Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 98

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Шүүгдэгч, хохирогч: С.Х , З.Б ,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Балжин Бошгот овгийн З.Б , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Начин овгийн С.Х  нарт холбогдох 1928000000097 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Өмнөговь аймаг, Гурвантэс суманд 1986 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, ЖО  ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Өмнөговь аймаг, ...................... баг, байшин хороололд оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Балжин бошгот овгийн З.Б , регистрийн дугаар .....................;

Монгол Улсын иргэн, Өмнөговь аймаг, Гурвантэс суманд 1974 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, соёл урлагын менежер, уртын дууч мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёлын төвд дуу хөгжмийн багш ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамтаар Өмнөговь аймаг, ...................... багт оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, Начин овгийн С.Х , регистрийн дугаар ...................;

Шүүгдэгч С.Х  нь 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 21-22 цагийн хооронд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймаг, Гурвантэс сумын төвөөс зүүн зүгт байрлах засмал зам дээр З.Б тай маргалдан улмаар хоорондоо зодолдож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч З.Б  нь 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 21-22 цагийн хооронд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймаг, Гурвантэс сумын төвөөс зүүн зүгт байрлах засмал зам дээр С.Х тай маргалдан улмаар хоорондоо зодолдож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч С.Х, З.Б нарыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч С.Х  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 06 сарын 22-ны өдөр 19 цагийн үед ажил дээр байх үед танил Б  95736687 дугаараас залгаад хаана байна гэхээр нь ах нь ажил дээрээ байна гэсэн. Удалгүй гадаа ирээч ирчихлээ гэж хэлсэн. Гараад харсан чинь Б  “ЖО ” ХХК-ийн жолоочийн хамт машинтай ирсэн байсан. М  ажил руугаа явах гээд байна. Гаргаж өгөх гэсэн юм гээд хэлэхээр нь би зөвшөөрөөд өөрийн эзэмшлийн 31-56 ӨМӨ улсын дугаартай фургон машинтай дагаад явсан. “Мэргэн” дэлгүүрээс бид нар нэг шил архи аваад Гурвантэс сумаас зүүн тийш засмал замын төгсгөлд очоод фургон машинд архиа задлаад тойруулсан. Тухайн архинаас М  бид 2 амсаад өгч байсан. Машин барьж яваа гээд. Харин Б  тухайн шил архийг ууж дуусгасан. Тэгээд М  цаашаа ажил руугаа яваад, Б  бид хоёр сумын төв рүү хөдлөөд явж байтал хажуу талаас Б  нүүрэн дундуур нэг удаа цохиод авсан. Тэгээд би машинаасаа буугаад цусаа тогтоох гэж байтал араас хоолой боосон. Тэгэхээр нь толгойгоо хойш савахад нүүр рүү нь толгойгоороо цохьсон. Зүүн гараас хазсан. Б  шүд уначихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь гэрэлд үзсэн чинь амнаас цус гарсан байдалтай байсан. Эмнэлэгт хүргэж өгье гэсэн чинь өөрөө үзүүлэхгүй гэж хэлээд миний хохирлыг барагдуулчих гэж хэлээд тохироод явсан./хх-ийн 17-18-р хуудас/

Хохирогч З.Б  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 06 сарын 22-ны өдөр 21 цагийн үед С.Х  ах руу 99053386 гэх утас руу залгаж С.Х тай утсаар ярьсан. Хаана байгааг нь асуухад Соёлын төвд байна гэхээр нь яваад очих уу гэж асуусан чинь хүрээд ир гэсэн. 21 цагийн үед ажил дээр нь очоод С.Х  ахын 31-56 ӨМӨ фургон машинаар сумын дэлгүүрээс нэг шил архи, ундаатай аваад сумын төвөөс зүүн тийш гардаг засмалын төгсгөлд очоод машин дотор архиа тойруулаад ууж байхдаа бид хоёр хоорондоо маргалдаж, би С.Х  ахыг зүгээр байхад нь хажуунаас нь цохиод авсан. Тэгээд бид хоёр машинаасаа буугаад заамдалдсан. Би С.Х  ахын хойно гараад хоолойг нь боох үед зүүн гараас хазаад толгойгоороо хойш савах үед шүд рүү мөргөсөн. Миний үүдэн шүд унасан. Би С.Х  ахад миний шүд уначихлаа гэхэд эмнэлэг явах уу гэхээр нь уйлж байгаад тухайн газраас гэр рүүгээ явсан. Маргааш нь цагдаад мэдэгдсэн. /хх-ийн 14-15-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 386 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: З.Б ын биед 1 шүд унасан, баруун нүдний зовхины цус хуралт, нүүр, зүүн шуу, баруун өвдөг шилбэнд зулгаралт гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 1 шүд унасан гэмтэл нь 4.11.52 заалтаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувь алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтэл 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шүд унаснаас бусад гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-ийн 27-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 387 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: С.Х ын биед зүүн нүдний зовхины. цус хуралт, нүдний алимны салстын цус харвалт, 2 чихний жижиг зулгаралт гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 34-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/

Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн29-43-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Х  нь 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 21-22 цагийн хооронд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймаг, Гурвантэс сумын төвөөс зүүн зүгт байрлах засмал зам дээр З.Б тай маргалдан улмаар хоорондоо зодолдож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч З.Б  нь 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 21-22 цагийн хооронд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймаг, Гурвантэс сумын төвөөс зүүн зүгт байрлах засмал зам дээр С.Х тай маргалдан улмаар хоорондоо зодолдож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Х ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч З.Б ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 386 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: З.Б ын биед 1 шүд унасан, баруун нүдний зовхины цус хуралт, нүүр, зүүн шуу, баруун өвдөг шилбэнд зулгаралт гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 1 шүд унасан гэмтэл нь 4.11.52 заалтаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувь алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтэл 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шүд унаснаас бусад гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-ийн 27-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Хохирогч З.Б ын эрүүл мэндэд шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хөнгөн хохирол учирсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: …хохирол төлбөрт 600.000 төгрөг төлсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй... гэх тул шүүгдэгч С.Х ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч З.Б ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Х ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 387 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: С.Х ын биед зүүн нүдний зовхины. цус хуралт, нүдний алимны салстын цус харвалт, 2 чихний жижиг зулгаралт гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 34-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Шүүгдэгч З.Б ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Х ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ …хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй... гэх тул шүүгдэгч З.Б ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Х , З.Б  нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Х т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч З.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, бусдад төлөх төлбөргүй байдал зэргийг харгалзан, улсын яллагчийн санал болгосон ялын саналын хэмжээнд буюу шүүгдэгч С.Х т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч З.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэв.

Шүүгдэгч С.Х , З.Б  нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8,  9 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Балжин бошгот овгийн З.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Начин овгийн С.Х ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч С.Х , З.Б  нар нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж биелүүлэхийг даалгасугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х , З.Б  нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д  зааснаар шүүгдэгч С.Х , З.Б  нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч С.Х  нь хохирогч З.Б т 600.000 төгрөг төлсөн, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч С.Х , З.Б  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА