| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 102/2024/05265/И |
| Дугаар | 210/МА2025/00835 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2025/00835
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Бадрах, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******, ******* нарт холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 136,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
*******-ийн захирал *******ыг 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 28 дугаар хороонд байрлах 44 дүгээр худалдааны төвд ажлаа хийж байхад иргэн ******* биечлэн ирж уулзан 200,000,000 төгрөгийн цемент 50 тонноор зээлээр худалдаж авъя, төлбөрөө хэсэгчлэн төлнө гээд 50 тн цементийн зарлагын баримт бичүүлж авсан. Цемент авах бүрдээ ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл ******* дугаараас залган цемент явуулаарай гэж хэлээд 50 тн цемент тээвэрлүүлэн авдаг байсан. Манай компанийн нягтлан ******* нь сар бүрийн тайлангаа гаргах үед 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл *******тэй утсаар ярьж цемент худалдан авсан төлбөрийг нэхэхэд хэсэгчлэн нийт 63,000,000 төгрөгийн гэх хүний дансаар дамжуулан төлсөн. ******* нь *******тэй 2023 оны 08 дугаар сард биечлэн уулзаж худалдан авсан цементийн төлбөр 136,500,000 төгрөгийг нэхэхэд ******* гэх хүнийг танилцуулсан ба ******* нь өөрийгөө *******-ийн захирал, би талыг нь төлнө гэж хэлсэн. Миний бие анх *******т зээлээр, амаар харилцан тохиролцож цемент худалдсан, түүнийг 2015 оноос хойш таньдаг, ******* гэх хүнийг танихгүй болно. ******* тохиролцсоны дагуу 63,000,000 төгрөгөө төлж байснаа үлдэгдэл 136,500,000 төгрөг төлөхгүй болсон. ******* нь худалдан авсан цементээ *******-ийн хашаанд буулгадаг гэдгийг хожим жолооч аас мэдсэн боловч ******* гэх хүн, түүний компанийг мэдэхгүй, цемент нийлүүлээгүй, харилцан тохиролцоогүй, цементээрээ юу хийж, яаж байсныг мэдэхгүй болно. ******* надад болон манай нягтлан бодогчид би хариуцна, би төлнө гээд төлж байсан тул түүнийг хариуцагчаас татгалзахгүй болно. Харин *******ийн хэлснээр ******* буюу *******-ийг хариуцагчаар оролцуулж байна. Иймд нэхэмжлэгч *******-ийн худалдан авах гэрээний үүрэг болох 136,500,000 төгрөгийг хариуцагч *******-аас 68,250,000 төгрөг, хариуцагч *******ээс 68,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******ийн тайлбарын агуулга:
******* нь *******-ийг ажил хэргийн хүрээнд мэдэх боловч тухайлан гэрээ байгуулж, үүрэг хүлээж цемент аваагүй. Харин ******* нь тухайн цементийг авсан болохоо хүлээн зөвшөөрдөг бөгөөд уг цементийг *******-ийн үйлдвэр дээр буулгадаг болохыг талууд зөвшөөрдөг. ******* нь *******-ийн нягтлан бодогч тул баримт дээр нэр нь бичигдсэн. Иймд ******* нь уг хэрэг огт холбоогүй тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч *******-ийн тайлбарын агуулга:
*******-ийн нэхэмжлэлийн шаардлагад ******* нь нэхэмжлэлд дурдсан бүх цементийг авч ашигласан нь үнэн бөгөөд төлөхөд татгалзах зүйлгүй. Харин ******* нь манай нягтлан бодогч тул түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-аас 68,250,000 /жаран найман сая хоёр зуун тавин мянга/ төгрөг, хариуцагч *******ээс 68,250,000 /жаран найман сая хоёр зуун тавин мянга/ төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 840,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******-аас 420,225 төгрөг, *******ээс 420,225 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн байна.
5. Хариуцагч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
5.1. Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрээс өөрт холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргаж байна.
Уг шүүхийн шийдвэрийн тодорхойлох нь хэсгийн 1-т нэхэмжлэгч худалдан авах гэрээний үүрэг шаардаж, үндэслэх нь хэсгийн 4.1-т ...худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулсан нь тогтоогдож байна... гэж тодорхойлсон нь үндэслэлгүй байна.
Гэтэл худалдах, худалдан авах гэрээний талууд гэрээгээр хүлээж авсан эд хөрөнгө нь бодитоор хүлээлгэн өгсөн байх хуулийн шаардлага хангаж байж гэрээ байгуулсанд тооцох ёстой атал ******* аваагүй ээ, ******* авсан гэж тайлбарлаад, үүнийгээ нотолж *******-ийн нягтлангаар ажилдаг талаар нийгмийн даатгалын шимтгэл төлдөг баримт, хөдөлмөрийн гэрээ зэргээ үзүүлсээр байхад нэхэмжлэгчийн ...би талыг нь төлнө гэж хэлсэн... гэсэн ямар ч баримтгүй тайлбарыг цаасан дээр буулгаж, шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгож байгаад гомдолтой байна.
