Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2025/0011

 

“А-О” ХХК болон нэр бүхий 13

компанийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, танхимын тэргүүн:     Д.Мөнхтуяа

Шүүгчид:                                       Г.Банзрагч

М.Батсуурь

Ц.Цогт

Илтгэгч шүүгч:                              Д.Батбаатар

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 221/ШШ2024/0038 дугаар шийдвэртэй хэргийг, “А-О” ХХК, “А б т” ХХК, “Бж” ХХК, “Д Ж Т э Э” ХХК, “Г х” ХХК, “Мч м” ХХК, “Н” ХХК, “Шт” ХХК-уудын өмгөөлөгч Б.Б, “Н-О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, “А-О” ХХК, “А б т” ХХК, “Бж” ХХК, “Г х” ХХК, “Д Ж Т э Э” ХХК, “Мф с” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И, “Мч м” ХХК, “Т-э” ХХК-уудын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, “Т-э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, “Гэгээн хэлхээ” ХХК-ийн төлөөлөгч С.О нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор, нэхэмжлэгч “Шт” ХХК-ийн төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч “А-О” ХХК, “Г х” ХХК, “А б т” ХХК, “Н” ХХК, “Ш-О” ХХК, “Мч м” ХХК, “Бж” ХХК, “Д Ж Т э Э” ХХК, “Т-э” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, “Шт” ХХК, “А-О” ХХК, “Г х” ХХК, “А б т” ХХК, “Н” ХХК, “Ш-О” ХХК, “Мч м” ХХК, “Бж” ХХК, “Д Ж Т э Э” ХХК нарын өмгөөлөгч Б.Б, “А-О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, “Т-э” ХХК-ийн төлөөлөгч Э.А, “Н-О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, “Гэгээн хэлхээ” ХХК-ийн өмгөөлөгч Х.А, ”Мф с” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И, “Н” ХХК-ийн төлөөлөгч Л.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А, Т.Г, М.М, Б.Т, Г.Э нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч “А-О” ХХК, “А б т” ХХК, “Г х” ХХК, “Мч м” ХХК, “Н” ХХК, “Шт” ХХК, “Ш-О” ХХК, “Бж” ХХК, “Д Ж Т э Э” ХХК, “Н-О” ХХК, “Т-э” ХХК, “Г х” ХХК-уудаас “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох”,

“Мф с” ХХК, “Б-О” ХХК-уудаас “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг хууль бусд тооцож, хүчингүй болгуулах тухай”;

2.Хэргийн нөхцөл байдал: Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” 81 дүгээр тогтоолоор Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэрийг 1 дүгээр хавсралт ёсоор, зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох Монголбанкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсан бөгөөд тус тогтоолын 2 дугаар хавсралтын 5-д экспортод гаргаж буй хайлуур жоншны АМНАТ тооцох борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох зах зээлийн үнийн эх сурвалжийг Хятадын www.indmin.com цахим хуудаст байршсан олон улсын худалдааны /international Commercial Terms/ FOB /free on board/ нөхцөлөөр зарлагдсан үнэ байхаар тогтоосон.

3.Нэхэмжлэгч нараас “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг эш татаад хууль ёсны шударгаар татвар төлж байсан нэхэмжлэгчдэд онц их хэмжээний татварын дарамт учруулсан, ... www.indmin.com цахим хуудсанд үндэслэн Монгол Улсын аж ахуйн нэгжүүдэд АМНАТ ногдуулж байгаа нь үндэслэлгүй, ... манай салбарын аж ахуйн нэгж зөвхөн Монгол-Орос, Монгол-Хятад хил дээр DAP-Наушки, DAP-Эрээн нөхцөлөөр худалдаа хийж бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байна. Гэтэл энэхүү FOB нь Тяньжин үнэд Эрээний боомтод ачаа хүлээж авч буй Хятадын импортлогч компанийн төлж буй гаалийн болон холбогдох татварууд, Эрээний ачилт, буулгалтын талбайд ачааг буулгах, хадгалах, усан онгоцны тавцанд ачих хүртэлх бүх зардал багтдаг бөгөөд энэ зардлуудыг багтаасан үнэд АМНАТ оногдуулж байна. Үнэн хэрэг дээрээ хөрш орнуудтай хиллэдэг хилийн боомтын нөхцөлтэй гэрээний үнээр боомт хүртэлх бүх зардлыг нэмж тооцон, олоогүй орлогод АМНАТ ногдуулж аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулж ирсэн, ... хууль тогтоогч Засгийн газар биржийн нэрийг зарлахыг даалгасан байтал Засгийн газрын цахим хуудасны нэр зарлаад хуулийн хэрэгжилтийг будилуулсан ...” гэж,

