Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 100

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: А.Мөнхтуяа,

Шүүгдэгч: Б.О ,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

   Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овгийн Б.О д холбогдох 1928000980087 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт, Өмнөговь аймаг Даланзадгад сум 6 дугаар баг .......................... оршин суух, урьд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Б.О г давтан үйлдлээр бүлэглэн агуулах саванд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21 дүгээр зүйлийн 21.3, 64 дүгээр зүйлийн 64.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1.3 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан, Чонос овгийн Б.О , регистрийн дугаар ..................,

Шүүгдэгч Б.О  нь 2019 оны 05 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн ................... тоотод оршин суух Б.Т , Г.Х нарын гэрт хууль бусаар нэвтэрч 2 ширхэг мөнгөн, аяга хулгайлж 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Шүүгдэгч Б.О г яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.О  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би Улаанбаатар хотод 10 хоноод Өмнөговь аймаг руу замын унаагаар ирсэн. Т гийн хонох гэж очсон. Тэгээд хаалга нь цоожтой байхаар нь тооноор нь ороод гэрийнх нь зүүн талд байдаг хоолны шкаф дотор байсан 2 мөнгөн аягыг аваад сааданд очиж өглөө болохыг хүлээж байгаад өглөө Гандирс худалдааны төвийн 1 давхарт байдаг ломбардад 2 мөнгөн аягыг 600.000 төгрөгт тавиад мөнгийг нь данс руугаа шилжүүлж авсан. Тэгээд Говь сэндс зочид буудалд өрөө авсан. Төвөөс Тэнгэрийн ертөнц гар утасны дэлгүүрээс iphone 6 маркийн гар утас аваад буудалдаа эргэж ирсэн.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би нөхөр хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг ................. тоотод оршин суудаг. Би 2019 оны 04 сарын 24-ний өдөр Дарханд байх аав ээжийнхээ гэр рүү явчихсан манай нөхөр Б.Т  2019 оны 05 сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг Таван толгой ХХК-руу ажилдаа явчихсан манай гэр эзэнгүй байсан юм. Манай гэрийг манай хадам аав, ээж, өвөө 3 хажуу талын хашаанаас эргэж тойрдог байсан. 2019 оны 05 сарын 05-наас 06-нд шилжих шөнө манай хадам ээж Б.Х  манай гэрийн тооноор хулгайч орж 2 ширхэг мөнгөн аяга хулгайд алдагдсан байна гэж утсаар хэлсэн байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Цагдаа нар манай нөхрийн хамаатан болох Б овогтой Б.О г манай гэрийн тооноор орж 2 ширхэг мөнгөн аяга хулгайлсан байсныг олж тогтоон, хулгайд алдсан аягануудыг барьцаанд тавьсан байсан газраас нь хурааж аваад надад хүлээлгэн өгсөн. Тухайн 2 ширхэг мөнгөн аягыг манай нөхөр бид хоёрыг тусдаа гарахад манай нөхрийн өвөө нь бид хоёрт өгсөн байсан юм. Уг 2 ширхэг мөнгөн аягыг ээж надад хэлэхдээ Ноён Сэврэй дарханы хийцийн аяга гэж хэлж байсан. Манай нөхөр хөдөө уурхайд ажилладаг. Ирж мэдүүлэг байцаалт өгөх боломж гарахгүй байгаа болохоор би мэдүүлэг өгч байгаа юм. Алдагдсан мөнгөн аягануудаа хүлээж авсан. Хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Дахиад манай гэрт орж ирээд хулгай хийхгүй гэх баталгаагүй байна /хх-ийн 21-22-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч П.Г  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай ломбардад 2019 оны 05 сарын 06-ны өдөр 10 цагийн үед 15 сантиметр диаметрийн хэмжээтэй хуучин цагийн 1 мөнгөн аяга, 12.5 сантиметр диаметрийн хэмжээтэй хуучин цагийн 1, нийт 2 ширхэг мөнгөн аягыг Б овогтой Б.О  гэх хүн 650.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Яаралтай мөнгөний хэрэг гарсан манай өвөөгийн аяганууд байгаа юм гэж хэлээд барьцаанд тавьсан. Түүний дараагаар 2019 оны 05 сарын 09-ний өдөр тухайн аяганууд нь хулгайд алдагдсан аяганууд байна гээд цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч надаас хураан авсан. Б.О  гэх хүний ээж нь манай байгууллага дээр ирж, 2 ширхэг мөнгөн аяга барьцаанд тавьсан үндсэн зээл 650.000 /Зургаан зуун тавин мянга/ төгрөг, 7 хоногийн зээлийн хүү болох 11.100 /арван нэгэн мянга нэг зуун/ төгрөг, нийт 661.100 /Зургаан зуун жаран нэгэн мянган нэг зуун/ төгрөгийг төлж барагдуулсан. /хх-ийн 27-28-р хуудас/

