| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2019/00039/Э |
| Дугаар | 41 |
| Огноо | 2019-06-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ичинхорол |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул
Улсын яллагч Б.Ичинхорол
Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Ичинхоролоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч П.Б холбогдох 1940000840050 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 06 сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, П, Б
Шүүгдэгч П.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Б 2019 оны 04 дүгээр сарын 14-ний орой өөрийн эхнэр болох Л.С толгойн тус газар цохиж, 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хурууг нь хайчаар зүсэж, хөл рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Хохирогч Л.С 2019 оны 06 сарын 03-ны өдөр өгсөн “. Манай өөрийн гэр Дархан сумын 2 дугаар багт оршин суудаг. Манай хүүхдүүд Бор-Өндөр сумын Бор-Өндөр цогцолбор сургуульд сурдаг учраас хүүхдүүдээ хараад байр түрээслэж тусдаа амьдардаг. Би нөхөртэйгээ 2011 онд гэр бүл болж одоог хүртэл хамт амьдарч байгаа. Б бид 2 дундаасаа 3 хүүхэдтэй. Б гэр бүл болсоноос хойш хааяа гэр бүлийн асуудлаас болж хэрүүл маргаан болдог байсан. 2019 оны 04 дүгээр сарын 14-ний орой намайг гэртээ байхад манай нөхөр хөдөө гэрээсээ ирсэн. Би 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс өмнө Б захиргааны журмаар баривчлагдаад аймаг явсан хойно нь хөдөө гэрийнхээ ямааг самнаад ноолуураа тушаагаад мөнгөөр нь хүүхдүүдээ хувцаслаад илүүг нь хүүхдийнхээ хадгаламжийн дансанд хийсэн байсан юм. Тэгтэл 2019 оны 04 дүгээр сарын 14-ний орой гэрт ирээд энэ асуудлаас болж хоорондоо хэрэлдсэн. Намайг ямааны ноолуураа худалдаж борлууллаа гэж уурлаад байсан. Тэгж байгаад хүүхдийн жижиг тоглоом /7-н одойн хүүхэлдэйн киноны баатар/ барьж аваад над руу шидчихсэн чинь миний толгойны орой дээр оноод толгой хагалсан. Толгой хагалсан хэсгээс цус гоожихоор нь цусаа тогтоогоод унтаж амарсан. Б миний толгойг хагалчихаад хэрүүл хийхээ болиод гэртээ унтсан. Би ч гэсэн гайгүй юм шиг болохоор нь эмнэлэг яваагүй юм. Үүний дараа 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр манай нөхөр хөдөөнөөс ирээд надаас хүүхдийн хадгаламжинд хийсэн мөнгөө авч өг, шинээр мотоцикль авна гэж уурласан. Мотоцикль авчихаад дараа нь эргүүлээд мөнгийг нь хүүхдийн хадгаламжинд хийнэ гэж хэлэхээр нь би хүүхдийнхээ хадгаламжнаас мөнгө авч өгөхгүй гэсэн чинь над руу уурлаж хэрэлдсэн. Тухайн үед би цонхны тавцан дээр байсан саарал, ягаан алаг бариултай хайчийг аваад хөргөгч рүүгээ хийх гэтэл миний шилбэ рүү өшиглөөд гарт байсан хайчийг булааж авахдаа эрхий хуруу долоовор хурууны хооронд зүсчихсэн. Намайг хайч аваад өөр рүү нь дайрах гэж байна гэж ойлгосон юм шиг байна лээ, миний гарт байсан хайчийг булаахдаа 2 хурууны хооронд зүсчихсэн. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өглөө гэж хэлсэн чинь Б гэрээсээ гараад явчихсан. Б гэрээс явсны дараа эмнэлэг дээр очиж зүсэгдсэн шархандаа 3 ширхэг оёдол тавиулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27-р хуудас/
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 сарын 10-ны өдрийн №205 тоот:
1.Л.С биед толгойн зулай хэсгийн няцарсан шарх, баруун гарны эрхий хурууны уг хэсгийн зүсэгдсэн шарх, баруун шилбэний хэсгийн цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх баруун гарны эрхий хурууны уг хэсгийн гэмтэл нь хурц иртэй зүйлийн, бусад гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 8-р хуудас/,
-Шинжээч Ж.А 2019 оны 06 сарын 06-ны өдөр өгсөн: “Л.С биед учирсан гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Л.С биед 2019 оны 04 сарын 14-ний өдөр учирсан толгойн зулай хэсгийн няцарсан шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн С биед 2019 оны 04 сарын 19-ний өдөр учирсан баруун гарны эрхий хурууны уг хэсгийн зүсэгдсэн шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин С биед учирсан баруун шилбэний хэсгийн цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 30/
-Эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал, мөрдөн шалгах ажиллагаа явуулах прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 21-24-р хуудас/,
-Хохирогч Л.С 2019 оны 06 сарын 03-ны өдөр өгсөн “Миний бие нөхөр П.Б гэр бүлийн хувийн шалтгааны улмаас маргалдаж, улмаар миний нөхөр 2019 оны 04 сарын 14, 19-ний өдрүүдэд миний биед халдаж, хөнгөн гэмтэл учруулсан. Миний бие тухайн үед Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан. Үүний дараагаас нөхөр бид хоёр эвлэрч, миний бие бага насны 3 хүүхдээ бодож, нөхрөө уучилсан” гэх хүсэлт /хх-ийн 31/
-Яллагдагч П.Б 2019 оны 05 сарын 30-ны өдөр өгсөн “Манай гэр Хэнтий аймгийн Дархан сумын 2 багийн нутаг Хар толгойн гол гэх газар байдаг бөгөөд би хөдөө мал дээрээ байдаг. Манай эхнэр 3 хүүхдийнхээ хамт Бор-Өндөр сумын 1 баг Нийтийн байрны 1-4 тоотод түрээсээр амьдардаг. Хүүхдүүд сургууль цэцэрлэгт явдаг учраас эхнэр хүүхдүүдтэй Бор-Өндөр суманд байдаг. Би С 2011 оноос хойш гэр бүл болон тусдаа амьдарч байгаа. Бид хоёрт албан ёсны гэр бүлийн баталгаа байгаа. Би 2019 оны 3 сарын 12-ны өдөр Бор-Өндөр сумын төвд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж 10 хоногийн баривчлагаа авч Хэнтий аймгийн төвд байх баривчлах байранд очсон. Намайг баривчлагаанд байж байгаад ирэхэд эхнэр хөдөө очоод ямаануудаа самнаад ноолуураа худалдаж борлуулаад мөнгийг нь хүүхдүүдийн хадгаламжинд хийчихсэн байсан. Би баривчлагаанаас ирээд хөдөө мал дээрээ байж байгаад 2019 оны 4 сарын 14-ний орой Бор-Өндөр сум руу яваад гэртээ ирээд С ямааны ноолуурны асуудлаас болж хоорондоо маргалдсан. Тэгээд хэрэлдэж байхдаа 7 одойн хүүхдийн тоглоомыг С руу шидсэн. Тэгсэн чинь С толгойны орой хэсэгт нь оносон бөгөөд тэндээс нь цус гарсан. Тэгээд би алчуур авч өгөөд цусыг нь тогтоогоод хэрэлдэхээ болиод гэртээ унтаж амарсан. Тэгээд маргааш өдөр нь хөдөө гэр рүүгээ явсан. Хөдөө мал дээрээ байж байгаад 2019 оны 04 сарын 19-ний өдөр Бор-Өндөр суманд ирээд гэртээ ирсэн. Тэгээд эхнэртэйгээ уулзаж ярьж байгаад хүүхдүүдийн хадгаламжнаас мөнгө аваад өг, мотоцикль авъя. Мөн ямаа самнасан хүмүүсийн мөнгийг өгье гэж хэлсэн чинь С надад мөнгө өгөхгүй гэж хэлсэн. Хүүхдүүдийн хадгаламжийн мөнгөө эргүүлээд хийнэ гэж хэлээд байхад мөнгө өгөхгүй гээд байхаар нь би уурласан. Тэгээд мөнгө өгөхгүй болохоор нь хөргөгчнөөс мах аваад гарах гэтэл С цонхны тавцан дээр байсан хайч бариад над руу чиглээд ирэхээр нь хайчийг нь булааж авах гээд хөл рүү нь өшиглөөд хайчийг булааж авсан. Хайчийг нь булааж авахдаа баруун гарын эрхий хуру, долоовор хуруу хоёрын хооронд зүсчихсэн. Учир нь С хоёр гараараа хайчаа барьчихаад тавихгүй байсан ир үзүүр байгаа хэсгээ баруун гараараа барьчихаад бариулыг нь зүүн гараараа барьчихаад байсан юм. Тэгээд би голоос нь барьж байгаад хайчийг нь булааж авахдаа зүсчихсэн юм. Тэгээд Сайнчулуун цагдаа дуудлага өглөө гэхээр нь гэрээсээ гараад хөдөө гэр рүүгээ явсан. С гэгчтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас биед нь халдаж гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Би өөрийн гэм буруутай үйлдлээ гэмшиж хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18-р хуудас/
-Шүүгдэгч П.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:
-Хохирогч Л.С шинжээч эмч Ж.А нарын мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 сарын 10-ны өдрийн №205 тоот шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч П.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Тухайлбал шүүгдэгч П.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 14-ний орой хохирогч Л.С толгойн тус тусах газар цохиж 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч Л.С хурууг нь хайчаар зүсэж, хөл рүү нь өшиглөж, хохирогч Л.С биед толгойн зулай хэсгийн няцарсан шарх, баруун гарны эрхий хурууны уг хэсгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Ичинхоролоос шүүгдэгч П.Б холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч П.Б зүй бус үйлдэл, хувийн таарамжгүй харьцаа нөлөөлсөн байна.
Иймд шүүх шүүгдэгч П.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
Гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан, хохирогч Л.С нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг өгсөн тул шүүгдэгч П.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч П.Б холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгон, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П.Б нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:
Шүүгдэгч П.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, шинжээчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.
Шүүгдэгч П.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.
Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч П.Б Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Б эрхэлсэн ажил, сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 7 одой киноны баатрын дүр бүхий тоглоом 1 ширхэг, саарал ягаан алаг бариултай хайч нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 7, 8, 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг
удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1.Шүүгдэгч П Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П Б 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч П.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8
дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “7 одой киноны баатрын дүр бүхий тоглоом 1 ширхэг, саарал ягаан алаг бариултай хайч нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5
дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ М.ЭНХМАНДАХ