Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 40

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго, улсын яллагч А.Тунгалагтуяа, шүүгдэгч Т.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Н холбогдох эрүүгийн 1940000520046 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа, шагнал, ял шийтгэлгүй,   Т,Н

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Т.Н нь  Б.Б 2019 оны 02 сарын 27-ны өдөр тамхи татлаа гэж ангид нь зодсоны улмаас 2019 оны 03 сарын 13-ны өдөр Улаанбаатар хот Гэмтэл согог Судлалын Үндэсний төвд элэг бяцарсан оноштойгоор хагалгаанд орж “Эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Н “02 дугаар сарын 27-ны өдөр пүрэв гараг байсан. Би дөрөвдүгээр цаг дээр нийгэм судлалын хичээл орох байсан. Б, Ч хоёр тамхи татаад хоцорч орж ирсэн. Тамхи татаж болохгүй гээд л ийм санаандгүй үйлдэл гаргасан. Ийм үйлдэл гаргасандаа харамсаж байна” гэв.

Шүүгдэгч Т.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би . 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр би 3 дугаар цаг дээр өөрийн хариуцсан ангидаа хичээл орсон юм. Тэр үед манай ангийн хоёр эрэгтэй хүүхэд болох Б.Б Г.Ч хоёр хичээлээс хоцорч орж ирсэн. Тэгэхээр нь тэр хоёрыг хичээл эхэлсэн үед орж ирлээ, хичээлээс хоцорч орж ирлээ гэж загнах үед тэр хоёрын амнаас тамхи үнэртсэн юм. Тэгэхээр нь миний уур хүрээд эхлээд Ч,ыг хичээлээс хоцорч орж ирлээ, дээр нь тамхи татсан байна гээд  нэг удаа мөрөн тус газар нь алгадсан, дараа нь Б,Б мөн тамхи татсан байна гээд толгой руу нь эхлээд нэг хоёр удаа цохих гэхэд Б.Б нь хоёр гараараа толгойгоо хаахад нь би гарны доогуур нь, гараараа хэвлий тус газар нь гарынхаа ар хэсгээр нэг удаа цохьсон. Ингээд Б ч суудалдаа сууж би хичээлээ үргэлжлүүлэн орсон. Тухайн үед манай анги дотор ийм л зүйл болсон. Тэгсэн удалгүй Б нь бие, эрүүл мэндийн улмаас Улаанбаатар хот руу эмчилгээнд явж хагалгаанд орсон. Энэ үед Б ар гэр нь намайг зодсон гэж цахим сүлжээнд тавьсан байсан. Тэгэхээр нь би энэ бүгдийг мэдэхээр Улаанбаатар хот руу Б хойноос очиж ар гэрийнхэнтэй нь уулзахад Б хагалгаанд ороод гараад ирчихсэн аав нь болох Б ах сахиж байсан. Ингээд би юу болсон талаар асуухад биеийн байдал гайгүй, элэгний хагалгаанд орсон гэж байсан. Мөн бид нарыг мэдээгүй байхад ийм мэдээллийг Б үеэл эгч нь цахим сүлжээнд тавьсан байна гэж байсан. Ингээд би Б биеийн байдлыг харж Улаанбаатар хотод хэд хоног байхдаа эмчилгээнд зарцуулсан мөнгө төгрөгийг өөрөөсөө гаргаж өгсөн. Би Б эмчилгээнд нийт 2.500.000 төгрөгийг өгсөн. ...Би анги удирдсан багшийн хувьд хүүхдүүдийн сахилга, сурлагыг хариуцдаг болохоор зарим болж бүтэхгүй байгаа хүүхдүүдэд үг хэлэхийн хувьд хэлж, зарим тохиолдолд ганц хоёр алгадах үе байгаа. Гэхдээ бусдад гэмтэл учруулахаар алгадаж цохиж зодож байсан зүйл байхгүй. хүний хувьд өөрийн хариуцсан ангиас нь аливаа зүйл дээр нэр ус нь дурдагдвал анги удирдсан багштай хариуцлага тооцдог болохоор ангийнхныгаа аль болох л төлөв томоотой, хичээл сурлагад анхаарч хэлж зөвлөж загнаж уурладаг байсан. Өмнө нь Б цохиж зодож байсан удаа байхгүй. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Би Б эмчилгээнд гарсан зардал мөнгийг бүрэн хариуцаж өгсөн. Би Б ийм гэмтэл учруулна гэж бодоогүй, гэхдээ миний буруутай үйлдэл. Иймд миний хийсэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хууль хяналтын байгууллагаас хүсэж байна” гэжээ.

