Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 53

 

 

Ө.В-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Б.Бат-Эрдэнэ, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Д.Булганцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М, Ч.Ч,

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 121А дугаар шийтгэх тогтоол,

Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 09 дүгээр магадлалтай, 201315000324 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн, Х.Цэцэгхорол нарын гомдлоор хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1968 онд төрсөн, эрэгтэй, 1999 онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Ө.В нь Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь заалтад заасан “Онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ө.В-ийг онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь заалтад зааснаар 19 жил хорих ял шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.В, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн, хохирогч С.М нарын гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосон байна.

 

Илтгэгч шүүгч Б.Бат-Эрдэнийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Булганцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М, Ч.Ч нарын саналыг сонсоод

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ө.Вийн өмгөөлөгч П.Адъяасүрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шүүгдэгч Ө.В хохирогчийн амь насанд хэрхэн, яаж халдсаныг тогтоогоогүй байж ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Ө.Вийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалж үзвэл шууд санаатай үйлдлээр хохирогчийн амь насанд халдсан эсэхийг нотлох баримтаар бүрэн тогтоогоогүй, болж өнгөрсөн үйл явдлын цорын ганц гэрч болох Одгэрэлийн мэдүүлгийн эх сурвалжийг бүрэн батлаагүй байна. Хэрэг учрал болохын өмнө айл хөршийн зан заншлаар шүүгдэгч, хохирогч хоёр хамтарч ажил төрлөө ярилцаж, архи хуваан ууж байсан, хохирогч архинаас болж уурлаад Ө.Вийн эрх чөлөөнд халдсан байдаг. Энэ нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгчийн “Би зугтаах гэж байгаад хохирогчийг дайрсан” гэсэн мэдүүлэг үндэстэй гэж үзэж байна. Хяналтын шатны шүүхэд дараах хүсэлтийг гаргаж байна. Үүнд, шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, Ө.Вийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 93 дугаар зүйлээр зүйлчилж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Ө.Вийн өмгөөлөгч Х.Цэцэгхорол хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Ө.В нь хохирогч Р.Өын амь нас миний буруутай үйлдэлтэй холбоотой гэдгээ хэрэг гарсан үеэс хүлээн мэдүүлдэг. Цаг хугацааны хувьд маш богино хугацаанд хохирогчид олон тооны шинэ гэмтлийг яаж учруулсан нь тодорхой бус байдаг. Шинжээч хохирогчид учруулсан гэмтлийг мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэж дүгнэсэн. Ө.Вийн мэдүүлж байгаагаар тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн тохиолдолд хавирганы хугарал нь далд олон тооны нэг талдаа хугардаг болох, мөн хөдөлж байгаа тээврийн хэрэгсэлд мөргүүлэхэд биеийн ерөнхий доргилттой холбоотойгоор цээж, хэвлийн хөндийн эрхтнүүдэд янз бүрийн гэмтэл учирдаг. Тэр дундаа уушги, дэлүү, бөөр зэрэг цуллаг эрхтнүүдийн холбоосонд нь цус харвах, эд няцрах, тасрах гэмтлүүд ч үүсч болдгийг шүүх эмнэлгийн заавар болон бусад холбогдох баримт материалуудаас харахад тодорхой байна. Анхан болон давж заалдах шатны шүүх энэ байдалд огт дүгнэлт өгөлгүй онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэм буруутайд тооцож, ял оногдуулж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Ө.Вийн машинд үзлэг хийсэн тэмдэглэлд урд буфер хонхойсон гэж тэмдэглэсэн атлаа түүнийг хуучин гэж шууд дүгнэсэн. Харин дахин машинд үзлэг хийхэд энэ талаар огт тусгагдаагүй байдаг. Хохирогчид учруулсан гэмтэлтэй холбоотой асуудлаас гадна онц харгис хэрцгий аргаар алсан гэдэгт өмгөөлөгчийн хувьд эргэлздэг” гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Ө.В миний хүүг алсанд би маш их гомдолтой байна. Олон удаагийн шүүх хурал болоход Ө.В “машинаар шүргэсэн, дайрсан эсхүл ганц удаа цохьсон” гэж өөр өөр мэдүүлдэг. Үнэн мөнийг нь олмоор санагддаг юм. Энэ хэргээс хойш хямраад ухаан мэдрэл хагас болсон. Намайг тэжээн тэтгэж байсан ганц хүү минь байсан” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ч хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Ө.Вийн хоёр дүү нь энэ хэрэгт холбогдолтой байсан учраас бид анхнаасаа бүлэг хэрэг гэж үзэж гомдол гаргаж байсан. Өөрөөр хэлбэл бүлэг хэрэг гэж үзэж хэргийг шийдвэрлээгүйд гомдолтой байдаг. Оршуулгын зардалд 8,000,000 гаруй төгрөг өгсөн, бусад гарсан зардлуудаа шат дараалан нэхэмжилж байгаа боловч одоо болтол өгөөгүй. Ганц хүн манай ахыг бүтэн эрхтэн байхгүй болтол нь зодож, амь насыг нь хохироосон гэж бодохгүй байна. Ө.В эхлээд “хэрэг болох үед манай хоёр дүү ирж зодсон” гэж хэлсэн байдаг. Гэтэл хоёр дүүг нь хэрэгт холбогдолгүй гэж үзээд цагаатгаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Энэ хэрэгт нэмж шалгах зүйлүүд байгаа. Ө.В ганцаараа хэрэг үйлдсэн гэж тооцогдсон учраас ял нь хөнгөдсөн” гэв.

