Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2020/0253

 

        “Н т” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

        Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Г.Билгүүн, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.Б, Д.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 80 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Н т” ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 80 дугаар шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1, Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.1-д заасныг тус тус баримтлан “Н т” ХХК-ийн гаргасан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 0005530 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлыг хэрэгсэхгүй болгож, уг шийтгэлийн хуудасны 2 дахь заалтыг улсын байцаагчаас зөвтгөх хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж,

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт тус тус заасны дагуу гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж” шийдвэрлэжээ.

        Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П давж заалдах гомдолдоо “хоёр өөр гэрээгээр зохицуулагдаж байгаа тус тусдаа компаниудын харилцааг нэг зөрчлийн хэргээр шалгаж нэг үндэслэлээр шийтгэл ногдуулж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлдээ хариуцагчийн тайлбар, үндэслэлийг тэр чигт нь барьж шийдвэрлэсэн. Яг аль зүйл заалт ямар үндэслэлээр хууль зөрчиж байгаа талаар үнэлэлт дүгнэлт огт хийгээгүй байгаа нь маш тодорхойгүй байна.

        Бараа бүтээгдэхүүнийг борлуулж борлуулсан дүнгээс тодорхой хувь авч байгаа үйлдэл нь хууль зөрчөөгүй, гэрээнд ямар ч үнэ тавихгүйгээр талууд борлуулалтын дүн, шимтгэлийн хувь бодох боломжгүй. үнэ өөрчлөгдөх бүрд гэрээнд зааснаар зохицуулагдаад явдаг. Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д давамгай байдалтай аж ахуйн нэгж нь “зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах” гэсэн хориглосон заалт байгаа нь буруутгах үндэслэл болохгүй байна.

        Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 0005530 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

        Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.Б давж заалдах гомдолдоо: “ ... Борлуулалтын дүн нь 2017 онд “М-С-Э К-к” ХХК-д шилжүүлсэн бараа бүтээгдэхүүний борлуулалтын дүнгээр тооцсон, энэхүү 13,560,814,367.04 төгрөг нь тухайн хүснэгт дэх 1-12 сарын борлуулалтын орлогын нийлбэрээс зөрүүтэй, гомдол гаргагчаас өөрсдийн буруугаас алдаатай тооцоолол өгсөн” гэх “Н т” ХХК-ийн тайлбарыг тусгаж, улсын байцаагчийн торгууль ногдуулах үндэслэл болсон борлуулалтын орлогын дүнгийн зөрүүг шүүхээс зөвтгөх боломжгүй тул улсын байцаагч хянаж, зөвтгөх хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн.

        2016, 2017 онд авч борлуулсан бараа бүтээгдэхүүний тоо, тухайн бараа бүтээгдэхүүний 2016, 2017 оны борлуулалтын орлогын дүнг тус компанийн санхүүгийн тэмдэг бүхий бэхжүүлсэн нотлох баримтыг гаргуулан авч “Н т” ХХК-д тус торгуулийг ногдуулсан.

        Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “Н т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “өөрсдийн буруугаас алдаатай тооцоолол өгсөн, манай борлуулалтын орлого 5 тэрбум” гэснийг дурдсан атлаа борлуулалтын орлогын аль нь “Н т” ХХК-ийн орлого болох талаар нэмэлт нотлох баримт цуглуулалгүйгээр шийтгэврийг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй.

        Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 80 дугаар шийдвэрийн шийтгэлийн хуудсын 2 дахь заалтыг улсын байцаагчаас зөвтгөх хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн хэсгийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Гомдол гаргагч “Н т” ХХК-аас “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 0005530 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай“ гомдол гаргажээ.

        “Н т” ХХК 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “М-С-Э К-К” ХХК-тай “Худалдааны хамтран ажиллах гэрээ”-г байгуулжээ.

        Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 /Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно/, 11.1.1 /бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох/-д зааснаар аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл, байгуулах, бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоохыг хоригложээ. Тодруулбал, аж ахуй эрхлэгчид бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох байдлаар өрсөлдөөнийг хязгаарласан гэрээ, хэлцэл хийх ёсгүй.

        Гомдол гаргагч “Н т” ХХК-ийн тухайд “М-С-Э К-К” ХХК-ийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг худалдан борлуулах үйлчилгээ үзүүлэх “Худалдааны хамтран ажиллах гэрээ”-нд бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон, ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудыг тухайн үнээс хямд үнээр худалдан борлуулах буюу өрсөлдөөнийг хязгаарласан зохицуулалтуудыг хүлээн зөвшөөрч байгуулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

        Тухайлбал, “Худалдааны хамтран ажиллах гэрээ”-ний 6.3-д “Нийлүүлэгчийн тогтоож өгсөн жижиглэнгийн үнэ нь ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй дэлгүүр, үйлчилгээний газрын үнээс хямд эсвэл адил байх /хямдралтай үеийн үнэ мөн хамаарна/ хямд үнийн баталгааг хангасан байна” гэх заалтаас үзвэл “Н т” ХХК үйлдвэрлэгч этгээдээс тогтоосон бараа, бүтээгдэхүүний жижиглэнгээр борлуулах үнээр тухайн бараа бүтээгдэхүүнүүдийг худалдан борлуулж байсан нь тогтоогджээ.

