| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2019/0104/Э |
| Дугаар | 105 |
| Огноо | 2019-08-06 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 105
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Л.Солонго,
Шүүгдэгч: Х.Б ,
Нарийн бичгийн дарга: Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овгийн Х.Б т холбогдох 1928001280089 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Яллах дүгнэлтэд бичигдсэн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, артиллерийн команд мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 167-р ангид сургалтын албаны дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Төгөлийн 6-1 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигин овгийн Х.Б , регистрийн дугаар: .........................,
Шүүгдэгч Х.Б нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны шөнө 02 цагийн орчимд Өмнөговь аймаг Даланзадгад сум, 1 дүгээр баг, Гурвансайханы 1 дүгээр гудамжинд байсан иргэн Ц.М ын эзэмшлийн 18-13 ӨМҮ улсын дугаартай тоёота приус 11 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Х.Б ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ц.М т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2017 оны намар Япон улсаас орж ирсэн машин гээд 7.800.000 төгрөгөөр авч байсан. Тухайн хэрэг гарах үед би Ганц модны хилийн боомтон дээр тээврийн ажлаар сүлжээгүй газар явж байсан юм. Маргааш нь манай охин М.О над руу залгаад урьд шөнө машинаа алдаад цагдаад тэмдэглүүлээд олсон гэхээр нь за за олсон бол яах вэ дээ. Ямар хүн авч гэтэл нэг согтуу хүн авсан байна гэсэн. Тэрнээс өөр зүйл мэдэхгүй. Надад гомдол санал байхгүй. Журмын хашаанд хэд хоносон мөнгийг нь төлүүлмээр байна өөр нэхэмжлэх зүйлгүй. /хх-ийн 20-21-р хуудас/
Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 06 дугаар сарын 07-ны 01 цагийн үед өөрийн найз М Г хоёрын хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сум .............................. тоот хашаанд машин дотор пиво
хувааж уусан юм. Би 02 цаг өнгөрч байх үед өөрийн эхнэр М.О руу гар утсаараа залгаад намайг ирээд аваатах гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа манай эхнэр М.О өөрийн аав Ц.М тын эзэмшлийн 18-13 ӨМҮ улсын дугаартай приус 11 маркийн автомашиныг бариад намайг авахаар ганцаараа ирсэн. Тухайн үед манай эхнэр М.О машинаа хашааны гадаа зогсоочихоод бид нарын сууж байсан машины хажууд ирээд намайг аваад явах гэж байтал хашааны гадаа тавьсан манай хадам аавын машиныг нэг хүн унаад хүчтэй ухарч хөдлөөд явчих шиг болсон. Тэгэхээр нь би эхнэрийн хамтаар араас нь 2 хашгираад хашаан завсраар хартал засмал зам руу ороод чигээрээ зүүн тийш яваад өгсөн. Тэгээд би эхнэрээ аваад өөрийн гэртээ очиж байгаад цагдаад мэдэгдсэн юм. /хх-ийн 22-23-р хуудас/
Гэрч М.М.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 06 дугаар сарын 07-ны шөнө 03 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сум ................... гудамжинд байрлах 41 тоотоос өөрийн нөхөр Э.Б ыг авах гээд 18-13 ӨМҮ улсын дугаартай приус-11 маркийн автомашинтай очсон юм. Тухайн үед би автомашинаа тухайн айлын хашааны хаалганд урд хэсгээр нь тулгаж зогсоочихоод машинаа унтраалгүй асаалттай нь орхичихоод хашаан дотор зогсож байсан патролл маркийн автомашинд сууж байсан нөхрөө аваад явах гээд байж байтал гэнэт миний унаж ирсэн машин хөдлөөд явах шиг болсон. Тэгээд би нөхрийнхөө хамтаар хашаан завсраар хартал миний унаж ирсэн 18-13 ӨМҮ улсын дугаартай автомашиныг хэн нэгэн хулгайлж унаад яваад өгсөн. Тухайн үед 18-13 ӨМҮ улсын дугаартай машиныг жолоодсон хүн хашааны зүүн талд байрлах уулзвараар засмал зам руу ороод зүүн зүгт яваад өгсөн. Тэгээд манай нөхөр Э.Б гар утсаараа цагдаад мэдэгдсэн. /хх-ийн 24-25-р хуудас/
Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1000114 дугаартай автомашин техникийн үнэлгээний дүгнэлтэд: Зах зээлийн дундаж үнэ 8.000.000 төгрөг /хх-ийн 27-р хуудас/
Шүүгдэгч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: 2019 оны 06 дугаар сарын 06-ны орой 20 цагийн үед манай хуучин ангийн захирагч хурандаа Н.Сүхбаатарыг шилжиж байгаатай холбогдуулан Голомт банкны 6 давхарт Хишиг зоогийн газарт албадын дарга нар цуглан гаргаж өгөх арга хэмжээнд оролцоод ойролцоогоор 20 юм уу 30 граммын хундагаар 10 гаруй удаа уугаад хоол идэж байгаад 00 цагийн үед тарсан. Найз Мөнх-Эрдэнэ, Мө р хоёртой хамт Төгөлийн 6-1 тоотод байх гэртээ 1 шил 0.5 литрийн Экс гэдэг архи уугаад нэлээн согтож зарим зүйлээ санахгүй орж гараад байсан. Манай эхнэр эрүүл болохоор машинаа унаад эхлээд Мөнх-Эрдэнийг Гурвансайханд паркаас дээшээ яваад гэрт нь хүргэж өгөөд Мө рыг хүргэж өгөх гэж байгаад Гурвансайханы шинээр баригдсан засмал зам буюу паркийн урд талын засмал дээр би эхнэртэйгээ маргалдаж хөөгөөд Мө р бид хоёр машинаас буусан. Машин явсны дараа Мө р надад уурлаад чи яах гэж эхнэрээ хөөгөөд байгаа юм гээд уурлаад гэр рүү алхаад явахаар нь би ертөнцийн зүгээр баруун тийш засмал замаар алхаад явж байтал нэг гэрэл асаалттай жижиг тэрэг тааралдахаар нь хаалгыг нь татаж үзтэл түлхүүр нь зоолттой асаалттай байхаар нь Зэвсэгт хүчний 167-р анги руу ажил дээрээ очиж унтахаар унаад явчихсан. Яг хаашаа явснаа санахгүй байна. Ямар ч байсан нэг мэдсэн чинь миний араас нэг машин дагаад яваад байхаар нь согтуу болохоор айгаад зугтаагаад гэр хороолол дундуур Цэнгэлдэхийн урд талын засмал дээр явж байтал урдаас гэрлэн дохиогоо асаасан цагдаагийн машин зам хааж зогсохоор нь би машиныг зогсоогоод цагдаагийн машин руу намайг суулгаад эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлсэн. /хх-ийн 36-37-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /06-12-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Б нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны шөнө 02 цагийн орчимд Өмнөговь аймаг Даланзадгад сум, 1 дүгээр баг, Гурвансайханы 1 дүгээр гудамжинд байсан иргэн Ц.М ын эзэмшлийн 18-13 ӨМҮ улсын дугаартай тоёота приус 11 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруу нь санаатай болон болгоомжгүй хэлбэртэй байх бөгөөд шүүгдэгч Х.Б ын үйлдсэн гэмт хэрэг нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэйг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байх тул санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Б нь хохирогч Ц.М тын эзэмшлийн 18-13 ӨМҮ улсын дугаартай тоёота приус 11 маркийн автомашиныг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь гэрч М.М.О ын мэдүүлэгт: ...машинд байсан бүх зүйл байсан. Алга болсон зүйл байхгүй. Эд анги нь бүрэн бүтэн байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 23-24-р хуудас/, шүүгдэгч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгт:”...ер нь ажил дээр очиж унтъя гэж бодоод замд асаалттай жижиг тэрэг байхаар нь цонхоор нь харсан чинь түлхүүр нь зоолттой байхаар нь унаад явсан юм... /хх-ийн 21-22-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Б нь Ц.М тын эзэмшлийн 18-13 ӨМҮ улсын дугаартай тоёота приус 11 маркийн автомашиныг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж түүнд 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1000114 дугаартай автомашин техникийн үнэлгээний дүгнэлтэд: Зах зээлийн дундаж үнэ 8.000.000 төгрөг /хх-ийн 27-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Б нь хохирогч Ц.М тын эзэмшлийн 18-13 ӨМҮ улсын дугаартай тоёота приус 11 маркийн автомашиныг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж түүнд 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд тухайн автомашиныг хууль ёсны эзэмшигч болох Ц.М тад биет байдлаар буцаан хүлээлгэн өгч, хохирогч Ц.М т хохирол төлбөр нэхэмжлээгүй болох нь түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад “Машинаа олоод буцаагаад авчихсан учир нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Б ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялын санал гаргав.
Шүүх шүүгдэгчийн хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирлоо биет байдлаар нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Х.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигин овгийн Х.Б ыг автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч Х.Б нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Х.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА