Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 4893

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Монгол улсын хуулийн этгээд 2635666 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Да хүрээ 97-93 тоот хаягт оршин байх “Тарант” ХХК-ий хүсэлттэй,

Ц.Батбилэгийн оршин суугаа хаягыг олж тогтоох, эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Төмөрхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Тарант ХХК-ий захирал П.Төмөрхуяг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тарант ХХК-ийн захирал П.Төмөрхуяг 2014 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Ц.Батбилэгтэй харилцан тохиролцож NISSAN CIVILIAN маркийн BW 40035011 аралын дугаартай дунд оворын автобусыг 13.300.000 төгрөгөөр Худалдах, худалдан авах гэрээний дагуу урьдчилгаа 11.000.000 төгрөг 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авсан. Үлдэгдэл 2.300.000 төгрөг, алданги 2.660.000 төгрөг, нийт 4.960.000 төгрөгийг гаргуулахаар 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөо Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 16261 тоот хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарсан. Уг захирамжид хариуцагч Ц.Батбилэг нь нэхэмжлэлд дурдсан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 16 дугаар хороолол, 46б байрны 2б тоотод бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.” гэсэн үндэслэлээр дараах захирамж гаргасан. Нэхэмжлэгч Тарант ХХК нь хариуцагчийн оршин суугаа хаягийг тогтоож, харьяалах шүүхэд нь дахин нэхэмжлэлээ гаргах, хариуцагч хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй тохиолдолд иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахыг хүсэлтийг өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй болохыг дурдсугай” гэж захирамжилжээ. Иймд  хариуцагч Ц.Батбилэгийг оршин суугаа хаягийг тогтоож, эрэн сурвалжилж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч “Тарант” ХХК нь Ц.Батбилэгийн оршин суугаа хаягыг олж тогтоолгох, эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Тарант ХХК-ийэ захирал П.Төмөрхуяг нь Ц.Батбилэгтэй  2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу үүргийн гүйцэтгэл шаардах зорилгоор Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр  тус шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 16261 дүгээр шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

            Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Цэрэндоржийн Батбилэг /ХК63083038/-ийн оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаагаас нэхэмжлэгч Таран ХХК нь хуульд заасан харьяаллын дагуу Ц.Батбилэгийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, Ц.Батбилэгийн оршин суугаа хаягыг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

            Ц.Батбилэг нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 16 дугаар хороолол 46б байрны 26 тоотод оршин суудаг 99107667, 89911555 дугаарын утастай байсан болохыг дурдаж байна.

           

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Монгол улсын иргэн ХК63083038 регистрийн дугаартай, Мэргэн лам овогт Цэрэндоржийн Батбилэгийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ц.Батбилэгийг эрэн  сурвалжилж, оршин суугаа хаягыг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч Тарант ХХК-ий захирал П.Төмөрхуяг /утасны дугаар 88105150, 70165150/-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Тарант ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.ЭНХЖАРГАЛ