгрөгийг авъя гэж нэхэмжлэл гаргасан. Дээрээс нь 17.704.500 төгрөгийн сэлбэг, засвар үйлчилгээ хийсэн, энэ нь нотлогдсон байгаа. Нэхэмжлэгч тал ч хэлсэн энэ нь баримтаараа нотлогдож байна гэж хэлсэн. М.С тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийсэн 17.704.500 төгрөгийн 2 хуваагаад 8.500.000 төгрөг өгчих гэсэн. Машинаа зараад засвар үйлчилгээ хийсэн 8.500.000 төгрөгийг авъя гэж хэлсэн. Гүйлгээний утга харагдахгүйгээр үүнээс илүү зарцуулагдсан байгаа. Түлш 42.544.000 төгрөг гээд энэ нь мөн гүйлгээний утгаар харагдаж байгаа. Харагдахгүйгээр хийсэн зөндөө байгаа. М.С ч анхан шатны шүүх хуралдаан дээр хэлдэг. Шууд түлш гээд ШТС авч байгаа нь хуулганаас харагдаж байгаа. Хувь хүмүүс урд түлш зардаг юм байна. Явж байсан байгууллагаасаа түлш гэж мөнгө аваад тэр бэлэн мөнгөөрөө хувь хүмүүсээс авдаг байсан. Түлшний зардал нь нарийн тооцоход 70-80 сая төгрөг болж байсан юм аа гэдэг. М.С бүх орсон орлогоос нь машин ашиглаж олсон мөнгө гээд тооцохгүй байхаа гэж бодож байсан. Ааваас нь М гээд 1.000.000 төгрөг, 500.000 төгрөг гээд орж ирдэг. Ээжээс нь хоолны мөнгө гээд орж ирдэг. Тухайн дансанд орсон бүх мөнгийг орлого гээд тооцож байгаа. Гүйлгээний утга дээрээс харагдаж байгаа. М.С арай ингэхгүй байх гэж бодож байсан. М.Сгийн хувьд гомдолтой, маш их хохиролтой байгаа. Шүүх хэргийг бүхэлд нь хянах учраас, сөрөг нэхэмжлэл дээр М.С гомдол гаргаагүй. Өөрөө хохирсон дээр дахиад 13.000.000 төгрөг гаргахаар шийдвэрлэгдэж байгаа нь учир дутагдалтай байна. Хохирсон дээрээ дахиад ийм мөнгө төлөх хэмжээнд хүрч байгаа нь гомдолтой байна гэж давж заалдах шүүхэд гомдол гаргасан. Тийм учраас шүүх энэ байдлыг харж үзнэ үү. Интернет банк ашиглаж гүйлгээ хийдэг байсан. Урд сүлжээ нь унадаг байсан учраас М.С эхнэр лүүгээ яриад эхнэр нь интернет банкаар гүйлгээ хийдэг байсан. Ямар агуулгаар ямар гүйлгээ хийгдэж байсан гэдгийг эхнэр нь сайн мэдэх учраас эхнэрээ шүүхэд гэрчээр мэдүүлэг өгүүлсэн. Гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан байгаа. Түүний аав Баяраагийн М, аав ээж 2 нь ааруул цагаан идээ хийж зардаг. М.С урагшаа явчихаар эхнэр нь аавтайгаа байсан юм билээ. Зарим нэг юм нь гүйлгээн дээр харагдаж байсан. Ааруул цагаан идээний мөнгө гээд орлого нь орчихсон. М.Сгийн хувьд засвар, үйлчилгээ, сэлбэг хэрэгслээ компаниас мөнгө орж ирээгүй байгаа үед ааваасаа авдаг байсан. Урьдчилаад ааваасаа аваад орлого орж ирэхээр нь аавдаа буцааж өгдөг байсан юм билээ. Зарим гүйлгээ нь ааваас нь гээд хийсэн байсан. Зарим нь Б М гээд хийсэн байсан. Энэ болгоныг машинаас орж ирсэн орлого байна гэж үзэж байгаад М.С үнэхээр гомдолтой байгаа учраас харж үзэж өгнө үү... гэв