Насанд хүрээгүй хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Ч хамтаар хичээлийн 3 дугаар цаг тараад 4 дүгээр цаг буюу анги удирдсан багш Т.Н цаг дээр Цагдаагийн хэлтсийн урд талд байх 3 давхар цэнхэр байшингийн орцонд ороод тамхи татаж байгаад хоцроод орчихсон. Тэгсэн ангийн багш Н нь эхлээд Ч дээр очоод Ч “Яагаад тамхи татаад байгаа юм бэ” гээд толгой руу нь ганц хоёр удаа алгадсан. Тэгснээ над дээр ирж мөн л намайг “Тамхи татлаа” гээд толгойруу 2-3 удаа цохиж дахин толгой руу цохих гэхээр нь би хоёр гараараа дээшээ толгойгоо хамгаалсан чинь Н, намайг гараа дээш нь өргөхөд үед миний хэвлий рүү хүчтэй цохьсон. Тэгсэн би амьсгал авч чадахаа больсон. Ингээд би хэвлийгээ бариад өөрийнхөө суудаг ширээний хойд талын ширээнд ганцаараа суусан. Харин Н  өөрийн багшийн ширээ рүү явсан. Ингээд би амьсгалж чадахгүй нилээн хэвтэж байгаад гайгүй болохоор нь боссон. Ингээд би хичээлдээ үргэлжлүүлэн сууж тэр өдрийнхөө хичээлд бүтэн суугаад 12 цаг 30 минутанд тараад гэртээ харьсан. Ингээд би гэртээ хариад тэр өдрөө гэрээсээ гараагүй учир нь би гэртээ ирсэн цагаасаа эхэлж халуурч эхэлсэн. Ингээд би тухайн үед халуурч байгаагаа аав ээждээ хэлээгүй. Ингээд би 3-4 хоног халуурсныхаа дараа аав ээжид хэлсэн. Би халуурч байх үедээ хичээлдээ явж байсан. Гэхдээ би хичээлдээ идэвх санаачилгатай оролцож чаддаггүй байсан. Учир нь халуураад хэвлийн зүүн хэсгээр өвдөөд байсан юм. Энэ байдлаар хэд хоног байж байгаад аав ээждээ хэлэхэд надад өвчин намдаах эм уу гэж ягаан өнгийн өвчин намдаах эм өгсөн. Ингээд би уг эмийг уухад өвдөх нь гайгүй болсон ч халуун нь буугаагүй. Би эм уудаггүй болохоор аав ээжийн өгсөн эмнээс дахин уугаагүй. Учир нь зүгээр болчих байх гэж бодоод уугаагүй юм. Ингэж байгаад зүгээр болохгүй болохоор нь 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр аавдаа хэлээд Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасаг дээр очиход эмчлэгч эмч нар нь тухайн үед байхгүй гэхээр нь өрхийн эмч болох А эмчид үзүүлэхэд А эмч “хаана өвдөж байна” гэхээр нь би өвдөж байгаа газраа заахад” А эмч “Олгой байж магадгүй, дотрын эмчид үзүүл” гэхээр нь дотрын эмчид үзүүлэхээр явсан. Тухайн үед дотрын эмчид үзүүлэх гэсэн боловч дотрын эмч нь байгаагүй. Ингээд эмчид дахин үзүүлж чадаагүй. Ингээд би 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Чингис хот руу Өсвөрийн аварга шалгаруулах U18 сагсан бөмбөгийн тэмцээнд сургуулиа төлөөлж яваад 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ирэхэд миний хэвлий өвдсөн хэвээрээ байхаар нь энэ талаар аав ээжид хэлэхэд намайг эмнэлэг рүү авч явж эход харуулсан чинь эмч нь намайг Улаанбаатар хотруу яаралтай яв гэсэн. Ингээд л Улаанбаатар хотод очиж Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд намайг хагалгаанд орох шаардлагатай гээд маргааш нь хагалгаанд оруулсан. Би эмчилгээндээ 3 сая орчим төгрөг зарцуулсан. Н  нь миний эмчилгээний зардлыг 100 хувь даасан. Иймд Н гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо миний бие эрүүл мэнд хэвийн зүгээр би хичээл номондоо явж байгаа.” гэх мэдүүлэг /хх-н 143-144-р хуу/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд өгсөн “2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр миний хүүгийн төрсөн өдөр болдог юм. Тэр өдөр хүүгээ халуураад байгааг мэдсэн. Юунаас болоод халуураад байгааг асуухад надад хэлэхгүй байсан. 2019 оны 03 дугаар сарын 07-нд хүү маань Хэнтий аймаг руу тэмцээнд явах болсон, тэр үед нь хүүгээ эмнэлэгт үзүүлье гээд ажлаасаа чөлөө аваад эмнэлэг авч явсан. Эмнэлэгт очоод мэсийн эмчид үзүүлэх гэсэн эмч нь байхгүй байсан тул өрхийн эмч дээр очиход өрхийн эмч олгой байж магадгүй дотрын эмчид үзүүл гэсэн. Тэр өдөр мартын 8-ны урд өдөр байсан болохоор үдээс хойш эмч нар байгаагүй. Тэгээд манай хүү маргааш нь аймаг явсан. Эхнэр бид хоёрыг ажлаас тараад ирэхэд хүү маань байнга хөнжил нөмөрчихсөн халуураад хэвтэж байдаг байсан. Юунаас болоод халуураад байгааг мэдэхгүй, ханиад хүрчихсэн байна гээд өвчин намдаах эм өгдөг байсан ч дарагддаггүй байсан. Хүү 11-ний шөнө тэмцээнээс үхлээ гээд ороод ирсэн, тэгэхээр нь би ажлаасаа чөлөө аваад хүүхдийн эмчид үзүүлэхэд яаралтай эхо-д харуул гэсэн, эхо-д харуулахад хүүгийн чинь элэг гэмтсэн байна, гадны нөлөөтэй үүссэн юм шиг байна гээд хүүгээс асуухад юу ч хэлэхгүй байхаар нь дагуулж гараад хүнд зодуулсан юм уу гэж асуухад манай багш намайг цохисон юм тэрнээс хойш ингээд байгаа юм гэж хэлсэн.  Тэгээд хүүгээ аваад 1 дүгээр эмнэлэгт очиж шинжилгээ өгөөд Гэмтлийн эмнэлэгт очиж хагалгаанд орсон. Эмчилгээнд нийт зургаан сая гаруй төгрөгийг зарцуулсан Н нь 2.500.000 төгрөгийг өгсөн. Шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг

Насанд хүрээгүй гэрч Г.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Бор-Өндөр цогцолбор сургуулийн 11в бүлэгт сурдаг. 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр манай анги 6 цагийн хичээлтэй байсан юм. Энэ өдийн 3 дугаар цагийн хичээл тараад 10 цаг 10 минутын үед буюу их завсарлагаанаар найз Б,хамтаар сургуулиас гарч тамхи татаад буцаж сургууль руугаа орсон. Ингээд бид хоёр анги руугаа ороход манай ангийн хүүхдүүд бүгд ороод суучихсан ангийн багш ороод ирчихсэн сууж байсан. Тэгсэн Б,өөрийн суудаг ширээндээ суухаар 1 болон 2 дугаар ширээний голоор явж суусан. Харин би 2 дугаар болон 3 дугаар ширээний голоор ангийн хойд хэсэгт очиж гадуур хувцсаа тавих гээд явж байхад ангийн багш Н хойноос ирээд “Та хоёроос тамхи үнэртээд байна” гэж хэлээд зүүн талын буглага руу баруун гараа зангидаж байгаад хоёр удаа, ар нуруу хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд цааш явж Б  суудаг ширээ рүү явж байгаа харагдсан. Энэ үед нь би гадуур хувцсаа тайлчихаад өөрийн суудаг ширээн дээрээ очоод Б яаж байгаа бол гэж бодоод эргээд хартал Н өөрийнхөө ширээ рүү буюу ангийн урд хэсэгт байдаг  ширээ рүү явж, харин Б хоёр гараараа элгээ тэврээд зогсож байсан. Ингээд л хичээл үргэлжлэн орсон. Үүнээс хойш Б биеийн байдал тааруу байсан. Намайг биеийн байдлыг нь асуухад халуураад байна гээд хичээлд оролцох идэвх нь тааруу байдаг байсан. Тэрнээс надад биеийнхээ ийм тийм зүйл өвдөөд байна гэж хэлээгүй. Ингээд Б нь хичээлдээ тасралтгүй явж байгаад 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймаг руу сагсан бөмбөгийн тэмцээнд оролцохоор хичээлээс чөлөөлөгдсөн. Ингээд тэмцээнээсээ ирээд 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 12 цаг 30 минутын үед гэрийнх нь орцонд байрны гадаа аавтайгаа явж байхад нь таарахад эмнэлэгт үзүүлэх гээд явж байна гэсээр явж байсан. Тэгсэн Н  цохиулснаас болж хагалгаанд орсон байсан. Н...  гартаа ямар нэгэн эд зүйл бариагүй байсан. Н  ангийнханыг хичээлээс хоцрох, таслах, хичээл үймүүлэх болон буруу зүйл хийсэн тохиолдолд гараараа биеийн мөр, нуруу хэсэг рүү л цохидог, алгаддаг байсан. Тэрнээс биднийг тийм айхтар цохиж зоддоггүй байсан. Зан араншингийн хувьд бидэнтэй найз нөхөд шиг гоё харьцдаг. ... Би уг тэмцээнд хамт яваагүй, харин хамт тэмцээнд явсан найз нөхдөөсөө сонсоход Б эхний өдөр нь өвчин намдаах эм ууж байгаад тэмцээндээ оролцсон, мөн бусад үед нь хоол унд нээх идэхгүй, хэвтэж өгөөд байсан гэж л сонссон” гэх мэдүүлэг /хх-н 145-146-р хуу/

