| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 182/2024/02686/И |
| Дугаар | 210/МА2025/00838 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2025/00838
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Бадрах, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/01929 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******-д холбогдох,
Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн баталгаажуулалт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Миний бие *******-д нягтлан бодогчоор ажилд орж 8 жил тасралтгүй ажилласан. Ажиллаж байх хугацаандаа ажлын алдаа дутагдал болон хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байгаагүй.
Гэтэл санхүүгийн тайлан гаргахтай холбоотой, зайлшгүй шаардлагатай баримт материалуудыг гаргаж өгөхийг удирдлагаас удаа дараа сануулсан үйлдлийг, ажлаа хууль дүрмийн дагуу хийх гэсэн байдлыг байгууллагын удирдлагын зүгээс буруутгаж хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 2024/02/20 тоот тушаал гаргаж намайг ажлаас халсанд гомдолтой байна. Миний зүгээс ажлаас халагдах ямар ч буруу зүйл хийгээгүй учраас хөдөлмөрлөх эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан. Тус хорооноос 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 24/29 дугаартай шийдвэр гарч, харилцан тохиролцоогүй гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн эрхийн маргааныг дуусгавар болгосон ба дээрх шийдвэрийг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр надад гардуулан өгсөн. Хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмын заалтуудыг хэрхэн зөрчсөн талаар бичээгүй, баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд намайг *******-ийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 27,461,477 төгрөгийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хангалттай үндэслэл байсан учраас үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
******* нь ажиллаж байх үедээ албан тушаалаа ашиглан хийсвэр хэрэглэгч үүсгэн бараа бүтээгдэхүүн, эд хөрөнгө ашиглан шамшигдуулсан байж болзошгүй хэргээр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт эрүүгийн хэрэг нээн шалгаж байна. Тухайн эрүүгийн хэргийг шийдвэрлээгүй байхад *******гийн гаргасан иргэний хэргийг бүрэн шийдвэрлэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******г хариуцагч *******-ийн Ерөнхий нягтлан бодогч-хүний нөөцийн менежерийн албан тушаалд албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 27,490,142 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч *******д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны олговор болох 27,490,142 төгрөгөөс шимтгэл тооцон төлөх, нэхэмжлэгч *******гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч *******-д үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******гийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 365,601 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
4.2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тухайд:
Хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д нэхэмжлэлийн нэг хувийг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гардуулсан нь хэргийн 15 дугаар талд авагдсан бөгөөд *******-аас олгосон 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дугаар 2024/17 итгэмжлэлийн хүрээнд заасан эрх хэмжээнээс хэтэрсэн буюу нэхэмжлэлийг гардаж авах эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгоогүй болох нь *******-ийн албан тоот буюу нотлох баримтаар нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл, шүүхээс нэхэмжлэлийг гардаж авах эрх бүхий этгээдэд нэхэмжлэлийг гардуулаагүй харин нэхэмжлэлийг гардаж авах эрхгүй этгээдэд нэхэмжлэлийг гардуулж өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчигдсөний улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 болон 72.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хувийг хүлээн аваагүйгээс хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг шүүхэд гаргаж өгөх эрх үүргийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдээгүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тул уг зөрчлийг ноцтой гэж үзэх үндэслэлтэй юм.
4.3. Хэргийн 59 дүгээр талд авагдсан нотлох баримт болох *******-ийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн дугаар 2024/06/18 Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандан гаргасан хүсэлтэд маш тодорхойгоор нябо *******д холбогдуулан гэмт хэргийн шинжтэй гомдол, хүсэлтийг гаргаж, 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдэл авсан өдрөө нябо ******* нь бүх санхүүгийн программыг устгаж, тус компанид ажиллаж байх үедээ гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд гаргасныг шалгуулах ажлаас халах үндэслэл болсныг тодорхой дурдсан нотлох баримтыг шүүх анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл, цагдаагийн хэлтсээс ирсэн албан тоотод *******-ийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тухай тодорхой дурджээ.
Улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан нөхцөл үүсч эрүүгийн хэргийг шийдвэрлэхээс өмнө уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлээгүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн.
4.4. Хариуцагч *******-ийн гүйцэтгэх захирал *******т 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны товыг шүүхээс мэдэгдээгүй. Улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчжээ. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар тэгш мэтгэлцэх эрхээр хангаагүй гэж үзэх үндэслэлтэй.
