Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 99

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Хохирогч: Н.Э ,

Шүүгдэгч: Ш.Т ,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

            Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овгийн Ш.Т т холбогдох 1928000000096 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Яллах дүгнэлтэд бичигдсэн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 8, ах, эгч, дүү нарын хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг ............................... оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Тайж овгийн Ш.Т , регистрийн дугаар ....................

Шүүгдэгч Шаалуу овогтой Ш.Т  нь 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Нацаг овогтой Н.Э ыг зодож эрүүл мэндэд нь баруун гарын шууны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

Шүүгдэгч Ш.Т ийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

         Шүүгдэгч Ш.Т  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

          Хохирогч Н.Э  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

          Хохирогч Н.Э  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Намайг гэртээ байж байх үед манай нөхрийн найз Ш.Т  нь миний утас руу залгаад завтай байна уу гараад ирээч уулзъя гээд байсан. Би завгүй яах гээд байгаа юм бэ гэхэд ахин дахин залгаад байхаар нь гараад дэлгүүрийн гадаа уулзсан. Намайг Ш.Т  дэлгүүр орж юм уух уу гэхэд нь би юм хэлээгүй хамт гудмаар доош алхсан. Доош алхаад Намуун дэлгүүрээс 0.5 граммын ерөөл архи аваад бид хоёр Далангийн гол орж уухаар болоод нэг эзэнгүй байшинд 18-19 цагийн үед очсон. Бид хоёр архиа ууж дуусах үед харанхуй болчихсон байсан. Тэгээд би Ш.Т ийг утсаараа нэг яриулчих гэхэд яриулахгүй гэсэн. Би төмөр аваад Ш.Т  рүү шидсэн оноогүй. Архиа ууж сууж байгаад миний үснээс эхлээд зулгаасан, дараа нь миний гар руу 2 удаа өшиглөсөн, дараагаар нь шууд миний гар өвдөөд босч чадахгүй байсан. Тэгсэн чинь Ш.Т  алхаад яваад өгсөн. Би нөхрөө дуудаад гэртээ харьсан. Гар өвдөөд болохгүй байхаар нь маргааш нь эмнэлэг явсан. Би учирсан хохирлоо барагдуултал гомдолтой байна. /хх-ийн 5-6-р хуудас/

 Гэрч А.Ч  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Миний бие 2019 оны 06 сарын 17-ны шөнө манай эхнэр болох Н.Э  нь өөрийнхөө утсаар залгаад аймгаас урдхан эзэнгүй байшин дотор би хэвтэж байна чи ирээд аваадах үхэх гээд байна гар өвдөөд байна гэхээр нь би Нисэхийн 7-3-аас шөнө 23 цаг болж байхад гэрээсээ алхаад очиход 00 цаг болж байсан. Очоод харахад Н.Э  нэг байшингийн хажууд хэвтэж байсан, үс нь сэгсийсэн нээх согтуу байгаагүй. Гэхдээ архи уучихсан байсан. Гар нь хөдөлж чадахгүй байсан. Би дагуулаад сугдаад гэр нь болох Оюут 9-6 тоотод хүргэж өгсөн. Би хэнд зодуулчихсан юм бэ гэхэд Ш.Т  намайг зодсон гэж байсан. /хх-ийн 11-р хуудас/

Шинжээч Ж.Жаргалтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад авсан мэдүүлэгт: Дээрх баруун шууны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр, бусад гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амбулаториор эмчлүүлэгсдийн картын гэмтлийн эмчийн тэмдэглэлээс үзэхэд хэрэг болсон /2019-06-17-нд/ үүссэн байх боломжтой. /хх-ийн 10-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №384 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Н.Э ын биед баруун шууны хугарал, дагзны хуйх хэсгийн улайлт, зүүн бугалга, шуу, шилбэнд цус хуралт, нуруу, бүсэлхий, зүүн өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хх-ийн 13-р хуудас/