Насанд хүрээгүй гэрч Э.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр манай ангийн Ч, Б хоёр анги удирдсан  Н  цаг дээр хичээлийн цагаас хоцорч орж ирсэн юм. Тэгсэн Н  Б Ч ,хоёрыг тамхи татсан байна гэж уурлаад Ч очиж загнаад цохих шиг болоод байсан. Тэгэхээр нь эргээд хартал Ч зүүн гарын буглаг хэсэгт нь цохиж байсан. Н  тухайн үед Ч “Яагаад тамхи татаад байгаа юм бэ” гээд цохиж байсан. Би тухайн үед утсаараа интернэтээр тоглодог PUBG гэх нэртэй тоглоом тоглож байсан болохоор тухайн үйл явдалд айхтар анхаарлаа хандуулаагүй, тэгсэн дараа нь Н Б загнаад байгаа бололтой “Та хоёр тамхи татлаа” гээд л байсан. Гэхдээ би Б хойно цохиж зодсоныг хараагүй. Учир нь би тоглоом тоглож байсан болохоор тоглоомондоо анхаарлаа хандуулсан байсан юм. Ингээд хичээл үргэлжилж орсон. Би Н  Б, Ч хоёрыг урд гаргаж загнаж цохихыг л харсан. ... Тухайн үед Б нь дараагийн цаг болох Б  орсон химийн хичээл дээр бие нь өвдөөд байгаа бололтой чихэндээ чихэвч хийгээд нэг гараараа элгээ тэврээд сурагчдын суудаг сандалнаас хоёрыг нийлүүлээд хажуу хэсгээрээ хэвтэж байсан. Энэ байдлыг хичээл орж байсан  анзаараагүй байх. Учир нь Б нь хамгийн арын ширээнд нуугдмал байдалтай хэвтэж байсан юм. ... Б нь 2019 оны 02 дугаар сарын 28-наас 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хичээлдээ хамрагдсан. Тэгэхдээ Бнь олгой өвдөөд байгаа юм шиг байна гээд байнгын бөхөлзөж яваад байсан. Би уг тэмцээнд хамт явсан. Явахынхаа өмнө нь бэлтгэлийг өдөр бүр хийдэг байсан. Тэгэхэд Б зарим тохиолдол бэлтгэлээ таслаад ирдэггүй байсан. Шалтгааныг нь тодруулахаар бие өвдөөд байна гэдэг байсан. Ер нь бол Б дараагийн 7 хоногоос л бие нь өвдөөд байгаа бололтой байгаад байдаг байсан. Б 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр эмнэлэгт үзүүлсэн чинь “Олгой байж магадгүй, Б эмчийг ирэхээр үзүүл” гэж байна гэсээр эмчид үзүүлж чадалгүй Хэнтий аймгийн Чингис хот руу тэмцээнд оролцохоор явсан. Б нь гарааны тавд багтаж тоглодог. Тухайн үед тэмцээний үеэр нэг ч суулгүй гарааны тавд тоглож байсан. Гэхдээ Б нь оройдоо халуурч халууны эм ууж унтдаг байсан, харин өглөө нь өвчин намдаах эм хэрэглэж тоглодог байсан” гэх мэдүүлэг /хх-н 147-148-р хуу/