Иймд дээрх зөрчлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн зөрчилд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянан шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд оролцогчдын эрхийг заагаад өгсөн ба нэхэмжлэлийг гардан авах эрх гэж томьёолол хуульд байхгүй. Мөн хуулийн 26 дугаар зүйлд 26.3 дахь хэсэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж заасан. Ажлаас чөлөөлөх тухай тушаал нь 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гарсан ба тушаалын үндэслэл нь тогтоогдоогүй. Гэтэл 2024 оны 06 дугаар сард гаргасан тушаалаа нотлох гэж Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Нэхэмжлэгч *******гийн хувьд 2024 оны 07 дугаар сард Цагдаагийн газарт гэмт хэргийн шинжтэй үйлдэл болоогүй, гараагүй гэсэн тайлбар болон нотлох баримтуудаа өгөөд тухайн хэрэг бүртгэлтийн хэрэг хаагдсан. Энэ талаар гомдолд хамаарсан этгээдэд биш гомдол гаргасан этгээдэд гомдлын хариуг өгсөн байна. Хариуцагч талын гаргасан гомдол нь үндэслэлгүй учраас гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 27,461,477 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
2. Анхан шатны шүүх, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу зөв үнэлж, үйл баримтыг зөв тогтоон хэргийг шийдвэрлэсэн байна.
3. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******г 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс Ерөнхий нягтлан бодогч-Хүний нөөцийн менежерээр ажиллуулахаар түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. /хх20-23/
3.1. *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №2024/02/20 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.1, 4.1.9, 4.1.10, 42.1.2, 42.2.1, 42.2.4, 42.2.7, 42.2.9, 43.1.1, 78.1.9, 80.1.4 дүгээр зүйлүүд болон компанийн дотоод журмын 4г, 8-3, 10.8, хөдөлмөрийн гэрээ 2022/10-ын 4.2.1, 4.2.4, 4.2.7, 4.2.8, 5.2.4, 5.2.7, 5.2.17, ажлын байрны тодорхойлолт А.2, А.9, хариуцлагын тухай журам /2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр/, 2.32, 2.3.3.1, 2.3.3.4 заалтуудыг тус тус удирдлага болгон *******г хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болгож, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалжээ./хх3/
3.2. Уг тушаалыг эс зөвшөөрч ******* нь Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 24/29 дугаар шийдвэрээр талууд маргааныг урьдчилан шийдвэрлэхээр хэлэлцэж, талууд харилцан тохиролцоогүй тул ажиллагааг дуусгавар болгосон байна. /хх4-6/
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан байх ба нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийг шалган тогтоосон нотлох баримтгүй, ажлаас чөлөөлсөн тушаалд уг үндэслэлийг тодорхой заагаагүй байна.
Иймд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т нийцээгүй гэж үзэж түүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
5. Нэхэмжлэгч *******г хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ажил үүргээ гүйцэтгэх явцад олж авсан мэдээллийг бусдад мэдүүлсэн, задруулсан, компанийн эд хөрөнгө, мөнгө, бараа материалыг хувийн зорилгоор ашигласан зөрчил гаргасан, бусад ажилтанд аливаа зохисгүй үйлдэл гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас нотлох баримтаар нотлоогүй байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Түүнчлэн, хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30л-1б/556 дугаартай Танай компаниас 2024 оны 6 дугаар сард нягтлан бодогчоор ажиллаж байсан эрх бүхий этгээд нь *******, ******* нэртэй бүртгэлгүй компанийг өөрийн эрхээрээ бүртгүүлж бараа завшсан гэх гомдол ирүүлснийг шалгаж ******* дугаартайгаар хэрэг бүртгэлийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэх албан бичгийг нэхэмжлэгч *******гийн гаргасан хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан зөрчилтэй холбоотой гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
7. Мөн, хариуцагч *******-аас 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр *******д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хариуцагчийн бүх эрх эдэлж, үүрэг хүлээх итгэмжлэлийг олгосон байна. Шүүхээс уг итгэмжлэлийг үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардуулж, зохигчийн эрх үүргийг танилцуулсан байна. /хх12-13,15,17/
8. Түүнчлэн, шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны товыг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр мэдэгдсэн байх ба хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцсэн байна. /хх141/ Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй.
9. Анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 27,490,142 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт нийцсэн байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/01929 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 365,700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Ц.АЛТАНЦЭЦЭГ