хариуцагчаас “... Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон экспортлох эрх бүхий хуулийн этгээд ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр борлуулах үүрэгтэй бөгөөд хууль тогтоогчоос үнэлгээг тооцох биржийн нэрийг зарлахыг Засгийн газарт Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.14-д зааснаар үүрэг болгосон тул энэ хүрээнд биржийн нэрийг зарласан, ... 2016 оны Засгийн газрын тогтоолд 2023 онд гэнэт эрх зөрчигдөөд байгаа талаар дурдаж, нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй байна, ... Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдаад мөрдөгдсөөр байхад дотоодын уг биржээр бүтээгдэхүүнээ борлуулах бүрэн боломжтой байхад биржээр зарах нэг ч оролдлого хийгдээгүй байна” гэж тус тус маргажээ.

4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх: “ ... Засгийн газар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.14-д заасан бүрэн эрхийн хүрээнд маргаан бүхий тогтоолыг баталсан байна, нэхэмжлэгч компаниуд тусгай зөвшөөрөл эзэмшигч, эскпортлогчийн хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-д зааснаар ашиг малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр борлуулах үүрэгтэй, Олон улсын зах зээлийн үнийг тооцоход зах зээлийн жишиг үнэ зарладаг хүлээн зөвшөөрөгдсөн тодорхой биржийн үнээс өөрөөр тогтоох боломжгүй, маргаан бүхий тогтоол хүчингүй болсноор олон улсын зах зээлийн үнээс тооцон АМНАТ төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй, Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор баталсан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ыг биелүүлэх үүрэгтэй гэж үзэхээргүй байна. Засгийн газар маргаан бүхий тогтоолыг гаргахдаа тогтоолын төсөл, танилцуулга, бусад баримтыг хүргүүлж, төсөлд яамдаас санал авч шийдвэрлэсэн болох нь баримтуудаар нотлогдсон энэ тохиолдолд “судалгаа, тооцоогүй шийдвэр гаргасан” гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй” гэх үндэслэлээр Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4, 47 дугаар зүйлийн 47.14-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

5.1.Нэхэмжлэгч “А-О” ХХК, “А б т” ХХК, “Бж” ХХК, “Д Ж Т э Э” ХХК, “Г х” ХХК, “Мч м” ХХК, “Н” ХХК, “Шт” ХХК-уудын өмгөөлөгч Б.Б гомдолдоо:

5.1.1.Жоншны тухайд орон нутгийн болон хилээр экспортлох үнийг олон улсын үнэ гэж үзэх үндэслэлтэй.

5.1.2.Жонш нь овор ихтэй төдийгүй тээвэр логистикоос шалтгаалж үнэ нь тогтдог бараа тул хэзээ ч олон улсын бирж дээр үнэ зарладаггүй, мөн олон улсын үнэ гэсэн ойлголт яригдахгүй, уурхайн аман дээрх үнэ болон автомашинд ачилт хийгдсэн үнэ ч зөрүүтэй, цаашлаад төмөр зам руу тээвэрлэж хүргэсэн үнэ, төмөр замаар хил хүртэл тээвэрлэгдсэн гэх мэтээр Монгол Улсын дотоодод борлуулагдаж байгаа жонш хүртэл ачаа тээвэр, ажлын хөлсний нэмүү өртөг шингэснээс шалтгаалж өөр үнэ тогтдог.

5.1.3.Жонш нь газрын гадарга, хэвлийгээс олборлогдсон цагаас эхлэн эцсийн бүтээгдэхүүн болж үйлдвэрлэлд хэрэглэгдэх үе шат хүртэл орон нутаг, улс, олон улсын хэмжээнд нэмүү өртөг зардал, татвар хураамж шингэсний улмаас үнэ нь өөрөөр тогтоогдож байдаг бүтээгдэхүүн юм.

