| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/05122/И |
| Дугаар | 210/МА2025/00794 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2025/00794
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Бадрах, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/01164 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч *******-д холбогдох,
*******-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
******* би 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр *******-тай *******-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд болох *******-ийн 60 хувийн хувьцааг нэрлэсэн үнээр нь 12,000 төгрөгөөр худалдсан. Улмаар тухайн өдөр *******-ийн хувьцааны эрх шилжүүлэх гэрээг *******-тай байгуулж, тус компанийн баримт бичиг, тамга, гэрчилгээг хүлээлгэн өгсөн. Ийнхүү *******-ийн 60 хувийн хувьцааг гүйцэтгэх захирлаа томилох эрхийн хамт хүлээлгэн өгсөн боловч худалдан авагч *******-ийн зүгээс Компанийн тухай хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулаагүй, компанийн 40 хувийн хувьцаа эзэмшиж буй миний эрх ашгийг ноцтой зөрчиж, тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулаагүй, үйл ажиллагааны тайлан, мэдээллээ өгөхгүй, цаашдын үйл ажиллагаа, төлөвлөгөөний талаар ямар ч мэдээлэл өгөхгүй, хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үнийг төлөхгүй байх тул гэрээнээс татгалзахаас өөр аргагүй байдалд хүрч байна. Хариуцагч хувьцааны мөнгөө шилжүүлээгүй, энэ талаар баримт гаргаж өгөөгүй, мөнгө шилжүүлж байсан тохиолдол байгаагүй. *******-тай байгуулсан *******-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Төлбөрийг авсан. Улсын бүртгэлд бүртгүүлэх зорилгоор зөвхөн нэрлэсэн үнийн дүнгээр шилжүүлэх болсон. Үүнийг өөрөө мэдэж байгаа. Төлбөрийг төлсөн. Компанийн 60 хувийн хувьцааг 12,000 төгрөгөөр шилжүүлж байгаа нь бодит байдалд байх боломжтой гэрээ юу гэх асуудал байна. Компанийн тухай хуульд зааснаар компанийн 10 хувиас дээш хувьцаа эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигч өөрөө хувьцаа эзэмшигчдийн хурал зарлах боломжтой. Хурлаа өөрөө яагаад зарлаагүй юм. Үүргээ хэрхэн эдэлмээр байгаагаа яагаад хэрэгжүүлээгүй юм. Үйл ажиллагаа доголдолтой гэдэг тайлбар, нэхэмжлэлийн шаардлага нотлох үүрэгтэй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар холбогдох баримтуудыг авахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй. Гэрээнээс татгалзсан талаар албан ёсоор бидэнд мэдэгдээгүй. Бид албан ёсоор уг татгалзлыг хүлээж аваагүй. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж хуулийн дагуу үндэслэл бүхий шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч ******* (РД: *******)-д *******-ийн 60 ширхэг хувьцааг нэхэмжлэгч *******д буцаан шилжүүлэхийг даалгаж, Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4,550 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
4.2. *******-ийн 60 хувийн хувьцааг улсын бүртгэлд бүртгүүлэх зорилгоор нэрлэсэн үнийн дүнгээр нь ******* нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хувьцаа худалдах худалдан авах, эрх шилжүүлэх гэрээ байгуулсан.
Гэрээн дээр дурдагдсан 12,000 төгрөгийг төлсөн баримт хэрэгт авагдаагүй боловч бодит байдал дээр тухайн компанийн нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан учир талуудын хооронд өөр үнийн дүнгээр гэрээ хийгдсэн. Тухайн гэрээний төлбөрийг төлсөн, гэтэл гэрээний төлбөр 12,000 төгрөгийг төлөөгүй гэдэг үндэслэлээр гэрээнээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна.
Мөн компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т зааснаар саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч санал, шаардлага гаргаж хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах боломжтой атал хурал, хуралдуулах санал шаардлага гаргаж байгаагүй ба зөвхөн давуу эрхийн хувьцаа эзэмшигч хуралдуулах үүрэгтэй мэтээр гэрээнээс татгалзаж байгаа нь илт үндэслэлгүй байна.
4.3. Мөн талууд урьд өмнө найз нөхдийн харилцаатай байсан ба үлдэгдэл төлбөрийг харилцан тохиролцсоны үндсэн дээр төлөх талаар ярилдаж эвлэрэхээр тохирсон байсан учир хариуцагчаас тухайн үед нотлох баримт болон хүсэлтүүдийг шүүхэд гаргаагүй байсан гэтэл нэхэмжлэгч тал тохиролцооноос буцсан байдаг.
Хариуцагчийн зүгээс шүүх хуралдааны явцад бодит гэрээний дагуу тайлбарлан хэлсэн ба өөрсдийн тайлбар, үндэслэлийг нотлохын тулд зөвхөн нэхэмжлэгч талд байгаа нотолгооны ач холбогдол бүхий бодит үнийн дүнгээр хийгдсэн гэрээг нэхэмжлэгч талаас гаргуулахаар шүүх хуралдааны үеэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүсэлт гаргасан боловч шүүгч хангахаас татгалзаж нэхэмжлэгч талын гарган өгсөн баримтыг үндэслэн хэргийг нэг талд давуу байдал бий болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг дуудсан боловч хүрэлцэн ирээгүй. Уг хэрэг маргааны улмаас надад хохирол учирч байгаа тул хохирогч нь би гэж үзэж байна. Учир нь өнгөрсөн хугацаанд хайгуулын зардал, хөрөнгө оруулалтыг би хийж байсан. Мөн одоогийн байдлаар надад тухайн компанийн тамга тэмдэг, гэрчилгээ зэрэг баримт бичиг байхгүй бөгөөд бүгдийг нь *******од өгсөн. Анхан шатны шүүх хуралдаанд биечлэн ирэхгүй байгаа учраас хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлах боломжгүй гэж үзэж байна. Миний бие хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Гэвч хариуцагчтай холбогдох боломжгүй байгаа нь уг маргааны гол асуудал болж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан *******-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг тогтоолгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
3. ******* нь, *******-тай байгуулсан 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн *******-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ-гээр *******-ийн нийт зарласан болон эргэлтэд гаргасан хувьцааны өөрийн эзэмшилд байгаа хувьцааны 60 хувь буюу 60 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь 12,000 төгрөгөөр худалдах, ******* худалдан авахаар талууд харилцан тохиролцжээ. /хх4-7/
3.1. Мөн өдрийн *******-ийн хувьцааны эрх шилжүүлэх гэрээ-гээр ******* нь *******-ийн гүйцэтгэх захирал *******од тус компанийн нийт гаргасан 60 хувь буюу 60 ширхэг энгийн хувьцаа, түүнд хамаарах бүхий л эрх, үүрэг, хариуцлага, компанийн эрхийг эрх хүлээн авагчид шилжүүлсэн байна. /хх8/
4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч тал гэрээний үүргийг биелүүлээгүй, гэрээний үнийг төлөөгүй, компанийн үйл ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй тул хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хувьцааг буцаан шилжүүлж авна гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ гэрээний төлбөрийг өөр тохиролцоогоор төлсөн бөгөөд бодит байдал дээр тухайн компанийн нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан учир талуудын хооронд өөр үнийн дүнгээр гэрээ хийгдсэн тул гэрээнээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй гэж маргажээ.
5. Талуудын маргаан бүхий тайлбартай холбогдуулан *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой баримтууд хэрэгт авагдаагүй байна. Тодруулбал, маргаан бүхий уг компанийн хувьцаа эзэмшигч нь хэн, хэдэн хувийн хувьцаа эзэмшигч болох нь хууль ёсны нотлох баримтаар тогтоогдоогүй байх ба хэргийн үйл баримтыг шүүхээс бүрэн тогтоолгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Түүнчлэн, тус компанийн хувьцаа эзэмшигчээр ******* нэртэй хуулийн этгээд бүртгэлтэй тухай баримт авагдсан байгааг шүүхээс тодруулаагүй байна./хх16/
Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/01164 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Ц.АЛТАНЦЭЦЭГ