| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэн Ренченхорол |
| Хэргийн индекс | 185/2019/0678/э |
| Дугаар | 719 |
| Огноо | 2019-07-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цогтгэрэл |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 719
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, улсын яллагч Г.Цогтгэрэл, шүүгдэгч Ц.Б н, түүний өмгөөлөгч Д.Жаргал, хохирогч Б.Мишээл, түүний өмгөөлөгч Т.Даваажав, гэрч Б.Мөнхзаяа, Б.Бат-Орших нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дагаахан овогт Ц.Б-д холбогдох эрүүгийн “1909014190437” дугаартай, 185/2019/0678/э индекстэй хэргийг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 30-9 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэл эдэлж байгаагүй, Дагаанхан овогт Ц.Б /РД:ЖО91051201/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Цэрэнхандын Баясгалан нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны 9 тоотод хохирогч Б.Мишээлтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учрулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч Дагаанхан овогт Ц.Б хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..2019 оны 04 дүгээр сарын 03-наас 2019 оны 04 дүгээр арын 04-нд шилжих шөнө гэртээ байж байтал Мишээл эд нар хүрээд ир гээд байсан. Хэсэг байж байтал Мишээлээс мэссэж ирээд дуудаад байсан. Гэтэл шөнө 4-5 цагийн хооронд эд нар ороод ирсэн. Тэгээд байж байтал Мөнхзаяа Мишээл хоёр гэнэт солонгосоор яриад байсан. Мишээл надруу шууд дайрсан.Тэгээд зодоон болох юм байна гэж бодоод тэр хоёрыг гэрээс гарчих гэж хэлсэн. Бат-Оршиход хэлсэн, эд нарыг аваад явчих гээд. Бат-Орших гараад явчихсан. Энэ хоёр надруу дайрсан. Энэ хоёрыг би
ямар нэг юмаар цохьсон бол хүн орилно биздээ. Зодоон болж байхад Мишээл зууралцаад л байж байсан.Тэгээд Мөнхзаяаг гэрээсээ гаргасан. Чи Мишээлийг цохьсон гэж ерөөсөө яриагүй. Байцаагч нар дайраад байхаар нь л би цохьсон юм шиг байна лээ гэж мэдүүлсэн. Шүүх эмнэлэгт үзүүлэхдээ үл таних хүнд цохиулсан гэж хэлсэнд гайхаж байна. Гэнэт надаас маш их мөнгө нэхсэн. Би бол цохиогүй.Би цохьсон бол өөрийгөө хамгаалах үүднээс л цохьсон байж магадгүй гэж хэлсэн. Тухайн үед архи уучихсан байсан. Мөнхзаяатай маргалдаж байх үед л гаднаас цустайгаа орж ирсэн. Гар утас, аягаар цохиогүй. Би тухайн үед яагаад маргалдсаныг мэдэхгүй байна. Шалтгаан бол ерөөсөө байхгүй. Би энэ хүнд гэмтэл учруулаагүй. Хохирол төлбөр төлөөгүй. Энэ хоёр л дайраад байсан би биеэ хамгаалсан. Мөнхзаяатай л зодолсон гэв.
1.2.Хохирогч Б.Мишээл хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Баясгалан эхэлж гар утсаараа цохьсон. Гар утасаараа бичлэг хийгээд байхаар нь болиулах гэж байхад цохьсон. Яг тэр үед Мөнхзаяа байсан. Жижиг өрөөнөөс шилэн аяга бас шидсэн. Баясгалан гэмтлийн эмнэлэг дээр тавиулсан. Тархи доргисон байсан. Эмийн сангийн хүнээс зөвөлгөө аваад ээж эм авч өгч эмчилгээ хийлгэсэн. Маш их гомдолтой байна.Одоо эмчилгээ хийлгэсэн 1.100.900 төгрөг нэхэмжилж байна гэв.
1.3.Шүүх хуралдаанд гэрч Б.Бат-Орших мэдүүлэхдээ:..Тухай үед намайг байхад зодоон болоогүй. Би унтаж байгаад сэрсэн. Цагдаа ирэхээр явна гээд л байж байсан.