5.1.4.Иймд Монгол Улсын хувьд Оросын Холбооны Улсын DАР-Наушки, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын DАР-Эрээн гэсэн хилийн боомтын нөхцөл буюу олон улсын худалдааны инкотермс нөхцөл нь олон улсын зах зээлийн үнэ гэх ойлголтыг илэрхийлэх бөгөөд харин Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тяньжинь боомт, эсхүл Мексикийн булан зэрэг орон зай, үйлдвэрлэлийн шат дамжлагын цаг хугацааны хувьд ялгаатай бүс нутгийн үнэ нь ямар нэгэн шалтгаант хамааралгүй үнэ юм.

5.1.5.Шүүх www.indmin.com цахим хуудсыг “зах зээлийн жишиг үнэ зарладаг хүлээн зөвшөөрөгдсөн бирж” гэж агуулгын маш том андуурал гарган дүгнэсэн байна. Энэхүү www.indmin.com нь бүтээгдэхүүний арилжаа хийдэг, улмаар зах зээлийн үнэ тогтоодог үндэсний болон олон улсын биржтэй огт хамааралгүй юм. Энэ цахим хуудас нь зөвхөн мэдээллийн шинжтэй, гишүүнчлэлтэй байгууллагуудынхаа үнийг мэдээлдэг хувийн сайт юм. Түүнээс биш үнэ зарладаг арилжаа эрхэлдэг, зах зээлийн үнэ тогтоодог эх сурвалж огт биш. Өнөөдөр www.indmin.com хаягаар хандахад www.fastmarket.com болж өөрчлөгдсөн байгаа нь зөвхөн мэдээллийн шинжтэй хувийн вэбсайт болохыг илэрхийлж байна.

5.1.6.Олон улсын аль ч бирж дээр жоншны үнэ тогтоож зарласан тохиолдол байхгүй бөгөөд жонш нь угаас биржийн бус бараа бүтээгдэхүүнд тооцогддог.

5.1.7.Мөн Засгийн газрын маргаан бүхий акт хүчингүй болсноор нэхэмжлэгч нарын олон улсын үнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүргээс чөлөөлөхгүй гэсэн шүүхийн дүгнэлт нь илт үндэслэлгүй, хэрэв нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг гэрээний үнээр төлөх, цаашлаад ирээдүйд гэрээний дүн буюу бодит борлуулсан үнийн дүнгээр татвар төлөх, татварын үндэслэлгүй дарамтаас чөлөөлөгдөх үр дагавар үүсгэх юм.

5.1.8.Засгийн газар өөрийнхөө шийдвэрийг зөрчсөн шийдвэр гаргаад байж болно гэсэн дүгнэлтийг шүүх гаргасан нь илт үндэслэлгүй, шийдвэр гаргахдаа нөлөөллийн шинжилгээ хийгээгүй, эрх ашиг нь хөндөгдөж байгаа жоншны салбарын санал, хүсэлт, тайлбарыг аваагүй, огт судалгаа тооцоолол хийгээгүй үйлдлийг зөвтгөх үндэслэлгүй.

5.1.9.Хууль тогтоогч Засгийн газарт биржийн нэрийг зарлахыг даалгасан байтал Засгийн газар цахим хуудасны нэр зарлаад хуулийг хэрэгжилтийг будилуулсан.

5.1.10.Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн зарим заалт үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” 11 дүгнэлтээр нотлогдоно гэжээ.

5.2.Нэхэмжлэгч “Н-О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С гомдолдоо:

5.2.1.Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим хэрэгжсэнгүй.

5.2.2.Хариуцагч шийдвэрийн төслийг бэлтгэх явцад “нөлөөллийн шинжилгээ хийх” хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ийм эрх зүйн зөрчилтэй захиргааны актын улмаас жонш олборлогч, экспортлогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн.

5.2.3.Шүүх “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ын “нийтэд мэдээлэх, хүчин төгөлдөр болох” агуулгын хүрээнд зохицуулсан заалтуудаас хэсэгчлэн хийсэн түүвэртээ үндэслэн шийдвэр гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

5.2.4.Шүүх нөлөөллийн шинжилгээ хийсэн эсэхэд дүгнэлт өгөөгүй.

5.2.5.Уул уурхайн бирж 2023 онд байгуулагдан ажиллаж эхэлсэн ба хайлуур жоншийг биржийн бус бараа бүтээгдэхүүн гэж заасан.

5.2.6.Тогтоол гарснаас хойш олон улсын жишиг үнээр мөрдөж ажиллаагүй, зөвхөн гэрээний үнээр орон нутагтаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлж ирсэн.

5.2.7.2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 3/47 дугаар зүйлийн “47.7 дахь хэсэгт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хүдэр баяжмал бүтээгдэхүүнд давхардуулахгүйгээр оногдуулна” гэсэн заалттай Засгийн газрын 2013 оны 193 дугаар тогтоолд “хайлуур жоншны хүдэр бол химийн урвалжаар баяжигдах, баяжмалыг агуулагч эрдсийн элемент бөгөөд бүтээгдэхүүн боловсруулах түвшний биеэ даасан ангилалд орохгүй учраас өсгөн нэмэгдүүлэх тооцох үндэслэлгүй” гэдгийг тодорхой зааж нотлоод байхад заавал өсгөн нэмэгдүүлэх бодит бус төлбөр авна гэж хууль зөрчигдөж байна.

5.2.8.Борлуулалтын үнэлгээ нь “бүтээгдэхүүний борлуулалт, өртөг, ашиг”-аас бүрддэг. Дэлхийн бүх оронд мөрдөгдөнө. Борлуулалт хийгдээгүй, зардал гаргаагүй, ашиг олоогүй борлуулалтын үнэлгээ гэж нэрлээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцдог нь агуулга, хэлбэрийн хувьд буруу зүйл гэдэг нь нотлогдсон бөгөөд нөлөөллийн шинжилгээ заавал хийлгэх шаардлагатай.

5.2.9.Борлуулалтын үнэлгээг Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 47.1 дэх хэсгийн “бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэснийг хүчингүй болгосон. Мөн Улсын Их Хурлын 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаар тогтоолоор хүчингүй болгосныг олж харсангүй. Ашигт малтмалын тухай хуулийн 47.14, 47.16-д борлуулалтын үнэлгээнээс гэсэн заалттай хамааруулах гээд зүтгээд байгааг ойлгохгүй байна.

5.2.10.Ашигт малтмалын тухай хуулийн 27.1.4-д “үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр борлуулах” гэдэг заалтыг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол аргачилсан заавар журам гараагүй.

5.2.11.Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 362 дугаар тогтоолын 5-д “ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь хилийн үнээр худалдан борлуулж бай” гэсэн заалттай зөрчилдөж байна.

5.2.12.Шүүх Засгийн газрын 2019 оны 342 тогтоолын хавсралтад “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох төлбөр ногдуулах тайлагнах журам”-д хайлуур жонш олборлогчдыг хамааруулаагүй байгааг олж харсангүй гэжээ.

5.3.Нэхэмжлэгч “А-О” ХХК, “А б т” ХХК, “Бж” ХХК, “Г х” ХХК, “Д Ж Т э Э” ХХК, “Мч м” ХХК, “Т-э” ХХК-уудын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц гомдолдоо:

5.3.1.Монгол Улс нь гишүүн орон болохын хувьд Дэлхийн худалдааны байгууллагын дэргэдэх Олон улсын худалдааны танхимаас гаргаж гишүүн бүх улс орнуудад мөрдөгддөг инкотермсийн DAP-Эрээн, DAP-Наушки нөхцөлөөр гэрээ хийгддэг тул энэхүү үнэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1-д заасан зах зээлийн үнэ байдаг.

5.3.2.Харин энэ Биржийн, үнийн эх сурвалж хэмээн авч буй www.fastmarket.com цахим хуудаснаас авсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тяньжин боомт дахь далайн боомтын үнэ буюу Эрээн боомтоос 1050 км цаана орших далайн боомтоос Америкийн Нэгдсэн Улс руу экспортлохоор усан онгоцны тавцан ачигдсан бүтээгдэхүүний үнэ юм.

5.3.3.Нотлох баримтуудыг шинжлэн судлаагүй, шийдвэр гаргах үйл ажиллагаанд авч хэлэлцээгүй байгаад гомдолтой байна.

5.3.4.Засгийн газар нарийвчилсан судалгаа хийж оновчтой шийдэл олж улмаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөлтийг нэмэгдүүлж улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авахын оронд үндэсний хэдэн аж ахуй нэгжүүдийг огт татвар төлдөггүй мэтээр төрийн байгууллагууд болон шүүхэд үндэслэлгүй буруу тайлбар, ойлголт өгч байгаад туйлын гомдолтой байна гэжээ.

