| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/04337/И |
| Дугаар | 210/МА2025/00797 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2025/00797
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Бадрах, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/01700 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******-д холбогдох,
Хамтран ажиллах хугацаанд учирсан хохирол 89,921,493 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
******* болон ******* нар нь 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 23/01-47 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Бид энэхүү гэрээгээр 45 минут хүртэл үргэлжлэх нийт 8 дугаар бүхий реалити нэвтрүүлэг бэлтгэж, телевизийн эфирээр долоо хоног бүрийн Бямба гарагийн оргил цаг 21:00 цагаар түгээхээр тохиолцсон.
телевизийн I studio буюу уран бүтээлийн алба нь ******* реалити нэвтрүүлгийг бэлтгэхээр 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 08 дугаар сарын 14-ний өдрийн хооронд 19 хоногийн хугацаанд ******* реалити нэвтрүүлэгт ажилласан. Энэ хугацаанд нэвтрүүлгийн баг нэвтрүүлгийн үндсэн агуулга, нэвтрүүлгийн нийт 6 дугаарын даалгаврыг боловсруулах ажил, шүүгчийн судалгаа, сонголт, үндсэн промоны зохиол, нэвтрүүлгийн Тун удахгүй гэсэн тайлбартай промоны агуулга, нэвтрүүлгийн Үндсэн лого, social идэвхжүүлэлтийн контент, 8 дугаарын зохиол дээр тус тус ажиллаж бэлтгэсэн байсан. Мөн шинэ хаяг нэвтрүүлгийн сонгон шалгаруулалтын бүртгэлийн постерны хуулбарыг нөгөө талын хүсэлтээр 2 удаа ч графикийн ажлыг хийж гүйцэтгэсэн.
Хариуцагчтай хамтран 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Action plan-/үйл ажиллагааны төлөвлөгөө/-т ажлуудыг хийж гүйцэтгэж албан ёсоор телевизийн байранд 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс нэвтрүүлгийн агуулгыг тодорхойлох, 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 5 удаагийн уулзалт, хурлыг зохион байгуулсан. Тэр болгонд манай телевизийн уран бүтээлийн баг ажиллаж, нэвтрүүлгийг бүтээх ажлыг гүйцэтгэсээр байсан. CD-д хариуцагч тал болон нэхэмжлэгч нарын уулзалтын
Хариуцагч ******* нь хэрвээ 2024 он гараад тухайн нэвтрүүлгийг үргэлжлүүлэн хийх хүсэл зориг байсан бол бидэнтэй холбогдоогүй, ийнхүү хариуцлагагүй байдалдаа өнөөдрийг хүртэл хариу арга хэмжээ авах талаар санаа тавиагүй, нэвтрүүлгээ үргэлжлүүлье гэсэн саналыг бидэнд албан ёсоор байгууллагыг төлөөлөх этгээдийн гарын үсэг, тамгаар баталгаажуулсан ямар ч хариу одоог хүртэл ирээгүй байгаа юм.
Тус реалити нэвтрүүлгийг нийт 2 сарын хугацаанд телевизийн амралтын өдрийн оргил цагаар түгээхээр төлөвлөгдөж бид ажлаа гүйцэтгэж байсан.
******* нэвтрүүлэгтэй холбогдон манай компаниас дараах зардал гарсан.
1. Нэвтрүүлгийн бэлтгэл ажилд нийт мөнгөн хэлбэрээр телевизээс 44,247,875 төгрөг зарцуулсан байна.
2. Промо хийж гүйцэтгэсэн зардал: 2,000,000 төгрөг, ментор шүүгч сонгож, гэрээт ажлын төлбөр шилжүүлсэн: 4,250,000 төгрөг, Даалгавар боловсруулсан зардал: 4,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэлээр хийгдсэн гэж тооцоологдсон. Ингээд нийт гүйцэтгэсэн ажлын зардал 10,250,000 төгрөг.
Дээрх 44,247,875+10,250,000 = 54,497,875 төгрөг. Үүн дээр бид энэ гүйцэтгэсэн ажлынхаа НӨАТ-ыг нэмж 59,947,662 төгрөг нь *******-тай байгуулсан гэрээнээс учирсан хохирол юм.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар анз нь торгууль алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу дээрх 59,947,662 төгрөгийн нийт алдангийг бид өнөөдрийг хүртэлх хугацаагаар тооцон гаргавал маш их хэмжээний хохирол үүссэн байгаа бөгөөд хууль заасан нөхцөл журмын дагуу алдангийг тооцон ийнхүү тооцоолсон. Учирсан хохирлын 59,947,662 төгрөгийн алданги болох 50 хувь нь 29,973,831 төгрөг болно. Ингээд 59,947,662+29,973,831= 89,921,493 төгрөг нь өөрийн компанид учирсан хохирлыг хариуцагчаас нэхэмжилж байна.
Хариуцагчийг Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-т зааснаар ...ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт болсон тул гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын буюу *******-ийн зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд оруулахыг Иргэний хуулийн 225, 227 дугаар зүйлийн 227.1, гэрээний 8.1, 8.3, 9.3-т заасныг тус тус үндэслэн хариуцагч *******-аас 89,921,493 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Манай ******* нь Indigo Sustainable Home төслийн гүйцэтгэгч компани бөгөөд Улаанбаатар хотын залуу гэр бүлүүдэд үйлчилгээтэй ойр байрлалд, энгийн бөгөөд эрүүл амьдралын хэв маягийг иргэдэд эергээр нөлөөлөх зорилгоор нэхэмжлэгч болох телевиз буюу *******-тай 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан.
Ийнхүү талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд тус гэрээгээр ******* реалити шоуг долоо хоног бүрийн бямба гариг 21:00 цагаас 45 минут үргэлжлэх 8 дугаартай цуврал нэвтрүүлэг гаргахаар тохиролцож гэрээний нийт үнийн дүнг нэхэмжлэгчийг илгээсэн үнийн санал болох 278,070,000 төгрөг байхаар талууд тохиролцсон. Гэрээний үнийн дүн болох 278,080,000 төгрөгийн дийлэнх хувь буюу 260,730,000 төгрөгийг 57.94 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг байр ашиглалтад орсноор нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэн өгөх, үлдэгдэл 17,340,000 төгрөгийг реалити шоу эфирээр цацагдахаас өмнө төлөхөөр тохиролцсон.
2023 оны 06 дугаар сараас реалити шоуны бэлтгэл ажил хийгдэж эхэлсэн боловч нэхэмжлэгч ******* нь гэрээнд заасан нөхцөлийг зөрчиж зардал гаргах бүртээ биднээс бэлэн мөнгө нэхэх болсон.
Иргэний хуулийн 346-р зүйлийн 346.1 дэх хэсэгт Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө, гэрээний 3.2-т Энэхүү гэрээний Хавсралт №03-д заасан 260,730,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг ашиглалтад ормогц телевизийн нэр дээр шилжүүлэх, үлдэгдэл 17,340,000 төгрөгийг нэвтрүүлэг эфирээр цацагдаж эхлэхээс өмнө компани нь телевизэд төлнө гэж талууд тохирсон. Гэвч нэхэмжлэгч нь нэвтрүүлгийн ажлыг бүрэн гүйцэт дуусгаж компанид хүлээлгэж өгөөгүй атлаа урьдчилан төлбөр нэхэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Иймд талуудын байгуулсан гэрээний дагуу телевиз гэрээт ажлаа хугацаандаа хийж гүйцэтгэсний дараа ажлын хөлсөө шаардах эрх үүсэх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******-аас 21,318,175 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс 68,603,318 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 607,557 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 264,541 төгрөгийг гаргуулж *******-д олгож шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хангаагүй буюу хуульд заасны дагуу ажилчдын цалингийн зардлын нотлох баримтыг үнэлээгүй гэж үзэж байгаа тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүх *******-аас гаргасан 1-8 дугаарын зохиолыг бид нотлох баримтын шаардлага хангуулан өгснөөс гадна 2023 оны 05 дугаар сараас эхлэн гэрээ байгуулагдсанаас хойш /үйл ажиллагааны төлөвлөгөө/-т ажлуудыг хийж гүйцэтгэж албан ёсоор телевизийн байранд 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс нэвтрүүлгийн агуулгыг тодорхойлох, 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 5 удаагийн уулзалт, хурлыг зохион байгуулсан. Тэр болгонд манай телевизийн уран бүтээлийн баг ажиллаж, нэвтрүүлгийг бүтээх ажлыг гүйцэтгэсээр байсан. CD-д хариуцагч тал болон нэхэмжлэгч нарын уулзалтын өрөөний камерын бичлэгийг хавсарган өгч нотлох баримтыг үнэлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Хариуцагчийн гаргасан ажилчдын ирцийн бүртгэл, ажилчдын ажилласан цагийн нотлох хүснэгт, цагийн хуудас зэрэг нь тухайн ажилчдын ажилласан цагийг бодитойгоор нотолж байхад шүүх эдгээр нотлох баримтыг үнэлэлгүй орхигдуулсан байна. Мөн манай байгууллагын нэвтрүүлгийн зохиол дээр ажилласан цалингийн зардлыг үндэслэлгүйгээр давхцалтай гэж тооцож бүхэлд нь хассан байна.
Ажил гүйцэтгэх гэрээний ажлын гүйцэтгэлээр гэж тооцогдох ажлын үр дүнг зөвхөн хүний нөөцийн бүрдүүлэлт, хүний хөдөлмөрөөр бүтээгдэж байж үүсэх зүйл учраас ажилласан гэж тодорхойлогдож буй ажилчдын цалинг дахин эргэн харахыг хүсэж байна. Иймд *******-аас захиалан гүйцэтгүүлсэн ******* нэвтрүүлгийн 8 дугаарын зохиол гарган ажилласан ажилчдын нийт цалингийн зардал болох 26,980,000 төгрөг нь бидний гаргасан бодит зардал тул хуульд заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч тал нь *******-ийн ажилчдын 2 сарын цалинг манай компанитай хийсэн гэрээ хэлцлийн хүрээнд бэлтгэл ажил хийгдсэн гэх үндэслэлээр манайхаас нэхэмжилдэг. Тэр нь зөвхөн талуудын хооронд хийсэн уулзалт байсан. Зохиол бичсэн гэх үндэслэлээр зохиолчдын цалинг нэхэмжилснийг анхан шатны шүүх хангасан. Гэтэл нэхэмжлэгч тал нь давхардуулж *******-ийн 2024 оны 02 дугаар сарын нийт ажилчдын цалинг нэхэмжилж байгааг гэрээний улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс нэвтрүүлгийн бэлтгэл ажил бодитоор хийгдсэн, уг үйл баримтыг нэхэмжлэгч нь мөн нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан байсан. Гэвч нэхэмжлэлд хавсаргасан баримтууд нь 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 21-ний өдрийг хүртэл компаниас гаргасан бүх зардлын баримтуудыг гаргаж өгсөн нь учир дутагдалтай.
1. ******* нэвтрүүлгийг бэлтгэхтэй холбогдуулан тайз худалдан авалтад 3,142,700 төгрөг, тоног төхөөрөмж худалдан авалтад 4,086,000 төгрөг, лед гэрэл 495,000 төгрөг.
Манай захиалгаар гүйцэтгүүлж буй нэвтрүүлгийн нэр ******* гэдэг нэртэй байхад ******* реалити шоу-ны зардлын баримтуудыг хэрэгт хавсаргаж өгсөн нь үндэслэлгүй.
2. Вип өрөөний зардал, ажилчдын хоол хүнсэнд 636,300 төгрөг,шатахууны зардал 48,175 төгрөг, студи түрээс 660,000 төгрөг.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсаны дагуу талууд 07 сарын 27-ны өдрөөс нэвтрүүлгийн бэлтгэл ажлыг эхлүүлж, 08 дугаар сарын 02-ноос албан ёсоор уулзалт хийж эхэлсэн байхад 06 дугаар сард нэхэмжлэгч компанийн ашигласан вип өрөө, идсэн хоол, гаргасан шатахууны зардлыг төлөх нь үндэслэлгүй.