Шүүгдэгч Ш.Т  мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...Миний бие 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өглөө 07 цагийн үед гэрээсээ гараад Зүүн сайханд Х  гэх найзындаа архи ууж байгаад тэднийхээс гараад Н.Э  руу утсаар яриад хаана байгаа юм ганц шил архи хувааж уух уу гэж асуусан. Тэгэхэд за гээд бид хоёр Дунд сайханд Намуун гэх дэлгүүрийн ойролцоо 17-18 цагийн хооронд уулзсан. Тухайн үед Н.Э  халамцуу байсан. Би бас согтуу байсан. Тэгээд хүнсний дэлгүүр орж 0,5 литрийн Ерөөл архи нэгийг, нэг ширхэг ундаатай аваад такси бариад Даланбулаг руу яваад нэг эзэнгүй байшин байхаар нь бид хоёр орж архиа уухаар болсон. 19-20 цаг болж байсан байх. Бид хоёр бараг 2-3 цаг суусан байх. Би урьд нь айлд олуулаа 5-6 шил архи уусан байсан. Мөн Н.Э тай нэг шил архи хувааж уусан учир нэлээн согтсон. Н.Э  миний утсаар ярья гээд байхаар нь би утсаа өгөөгүй. Зүгээр өгмөөргүй санагдаад байсан юм. Тэгсэн Н.Э  нэг жижиг төмөр газраас аваад шидсэн боловч намайг оноогүй. Тэгэхээр нь босч очоод үснээс нь зулгааж байгаад сууж байхад нь гар руу нь хоёр удаа өшиглөсөн. Тэгээд байшингаас гараад яваад өгсөн. Н.Э  надад машин олж өг гээд байхаар нь аймгийн төв рүү орж унаа олохоор явсан. Тэгээд унаа олдоогүй. Би замдаа төөрөөд гадаа унтаад гэртээ өглөө 06 цагийн үед орсон. Дараа нь цагдаагаас дуудахад л гар хугалсан гэдгээ мэдсэн. /хх-ийн 20-21-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/,

Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 25-26 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Т  нь 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Нацаг овогтой Н.Э ыг зодож эрүүл мэндэд нь баруун гарын шууны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Хохирогч Н.Э ын биед учирсан гэмтэл нь шүүгдэгч Ш.Т ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №384 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт болон шинжээч Ж.Жаргалтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад авсан мэдүүлэгт: Дээрх гэмтлүүд нь нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амбулаториор эмчлүүлэгсдийн картын гэмтлийн эмчийн тэмдэглэлээс үзэхэд хэрэг болсон /2019-06-17-нд/ үүссэн байх боломжтой. /хх-ийн 10-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ш.Т ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Э ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №384 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Н.Э ын биед баруун шууны хугарал, дагзны хуйх хэсгийн улайлт, зүүн бугалга, шуу, шилбэнд цус хуралт, нуруу, бүсэлхий, зүүн өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хх-ийн 13-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт эрүүл ...мэндийн хувьд гомдолтой байна. Ажил хийж чадахгүй байгаа. Гар эдгэтэл цаашид юу хэрэгтэй болох, шохойгоо авахуулахаар яахыг мэдэхгүй байна... гэх тайлбар гаргах боловч хавтаст хэрэгт хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй байна.

Шүүгдэгч Ш.Т  нь хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт 150.000 төгрөг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №384 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Н.Э ын биед баруун шууны хугарал... гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хх-ийн 13-р хуудас/ гэжээ.

Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан гэмтэл байх ба хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 8 дугаар сард гипсээ авахуулна... Гипсийг гар сойж өвтгөхгүй байх зорилгоор тавьсан... гэх тайлбар гаргав.

Анагаахын шинжлэх ухаанд ясны хугарлыг бороолж эдгэртэл нь хөдөлгөөнгүй байлгах нөхцөлийг хангах, цусны эргэлтийг хэвийн байлгаж, үений хөдөлгөөн болон булчингуудын хомсдолыг үүсгэхгүй байх зорилгоор гөлтгөнөн боолт буюу гипсдэж чиг тавьж боолт хийх аргыг хэрэглэдэг ба хохирогчийн гарт үүссэн хугарлын улмаас чиг тавьж боосон гипсэн боолтыг авснаар яс бороолж, хугарал эдгэрсэн гэж үзэх боломжтой юм.

Гэвч хохирогч Н.Э  нь шүүхийн хэлэлцүүлэгт ...хэд хоногийн өмнө эмчид үзүүлэхэд эдгэрэх боломжгүй, шохойг авсан ч гэсэн хагалгаанд орох шаардлагатай гэсэн... гэх тайлбарыг гаргасан ба шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад энэ талаарх нотлох баримт буюу эмчлэгч эмчийн тодорхойлолт, эмчилгээний бичиг зэргийг ирүүлээгүй байх тул хохирогч нь гарын шуунд мэс засал хийлгэсэн тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ш.Т ээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ш.Т ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ш.Т ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй ба энэ зүйл хэсэгт оногдуулах ялыг 450 нэгжээс 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр заажээ.

Шүүгдэгчийн хувьд тогтвортой ажил хөдөлмөр эрхэлдэггүй ба шүүх түүний хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосон ялын саналын хэмжээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ш.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Тайж овгийн Ш.Т ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Т т 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Т  нь шүүхээс оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Э д 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Н.Э  нь гарын шуунд мэс засал хийлгэсэн тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ш.Т ээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ш.Т т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА