Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 42

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго

            Улсын яллагч А.Тунгалагтуяа

            Хохирогч Э.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Учрал, Д.Даваадорж

Орчуулагч Т.Зулцэцэг

Шүүгдэгч “Ж ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ЛЮ ГУО ХУЙ /LIU GUOHUI/ нарыг оролцуулан Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч “Ж” ХХК-д холбогдох эрүүгийн  хэргийг 2019 оны 06 сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

   Шүүгдэгч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг  төмрийн хүдрийг баяжуулах, экспортлох, машин тоног, төхөөрөмж суурилуулалт, холбогдох засвар үйлчилгээ эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ж” ХХК.

   Шүүгдэгч “Ж” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад 1974 оны 01 сарын 06-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, “Жин Тай Хэ” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, БНХАУ-ын Хөбей муж Рун Чен муж Нан хуан лу Жиан хан Жан шу юуан 402 тоотод оршин суух, Монгол Улсад Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 15-р хороо Намуун төгөл хотхоны 4а тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ЛЮ ГУО ХУЙ /LIU GUOHUI/ /ПД:Е94344984/

              Шүүгдэгч “Ж  ХХК нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч “Ж  ХХК нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт “Жин Тай Хэ” ХХК-ний байранд 2018 оны 06 сарын 19-ний өдөр зохих зөвшөөрөлгүй химийн хорт, аюултай бодисыг хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хохирогч Э.О 2018 оны 09-р сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Ж ХХК нь 2008 оноос төмрийн хүдэр баяжуулах усан баяжуулахын үйлдвэрээр үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Энэ үйлдвэрийн захирал нь монгол талаа хариуцсан үйлдвэрийн хариуцсан захирлаар Ч.Б гэдэг хүн байдаг. Хятад талыг хариуцсан гадаад иргэний нэрийг сайн хэлж мэдэхгүй байна. Миний ажил үүргийн хуваарь үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийх эрх байдаг. Засаг даргын удирдамж, аймгийн Мэргэжлийн хяналт байгаль орчинтой хамтарсан шалгалтыг төлөвлөгөөний дагуу жилдээ 2-3 удаа хийдэг. Би Байгаль орчны улсын байцаагчаар 4 дэх жилдээ ажиллаж байна. “Ж” ХХК нь 2014 оноос 2017 оны хооронд үйл ажиллагаа явуулаагүй, зогсонги байдалтай байсан. 2017 оны 02 дугаар улирлаас үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. Энэ хугацаанд нь нийт 5 удаагийн мэргэжлийн хяналт, засаг даргын тамгын газрын хамтарсан шалгалтыг хийж байсан. “Ж” ХХК-ний жоншны баяжуулах үйлдвэр нь манай Бор-Өндөр сумын дугаар багийн нутаг дэвсгэрт харьяалагддаг. Уг баяжуулах үйлдвэр нь Бор-Өндөр сумаас зүүн урагш 2 км зайтай байдаг юм. “Ж ХХК нь химийн хорт бодис лабораторт ашиглах, химийн бодис хадгалах, тээвэрлэх тусгай зөвшөөрлийг 2008 онд авч байсан. Энэ зөвшөөрөл нь 3-5 жилийн хугацаатай байдаг. Харин сүүлд буюу 2017 оны 09 сард шалгалт хийхэд уг зөвшөөрлийн хугацаа дууссан, 2012 оноос хойш миний хорт бодисыг ашиглахаа больсон гэж байсан. Гэхдээ “Ж  ХХК-д химийн хорт бодис хадгалагдаж байсан. Химийн хорт бодисоо гадаад иргэдийн байрладаг байрны хамгийн урд талын өрөөнд хадгалж байсан. Энэ нь химийн хорт бодис хадгалах өрөөнд тавигдах стандарт шаардлагыг хангаагүй байсан. Би энэ талаар үйлдвэрийн удирдлага Болдбаатарт хэлэхэд “Үйлдвэрт ашиглахгүй байгаа болохоор ингээд хадгалж байгаа юм” гэсэн тайлбар өгч байсан. Тэр бодис нь 2008-2012 оны хооронд үйл ажиллагаа явуулж байхдаа ашиглаж байсан химийн хорт бодисыг саармагжуулалтад орсон 100 гаруй кг химийн бодис байсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-37-р хуудас/

-Гэрч В.О 2018 оны 07-р сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би анх Ж  ХХК-д 2010 онд эрүүл ахуйн, хөдөлмөр хамгааллын инженерээр анх ажилд орж өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Ж ХХК нь төмрийн хүдрийг боловсруулах, экспортонд гаргах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Намайг анх 2010 онд ажилд ороход үүсгэн байгуулагдаад удаагүй байсан. Миний мэдэхээр 2008 оноос эхэлж ажиллаж байна. Намайг ажилд ороход химийн лаборатори гэж байгаагүй. Харин 2012 оноос туршилтаар химийн лаборатори ашигласан. Тухайн үед туршилтаар ажиллуулж байсан болохоор зөвшөөрөл байгаагүй. Уг нь зөвшөөрөл авах гэж Улаанбаатар хотоор холбогдох байгууллагуудаар явсан боловч бүтээгүй. Тийм болохоор химийн лабораторийг цаашид ашиглах боломжгүй болсон. Миний санаж байгаагаар 2014 оноос хойш химийн лаборатори ашиглаагүй. Ямар нэртэй химийн бодис юунд ашигладаг байсан эсэхийг мэдэхгүй, ер нь хүдрийн агууламж тодорхойлох зорилгоор ашигладаг байсан. Энэ ажлыг тухайн үед хариуцан ажилладаг байсан лабораторийн 2 ажилтан М, Б, гэдэг хүмүүс мэднэ. Харин лабораторит ашиглаж байсан химийн бодисын хадгалалт, хамгаалалтын аюулгүй ажиллагаанд би хяналт тавьдаг байсан. Химийн бодисуудыг хууль журамд заасан стандартын дагуу хадгалдаггүй байсан. Харин лабораторийнхаа өрөөнд ямар ч байсан аливаа зүйлдээ урвалд орж эрсдэл гаргуулахгүйгээр хайрцаг саванд хийж хадгалдаг байсан. Өмнө нь ажиллаж байсан Хятад нягтлан болон лабораторит ажиллаж байсан 2 лаборант мэддэг байсан. Би химийн бодисыг харахын хувьд харсан гэхдээ би нэрлэж мэдэхгүй хайрцаг савтай зүйл байдаг” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-42-р хуудас/

-Гэрч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Z 2018 оны 08-р сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би Монгол Улсад 2011 онд худалдаа наймаа эрхлэх болон уул уурхайн компанид хөрөнгө оруулах чиглэлээр орж ирсэн. Одоо би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт уул уурхайн баяжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ж ХХК-д хөрөнгө оруулагчийн бие төлөөлөгч буюу захирлаар ажилладаг. Би худалдаа аж үйлдвэрийн мэргэжлийг эзэмшсэн. Манай Ж ХХК нь төмрийн хүдрийг боловсруулах, экспортлож гаргах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ж ХХК анх 2011 онд үүсгэн байгуулагдаж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. 2011 оноос өмнө Ж  ХХК нь өөр захиралтай байсан. Түүнээс хойш 3 захирлын нүүр үзэж байна. Би тухайн үед энэ компанид бараа тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавьж хариуцан ажиллаж байсан. Манай Ж  ХХК нь 2009 оноос 2012 он хүртэл лабораторийг ашиглаж байсан. 2013 оноос хойш химийн шинжилгээ явуулах лабораторийг ашиглахаа больсон. Одоо Ж ХХК-д лаборатори ашиглах тусгай зөвшөөрөл байхгүй. Манай компани нь одоо лаборатори ашиглахгүй байгаа, өрөөнд нь ажилчдын хувцас угаадаг хэрэгсэл болох угаалгын машин зэрэг эд зүйл байдаг. Би хэдэн төрлийн бодис байгааг хэлж мэдэхгүй байна. Би 2017 оны 3 дугаар сараас хариуцаж байгаа болохоор өмнө нь авчирсан эд хөрөнгө болон дээрх химийн бодисын талаар би өөрөө хариуцна. Эдгээр бодис дунд миний өмнө ажиллаж байсан хүмүүсийн ашиглаж байсан химийн бодисууд байгаа. Харин 2017 оны 3 дугаар сараас хойш ажиллаж байх хугацаандаа би Улаанбаатар хотоос дээрх химийн бодисыг худалдаж авч байсан. Гэхдээ одоо би зарсан компани болон худалдсан хүнийг нь мэдэхгүй байна. Дээрх бодисыг Л  ХХК-иас ирсэн төмрийн хүдрээс дээжилж агууламж тогтоох зорилгоор химийн бодис ашигладаг. Би 2017 оны 03 дугаар сараас хойш химийн бодисыг төмрийн хүдрийн агууламж тогтоох зорилгоор ашиглаагүй. Одоо манай дээр байгаа химийн 2 төрлийн бодис байгаа харин бусад нь өмнө нь байсан химийн бодисууд. Бид төмрийн хүдрийн агууламжийн тогтоох зорилгоо ямар ч химийн бодис ашиглаагүй. Харин зөвшөөрөлтэй болж байгаад ашиглана гээд хадгалж байгаа. Надад химийн хорт бодис ашиглах эрх байхгүй. Төмрийн хүдрийн агууламжийг тогтооход дээрх химийн бодисууд ордог гэдгийг мэддэг болохоор авчирсан. Өмнө нь гааль дээр очсон үедээ агууламжийг нь тогтоолгодог байсан. Харин 2018 оны 09 сараас эхэлж өөрсдөө мэргэжилтэн болон лабораторитой болж зөвшөөрлийг авсны дараа төмрийн хүдрээс дээжилж агууламж тогтооно гэж бодож байгаа. Манайд лаборантаар ажиллаж байгаа хүн байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-45-р хуудас/