 

                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Н.Ц, хариуцагч М.Сд холбогдуулан 2019 онд үйлдвэрлэсэн, 2019 оны 06 сарын 21-нд импортлогдсон, 9726 хөдөлгүүрийн багтаамжтай, цагаан өнгийн С  ZZ загварын LZ арлын дугаартай, том, ачаа ачих зориулалттай тээврийн хэрэгсэл болон CLMC.QG13-A загварын LR арлын дугаартай өөрөө буулгагч чиргүүл C загварын том оврын ачаа тээврийн зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох, холбогдох бүртгэл хийхийг Авто тээврийн үндэсний төвд даалгах,  247,173,610 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч М.С нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, машин барьж байх хугацаандаа олж нэхэмжлэгчид шилжүүлсэн 40,000,000 төгрөгийн 50 хувь 20,000,000 төгрөг, сэлбэг хэрэгсэл, бензин тос, эвдрэл гэмтлийн зардал д зарцуулсан 17,000,000 төгөгийн 50 хувь болох 8,500,000 төгрөг, нийт 28,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Цаас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч М.С “…Анхан шатны шүүх С 223257-М36478 загварын том оврын ачаа тээврийн зориулалттай автомашинаар 107.073.610 төгрөгний орлого олсон гэж үзэж 13.536.805 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шүүх хэт нэг талыг барьж нотлох баримтыг үнэлсэн байна. Иймд Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 сарын 21-ний өдрийн 301/ШШ2025/00143 дугаартай шүүхийн шийдвэрийг ИХШХШТхуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д зааснаар бүхэлд нь хянаж өгнө үү...” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

 