Гэрч Б.Х  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар .............. тоотод нөхөр, хүүхдийн хамт оршин суудаг. Манай зүүн талын хашаанд манай аав, манай хүү Б.Т гийнх 2 гэрээр байдаг юм. Манай хүү Б.Т  ЭР  ХХК-д ажилладаг юм. 2019 оны 05 сарын 03-ны өдөр Цогтцэций сум руу ажилдаа явсан. Тэгээд нөхөр бид 2 гэрийг нь харж үлдсэн юм. Манай аавын гэр манай хүүгийн гэрийн баруун талд байдаг юм. Аав маань өндөр настай, тал харвалттай хүн байдаг юм. Өглөө 7 цаг 30 минутын үед аавын гэрт гал түлэх гээд орчихоод үнсийг нь асгах гээд гарахад хашааных том хаалга нь хүн багтах зайтай онгойчихсон байхаар нь яагаад онгойчихсон бол гэж бодоод гүйдэг замаасаа гарчихсан байхаар нь зам руу нь өргөж оруулаад хаалгаа хаачихаад хүүхдийнхээ гэр рүү харахад хамгийн зүүн талын тоононы рам нь онгойчихсон байсан. Тэгэхээр нь аавын гэрт ороод шөнө танай гэрт хүн ирсэн юм уу гэж асуухад аав ирээгүй гэхээр нь Б.Т гийн гэрийн рам онгойчихсон байна. Хулгай орсон юм шиг байна гэж хэлээд галыг нь түлчихээд гэртээ ороод нөхөртөө хэлсэн. Тэгээд нөхөр бид 2 хүүгийнхээ гэрийн түлхүүрийг нь авч очоод хаалгыг нээх гэхэд хаалга нь дотор талаасаа түгжээтэй байхаар нь манай нөхөр хаалганых нь дээд талаар нь гараа оруулаад дотроос нь хаалгыг нь нээсэн. Гэр дотор ороод манай хүүгийн гэрийн зүүн талд байх хоолны шүүгээний голын шургуулганд 2 ширхэг мөнгөн аяга байсныг үзэхэд алга болсон байхаар нь цагдаад мэдэгдсэн. /хх-ийн 29-30-р хуудас/