-Гэрч Б.Б  2018 оны 12-р сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: Би 2010 оны 09 дүгээр сараас хойш 2012 оны 03 дугаар сар хүртэл Ж ХХК-д лаборантаар ажиллаж байсан. Ингээд 2012 оны 03 дугаар сард ажлаасаа гараад 2012 оны 08 дугаар сард эргэж “Ж  ХХК-д лаборантаар ороод 2014 оны 04 дүгээр сар хүртэл ажиллаад лаборант хийхээ больж пүүлэгч хийсэн. Намайг ажиллаж байх үед “Ж” ХХК-д хадгалагдаж байсан бодисуудыг мэднэ. Химийн бодисуудыг Хятад иргэд мэдэж хариуцдаг байсан. Би тэр Хятад хүмүүсийг нь танихгүй. Миний хувьд үйл ажиллагаанд хэрэглэдэг байсан. Төмрийн хүдрийн агуулга тодорхойлоход хэрэглэдэг байсан юм. Намайг ажиллаж байх үед Монгол талын захирал нь Болдбаатар дарга байсан. Харин Хятад талаас хэн байсныг нь мэдэхгүй байна. Намайг ажиллаж байх үед химийн лаборатори ажиллуулж байсан, би өөрөө ажиллаж байсан. Намайг ажиллаж байх үед М  гэдэг эмэгтэй ажилладаг байсан М бид хоёроос өөр химийн лабораторид ажилладаг хүн байгаагүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 91-р хуудас/

-Гэрч Х.Т 2019 оны 03-р сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Ж ХХК-ийг анх гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Luo Yujing, Luo Yuqing, Li Peizheng гэх БНХАУ-ын 3 иргэн хамтран 2008.04.18-ны өдөр үүсгэн байгуулсан байна. Гурван гишүүнтэй, гурван хөрөнгө оруулагчтай, 46.800.000 төгрөгийн дүрмийн сантай, Luo Yujing нь 50%,  Luo Yuqing 35%, Li Peizheng 15%-ийг тус тус эзэмших эрхтэй, тухайн үедээ Luo Yujing нь захирлаар бүртгүүлсэн байна. Харин уг гурван хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчийн 2013.01.10-ны өдрийн 12 дугаартай шийдвэрээр тус компанийн гүйцэтгэх захирлаар Zhao Zhanli гэдэг хүнийг гүйцэтгэх захирлаар томилж 2013.01.14-ны өдөр улсын бүтгэлд бүртгүүлсэн байна. Мөн 2014.03.18-ны өдөр эрхлэх үйл ажиллагааны чиглэлээр төмрийн хүдэр баяжуулж экспортлох гэсэн үйл ажиллагааны чиглэл нэмсэн байна. Ингээд 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр БНХАУ-ын Эрээн хотын Бө-Шин худалдааны компанид Ж ХХК-ийг бүрэн шилжүүлсэн байна. Ингэхдээ Жин Тай Хэ ХХК-ийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч Luo Yujing, Luo Yuqing, Li Peizheng гэх 3 хүн өөрсдийн оруулсан хувь хэмжээгээрээ хувьцаа бэлэглэлийн гэрээ болон эрх шилжүүлэх гэрээ хийж Монгол Улсын нотариатын газраас баталгаажуулан шилжүүлсэн байна. Харин БНХАУ-ын Эрээн хотын Бө-Шин худалдааны компанийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Вап Жи Юнь гэх хүн шилжүүлэн авч дээрх гэрээнүүд дээр гарын үсэг зурсан байна. Ингээд 2016.12.27-ны өдрийн 11А дугаартай албан хүсэлтийн дагуу гүйцэтгэх захирлаар Liu Guohui гэгч иргэнийг томилсныг 2017.01.04-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн байна. 2019.01.24-ний өдөр эрхлэх үйл ажиллагааны чиглэлээр машин тоног төхөөрөмж суурилуулалт холбогдох засвар үйлчилгээ гэсэн чиглэл нэмсэн байна. Энэхүү компанийн 100% хувьцаа эзэмшигч нь БНХАУ-ын Эрээн хотын Бө-Шин худалдааны компани байна. БНХАУ-ын Эрээн хотын Бө-Шин худалдааны компанийн үүсгэн байгуулагч захирал буюу эзэн нь Жав Цэн гэдэг хятад хүн байна. Энэ нь тухайн хуулийн этгээдийн архивын хувийн хэргийн мэдээллээс харагдаж байна. 2015.11.11-ний өдөр БНХАУ-ын Эрээн хотын Бө-Шин худалдааны компанид Жин Тай Хэ ХХК-ийг бүрэн шилжүүлснээс хойш  2017.01.04-ний өдөр Liu Guohui гэгчийг томилох хүртэл өмнөх захирлыг өөрчлөөгүй байсан байна, тухайлбал шилжүүлж авсан Эрээн хотын Бө-Шин худалдааны компани захирлаа томилоогүй байж байгаад 2017.01.04-ний өдөр Liu Guohui гэгчийг гүйцэтгэх захирлаар бүртгүүлсэн байна. 2014.03.18-ны өдөр төмрийн хүдэр баяжуулж, экспортлох гэсэн үйл ажиллагааны чиглэлийг эрхлэх үйл ажиллагааны чиглэлдээ нэмсэн байдаг. Улсын бүртгэлийн газарт ирүүлж байсан тодорхойлолт хүсэх тухай албан бичгээс харахад Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт төмрийн хүдрийг усаар баяжуулан боловсруулж экспортод гаргах үйл ажиллагаа явуулдаг талаар дурдсан байдаг. Улсын бүртгэлд бүртгүүлснээр Ж  ХХК-ийн үйл ажиллагааг хариуцах, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь гүйцэтгэх захирлаар томилогдсон Liu Guohui гэгч болно” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 121-122-р хуудас/