1.4.Шүүх хуралдаанд гэрч Мөнхзаяа мэдүүлэхдээ:..Айхтар хэрүүл уруул болоогүй. Тэр үед Мөнхзаяатай юм яриад байж байсан. ОО өрөөнд ороход Мишээл зүгээр байсан. Гараад ирэхэд цус гарчихсан байсан. Эхлээд утсаар цохиод, дараа нь аягаар цохьсон гэж хэлсэн. Яг дэргэд нь би бол байгаагүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Мишээлийн:..Мандуулын эхнэр Баясаа гэнэт надад агсам тавиад маргалдаж байгаад Баясаа гартаа барьж байсан гар утсаараа миний зүүн нүд рүү цохисон. Хэсэг маргалдаж байгаад Баясаа над руу шилэн аяга юм уу нэг шилэн юм шидэж миний зүүн нүдний хөмсгийг онохоор нь би цусаа тогтоох гээд гараад явсан. Мөнхзаяа, Мандуул нар бид хоёрын маргааныг болиулах гээд дундуур орж салгаж байсан. Баясгалан эхлээд гар утсаараа миний зүүн нүдний хэсэг рүү цохисон. Шилэн аяганы хагарсан хэлтэрхий шидэж зүүн нүд хэсэг рүү оносон гэх мэдүүлэг. /хх-н 5/,
2.2.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Б.Мөнхзаяагийн:..2019 оны 04 дүгээр сарын 04-ний шөнө Мишээл, Бат-Орших бид нар Мандуул , Баясаа нарын гэрт очиж бид нар архи, пиво уусан. Тэгээд би 00-н өрөөнд үеэл Мандуултай юм яриад гараад иртэл Мишээлийн зүүн хөмсөг орчмоос нь цус гарчихсан намайг эхлээд гар утасаараа цохиод дараа нь аяга шидээд миний нүүрийг ийм болгосон гэж надад хэлсэн. Би Баясаатай хэрүүл маргаан хийгээд байж байтал Мишээл гараад явсан байсан. Мишээл, Баясгалан нар маргалдсан байдалтай танай дүү чинь намайг ийм болгочихлоо гэж хэлсэн. Мишээлийн хөмсөг орчмоос цус гарсан харагдаж байсан гэх мэдүүлэг. /хх-н 7/,
2.3.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Л.Мандуулайгийн:..Мөнхзаяа бид хоёр үсдэлцээд зогсож байтал Мишээл алга болчихсон байсан бөгөөд одоо больё гээд салах үед Мишээл хаалганы хавьцаа нүүрнээс нь цус гарсан байдалтай зогсож байсан, юу ч дуугаралгүй гараад явчихсан. Чи намайг хамгаалж чадалгүй тасарч унаад ийм байдалд хүрлээ гэдгээ хэлсэн гэх мэдүүлэг. /хх-н 8/,
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Б.Бат-Оршихийн:..намайг байхад огт зодолдоогүй, намайг унтаад босоход маргалдсан байдалтай байсан гэх мэдүүлэг. /хх-н 24/,
2.5. Шүүхийн шинжилгээний үндэнсий хүрээлэнгийн №4273 тоот актын:
1.Б.Мишээл-н биед зүүн зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо болон ир ирмэгтэй зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэх дүгнэлт. /хх-н 10/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1.хохирогч Б.Мишээлийн мэдүүлэг, гэрч Ц.Баясгалангийн, гэрч Б.Мөнхзаяагийн, гэрч Л.Мандуулайгийн мэдүүлэг, гэрч Б.Бат-Оршихийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн 4273 тоот дүгнэлт, шинжээч эмч Ж.Цэцэгмаагийн мэдүүлэг, хохирогчийн эмчилгээний баримтууд, фото зураг зэрэг болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг
зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны 9 тоотод хохирогч Б.Мишээлтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Мишээл, гэрч Б.Мөнхзаяа, Л.Мандуулай, Б.Бат-Орших нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.Баясгаланг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтэндээ шүүгдэгч Ц.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, мөн хуулийн тусгай ангид зааснаар 1200 нэгж буюу 1 200 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан болно.
Хохирогчийн өмгөөлөгч улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй санал нэг байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэхээр үлдээх, хохирогч гомдолтой гэсэн байр суурь илэрхийлсэн болно.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд цагаатгах байр сууринаас шүүх хуралдаанд оролцож гаргасан дүгнэлтэндээ.
хохирогч, гэрч нарын мэдүүлгээр яллаад байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан нотолвол зохих байдал бүрэн нотлогдоогүй байх тул цагаатгаж өгнө үү. Хохирол төлбөрийн хувьд эмчийн жороор олгодог эмийг олгосон байна. “И” баримтыг нөхөж авсан байх тул нотлох баримтыг үнэлэхгүй гэсэн байр суурь илэрхийлсэн болно.
Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан санал, дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Б.Мишээлийн шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, гэрч Мөнхзаяагийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн 4273 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй, нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Мөн хохирогч Б.Мишээл нийт эмчилгээний зардалд 1 100 900 төгрөг нэхэмжилсэн бөгөөд уг баримтыг шүүх хууль ёсний үндэслэлтэй баримт гэж үзсэн тул гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Харин шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцсэн, гэм буруутай этгээдэд ял шийтгэл нь тохирсон байх зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дагаанхан овогт Ц.Б г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б г 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.Б д оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Дагаанхан овогт Ц.Бнь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-гаас хохирол төлбөрт нийт 1 100 900 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мишээлд олгосугай.
6.Шүүгдэгч Дагаанхан овогт Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Хохирогч Б.Мишээл нь цаашид эмчлүүлэхэд гарсан баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