        Өөрөөр хэлбэл, гэрээний дээрх заалт хэлбэрийн хувьд бараа бүтээгдэхүүн нийлүүлэгч этгээдтэй “Н т” ХХК бараа бүтээгдэхүүний үнийг гэрээгээр тогтоосон мэт боловч энэ нь бодит байдалд бусад борлуулагч нарын зах зээлд шударга өрсөлдөх боломжийг хязгаарласан байна.

        Нөгөөтэйгүүр, гэрээний 7.1-д “Борлуулагч нь нийлүүлэгчтэй харилцан тохиролцсон барааны жижиглэнгийн үнийн дүнгийн 19 хувийг бараа борлуулсны шимтгэл болгон авах”-аар,

        10.1-д “Талууд сар, улирал бүрээр болон тухай бүрд нь бараа нийлүүлэх тоо хэмжээ, үнэ, ачилт хийгдэх хугацаа, барааны хямдрал, урамшуулал, захиалгыг харилцан тохиролцож графикаар баталгаажуулах”-аар,

        хавсралтын 5-д “Дэлхийн хэмжээний сүлжээ дэлгүүрүүд Монгол Улсын зах зээлд үйл ажиллагаа явуулж эхлэх үед тухайн дэлгүүр нь хямд үнийн бодлого баримталсан тохиолдолд нийлүүлэгч тал тус дэлгүүрт шаардлага хүргүүлэх ба тохиролцоонд хүрээгүй байх хугацаанд борлуулагч тал үндсэн гэрээний 6.4-г баримтлан торгууль ногдуулсан тохиолдолд нийлүүлэгч тал бараа нийлүүлэхгүй байх хүртэл арга хэмжээг авах эрхтэй”-гээр зааснаас үзвэл “Н т” ХХК борлуулагчаас тогтоосон үнээр бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулдаг болохыг давхар харуулж байна.

        Үүнээс гадна хариуцагч албан тушаалтнууд хэрэглэгчид буюу нийтийн эрх ашгийг хөндсөн талаарх мэдээллийн дагуу “Н т” ХХК-д холбогдуулан 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн, улмаар үйлдсэн зөрчилд нь холбогдогч “Н т” ХХК-д шийтгэл ногдуулсан тул энэ талаар ““М-С-Э К-К” ХХК-тай байгуулсан “М” ХХК-ийн гэрээ манай компанид хамааралгүй, манай компанийн гэрээ өөр байтал нэг зөрчлийн хэргээр шалгаж шийтгэл ногдуулсан” гэх гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

        Эдгээрээс үзвэл гомдол гаргагч “Н т” ХХК үйлдвэрлэгч этгээдтэй “үйлдвэрлэгчээс нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүнийг тухайн зах зээлд ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй эрхлэгчдээс хямд үнээр борлуулахгүй байх нөхцөл”-өөр байгуулсан гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байсан нь Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзнэ.

        Энэ тохиолдолд хариуцагч албан тушаалтан “Н т” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.3 /бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, борлуулалт, ачилт болон тээвэрлэлт, зах зээлд нэвтрэн орох боломж, хөрөнгө оруулалт, техник, технологийн шинэчлэлийг хязгаарлах гэрээ, хэлцэл (картель) байгуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/-д заасан шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй.

        Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 /Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ/-д зааснаар хариуцагч албан тушаалтнууд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, зөрчлийг шалган тогтоож, зөрчил үйлдсэн этгээдэд шийтгэл ногдуулах үндэслэлийг, ялангуяа холбогдогч этгээдийн тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэх тохиолдолд “Н т” ХХК-ийн тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогыг зайлшгүй зөв тодорхойлох учиртай.

        Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч албан тушаалтнууд гомдол гаргагч “Н т” ХХК-аас 2017 оны борлуулалтын орлогоо илтэд алдаатай гаргаж өгснийг анхааралгүй шийтгэлийнхээ үндэслэл болгосон нь  Зөрчлийн тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д нийцээгүй байна.

        Тухайлбал, 1802000242 дугаар зөрчлийн хэргийн 44, 46 дахь талуудад авагдсан “Н т” ХХК 2017 онд “М-С-Э К-К” ХХК-аас шилжүүлэн авсан бараа бүтээгдэхүүний жагсаалтаар гаргасан нийт үнийн дүн болон бараа бүтээгдэхүүний борлуулалтын нийт үнийн дүн зөрүүтэй байна.

        Хариуцагч албан тушаалтнууд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа тухайн алдааг гаргасан нь гомдол гаргагчийн дээрх хууль зөрчсөн үйл ажиллагааг зөвтгөх, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

        Дээрх нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрийн шийтгэл ногдуулсан хэсгийг зөвтгөх хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлснийг хэвээр үлдээж, энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

        Харин анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгтээ дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд гарах үр дагаврыг тусгаагүй тул өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 80 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг  “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч албан тушаалтнууд шинэ акт гаргаагүй бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 0005530 дугаар шийтгэлийн хуудасны 2 дахь заалт хүчингүй болохыг дурдсугай” гэж, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчилж, гомдол гаргагч болон хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                ШҮҮГЧ                                                                          Ц.САЙХАНТУЯА

                                ШҮҮГЧ                                                                          Г.БИЛГҮҮН

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР