Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 5018

 

 

 

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзурх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

  Нэхэмжлэгч: Хос ирээдүй СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Сүрэнжаргалд холбогдох,

СӨХ-ын төлбөр 431.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлзэн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Хос ирээдүй” СӨХ-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хос ирээдүй СӨХ нь СӨХ-ын төлбөрт сууц өмчлөгчдийн дангаар өмчлөх орон сууцны 1 мкв-ыг нь 100 төгрөгөөр, харуул 3500 төгрөгөөр, лифт 6000 төгрөг, гэрэлтүүлэг цахилгаан 1800 төгрөг, ариутгал 4000 төгрөг, гэх мэт тооцож сар бүр айлаас 16.700-22.700 төгрөг хүртэл төгрөгийн төлбөр авдаг. СӨХ-ын төлбөрөө цаг тухай бүрт нь өгдөг айл өрхөөс авсан төлбөр нь орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн хэвийн аюулгүй байдлыг хнгах, ашиглалт болон холбогдох бусад зайлшгүй зардлыг гаргах, засвар үйлчилгээг хийхэд хаанаа ч хүрдэггүй тул цаашид СӨХ-ын төлбөрийг сууц өмчлөгчдөөс цаг тухай бүрт нь авч хэвийн үйл ажиллагаагаа явуулж эхлэх зайлшгүй шаардлагатай болж байгаатай холбогдуулан энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд хариуцагч Б.Сүрэнжаргалаас СӨХ-ын төлбөр 431.200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Манай байгууллага нь хариуцагч Б.Сүрэнжаргалд холбогдуулан 431.200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Хос Ирээдүй” СӨХ нь хариуцагч Б.Сүрэнжаргалаас 431.200 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Сүрэнжаргал нь бүрэн төлж барагдуулсан байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч “Хос Ирээдүй” СӨХ-ны нэхэмжилсэн 431.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, Б.Сүрэнжаргалд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Хос ирээдүй” СӨХ-ноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13.590 төгрөгийн тал хувь буюу 6795 төгрөгийг улсын төсвөөс, 6795 төгрөгийг хариуцагч Б.Сүрэнжаргалаас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Хос Ирээдүй” СӨХ-нд олгосугай.

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                             Л.ЭНХЖАРГАЛ