Анхан шатны шүүх анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбарт үндэслэн, нэхэмжлэгч Н.Ц, хариуцагч М.С нар харилцан тохиролцож, ашиг олох зорилгоор, хамтран ажиллах гэрээ байгуулж, нэхэмжлэгч Н.Ц төлбөрийг төлж, хариуцагч М.Сгийн нэр дээр  бүртгүүлж,  цагаан өнгийн С  ZZ загварын LZ арлын дугаартай, том, ачаа ачих зориулалттай тээврийн хэрэгсэл болон CLMC.QG13-A загварын LR арлын дугаартай өөрөө буулгагч чиргүүл C тээврийн хэрэгслийг худалдан авсан, уг автомашиныг хариуцагч М.С ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэх зорилгоор Т ХХК-ний нэр дээр шилжүүлж бүртгүүлсэн,  одоо дээрх тээврийн хэрэгсэл болон өөрөө буулгагч чиргүүл нэхэмжлэгч Н.Цын эзэмшилд байгаа, шүүх хуралдааны явцад хариуцагч М.С маргааны зүйл болох тээврийн хэрэгслийн бүртгэлийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж, бүртгүүлэх шаардлагыг зөвшөөрч байгаа болохоо илэрхийлсэн гэж дүгнэн, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т заасныг баримтлан 2019 онд үйлдвэрлэсэн, 2019 оны 06 сарын 21-нд импортлогдсон, 9726 хөдөлгүүрийн багтаамжтай, цагаан өнгийн С  ZZ загварын LZ арлын дугаартай, том, ачаа ачих зориулалттай тээврийн хэрэгсэл болон CLMC.QG13-A загварын LR арлын дугаартай өөрөө буулгагч чиргүүл C загварын том оврын ачаа тээврийн зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Н.Цыг тогтоож, холбогдох бүртгэл хийх болон шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэхийг Авто тээврийн үндэсний төв болон хариуцагч М.Сд даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Мөн нэхэмжлэгч Н.Ц хамтран ажиллах гэрээг цуцалж, тээврийн хэрэгслийг буцаан авсан тул машины үнэтэй тэнцэх орлогыг нэхэмжлэхгүй, харин гэрээний талууд нэг талаас хөрөнгө, нөгөө талаас хөдөлмөрөө оруулахдаа хамтын үйл ажиллагаанаас олсон ашгийг хэдэн хувиар тооцохыг тохиролцоогүй тул Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-т зааснаар хамтын үйл ажиллагаанаас олсон ашгийг талуудын оруулсан хөрөнгөд хувь тэнцүүлэн хуваарилах нь  зүйтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Нэхэмжлэгч Н.Ц хариуцагч М.Сгаас түүний дансны  орлого хэсгээс тээврийн хөлс гэсэн агуулга бүхий орлогууд болох 247,173,610 төгрөгийг гаргуулахаар  нэхэмжилсэн байх ба  анхан шатны шүүх             хэрэгт авагдсан хариуцагч М.Сгийн Х банкны дансны хуулга, гэрч Ж.Март, Н.Д, Н.Н нарын мэдүүлгээр хариуцагчийн данс руу хийгдсэн 140.100.000 төгрөгийн гүйлгээ нь ачаа тээврийн орлого биш, хариуцагч бусдаас зээлсэн мөнгө болох нь тогтоогдож байна гэж дүгнэн, 247.173.610 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 140.100.000 төгрөгийг хасч, үлдэгдэл 107.073.610 төгрөгийг орлогыг тэнцүү хувааж, нэхэмжлэгч Н.Цт оногдох 53.536.805  төгрөгнөөс урьд нь шилжүүлсэн 40.000.000 төгрөгийг хасч, үлдэх 13.536.805 төгрөгийг хариуцагч М.Сгаас гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч М.Сгийн сөрөг нэхэмжлэлийн тухайд нэхэмжлэгч Н.Цт төлөх ёстой ашгийг бүрэн төлөөгүй, машин ашиглахтай холбоотой зардлыг орлогоос зарцуулахаар тохирсон гэж ойлгосон учир нэхэмжлэгчээс тухайн үед зардал нэхэмжлээгүй талаар гаргасан түүний тайлбараар  орлогоос зарцуулахаар тохирсон зардал нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэн, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулсан, зохигчдын хүсэлтийг хангаж, хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтуудыг бүрдүүлсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бгийн хүсэлтээр “Т” ХХК-нийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байна.

 

Хэрэгт  цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд үйл баримтыг хангалттай тогтоож, үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.                                                                                  

 

Хэрэгт авагдсан хариуцагч М.Сгийн Х банкны депозит дансны хуулга /1-р хх-ийн 212-241/ болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Т” ХХК-ниас ирүүлсэн санхүүгийн баримтуудад /2-р хх-ийн 12-45/ үндэслэн анхан шатны шүүх С 223257-М36478 загварын том оврын ачаа тээврийн зориулалттай автомашинаар 107.073.610 төгрөгний орлого олсон гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж дүгнэсэн, хариуцагч М.С нэхэмжлэгчийн гаргасан 247.173.610 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 140.100.000 төгрөгийн орлогыг олоогүй, бусдаас зээлсэн мөнгө болохыг нотолж чадсан, харин үлдэх 107.073.610 төгрөгийн орлогыг олоогүй гэж нотолж чадаагүй байх тул шүүх хэт нэг талыг барьж нотлох баримтыг үнэлсэн гэсэн үндэслэлээр гаргасан хариуцагч М.Сгийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

            Давж заалдах шатны шүүх хариуцагч М.Сгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж байгаа тул түүний улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 225.634 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 301/ШШ2025/00143 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч М.Сгийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай

 

2. Хариуцагч М.Сгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 225.634 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай..             

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ДАВААСҮРЭН

                                            ШҮҮГЧИД                                     В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                                                                                  Б.БОЛОР-ЭРДЭНЭ