3. Шоуны зөвлөхийн төлбөрт 2,000,000 төгрөг, ажлын гүйцэтгэлээр промо хийж гүйцэтгэсэн 2,000,000 төгрөг, ментор шүүгч сонгосон 4,250,000 төгрөг, даалгавар боловсруулсан 4,000,000 төгрөг. Талуудын байгуулсан гэрээний Хавсралт№ 1-ээр бид *******-ийн ирүүлсэн урьдчилсан төлөвлөсөн нийт зардлуудыг баталж харилцан гэрээгээ байгуулсан. Гэтэл ментор шүүгч сонгосон 4,250,000 төгрөг, даалгавар боловсруулсан 4,000,000 төгрөгийн зардлууд тус тус хавсралт №1-д огт багтаагүй зардлууд, харин шоуны зөвлөхийн төлбөрт 2,000,000 төгрөг гаргасан гэх зардал бол хавтаст хэргийн 141 дүгээр хуудаст авагдсан ******* реалити шоуны зөвлөх ******* *******т 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн зарлагын баримт юм. Манай захиалгат нэвтрүүлгийн нэр анхнаасаа л ******* нэртэй байхад ******* реалити шоуны зөвлөх гэж өөр реалити шоуны зөвлөхийн төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус юм. Мөн ажлын гүйцэтгэлээр промо хийж гүйцэтгэсэн 2,000,000 төгрөгийг зардлын баримт хэрэгт авагдаагүй байхад шүүхээс уг зардлыг хангаж шийдвэрлэсэн нь мөн хуульд нийцээгүй шийдвэр болсон.
6.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй баримтуудыг үнэлэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Анх гэрээ байгуулахад ажил гүйцэтгэх гэрээний ажлын нэр нь гэх нэртэй байсан. Түүнчлэн, ажлын нэрийг хариуцагч талаас *******, манайхаас ******* шоу нэвтрүүлэг гэх нэрээр нэрлэсэн буюу 3 өөр нэрээр нэрлэгдсээр байдаг. Энэ нь шоу нэвтрүүлэг тул яг эфирээр цацагдах үед эфирийн өнгө төрхийг харж байгаад талууд харилцан тохиролцож нэвтрүүлгийн нэрийг оноох боломжтой. Гэтэл хариуцагч талаас зөвхөн нэр төдий зүйлээр хаацайлан өөрсдийн гэм буруутай үйлдлийг бүхэлд нь үгүйсгэж байгааг гайхаж байна. Нэхэмжлэгч талын зүгээс анхан шатны шүүх ажилчдын зардлаас бусад зардлыг үнэн зөвөөр нь нотолж, үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Зардлуудын тухайд анх гэрээт ажлынхаа үүднээс хариуцагч компанитай хамтарч ажиллахдаа манай компани бүхий л зардлыг хариуцаж ажиллаж байсан. Хариуцагч тал нь анхан шатны шүүх хуралдааны явцад мөнгө гаргасан, гаргаагүй гэх талаар ямар нэгэн тайлбар хэлээгүй. Учир нь хариуцагч тал ямар ч мөнгө гаргаагүй учир мөнгө гаргасан талаар нотолж чадахгүй. Тиймээс нэвтрүүлэг хийгдээгүй тул манайхаас гарсан зардлыг бүрэн гаргаж өгнө үү гэх нэхэмжлэл гаргаж байна. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол болон хариу тайлбарыг бүхэлд нь үгүйсгэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан хамтран ажиллах хугацаанд учирсан хохиролд 89,921,493 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
2. ******* нь *******-тай байгуулсан 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 23/01-47 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-гээр телевиз нь нэртэй үзэгчдэд хариуцлагатай амьдралын хэв маягийг уриалах, Indigo Sustainable home төслийн Хөгжлийн төв шиг төвтэй байснаар залуу гэр бүлүүд Улаанбаатар хотод хэрхэн илүү аз жаргалтай, хэрхэн гэр бүлдээ илүү цагийг зарцуулж болохыг, хэрхэн илүү төлөвлөлттэй амьдарч болохыг нэвтрүүлэгт оролцогчдын оролцоотойгоор харуулах зорилготой 8 дугаар бүхий реалити шоу нэвтрүүлэг бэлтгэж, эфирт нэвтрүүлэх, гэрээний нийт үнийн дүн 278,070,000 төгрөг байх, төлбөрийг хавсралт №3-д заасан 260,730,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг ашиглалтад ормогц телевизийн нэр дээр шилжүүлэх, үлдэгдэл 17,340,000 төгрөгийг телевизийн дансанд, нэвтрүүлэг эфирээр цацагдаж эхлэхээс өмнө компани нь телевизэд төлөхөөр талууд харилцан тохиролцжээ. /1хх8-11/
2.1. Дээрх гэрээний дагуу ******* реалити нэвтрүүлгийн үндсэн агуулга, нэвтрүүлгийн нийт 6 дугаарын даалгаврыг боловсруулах ажил, шүүгчийн судалгаа, сонголт, үндсэн промоны зохиол, нэвтрүүлгийн Тун удахгүй гэсэн тайлбартай промоны агуулга, нэвтрүүлгийн Үндсэн лого, social идэвхжүүлэлтийн контент, 8 дугаарын зохиол дээр тус тус ажиллаж бэлтгэсэн, захиалагч *******-тай хамтран 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Action plan /үйл ажиллагааны төлөвлөгөө/-т ажлуудыг хийж, нэвтрүүлгийн агуулгыг тодорхойлохоор телевизийн байранд 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 5 удаагийн уулзалт, хурлыг зохион байгуулсан болох нь хэрэгт авагдсан ******* нэвтрүүлгийн 8 дугаарын зохиол, талуудын уулзалт, хурлын талаарх CD-д үзлэг хийсэн тэмдэглэл, нэвтрүүлгийн лого, нэвтрүүлгийн бүртгэл, сонгон шалгаруулалтын бүртгэлийн постер, шүүгчдийн талаарх санал, сонголт хийсэн уулзалт болсон зэрэг нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогджээ.
3. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаарх шүүхийн дүгнэлт зөв. Ажил гүйцэтгэх гэрээний хугацааг 2024 оны хавар хүртэл хойшлуулсан тухайд талууд маргахгүй байх боловч уг гэрээнээс татгалзсан явдалд хариуцагч талын буруутай эсэх, хохирол учирсан эсэх асуудлаар талууд маргасан байна.
3.1. Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А23/03-166 дугаартай албан бичгээр хариуцагч *******-д ... та бүхэн гэрээт ажлын гүйцэтгэх хугацааг хойшлуулж байгаа нь манай байгууллагад хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгээд байгаа юм...манай байгууллагын зүгээс бэлнээр зарцуулсан байгаа 46,147,875 төгрөгийг бэлнээр төлөхийг хүсэж байна. Бид та бүхэнд учирсан нөхцөл байдлыг хүндэтгэн үзэж, зөвхөн бэлнээр төлөгдсөн мөнгийг нэхэмжилж байгааг ойлгон хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэжээ./1хх21/
3.2. Түүнчлэн, ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн албан мэдэгдлээр *******-д хандан тус шоу нэвтрүүлгийг бүтээхэд зориулж телевизээс зарцуулагдсан бэлэн мөнгөн төлбөрийг танай компаниас эхний ээлжид төлж, барагдуулах шаардлагатай тухай мэдэгдлийг 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй тул та бүхэн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн дотор өөрсдийн байр суурийг албан ёсны болгон хариу ирүүлэх, харилцан зөвшилцөлд хүрэх шийдвэрийг хүсэж байгаа агуулгаар мэдэгджээ. /1хх235/
3.3. ******* нэвтрүүлгийн ажилчдын ажилласан хугацааг нотлох хүснэгт гэх баримтын 8 дахь хэсэгт 2024 оны хавар дахин хийгдэнэ гэж тохирсон учраас бүх зохиолоо төлөвлөж бичихийг зорьсон гэж нэхэмжлэгч талын продюсер , сэтгүүлч нар тодорхойлсон байна./1хх154-155/
3.4. 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч талаас нэхэмжлэгч талд манай компанид үүссэн асуудлыг хүндэтгэн үзэж *******-гэр бүл реалити нэвтрүүлгийн хугацааг хойшлуулах саналыг хүлээн авсанд баярлалаа. Нэвтрүүлгийн хүрээнд өнөөдрийг хүртэл телевизээс гарсан зардлын тухай бид барьцаа болгон 57,94 м.кв 3 өрөө орон сууцан дээр захиалан бариулан гэрээг танай талд хийж өгөх саналыг хүргүүлж байна. Баярлалаа гэх мэйлийг хүргүүлсэн болох нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон байна./1хх184, 206-207/
4. Дээрх үйл баримтаас үзэхэд ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд 2024 оны хавар хүртэл хойшлуулсан байх боловч уг хугацаанд гэрээг үргэлжлүүлэх эсэх асуудлаар хэн аль нь санаачилга гаргаагүй байх бөгөөд нэхэмжлэгч 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээнээс татгалзсан гэж үзэхээр байна.