 

Прокурор Д.Булганцэцэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Ө.Вийн үйлдсэн хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтээр хохирогчийн бие, толгой хэсэгт олон тооны шарх гэмтэл үүсч, нийтдээ 10 хавирга, өвчүү хугарсан, элэг бяцарч, дотуур цус алдалтын шокын улмаас нас барсан нь тогтоогдсон. Шинжээч эмч мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн үед “эдгээр гэмтлүүд нь машинаар мөргөх үед үүсэхгүй, харин олон удаагийн үйлчлэлээр үүснэ” гэсэн мэдүүлэг өгсөн. Талийгаачийн өмсөж явсан хувцаст үзлэг хийж, бэхжүүлж авсан гэрэл зургаас харахад цайвар хөх өнгийн дээлэн дээр ямар нэг машины дугуйны мөр гараагүй байгаагаас харахад Ө.Вийн “Өыг машинаар мөргөсөн” гэх мэдүүлэг үгүйсгэгдэж байна. Ө.Вийн биед нүдэнд нь хөхрөлт үүссэнээс өөр гэмтэл илрээгүй байдлаас харахад хохирогчид хүчээр дарлагдсан, хүндээр доромжлогдсон байдал тогтоогдоогүй гэж үзэж байна. Талийгаач нь хүнд зэргийн согтолттой байсан. Хүнд зэргийн согтолттой байхад түүний биед олон тооны шарх, гэмтэл үүсгэж, зодож, амь насыг нь хохироосон нь онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байна. Өөрөөр хэлбэл хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй учраас шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Шүүгдэгч Ө.В нь 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Төгрөг сумын “Их-Ус” 2 дугаар багийн нутаг “Дэртийн товгор” гэх газарт Р.Өыг зодож, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт бэхжүүлэгдэж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаар шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь заалтад заасан онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах гэмт хэргийн үндсэн шинж нь хүнийг алахын өмнө буюу алах явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон байх зэргээр илрэн гардаг онцлогтой.

 

Ө.В нь Р.Өыг алах явцдаа олон тооны шарх, гэмтэл учруулсан болох нь “...Р.Өын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зүүн 3-13 дугаар хавирга, баруун 3 дугаар хавирга, өвчүүний хугарал, элэгний язрал, сэмж чацархайн цус хуралт, зулай, дагз, зүүн хөмсөг, дээд уруулын хэсэгт язарсан шарх, баруун шанаа, дух, баруун чих, зүүн хөмсөг, хамар, зүүн шанаа, хацар, эрүү, өвчүү, зүүн бугалга, баруун гарын тохой хэсэгт шинэ, баруун сарвууны ар хэсэгт хуучин зулгаралтууд, зүүн шуу, хэвлийн баруун хэсэгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдож байна. Талийгаач нь хавсарсан гэмтлийн улмаас дотуур цус алдалтын шоконд орж нас баржээ” /хх-I-153/ гэсэн шинжээчийн 61 дүгээр дүгнэлт, “...Гэртээ буцаад ирсэн чинь Ө нилээн согтчихсон чамайг ална аа гээд надаас зуураад байсан. Гар нь нилээн суларсан байх шиг болохоор нь би машинаасаа буугаад нүдчихсэн, өшиглөөд дэвсээд, гараараа тааралдсан газар нь цохиж, чирээд, ямаа хэн сааж өг гэсэн юм гэж хэлсэн. Машины хажуу талаас өөрийнх нь мотоциклийг хүртэл чирэхдээ нүдээд явсан. Яв гэсэн чинь хариу өгөхгүй болохоор нь гэртээ орсон” /хх-I-220/ гэсэн Ө.Вийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байх ба харин амь хохирогч Р.Өыг тээврийн хэрэгслээр дайрч алаагүй болох нь “...Гэмтлүүд нь тухайн болсон хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайлбал, цээж, хэвлийн битүү гэмтлүүд нь өшиглөх, дэвсэх, бусад гэмтлүүд нь цохих, нидрэх, шүргэх зэрэг үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой байна” /хх-III-172/ гэсэн шинжээчийн 63 дугаар дүгнэлт, “...07 91 ӨВР дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд тал, кабины хаалга, гупр, крыло, дугуйны обуд болон гадна тал, машины доод хэсэгт үзлэгийг нарийвчлан явуулахад сэжиг бүхий хэрэгт ач холбогдолтой ул мөр илэрсэнгүй. ...тээврийн хэрэгсэлд бохирлогдсон ямар нэг ул мөр байхгүй байлаа” /хх-III-121/ гэсэн Ө.Вийн эзэмшлийн 07 91 ӨВР дугаартай “Bongo frontier” загварын тээврийн хэрэгсэлд 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

 

Ө.Вт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн, шүүхийн тогтоол гаргахад чухал ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлыг шалгаж тогтоосон бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн, Х.Цэцэгхорол нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 121А дугаар шийтгэх тогтоол, Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 09 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн, Х.Цэцэгхорол нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БАТЦЭРЭН

 

                        ШҮҮГЧ                                                           Б.БАТ-ЭРДЭНЭ