Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2025/00798

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/02705 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******, ******* нарт холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр болон алдангид хариуцагч *******-аас 11,173,278.18 төгрөг, хариуцагч *******гаас 3,404,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

******* нь *******-тай 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр кофе шопд ашиглагдах зориулалт бүхий тоног төхөөрөмж болон бараа бүтээгдэхүүн худалдан авахаар худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулсан.

******* нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ 100 хувь биелүүлж, *******-д кофены машины төлбөр 17,158,537 төгрөг, мөн тус компанийн менежер *******д бараа бүтээгдэхүүний төлбөр 3,404,000 төгрөг, нийт 20,044,027 төгрөгийг төлсөн.

Гэтэл худалдагч ******* нь гэрээний үүргээ ноцтой зөрчиж худалдан авагч *******-д кофе шопд ашиглагдах зориулалт бүхий тоног төхөөрөмж болон бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй.

Хариуцагч *******-ийн зүгээс 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №24/11-01 дугаар албан тоотоор, кофены машины үнэ болох 17,158,537 төгрөгийг хуваарийн дагуу буцаан шилжүүлэхээр, мөн тус албан тоотдоо төлбөрийг графикт хугацаандаа төлөөгүй тохиолдолд графикт заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцно хэмээн батламж гаргасан.

Хариуцагч нь төлбөр буцаан төлөх хуваарийнхаа дагуу 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2,158,537 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 12,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэхээр тохиролцсон хэдий ч хариуцагч нь хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 10,158,537 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн тул 0.5 хувийн алданги буюу 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 572,204 төгрөгийн алданги тооцогдож байна.

Хариуцагч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 10,158,537 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн тул 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн төлбөл зохих төлбөр болон алдангийг хасан тооцож, зөрүү 4,427,804.82 төгрөгийг үлдэгдэл төлбөр 12,000,000 төгрөгөөс хасан тооцож, мөн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 3 сар гаруй хугацаанд алданги нэмж тооцсон.

Иймд, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэг, 232.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу хариуцагч *******-аас худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 7,572,195.18 төгрөг, алданги 3,601,803 төгрөг, нийт 11,173,278.18 төгрөгийг, хариуцагч *******гаас 3,404,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч *******гийн тайлбарын агуулга:

Миний бие *******-ийн нэхэмжилсэн 3,404,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулна гэжээ.

 

3. Хариуцагч *******-ийн тайлбарын агуулга:

******* нь 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр манай компаниас кофены автомат машин авахаар данс руу 17,158,537 төгрөгийг төлсөн нь үнэн. ******* нь анх манай компанитай франчайзын гэрээ байгуулахаар ярилцаж байсан боловч гэрээ байгуулаагүй. Харин, манай компанид ерөнхий менежер ажилтай байсан *******тай амаар тохиролцон, ******* нь манай компанийн данс руу кофены машины үнэ 17,158,537 шилжүүлсэн боловч уг мөнгийг ******* өөрийн дансандаа шилжүүлэн аваад алга болсон. Бид *******тай холбоотой хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа боловч эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа. Нэхэмжлэлд дурдсан бараа бүтээгдэхүүний үнэ 3,404,000 төгрөгийн талаар манай компани мэдэхгүй, тухайн төлбөр манай компанийн дансанд ороогүй.

Манай компани нь 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр *******-ийн удирдлагатай уулзан нийт шилжүүлсэн 17,158,537 төгрөгийг графикийн дагуу төлөхөөр тохиролцсон. Үүний хүрээнд *******-д 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 10,158,537 төгрөг төлсөн, одоо үлдэгдэл 7,000,000 төгрөгийг ойрын хугацаанд төлж барагдуулна.

******* нь нэмэгдүүлсэн шаардлагадаа нэхэмжлэлийн хэмжээг 4,173,278.18 нэмэгдүүлсэн байна. Манай компаниас нэхэмжилж байгаа 11,173,278.18 төгрөг, үүнээс манай компанийн үлдэгдэл өр 7,000,000 төгрөгийг хасвал нэмэгдүүлсэн үнэ 4,173,278.18 төгрөг байна. Нэмэгдүүлсэн шаардлагаас харахад тухайн дүн яаж гарсан нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, алданги тооцсон дүнгийн хүснэгт дэх үнийн дүнгүүд хоорондоо зөрүүтэй байгаа тул бодох боломжгүй байна.