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 193 дугаартай

  1. Б.Б биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, элэгний хальсан доорх болон элэгний эдийн 6, 7-р сегментүүдийн няцрал, цусан хураа, цусан хураанаас үүссэн идээрхэг шингэн хуралдалт, хэвлийн хөндийн 2019 оны 03 сарын 14-ний өдрийн хагалгааны дараах байдал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Мөн дээрх гэмтлийг аваад хөдөлгөөн хийх боломжтой.
  4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  5. Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.
  6. Дээрх гэмтэл согог судлалын №03139 тоот өвчний түүхэнд архаг хууч өвчингүй байна гэх дүгнэлт /хх-н 35-36 хуу/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхээс шүүгдэгч Т.Н гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Т.Н нь  тамхи татсан гэх шалтгаанаар хэвлийн тус газар нь гараар цохиж  хэвлийн хөндийн битүү гэмтэл, элэгний хальсан доорх болон элэгний эдийн 6, 7-р сегментүүдийн няцрал, цусан хураа, цусан хураанаас үүссэн идээрхэг шингэн хуралдалт бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үйлдсэн болох нь:

Насанд хүрээгүй хохирогч Б.Б “... Н нь эхлээд Ч дээр очоод Ч “Яагаад тамхи татаад байгаа юм бэ” гээд толгой руу нь ганц хоёр удаа алгадсан. Тэгснээ над дээр ирж мөн л намайг “Тамхи татлаа” гээд толгойруу 2-3 удаа цохиж дахин толгой руу цохих гэхээр нь би хоёр гараараа дээшээ толгойгоо хамгаалсан чинь Н намайг гараа дээш нь өргөхөд үед миний хэвлий рүү хүчтэй цохьсон. Тэгсэн би амьсгал авч чадахаа больсон...” гэх мэдүүлэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б “...эхо-д харуулахад хүүгийн чинь элэг гэмтсэн байна, гадны нөлөөтэй үүссэн юм шиг байна гээд хүүгээс асуухад юу ч хэлэхгүй байхаар нь дагуулж гараад хүнд зодуулсан юм уу гэж асуухад манай багш намайг цохисон юм тэрнээс хойш ингээд байгаа юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг

Насанд хүрээгүй гэрч Л.Ч “...Б яаж байгаа бол гэж бодоод эргээд хартал Н  өөрийнхөө ширээ рүү буюу ангийн урд хэсэгт байдаг багшийн ширээ рүү явж, харин Б хоёр гараараа элгээ тэврээд зогсож байсан. Ингээд л хичээл үргэлжлэн орсон. Үүнээс хойш Б биеийн байдал тааруу байсан. Намайг биеийн байдлыг нь асуухад халуураад байна гээд хичээлд оролцох идэвх нь тааруу байдаг байсан...” гэх мэдүүлэг

Насанд хүрээгүй гэрч Н.Х “...Б нь дараагийн цаг болох Б багшийн орсон химийн хичээл дээр бие өвдөөд байгаа бололтой чихэндээ чихэвч хийгээд нэг гараараа элгээ тэврээд сурагчдын суудаг сандалнаас хоёрыг нийлүүлээд хажуу хэсгээрээ хэвтэж байсан...” гэх мэдүүлэг

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 193 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогчийн биед учирсан гэмтлийг шүүгдэгч Т.Н учруулсан болохыг шүүгдэгч өөрөө болон хохирогч, гэрч хэн аль нь мэдүүлсэн, хохирогчийн хэвлийн тус газар цохисны улмаас гэмтсэн, тус гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр хөдөлмөрийн чадварыг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр гэмтэл болохыг тогтоосон зэрэг үйл баримтыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. 

Шүүгдэгч нь дээрх үйлдлээ санаандгүй зүйл болсон гэж мэдүүлж байх боловч шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан, уг үйлдлийн улмаас Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын эрх ашигт хор уршиг учрах, учирч болохыг мэдсэн хэр нь уг хор уршигт зориуд хүргэжээ.  

Шүүгдэгч Т.Н нь сурган хүмүүжүүлэх арга зүйд нийцээгүй, хууль бус аргаар сурагчидтай харилцсан явдал нь тухайн гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болжээ.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Шүүхээс шүүгдэгч Т.Н хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

          Шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлага оногдуулах дүгнэлт зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял шийтгэхээр тогтов.

          Хохирол төлбөрийн талаар:

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б нь шүүх хуралдаанд “Нийт эмчилгээний зардал 6.000.000 гаруй төгрөг гарсан. Н багш хотод гарсан эмчилгээний зардалд 2.500.000 төгрөг өгсөн. Үлдсэн эмчилгээний зардлыг хүүхэд гайгүй болсон учир нэхэмжлэхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэхүү тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд тус тус дурдсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

Т О Г Т О О Х нь:

 

  1. Шүүгдэгч  Т Н хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н 700 /долоон зуу/ нэгж буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Т.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ                           Р.БАТБАЯР