Мөн ******* бүх материалыг компани авсан тул 136,500,000 төгрөгийг компани төлнө гэж тайлбар өгөөд байхад бараа материал аваагүй *******ээс төлбөр гаргуулах шийдвэрлэж байгаа нь нэхэмжлэгчийн ямар ч баримтгүй амаар хэлсэн тайлбарт үндэслэж шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс *******т холбогдох 68,250,000 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, төлөх үүргээ хүлээн зөвшөөрсөн *******-аас гаргуулж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагч ******* нь анх 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр цемент авах гэрээ хэлэлцлийг амаар байгуулан 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл биечлэн ирж авсан. Харин төлөх үүрэг хүлээх болсон ч 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр *******-ийг гаргаж ирсэн. Түүний хүсэлтийн дагуу *******-ийг хамтран хариуцагчаар татсан. 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн аман хэлэлцээрээр ******* дангаараа 136,500,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан. Гэвч өөрийнх нь хүсэлтээр тухайн цементийг дараа нь *******-д хүлээлгэн өгсөн гэдэг нь эдгээр хүмүүсийн хоорондын харилцаа ба манай байгууллагатай хамааралгүй. Нэхэмжлэгчийн зүгээс ******* болон ******* нараас тухайн төлбөрийг хамтад нь нэхэмжилсэн. ******* нь тухайн цементийг манай байгууллагатай гэрээ хэлцэл хийгээд авч явсан учраас үүрэг хүлээх нь хууль зүйн үндэслэлтэй гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 136,500,000 төгрөгийг хуваан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, харин хариуцагч ******* эс зөвшөөрч маргажээ.
2. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
2.1. ******* нь, хариуцагч *******т 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд 420 тонн цемент худалдахаар худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулсан гэж,
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ тухайн цементийг би хувьдаа худалдаж аваагүй, өөрийн ажилладаг ******* нь уг цементийг худалдан авсан тул надад холбогдох нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж,
Хариуцагч ******* нь 420 тонн цементийг манай компани худалдан авсан тул нэхэмжилж буй 136,500,000 төгрөгийг бүхэлд нь төлнө, хариуцагч ******* нь манай компанийн нягтлан бодогч ажилтай тул уг нэхэмжлэлд түүнд хамааралгүй гэсэн агуулгатай тайлбарыг тус тус гаргажээ.
2.2. Нэхэмжлэгч *******-ийн 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх зарлагын баримтуудаар *******, ******* гэсэн худалдан авагчид 420 тонн цемент нийлүүлсэн баримт хэрэгт авагдсан байна. /хх6-10/
2.3. Нэхэмжлэгч болон хариуцагч *******-ийн харилцагчийн тооцооны дэлгэрэнгүй тайлангаар 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хугацаанд нийт худалдсан цементийн үнэ 199,500,000 төгрөгөөс 63,000,000 төгрөг нь төлөгдсөн, 136,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болох нь тогтоогдож байна.
/хх5,127/
2.4. Нэхэмжлэгчийн худалдсан цементийн үнэд 63,000,000 төгрөгийг *******-аас төлсөн талаар хариуцагч нар тайлбарлаж, Хаан банкны гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг ирүүлсэн байна./хх140-167/
2.5. Хариуцагч ******* нь, хариуцагч *******-д хөдөлмөрийн гэрээгээр санхүүгийн албаны дарга албан тушаалд ажилладаг болох нь Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргээр нотлогдсон байна./хх99, 128-133/
3. Дээрх үйл баримтаар ******* болон *******-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдож байна. Талууд худалдсан цементийн худалдан авагч нь хэн болох, гэрээний үнийг аль хариуцагч нь төлөх талаар маргасан байна.
3.1. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгч нь дээрх худалдсан цементийг хариуцагч *******ийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримт тогтоогдохгүй байх тул хариуцагч *******т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гэрээний зүйлийг хүлээн авсан хариуцагч *******-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 136,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцнэ. Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан эд хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
3.2. Иймд, анхан шатны шүүхээс худалдах, худалдан авах гэрээний худалдан авагчийг зөв тодорхойлж хэргийг шийдвэрлээгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагч *******ийн гаргасан гомдлыг хангаж, худалдан авсан цементийн үнийн үлдэгдэл 136,500,000 төгрөгийг хариуцагч *******-аас гаргуулж, хариуцагч *******т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/01281 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-аас 136,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, хариуцагч *******т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын ... 420,225 төгрөг, *******ээс 420,225 төгрөг тус тус гэснийг ...840,450 төгрөгийг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 420,230 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Ц.АЛТАНЦЭЦЭГ