Хоёр компанийн дунд ямар нэг бичгээр хийсэн гэрээ байхгүй мөн албан бичгээр алданги тооцох хугацаа 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэхээр тохиролцсон байсан тул хуульд заасан алданги төлөх боломжгүй. Хэрэв шүүхээс алданги төлөх нь зүйтэй гэж үзвэл Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар 211,097.6 төгрөгийн алдангийг үлдсэн төлбөр 7,000,000 төгрөгийн хамт нийт 7,211,097.6 төгрөгийг шүүхийн шийдвэр эцэслэн гарсны дараа төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гаас 3,404,000 төгрөгийг, хариуцагч *******-аас 7,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс 10,158,537 төгрөгийн болон алданги 3,601,083 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,754 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 69,414 төгрөгийг, хариуцагч *******-аас 243,743 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүхээс талуудын хооронд анзын гэрээг бичгээр хийгээгүй хэмээн үзэж, нэхэмжлэлийн шаардлагаас 3,601,083 төгрөгийг хангахгүй орхисон.

Ингэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан бөгөөд мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээг байгуулсанд тооцохоор заасан.

*******-ийн зүгээс 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №24/11-01 дугаар албан бичгийг Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 195.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу гэрээний санал хэмээн үзэж, нэхэмжлэгч *******-ийг уг саналыг хүлээн зөвшөөрсөн бичгийн баримтыг хариуцагчид хүргүүлээгүй тул бичгийн хэлбэрээр гэрээ байгуулсанд тооцох хуулийн урьдчилсан нөхцөлийг хангахгүй байна хэмээн тогтоосон.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******-аас 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн хариу тайлбартаа ...2024 оны 11 дүгээр сарын 18-ны №24/11-01 тоот албан бичигт тусгасан алдангийн тухайд, ...*******-ийн удирдлагууд компани дээр ирж, ...шаардаж байж нэмсэн алданги ...оны сүүл болсон тул уян хатан нөхцөлтэй байя гэж тохирч байсан, ...хэрэв шүүхээс алданги төлөх нь зүйтэй гэж үзвэл ...алдангийг үлдсэн төлбөрийн хамт ...төлөхөд татгалзах зүйлгүй болно хэмээн тайлбарладаг.

Аливаа гэрээ нь гэрээ байгуулах талын саналыг хүлээн зөвшөөрснөө мэдэгдэж хариу өгснөөр байгуулсанд тооцох бөгөөд дараах нөхцөл бүрдсэн байхыг шаарддаг. Үүнд:

1. Агуулга: Гэрээ байгуулах саналыг хүлээн зөвшөөрсөн хариу нь агуулгын хувьд гэрээний нөхцөлийг өөрчилсөн буюу хязгаарласан шинжгүй байх ёстой.

2. Хугацаа: Хуульд гэрээний саналыг хүлээн авах 3 төрлийн хугацаа байдаг бөгөөд Нэгдүгээрт, Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1.5-д зааснаар гэрээ байгуулах саналыг шууд хүлээн зөвшөөрч болно.

3. Хэлбэр: Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар бичгээр хийгдэх гэрээ нь зөвхөн талууд гэрээнд гарын үсэг зурснаар бус, харин гэрээ байгуулах саналыг хүлээн авснаа бичгээр мэдэгдэхийг хэлнэ хэмээн тайлбарласан байна.

Дээрхээс үзвэл нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт заасны дагуу анзын гэрээ байгуулах саналыг гаргасан бөгөөд хариуцагч ******* нь иргэний хуулийн 196.1.5-д заасны дагуу гэрээ байгуулах саналыг шууд хүлээн зөвшөөрч ингэхдээ 2024 оны 11 дүгээр сарын 18-ны №24/11-01 тоот Батламж гаргах тухай албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.

Гэтэл анхан шатны шүүхээс талуудын хоорондын тохиролцоог буруу тодорхойлж анзын гэрээг бичгээр байгуулаагүй хэмээн тогтоосон нь буруу.

Иймд зохигчдын хүсэл зориг буюу жинхэнэ тохиролцоо талуудын тэгш байдал, маргааны бодит үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтыг харгалзан эрх тэгш байх зарчмыг удирдлага болгон анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 7,000.000 төгрөг гэснийг 10,601,083 төгрөг болгон өөрчилж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч *******-ийн гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагчийн зүгээс алданги төлөхөд огт асуудалгүй гэх зүйл огт хэлээгүй. ******* нь хариуцагч компанид 17,158,537 төгрөгийг өгсөн нь үнэн.