Гэрч Б.З  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Миний төрсөн дүү Б.Х ы хүү Б.Т гийн гэрийн тооноор орж 2 ширхэг мөнгөн аяга хулгайлаад 2019 оны 05 сарын 06-ны өглөө Даланзадгад сумын 3 дугаар баг Гандирс худалдааны төвийн ломбардад 650.000 төгрөгөөр уг 2 аягыг барьцаанд тавиад хаана байгаа газар нь тогтоогдохгүй алга болсон. 2019 оны 05 сарын 07-ны өдөр манай хүү Б.О гийн найз охин гэх Б гэрээсээ гараад олдохгүй байна гэж аав, ээж нь надад мэдэгдсэн. Надаас Б.О  байгаа юу гэхэд би бас олдохгүй байна гэхэд тэгвэл манай охиныг аваад явсан байна гэж хэлж байсан. 2019 оны 05 сарын 07-ны өдөр манай хүү Б.О  Даланзадгад сумын төвд Говь сэндс буудлын 508 тоотод байна гэсэн сургаар очиход гараад явчихсан байсан. Түүнээс хойш сураггүй байсаар 2019 оны 05 сарын 10-ны орой 20 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг цэнгэлдэх хүрээлэнгийн урд талын 8 давхар байрны дээврийн чардаканд найз охин Бтай хамт нуугдаад 3 шөнө, 4 өдөр байсныг цагдаагийн байгууллагаас олж тогтоогоод барихаар очиход хүн ойртвол үсэрч үхлээ хэмээн хашгираад уг байрны дээврийн ирмэг дээр ирчихээд үсэрч үхнэ гээд байсан гэсэн. Тэгээд цагдаа нар, Бы аавынх нь хамт 3-4 цагийн хугацаанд аргадаж байгаад уг барилга дээрээс буулгаж ирсэн. Буулгаж ирээд тухайн 2 хүүхдийг цагдаа нараас хүлээн авч гэр гэр рүүгээ аваад явцгаасан. Найз охин Бых нь бие нь өвдөөд хатгаа авсан байна гээд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Манай хүү гэрт байж байгаад 2019 оны 05 сарын 12-ны өглөө эмээтэй нь хамт сүм рүү аваад явахад сүмээс гараад надаас зугтаагаад алга болсон. Тэгээд би цагдаа нарт хандахад орой 17 цагийн үед над руу цагдаа нар яриад 28 дугаар байран дээр байна гэж хэлэхэд нь би очиж гуйж аргадаж байгаад буулгаж ирсэн. Цагдаа нар намайг яагаад хөөгөөд байгаа юм бэ гэхэд би чамайг алга болчихоор нь тусламж гуйсан юм гэхэд тэгвэл цагдаа нараа явуулбал би бууж очно гэж хэлээд цагдаа нарыг явсан дараа нь уг байран дээрээс бууж ирсэн. Тухайн үед би чи яагаад үүн дээр гарсан юм гэхэд Б-гийн талын 2 банди зодно гээд туулгаад байсан гэж байсан. Тэгээд бууж ирсэн дараа нь цагдаагийн газрын дэд дарга уулзаад би хүүгээ гэр рүүгээ авч явсан. /хх-ийн 33-34-р хуудас/

Гэрч Д.Б.Т  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр манай ээж утсаар яриад манай гэрт хулгай орсон байна. Цагдаа дуудчихлаа гэж хэлсэн тэгээд 2 хоногийн дараагаар ажлаасаа чөлөө аваад ирсэн юм. Тэгсэн цагдаагаас Б.О  гэдэг хүнийг таних уу танай гэрт орсон байж болзошгүй байна гэж хэлсэн тэгээд би буцаад ажилдаа явчихсан юм. Тэгсэн Б.О  манай гэрийн тооноор орж манайд байдаг хуучин цагийн 2 ширхэг мөнгөн аягыг хулгайлж авсан байсан юм. Одоо 2 ширхэг мөнгөн аягаа буцаагаад авчихсан байгаа. /хх-ийн 36-р хуудас/

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэд: Б.О  нь бие хүний бусад тодорхой эмгэг сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрх эмгэг нь олдмол сэтгэцийн эмгэг болно. Б.О  нь хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай байна. Хэрэг хариуцах чадвартай байна. /хх-ийн 41-р хуудас/

Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 323 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 12 лан орсон мөнгөн аяга том 1200000 төгрөг, 8 лан орсон мөнгөн аяга жижиг 450.000 төгрөг гэжээ.

Шүүгдэгч Б.О  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Улаанбаатар хотод очиж 10 хоночихоод 2019 оны 05 дугаар сарын 04-ний шөнө Улаанбаатар хотоос ирсэн юм. Тэгээд машинаас буугаад Хан-Уулд байх Б.Т  гэдэг үеэлийн гэрт очиж хонохоор явсан. Б.Т гийн гэрт очиход гэрт нь хүн байхгүй байхаар нь гэрийнх нь тооноор ороход гэрийн зүүн талд нь байх хоолны шкафанд 2 мөнгөн аяга байсан түүнийг нь аваад буцаад тооноор гарсан. Тэгээд буцаж төв рүү орж ирээд сааданд ирээд өглөө болохыг хүлээсэн юм. Өглөө болгоод Гандирс худалдааны төв нээгдэхэд нь орж ломбардад нь орж 2 мөнгөн аягаа 600.000 төгрөгт тавиад мөнгөө дансандаа хийлгэсэн юм. Би ломбардаас гараад Говь сэндс буудалд очиж өрөө авчихаад буцаж гараад худалдааны төв орж Тэнгэрийн ертөнц дэлгүүрээс lphone-б маркын гар утас 300.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд эргэж буудалдаа очсон юм. ...Хохирлыг барагдуулсан /хх-ийн 54-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-11-р хуудас/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-16-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.О  нь 2019 оны 05 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн .................... тоотод оршин суух Б.Т , Г.Х нарын гэрт хууль бусаар нэвтэрч 2 ширхэг мөнгөн, аяга хулгайлж 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.О  нь Б.Т , Г.Х нарын гэрт хууль бусаар нэвтэрч 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:  Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 323 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 12 лан орсон мөнгөн аяга том 1200000 төгрөг, 8 лан орсон мөнгөн аяга жижиг 450.000 төгрөг… гэснээр, мөн хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.О  нь хохирогч Г.Х ы 2 мөнгөн аягыг хулгайлж, түүнд 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд тухайн 2 мөнгөн аягыг буцаан хүлээлгэн өгч, хохирогч Г.Х нь хохирол төлбөргүй болсон болох нь түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад “Аягаа буцаагаад авсан учир нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол, санал байхгүй” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.О  нь хулгайлсан 2 мөнгөн аягыг Гандирс худалдааны төвийн ломбардад 650.000 төгрөгийн барьцаанд тавьж, улмаар 650.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэг болон иргэний нэхэмжлэгч П.Г ийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Иргэний нэхэмжлэгч П.Г  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: ... Б.О  гэх хүний ээж нь манай байгууллага дээр ирж, 2 ширхэг мөнгөн аяга барьцаанд тавьсан үндсэн зээл 650.000 /Зургаан зуун тавин мянга/ төгрөг, 7 хоногийн зээлийн хүү болох 11.100 /арван нэгэн мянга нэг зуун/ төгрөг, нийт 661.100 /Зургаан зуун жаран нэгэн мянган нэг зуун/ төгрөгийг төлж барагдуулсан /хх-ийн 27-28-р хуудас/ гэх тул шүүгдэгч Б.О г иргэний нэхэмжлэгч П.Г т мөн төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.О  нь 2 мөнгөн аягыг хулгайлахдаа, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасны дагуу хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг байна. 

Иймд шүүх шүүгдэгч Б.О г хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах ялын санал гаргав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт ...шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.О  нь 1999 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төрсөн ба гэмт хэрэг үйлдэх үедээ 19 нас 10 сартай байсан болох нь хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн хуулбар, түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг өсвөр насны шүүгдэгч гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно, мөн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ....энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно гэж тус тус заасан тул шүүгдэгч Б.О д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ял оногдуулахыг тэнсэж, шүүгдэгч Б.О г 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ...Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ, мөн хуулийн 4 дэх хэсэгт ...гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг тодорхой хамт олон, төрийн бус байгууллага, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, сурган хүмүүжүүлэгч, ойрын төрөл, садангийн хүнд даалгаж болно гэж заасны дагуу шүүгдэгч Б.О г хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон эцэг Т.Б , эх Б.З  нарт  тус тус даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.О  нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч П.Г т 661.100 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Чонос овгийн Б.О г хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, мөн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ял оногдуулахыг тэнсэж, шүүгдэгч Б.О г 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.О г хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон эцэг Т.Б , эх Б.З  нарт  тус тус даалгасугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Б.О  нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч П.Г т 661.100 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Т.ДЭЛГЭРМАА