Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 5017

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Монгол улсын иргэн НЬ69102972 регистрийн дугаартай Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, овоот 7-24 тоотод оршин суух Боржигон овогт Уртнасангийн Баянмөнхийн хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч У.Баянмөнх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч У.Баямөнх нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:  Миний бие 1969 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод 1 дүгээр амаржих газарт төрсөн. Анх төрөхөд эцэг эх 2 маань гэрлэлтийн баталгаагүй байсан тул би ээж Уртнасангаар овоглож төрсний гэрчилгээ авсан. 1988-1990 он хүртэл цэргийн алба хаасан 2 жил, Төв аймгийн Нөхөрлөл САА-н эрчим хүчний машинистаар 1986 оноос 1988 он хүртэл ажиллаж байсан. Мөн 1990-1993 онуудад Төв аймгийн Аргалант салбарт машинистаар тус тус ажилласан. Ажилласан жилүүдэд аав Бямбасүрэнгээр овоглож ажилд томилсон тушаал, холбогдох бүх тушаалууд эцэгээр овоглож гарсаны улмаас миний бие групп тогтоолгох боломэгүй, нийгмийн даатгалын газраас ажилласан газруудын тушаал, бичиг баримтын нэр зөрүүтэй байгаа тул шүүхээр орж шийдвэрлүүлж ир гэсэн. Иймд 1986-1988 онд Төв амгийн Нөхөрлөл САА-д, 1988-1990 онд хугацаат цэргийн албан хаагч, 1990-1993 онуудад Төв аймгийн Аргалант эрчим хүчний салбарт тус тус ажиллаж байсан нь үнэн болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч У.Баянмөнх нь ажиллаж байсан байдлаа байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч У.Баянмөнх нь 1986-1988 оны хүртэл хүртэл хугацаанд Төв аймгийн мал бэлтгэлийн нэгдлийн харьяа “нөхөрлөл” тэжээлийн аж ахуйд машинстаар, 1988-1990 оныг хүртэл хугацаанд Ардын армийн 126/138 дугаар ангид хугацаат цэргийн албан хаагчаар, 1990-1993 онд Төв аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрлэлийн харьяа “аргалант” эрчим хүчний салбарт машинистаар тус тус  ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, түүний 434972 дугаартай, хөдөлмөрийн дэвтэр, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах төв архивын лавлагаа, Төв аймгийн Мал сүүний нэгдлийн  харьяа “нөхөрлөл” тэжээлийн аж ахуйн даргын 1988 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 169, 1986 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 221 дүгээр тус тус тушаал, Төв аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрлэлийн харьяа “аргалант” эрчим хүчний салбарын 1992 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 22, 1993 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 30  дугаар тушаал гэрч Д.Одгэрэл нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдлоо.

            Хүсэлт гаргагч У.Баянмөнх нь 1969 оны 10 дугаар сарын 29-ны өдөр төрснийг 1969 оны 12 дугаар сарын 01-ны өдөр төрөлтийн 1631 дүгээрт бүртгэж, эх Уртнасангаар овоглож төрсний гэрчилгээ олгосон бөгөөд түүний ажиллаж байсан байгууллагын даргын тушаал, хугацаат цэргийн албан хаагчаар татагдсан тушаал зэрэгт эцэг Бямбасүрэнгээр овоглож зөрүүтэй бичигдсэн тул түүний ажиллаж байсныг нотлох дээрх баримтуудыг үндэслэн шүүхийн журмаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.

            Иймд У.Баянмөнхийг гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан Боржигон овогт Уртнасангийн Баянмөнхийг 1986-1988 Төв аймгийн мал бэлтгэлийн нэгдлийн харьяа “Нөхөрлөл” тэжээлийн аж ахуйд машинстаар, 1988-1990 оныг хүртэл хугацаанд Ардын армийн 126/138 дугаар ангид хугацаат цэргийн албан хаагчаар, 1990-1993 онд Төв аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрлэлийн харьяа “Аргалант” эрчим хүчний салбарт машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар У.Баянмөнхийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Л.ЭНХЖАРГАЛ