Гэхдээ уг мөнгийг өгөхдөө хариуцагч талтай гэрээ байгуулаагүй. Гэрээ байгуулна гэж ярьж байгаад ******* гэх хүнтэй хувийн яриа хийж төлбөрөө хариуцагч *******-ийн дансанд шилжүүлсэн.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаан шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зогсох ёстой гэж хариу тайлбартаа бичсэн. Хэрэв зогссоноос хойш алданги тооцохын бол нийт алданги нь 211,097 төгрөг болж байна.

Шүүх алданги төлөх нь зүйтэй гэж үзэхийн бол 211,097 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 17,158,537 төгрөг, алдангид 3,601,083 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар *******г татан оролцуулж, улмаар хариуцагч *******-аас худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 7,572,195.18 төгрөг, алдангид 3,601,803 төгрөг, нийт 11,173,278.18 төгрөг, хариуцагч *******гаас 3,404,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

 

1.1. Хариуцагч ******* нь, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний үнэд шилжүүлсэн 17,158,537 төгрөгийг буцаан шилжүүлэхийг зөвшөөрч, 10,158,537 төгрөгийг төлж, алдангид 3,601,083 төгрөг нэхэмжилснийг эс зөвшөөрч маргажээ.

 

1.2. Хариуцагч ******* нь нэхэмжилсэн 3,404,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байна.

 

2. Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдсон байна.

 

2.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-тай кофены автомат машин худалдан авахаар тохиролцож, хариуцагчийн дансанд 17,158,537 төгрөг, хариуцагч *******гийн дансанд 3,404,000 төгрөгийг тус тус шилжүүлж, худалдах, худалдан авах хэлцлийг амаар хийсэн болох нь зохигчдын тайлбар, Хас банк-н дахь нэхэмжлэгч *******-ийн харилцах дансны гүйлгээний хуулга, хариуцагч *******-ийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 24/11-01 дугаартай албан бичиг зэргээр тус тус нотлогджээ./хх6-7, 9/

 

2.2. Хариуцагч *******-аас, *******-д 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 24/11-01 дугаартай Батламж гаргах тухай албан бичигт ...Кофены автомат машин нийлүүлэхээр харилцан тохиролцож 17,158,537 төгрөгийг авсан боловч ерөнхий менежер кофены машин нийлүүлнэ гэж хувьдаа шамшигдуулснаас болж нийлүүлж чадаагүй. Төлбөрийг графикт хугацаандаа төлөөгүй тохиолдолд графикт заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцно гэжээ.

 

3. Анхан шатны шүүхээс талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

3.1. Нэхэмжлэгч *******-аас гэрээний үнэд 17,158,537 төгрөгийг хариуцагч *******-д, хариуцагч *******гийн дансанд 3,404,000 төгрөгийг шилжүүлсэн, мөн талууд гэрээнээс татгалзсан үйл баримтын тухайд маргаагүй. Харин, талууд худалдах худалдан авах гэрээнээс татгалзахдаа алдангийн талаар тохиролцсон эсэх, алдангийг шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

 

3.2. Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний дагуу, гэрээний зүйлийн үнийг хариуцагчид шилжүүлсэн боловч хариуцагч нь кофены автомат машиныг нийлүүлээгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр талууд гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцсэн байна. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэг үүсдэг.

 

3.3. Иймд хариуцагч *******-аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээгээр шилжүүлсэн 17,158,537 төгрөгнөөс 10,158,537 төгрөгийг буцаан шилжүүлж, үлдэх 7,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Мөн хариуцагч ******* 3,404,000 төгрөгийг буцаан шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

3.4. Анхан шатны шүүхээс, талуудын хооронд анзын гэрээг бичгээр байгуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас анз шаардах эрхгүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт нийцсэн байна.

 

3.5. Түүнчлэн, талууд гэрээнээс татгалзсанаар тэдгээрийн хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэх тул нэхэмжлэгчийн шаардсан үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга болох алдангийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэж, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

4. Иймд анхан шатны шүүхээс, гэрээнээс татгалзсан үр дагаварт хариуцагч *******-аас 7,000,000 төгрөг, хариуцагч *******гаас 3,404,000 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцэж байна.

 

5. Харин, анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтад нэхэмжлэгчийн алданги гаргуулах тухай шаардлагад хамаарах Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг орхигдуулсныг нэмж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/02705 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 205.1 гэсний дараа 232 дугаар зүйлийн 232.6 гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72,568 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