| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 181/2024/04547/И |
| Дугаар | 210/МА2025/00625 |
| Огноо | 2025-04-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2025/00625
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/00728 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч “*******” ХХК-д холбогдох
Бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үүрэгт 5,889,195 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Талууд 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр БГ-22/19 дугаартай бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулж, “*******” ХХК нь “*******” ХХК-д М350 маркийн 441 м.куб бетон зуурмагийг 1 м.кубыг 250,000 төгрөгөөр нийлүүлэхээр тохирсон.
Дээрх гэрээний дагуу тус компани 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүртэл нийт 114,167,130 төгрөгийн зуурмаг нийлүүлсэн бөгөөд “*******” ХХК нь 110,241,000 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн. Харин үлдэгдэл төлбөр 3,926,130 төгрөгийг төлөөгүй, гэрээний 5.1-д заасны дагуу алданги 1,963,065 төгрөг, нийт 5,889,195 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Тус компани нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хооронд нийт 111,736,000 төгрөгийн бетон зуурмаг хүлээн авсан. Үүний төлбөрт 110,241,000 төгрөгийн 2 өрөө орон сууц хүлээлгэн өгсөн.
Талууд барааны үлдэгдэл төлбөр 1,495,000 төгрөг, тээврийн нэмэгдэл зардал 226,310 төгрөг, бартерт шилжүүлсэн эд хөрөнгө борлуулсны татвар 2,204,820 төгрөгийг оруулаад нийт 3,926,130 төгрөгийн өр төлбөртэй болохыг тооцоо хийж баталгаажуулсан, өр төлбөрийн хэмжээнд алданги төлөх үүрэг хүлээгээгүй.
Иймд “*******” ХХК нь “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн үнийн дүнгээс 3,926,130 төгрөгийг төлөхөд бэлэн байгаа бөгөөд маргаан байхгүй. Энэ үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх алдангийг хүлээгээгүй гэж маргаж байгаа гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-аас 3,926,130 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,963,065 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,177 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 77,768 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож шийдвэрлэсэн.
4.Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
4.1.Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр захиалгаар бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулагдсан.
4.2.Тус захиалгаар бетон зуурмаг нийлүүлэх гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгийн алдангийг 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 250 хоногоор 0.5 хувиар тооцоход нэг хоногийн 19,630.65 төгрөг нэхэмжилсэн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч талаас 1,963,065 төгрөгийн алданги нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосон нь шүүх нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчиж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, нэхэмжлэгч талын гэрээний дагуу хариуцагч талаас авбал зохих алданги шаардах эрхийг хязгаарласан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр 3,926,130 төгрөг, алданги 1,963,065 төгрөг, нийт 5,889,195 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч алдангид холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
3.Зохигчдын хооронд 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “бетон зуурмаг нийлүүлэх гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр “*******” ХХК нь М350 маркийн, нэгжийн үнэ 250,000 төгрөг, нийт 110,250,000 төгрөгийн үнэ бүхий 441 м.куб бетон зуурмаг нийлүүлэх, “*******” ХХК нь Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, Их тойруу ******* байр хаягт байршилтай, 110,241,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцжээ.
Талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг бүхий дээрх харилцаа нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ бөгөөд анхан шатны шүүх уг харилцааг худалдах, худалдан авах гэрээ гэж алдаатай дүгнэснийг залруулах нь зүйтэй. Худалдах, худалдан авах гэрээ нь бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний өөр төрөл бөгөөд уг гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг болно.
Дээрх гэрээ байгуулагдсан, мөн хүчин төгөлдөр эсэх талаар зохигчийн маргаангүй.
4.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагчид 114,167,130 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлсэн, хариуцагч 110,241,000 төгрөгийн орон сууц шилжүүлж, үлдэгдэл 3,926,130 төгрөгийг төлөөгүй” гэж тодорхойлсон.
Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ “нэхэмжлэгчээс 111,736,000 төгрөгийн бетон зуурмаг хүлээн авч, 110,241,000 төгрөгийн орон сууц хүлээлгэн өгсөн, үлдэгдэл төлбөр 1,495,000 төгрөг, тээврийн нэмэгдэл зардал 226,310 төгрөг, бартерт шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татвар 2,204,820 төгрөг, нийт 3,926,130 төгрөгийн өр төлбөртэй болохыг талууд харилцан тохиролцож баталгаажуулсан” гэж тайлбарласан.
5.Хариуцагч нь 110,241,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн талаар зохигч маргаагүй, харин нэхэмжлэгчийн нийлүүлсэн бетон зуурмагийн хэмжээ нь талуудын маргааны зүйл болжээ.
Нотлох үүргийн хуваарилалтын дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд хөрөнгө шилжүүлэх үүргээ хэрхэн биелүүлснээ шүүхэд баримтаар нотлох үүрэгтэй боловч хэрэгт 114,167,130 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг нийлүүлсэнтэй холбоотой баримт авагдаагүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүйг зөв дүгнэсэн.
Энэ тохиолдолд хариуцагчийн гаргасан “нэхэмжлэгчээс 111,736,000 төгрөгийн бетон зуурмаг хүлээн авсан” гэсэн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар бодит үнэнд нийцсэн гэж үзнэ.
Арилжааны гэрээгээр харилцан солилцож байгаа хөрөнгийн үнэ нь тэнцүү биш бол үнийн зөрүүг мөнгөөр тооцож болохоор Иргэний хуулийн 275 дугаар зүйлийн 275.1 дэх хэсэгт заасан бөгөөд хариуцагч нь зөрүү төлбөр 1,495,000 төгрөг тооцогдохыг хүлээн зөвшөөрсөн.
6.Хэрэгт авагдсан арилжааны гэрээний хуулбар нотариатчаар гэрчлэгдээгүй байх хэдий ч зохигч талууд алданги төлөх талаар гэрээгээр тохиролцсоныг үгүйсгэж маргаагүй байхад шүүх уг үндэслэлээр алдангид холбогдох шаардлагыг хангах үндэслэлгүй гэж буруу дүгнэснийг дор дурдсанаар залруулна.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс 111,736,000 төгрөгийн бетон зуурмаг хүлээн авч, зөрүү төлбөр 1,495,000 төгрөгийг төлөөгүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар 747,500 төгрөгийн алданги тооцогдоно.
Гэвч нэхэмжлэгч нь бетон зуурмагийн зөрүү төлбөр 3,926,130 төгрөгийг хариуцагч төлөх үүргээ биелүүлээгүй болохыг баримтаар нотолж чадаагүй учир алдангид 1,963,065 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй.
7.Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч нь арилжааны гэрээний үүрэгт 1,495,000 төгрөг, алдангид 747,500 төгрөг, нийт 2,242,500 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байх боловч анхан шатны шүүх талуудын зарчмын дагуу хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд буюу 3,926,130 төгрөгөөр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.
Иймээс нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим дүгнэлтийг дээрх байдлаар залруулж, тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/00728 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...243 дугаар зүйлийн 243.1...” гэснийг “274 дүгээр зүйлийн 274.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,359 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.ЗОЛЗАЯА