5.4.Нэхэмжлэгч “Мф с” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И гомдолдоо:

5.4.1.Компаниудад олоогүй, орж ирээгүй орлогоос татвар ногдуулж буй нь татварын тухай хууль болон Үндсэн хууль зөрчиж байна.

5.4.2.Бодит байдал дээр жоншны үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд хил гаалиар гаргаж, Эрээний зах зээл дээр зарахад хууль болон Засгийн газрын тогтоолоор дэлхийн зах зээлийн ханшаар татвар төлж буй нь шударга ёсны, бодит байх зарчимтай зөрчилдөж байна.

5.4.3.Хариуцагч Монгол Улсын Засгийн газар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаан болохоос өмнө нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар өөрсдийн тайлбар, татгалзлаа хамгаалсан хууль ёсны нотлох баримт огт гаргаж өгөөгүй.

5.4.4.Гэтэл шүүх ямар ч нотлох баримтгүйгээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, нотлох баримтад үндэслэнэ гэх заалтыг ноцтой зөрчиж шийдвэр гаргасан гэжээ.

5.5.Нэхэмжлэгч “Т-э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б гомдолдоо:

5.5.1.Шүүх хэргийн оролцогч нарын маргаагүй асуудлаар дүгнэсэн боловч маргасан асуудал тухай бүрд хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан.

5.5.2.Анхан шатны шүүх хуралдаан эхлэх үед www.indmin.com гэх цахим сайт нь ажиллахгүй болсон, энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн байхад энэ талаар шүүх огт тодруулаагүй, хуульд заасан мөрдөн шалгах үүргээ хэрэгжүүлээгүй, цахим сайтад үзлэг хийгээгүйгээс хэргийн оролцогчдын маргасан энэ агуулгаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт үгүйсгэсэн, эсхүл дэмжсэн ямар ч тайлбар хийж чадаагүй.

5.5.3.нэхэмжлэгч нар Засгийн газарт захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гаргах эсэх хэмжээ олгогдсон эсэх талаар маргаагүй, зах зээлийн үнийг тогтоодог цахим сайт биш, бидний борлуулж буй инкотермсийн нөхцөлд тохирохгүй гэж гол маргасан асуудалд шүүх дүгнэлт өгсөнгүй.

5.5.4.Шүүхэд гаргаж өгсөн Олон улсын аудитын байгууллагын дүгнэлтийг хэрхэн үнэлснээ тайлбарлаж тусгаагүй.

5.5.5.Иймд гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

5.6.Нэхэмжлэгч “Г х” ХХК-ийн төлөөлөгч С.О гомдолдоо:

5.6.1.Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаахгүй.

5.6.2.Засгийн газраас хэм хэмжээний актыг батлан гаргахдаа хууль тогтоомжид заасан судалгаа шинжилгээ хийгдээгүй, нийгэмд нөлөөлөх байдлыг үнэлээгүй, үйлчлэлд нь өртөж байгаа этгээдүүдийн санал, гомдлыг шийдвэрлэлгүй орхигдуулдаг, эрх бүхий байгууллагаас тухайн үнийн эх сурвалжийг бодит байдалд нийцэж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийлгэх зорилго бүхий байгуулсан ажлын хэсгийн даалгаврыг баталдаг ч нэг ч удаа тайлан дүгнэлт ирж байгаагүй зэргийг шүүхээс үнэлж дүгнээгүй байна.

5.6.3.Шүүх зарим нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон асуудалд дүгнэлт өгөөгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

5.6.4.Нэхэмжлэгч нар болон хариуцагчийг хамтран судалгаа шинжилгээ хийх, Олон улсын байгууллагаас гаргасан тайлан дүгнэлтийг дахин харах, боломжит эх сурвалжийг хамтран тогтоох, улмаар хариуцагч дахин акт гаргах хугацааг олгох боломж шүүхэд байсан.

5.6.5.Нэхэмжлэгч нарын хувьд Монгол Улсын Засгийн газар эх сурвалжийн нэр зарлах эрхтэй эсэх дээр маргаагүй байхад тус асуудлыг дүгнээд шийдвэрийн үндэслэл болгосон байна.