4.1. Тухайн гэрээ хэрэгжих нөхцөл боломжоор хангаагүй гэж нэхэмжлэгч талаас тайлбарласныг хариуцагч талаас няцааж үгүйсгээгүй, 2024 оны хавар гэж хойшлуулсан хугацаанаас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хариуцагч талд хугацаа олгосон гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч талын гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч нь гэрээнээс учирсан хохирлоо Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
4.2. Гэхдээ, гэрээнээс учирсан хохиролд нэхэмжлэгчийн тайз 3,142,700 төгрөгөөр, тоног төхөөрөмж 4,086,000 төгрөгөөр, лед гэрэл 495,000 төгрөгөөр, нийт 7,723,700 төгрөгөөр худалдан авсныг анхан шатны шүүхээс нэхэмжлэгчид учирсан бодит хохиролд оруулан тооцсон нь үндэслэлгүй байна. Учир нь, нэхэмжлэгчийн худалдан авсан тайз, тоног төхөөрөмж, лед гэрэл зэрэг нь нэхэмжлэгчид бодитоор үлдсэн эд хөрөнгүүд байх тул нэхэмжлэгчийн шаардлагаас хангасан 21,318,175 төгрөгөөс хасч тооцон, хариуцагчаас 13,594,475 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж, хариуцагчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулна.
4.3. Мөн, гэрээ болон нэхэмжлэгч талын ирүүлсэн баримтаас үзэхэд ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон реалити шоу нэвтрүүлгийн нэрийг гэрээнд , *******, ******* гэх зэргээр нэрлэж байсан байх тул анхан шатны шүүх гэр бүл гэсэн нэртэй реалити шоунд гаргасан зардлыг нэхэмжилсэн гэсэн хариуцагчийн гомдол үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.
5. Нэхэмжлэгч нь ******* нэвтрүүлэгт ажилласан ажилчдын цалингийн зардалд 26,980,000 төгрөгийг хохирол гэж тодорхойлсон байх ба нэхэмжлэгч нь өөрийн байгууллагадаа хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилчдынхаа цалин хөлсийг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна. Тодруулбал, эдгээр ажилчид нь нэхэмжлэгч талтай хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарлаж байна.
Түүнчлэн, нэхэмжилж буй 26,980,000 төгрөгийг зөвхөн уг гэрээт ажлыг гүйцэтгэсний төлөө нэр бүхий ажилчдад тэдгээрийн цалин хөлс дээр нэмж олгосон гэх үндэслэлээ нэхэмжлэгч талаас баримтаар нотлоогүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Дээрх гэрээнээс нэхэмжлэгч татгалзсан үндэслэлээр гэрээ дуусгавар болсон байх тул нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг шаардах эрхгүй тул нэхэмжилсэн 29,973,831 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
7. Иймд, нэхэмжлэгчид учирсан хохиролд 13,594,475 төгрөгийг хариуцагч *******-аас гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 76,327,018 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүхэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/01700 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 21,318,175 /хорин нэгэн сая гурван зуун арван найман мянга нэг зуун далан тав/ гэснийг 13,594,475 гэж, 68,603,318 гэснийг 76,327,018 гэж,
шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын 264,541 /хоёр зуун жаран дөрвөн мянга таван зуун дөчин нэг/ гэснийг 225,922 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292,850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Ц.АЛТАНЦЭЦЭГ