| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Магнайбаярын Мөнхдаваа |
| Хэргийн индекс | 201505000323 |
| Дугаар | 2017/ДШМ/015 |
| Огноо | 2017-05-02 |
| Зүйл хэсэг | 214.2., |
| Улсын яллагч | Д.Эрдэнэсоёл |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2017/ДШМ/015
*******, *******, *******, *******
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Б.Намхайдорж, В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Яллагдагч *******, *******, *******
Нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам нарыг оролцуулан:
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбатын гаргасан 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 82 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Мөнх-Эрдэнийн бичсэн 2017 оны 04 тоот эсэргүүцлээр *******, *******, *******, ******* нарт холбогдох 201505000323 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, ................тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /*******/
2. Монгол Улсын иргэн, овогт гийн ............... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2008 оны 7 дугаар сарын 24-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзаж байсан, регистрийн дугаар //
3. Монгол Улсын иргэн, овогт ын , ........... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар //
4. Монгол Улсын иргэн, овогт ын , ............... байранд оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 1997 оны 6 дугаар сарын 9-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн 1, 171 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 110.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, 1999 оны 1 дүгээр сарын 11-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан, регистрийн дугаар //
*******, *******, *******, ******* нар нь урьдчилан үгсэн тохиролцож 2015 оны 10 дугаар сарын 2-ноос 7-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Баянлиг сумын 3 дугаар багийн нутаг “Овоон шанд” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутагт хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаль экологид үлэмж хэмжээний буюу 10.761.834 төгрөг 72 мөнгөний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн прокурорын газраас *******, *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 226 дугаартай шүүгчийн захирамж, Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 14 дугаартай магадлалд заагдсан ажиллагааг бүрэн дүүрэн эцэслэн шалгаж тогтоогоогүй байна. Шүүгчийн захирамж, шүүхийн магадлалыг биелүүлээгүйгээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 328, 329 дүгээр зүйлүүдийг тус тус ноцтой зөрчсөн байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийг хэн хэн яаж үйлдсэн, гэмт хэрэг гарсан байдал, хэргийн бусад байдлыг тогтоогоогүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг прокурор яллах дүгнэлтэндээ хуульд зааснаар тогтоогоогүй. Энэ нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтооход ач холбогдолтой байна.
Иймд мөрдөн байцаагч, прокурор хэргийн нотлох баримтыг бүхэлд нь сайтар харьцуулан шалгаж үнэлэх, улмаар тухайн мэдүүлэг, баримтын эргэлзээ, зөрүү, дутуу шалгасан асуудал бүрийг зөвтгөж, эрх зүйн дүгнэлтийг зөв хийж, мөрдөн байцаалтын ажиллагааг нэг мөр, зөв, бүрэн гүйцэд хийхэд онцгой анхаарах, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчихгүйн тулд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж үзэн хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.
Прокурор 2017 оны 04 тоот эсэргүүцэлдээ: Мөрдөн байцаалтын шатанд шүүгчийн захирамжид заасан нэр бүхий иргэд болох гэрч , , , , , Ж.*******, яллагдагч *******, *******, *******, ******* нарыг байцаасан, яллагдагч *******, ******* нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан захирамжийн заалт бүрэн биелэсэн байна.
Мөн Магадлалд шүүгчийн захирамжийн заалтаас өөр нэмж хийж гүйцэтгэхээр заасан ажиллагааны 1-р үндэслэл болох: “******* нь уг хэрэгт холбогдолтой эсэхийг зайлшгүй шалган тогтоох” гэсэн заалтын дагуу дээд шатны прокуророос *******д холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хүчингүй болгон *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн, мөн 2-р үндэслэл болох: “Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан байгаа 98.88, 58.12 тус бүр грамм жинтэй жижиг шар металл нь алт мөн эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй байх тул дүгнэлт гаргуулж яллагдагч нарыг ашигт малтмал олборлосон эсэхийг тогтоох” гэсэн заалтын дагуу Геологийн төв лабораторийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 8 дугаартай дүгнэлтийг гаргуулсан, 3-р үндэслэл болох: “Баянхонгор аймгийн Баянлиг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Овоон шанд” гэх газар нь төрийн тусгай хамгаалалттай газар мөн эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул уг газрын солбилцолын цэгийг нарийвчлан тодорхойлуулж, тусгай хамгаалалттай газарт ордог эсэх, эсхүл тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын бүсэд ордог эсэхийг нарийвчлан тогтоох” гэсэн заалтын дагуу Баянхонгор аймгийн Баянлиг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Овоон шанд” гэх газрын солбилцол, тус газар нутаг нь төрийн тусгай хамгаалалттай газар мөн болохыг тус тус тогтоолгон Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан бичгийг хавсралтын хамт хэрэгт хавсаргасан байгаа болно.
2. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг прокурор яллах дүгнэлтдээ хуульд зааснаар тогтоогоогүй гэсэн нь ойлгомжгүй байна.
Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас байгаль экологид үлэмж хэмжээний хохирол буюу 10.761.834 төгрөг 72 мөнгөний хохирол учруулсан болох нь иргэний нэхэмжлэгч М.Баярмаагийн мэдүүлэг болон Байгаль орчины зөвлөх ХХК-ний шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 8 дугаартай дүгнэлт, Геологийн төв лабораторийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 8 дугаартай дүгнэлт, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ц.Алтансүхийн илтгэх хуудас, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, хүдэр боловсруулах үйлдвэрт Алтны баяжмалтай гэх чулууг тээрэмдүүлж баяжмалыг нь ялгуулж авсан тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож. хэрэгт хавсаргах тогтоолууд, гэрэл зургийн үзүүлэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон учир прокуророос яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт байгаль экологид учирсан хохирлын хэмжээг 10.761.834 төгрөг 72 мөнгөний хохирол учруулсан гэж тэмдэглэсэн бол яллах дүгнэлтийн хавсралтанд “Гэмт хэргийн улмаас байгаль экологид 10.761.834 төгрөг 72 мөнгөний хохирол учирсан бөгөөд Байгаль орчиныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4-ийн 5 дахь хэсэгт зааснаар тухайн ангиллын газрын экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэхээр заасны дагуу 32.285.504 төгрөгийг нөхөн төлөх талаар заасан байхад гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар хэр хэмжээг прокурор яллах дүгнэлтэндээ хуульд зааснаар тогтоогоогүй гэсэн нь шүүгч хуулийг буруу ойлгож тайлбарласан гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтооход ач холбогдолтой ямар ямар ажиллагаануудыг хийж гүйцэтгэх шаардлагатай байгаа талаар заагаагүй, ямар ямар мэдүүлэг, баримт эргэлзээтэй, зөрүүтэй байгаа, ямар ажиллагааг дутуу шалгасан, ямар хууль зөрчсөн ажиллагааг хуульд нийцүүлэн зөвтгөх шаардлагатай байгааг тодорхойлоогүй байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт заасан “...шүүхийн тогтоол нь тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх...” хуулийн шаардлагад нийцэхгүй байгааг дурьдах нь зүйтэй байна.
Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* гаргасан дүгнэлтэндээ: Прокурорын эсэргүүцлийг дэмжин шүүх хуралдаанд оролцож байна. Хэрэгт шалгавал зохих ажиллагаануудыг бүгдийг шалгасан байгаа тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх саналтай байна гэв.
Яллагдагч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед ******* нь би ажилгүй болох гээд байна миний нэрийг битгий гаргаарай гэдэг байсан, бид гуравт газар ухаж ашигт малтмал олборлосон зүйл байхгүй, үнэхээр авсан бол хэргээ үнэн зөвөөр мэдүүлэхэд бэлэн байна гэв.
Яллагдагч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Биднийг тухайн газраас ашигт малтмал олборлоогүй гэдгийг тэнд байсан хамгаалалтын хүмүүс бүгд мэднэ. Мөн бидний олборлосон гээд байгааг чулууг боловсруулахад байлцуулаагүй гэв.
Яллагдагч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид байгальд ямар нэгэн хохирол учруулаагүй байхад яллаж байгаад гомдолтой байна гэв.
ХЯНАВАЛ:
*******, *******, *******, ******* нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд авагдсан гэрч, сэжигтэн, яллагдагч нарын өгсөн мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдагдсан асуудлуудыг нэг мөр шалган тогтоож зохих ажиллагаануудыг бүгдийг шалгасан байх тул хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүгч тал бүрээс нь бодит байдлаар хянан үзэж өөрийн дотоод итгэлийн хүрээнд үнэлж яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцэх боломжтой байна.
Мөн шүүгчийн захирамжид дурдагдсан хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтооход ач холбогдолтой байж болох ямар ямар ажиллагаануудыг хийж гүйцэтгэх шаардлагатай байгаа, хэн хэний мэдүүлэг хоорондоо хэрхэн зөрсөн талаар тодорхой дурдаагүй, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт шалгавал зохих ямар ямар ажиллагааг дутуу шалгасан, хууль зөрчсөн ямар ажиллагааг ямар хуульд нийцүүлэн зөвтгөх шаардлагатай байгаа, захирамжид дурдагдсан ажиллагаануудыг хийж гүйцэтгээгүй нь Эрүүгийн хуулийн аль зүйл хэсгийг буруу хэрэглэх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ямар заалт ноцтой зөрчигдөх нөхцөл байдал үүссэн зэргийг тодорхой бичээгүй зэрэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт заасан “...шүүхийн тогтоол нь тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх...” хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Иймд хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Мөн анхан шатны шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлж шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээгүй атлаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан нь буруу буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй бөгөөд шүүгчийн захирамжийг хууль ёсны болсон гэж үзэх боломжгүй байгааг болон шүүгч прокуророос шилжүүлж ирүүлсэн хэргийг хүлээн авсан даруйдаа өөрийн эрх хэмжээний хүрээнд яллагдагч нарт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлд заасан таслан сэргийлэх арга хэмжээнүүдээс аль тохирохыг оновчтой зөв сонгон хэрэглэж шүүгчийн захирамж гарган шийдвэрлэж байх нь зүйтэй зэргийг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар
зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.2, 322 дугаар
зүйлийн 322.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 82 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 201505000323 тоот хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол *******, *******, *******, ******* нарт хэрэглэсэн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг уншиж сонсгомогц нэн даруй заавал биелүүлэх бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ
В.ЦЭЦЭНБИЛЭГ