5.6.6.Хэргийн шийдвэрлэлт нь улс орны эдийн засагт шууд нөлөөлөхөөр үр дагавартай байгааг анхаарч үзэж нотлох баримт дутуу үнэлсэн, нэхэмжлэгч нарын олоогүй орлогод татар ногдуулж, хийсвэр татварын дарамтад орж байгаа талаар нотлох баримтуудыг дүгнээгүй, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6.Дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

7.Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хайлуур жонш экспортолсон этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх болсон, түүнчлэн хуулийн 47.12 дахь хэсэгт заасан “биржийн нэрийг” гэснийг “биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг” гэж тус тус өөрчилжээ.

8.Монгол Улсын Засгийн газар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2 болон 47.12 дахь хэсгийн “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана” гэх заалтыг үндэслэн “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” 2016 оны 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох Монголбанкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг зарласны 5-д хайлуур жоншны үнийн эх сурвалжийг БНХАУ-ын Тяньжин боомт дахь  www.indmin.com (FOB) цахим хуудсанд зарлагдсан үнэ байхаар заасан.

9.Хэрэгт авагдсан баримтуудаар жоншны салбарт үйл ажиллагаа эрхэлдэг зарим аж ахуйн нэгжүүд болон “М ж о, ү, э х” ТББ-аас “ ... ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг үндэслэлгүйгээр өндөр тогтоосны улмаас тухайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд санхүүгийн хүндрэлд орж байгаа” талаар Засгийн газрын холбогдох эрх бүхий этгээдүүд, татварын болон уул уурхайн асуудал эрхэлсэн байгууллагуудад хандаж тодорхой хүсэлт, шаардлагуудыг хүргүүлж ирсэн,

 төрийн байгууллага, тэр дотроо уул уурхайн асуудал эрхэлсэн сайдаас хүсэлт, шаардлагатай холбоотойгоор тодорхой хэлэлцүүлэг, судалгаа хийлгэх, ажлын хэсэг байгуулж, дүгнэлт, санал гаргах ажлыг зохион байгуулж иржээ.

10.Тухайлбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/203 дугаар тушаалаар “Хайлуур жоншийг олборлогч, экспортлогч аж ахуйн нэгжүүдийн ашигт малтмал нөөц ашигласны төлбөртэй холбоотой үйл ажиллагааг судлах, дүгнэлт гаргах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж, санал боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг”, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/70 дугаар тушаалаар “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын зорилтын хүрээнд хайлуур жоншны олборлолт, үйлдвэрлэл, экспортын өнөөгийн байдалд дүгнэлт гаргах, үүрэг бүхий ажлын хэсгийг, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/09 дүгээр тушаалаар “Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн чуулганаар баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Аж үйлдвэрийн сэргэлт, зорилтыг эрчимжүүлэх хүрээнд дотоодын болон гадаадын зах зээлд борлуулсан, худалдсан, худалдахаар ачуулан эрдэс бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хэрхэн ногдуулах асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий төрийн байгууллагууд болон тухайн салбарт үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр байгуулагдсан ТББ-уудын төлөөллөөс бүрдсэн” Ажлын хэсгийг тус тус байгуулсан байна.

11.Гэвч дээрх Ажлын хэсгүүдээс санал, дүгнэлт гаргуулах, оролцогчдыг сонсох, түүний дагуу шийдвэр гаргах ажиллагаа хийгдээгүй буюу хайлуур жоншны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох “борлуулалтын үнэлгээ”, түүнийг тооцох аргачлалыг үндэслэлтэй тогтоосон эсэх маргаантай асуудлыг өнөөг хүртэл шийдвэрлээгүй байна.

12.Захиргааны аливаа шийдвэр, үйл ажиллагаа, тухайлбал, хэм хэмжээний акт нь Захиргааны ерөнхий хуульд заасан нийтлэг болон тусгай зарчмыг хангахаас гадна мөн хуульд заасан тусгайлсан журамд нийцсэн байх учиртай.

13.Засгийн газар 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр маргаан бүхий 81 дүгээр тогтоолыг батлах үед Захиргааны ерөнхий хууль үйлчилж эхлээгүй байсан, уг хууль нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн боловч одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хэм хэмжээний акт нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 “Монгол Улсын Үндсэн хууль, энэ ... хуульд нийцсэн байх”, 60.1.2 “тусгайлсан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх” шаардлагыг хангах, мөн хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар захиргааны байгууллага нь жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, хэрэгжилтийн явц, үр дүнг дүгнэх ёстой.

14.Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан зохицуулалтын хүрээнд Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр үйлчлэхээс өмнө баталсан дээрх тогтоолын холбогдох заалтын хэрэгжилтийн талаар мэдээлэл цуглуулан, дүн шинжилгээ хийж, тухайн зохицуулалт үр нөлөөтэй, зорилгоо хангаж, хэрэгжилт нь хангалттай байгаа эсэхийг тогтоох үүднээс хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг шийдвэрлэх шаардлагатай байтал хариуцагч Монгол Улсын Засгийн газар 2016 онд маргаан бүхий хэм хэмжээний актыг батлан гаргаснаас хойш Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагад нийцүүлэх талаар ажиллагаа хийгээгүйгээс одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа маргаан бүхий актын заалт Монгол Улсын Үндсэн хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох “хууль дээдлэх зарчим”, түүнчлэн захиргааны үйл ажиллагааны тусгай зарчим болох “зорилгодоо нийцсэн”, “бодит нөхцөлд тохирсон”, “шийдвэр нь үндэслэл бүхий” буюу “харьцангуй байх” зарчмыг хангасан эсэх нь эргэлзээтэй байна.

15.Тодруулбал, маргаан бүхий тогтоолыг гарснаас хойш Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар салбарын мэргэжилтнүүд болон тухайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа этгээдүүдийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг удаа дараа байгуулж, тодорхой судалгаа, дүгнэлт гаргахаар ажиллаж байсан, хайлуур жоншны салбарт үйл ажиллагаа явуулдаг этгээдүүдээс “ ... БНХАУ-ын Тяньжин боомт дахь FOB нөхцөлийн үнийн мэдээллийг нийтэлдэг цахим хуудаст үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцон ногдуулж байгаа нь үндэслэлгүй” талаар буюу Монгол-Хятад, Монгол-Оросын хил дээр DAP-Эрээн, DAP-Наушки нөхцлөөр худалддаг хайлуур жоншийг БНХАУ-ын Тяньжин боомт дээр усан онгоцонд ачигдсан хайлуур жоншны үнэтэй адилтган журамласан нь бодитой бус буюу гэрээний үнэ, зах зээлийн бодит үнээс өндөр байдгаас аж ахуйн нэгжүүдийг татварын их хэмжээний өрөнд оруулж, үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүргэж байгаа талаарх санал, хүсэлтүүд гаргасаар ирсэн байх тул хариуцагч маргаан бүхий хэм хэмжээний актаар экспортод гаргаж буй хайлуур жоншны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох зах зээлийн үнийн эх сурвалжийг БНХАУ-ын www.indmin.com цахим хуудсанд байршсан олон улсын худалдааны /International Commercial Terms/ FOB /free on board/ нөхцөлөөр зарлагдсан үнэ байхаар тогтоосон хэм хэмжээний актад хяналт-шинжилгээ үнэлгээ хийх, эрх ашиг нь хөндөгдөж буй бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг хийх, оролцогчийг сонсох, сонгох боломжийг зөв хэрэгжүүлэх замаар хэм хэмжээний актыг дахин батлан гаргах боломжтой, үүнийг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн байна.

16.Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын гомдлын зарим хэсгийг хангаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг Монгол Улсын Засгийн газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.

17.Хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актын холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 221/ШШ2024/0038 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг хариуцагч дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй. 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон зургаан сарын хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсэг хүчингүй болохыг мэдэгдсүгэй.” гэж, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгч “А-О” ХХК, “А б т” ХХК, “Бж” ХХК, “Д Ж Т э Э” ХХК, “Г х” ХХК, “Мч м” ХХК, “Н” ХХК, “Шт” ХХК-уудын өмгөөлөгч Б.Б, “Н-О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, “А-О” ХХК, “А б т” ХХК, “Бж” ХХК, “Г х” ХХК, “Д Ж Т э Э” ХХК, “Мф с” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И, “Мч м” ХХК, “Т-э” ХХК-уудын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, “Т-э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, “Г х” ХХК-ийн төлөөлөгч С.О нараас гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Д.МӨНХТУЯА

             ШҮҮГЧИД                                                                      Г.БАНЗРАГЧ

                                                                                                    М.БАТСУУРЬ

                                                                                                    Ц.ЦОГТ

                                                                                                    Д.БАТБААТАР