-Гэрч Ө.М 2019 оны 04-р сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: Хэнтий аймгийн Мэргэлжлийн хяналтын газрын байгаль орчин Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагчаар 13 жил ажиллаж байна. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Ж ХХК нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р багийн нутаг дэвсгэр сумын төвөөс урд зүгт 2 км орчим зайд байх газарт 2009 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд үндсэндээ 10 жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд 2014-2016 онд үйл ажиллагаа нь түр зогссон. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Ж  ХХК нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь баяжуулах үйлдвэр нь уурхайн олборлолт явууладаггүй бөгөөд бусдын олборлосон төмрийн хүдрийг худалдаж аваад үйлдвэртээ нойтон соронзон аргаар буюу усаар норгож соронзон сеператороор баяжуулан 50-60 хувийн баяжмал гаргаж БНХАУ-руу экспортод гаргах үйл ажиллагаа явуулдаг. 2018 оны 06 дугаар сард Хэнтий аймгийн тагнуулын байгууллагын ажилтан Эрийнтовчоос БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Ж ХХК нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь баяжуулах үйлдвэр нь зөвшөөрөлгүйгээр химийн бодис ашиглаж байгаа тухай мэдээллийг надад утсаар өгсний дагуу би аймгийн МХГ-т мэдэгдээд газрын даргаас хяналт шалгалт хийх чиглэл өгсний дагуу 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Ж  ХХК нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь баяжуулах үйлдвэрт хяналт шалгалтыг Хэнтий аймгийн МХГ-ын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Э.Ц болон Хэнтий аймгийн Тагнуулын хэлтсийн ажилтан Э нарыг оролцуулан хяналт шалгалт хийхэд тус үйлдвэрийг хятад ажилчдын байрны хамгийн зүүн булангийн цоожтой өрөөнд 16 төрлийн 49 ширхэг химийн бодис байж болзошгүй зүйл хадгалж байсан нь илэрсэн учир хойшуулшгүй арга хэмжээ авч битүүмжилж прокурорт мэдэгдэж хүчинтэйд тооцуулсан. Энэ ажиллагаанд оролцсон тагнуулын байгууллагын ажилтны хувьд ажиглагчаар оролцсон бөгөөд тэмдэглэлд өөрийгөө тусгуулахгүй гарын үсэг зурахгүй гэсэн учир тэмдэглэлд бичээгүй. Ингээд материалжуулан харьяаллын дагуу шилжүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлсэн, хаяг шошго байхгүй зүгээр шилэн саванд хийсэн бодис байсан, магадгүй хаяг шошго байхгүй бодис нь ижил төрлийн бодис байхыг үгүйсгэхгүй. Мөн бодис байсан байж болзошгүй хоосон савыг 16 төрлийн 49 ширхэг химийн бодис гэсэн тэмдэглэлд оруулсан болохоор нэг хасагдсан байж болно. Тус үйлдвэрт жил болгон шахуу хяналт шалгалт хийж байсан, хяналт шалгалтаар химийн бодистой холбоотой зөрчил илэрч байгаагүй, бид бол хяналт шалгалт хийхдээ 5 хоногийн өмнө мэдэгдэж хяналт шалгалт хийдэг, тэгээд ч цоожтой өрөөнд нэвтрэх эрх бидэнд байхгүй. Манай шалгалтын хүрээнд үйлдвэрлэлийн хаягдлаас дээж авч үздэж шинжилдэг, химийн бодис илэрч байгаагүй угаасаа энэ үйлдвэр технологи нь химийн бодос ашигладаггүй. Ж  ХХК нь дээрх химийн бодисуудыг баяжмалын агуулга, чийгшил, бусад эрдэсүүдийг тодорхойлохоор хими анализ гэж нэрлэдэг дотооддоо лабораторийн түвшинд ашигласан гэж үзэж байна. Экспортод гаргаж байгаа баяжмалаа гаалийн лабораторид шинжлүүлдэг, энэ шинжилгээний дүнгээ л багцаалдах харьцуулж үзэх гэж л ашигласан байх гэж бодож байна, түүнээс бол үйлдвэрлэлдээ химийн бодис ашиглаагүй, ашиглах тийм боломжгүй техник технологи тоног төхөөрөмжтэй үйлдвэр юм” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 139-140-р хуудас/

-2018 оны 06 сарын 19-ний өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хх-ийн 16-17-р хуудас/

-2018 оны 06 сарын 19-ний өдрийн Лац ломбо тавьсан тухай тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 23-27-р хуудас/

- 2018 оны 09 сарын 21-ний өдрийн 9/153 дугаартай Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн шинжээчийн дүгнэлт. Hg2CI2-Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор Монгол Улсад ашиглахыг хязгаарласан бодисын жагсаалтад орсон/ гэжээ. /1-р хх-ийн 51-53-р хуудас/

-2018 оны 11 сарын 28-ны өдрийн 5а/8419 дугаартай Байгаль орчин аялал жуулчлалын яамны “Ж  ХХК нь химийн хорт аюултай бодис халдгалах, тээвэрлэх, ашиглах, устгах, тусгай зөвшөөрөл олгогдож байгаагүй болно” гэх лавлагаа  /1-р хх-ийн 116-р хуудас/

-2018 оны 12 сарын 31-ний өдрийн 2/535 дугаартай Шинжлэх ухааны академи хими, химийн технологийн хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд: “...ирүүлсэн 11 төрлийн бодисноос мөнгөн усны (I) хлорид (Hg2CI2)-ын давс нь Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад орсон” гэх дүгнэлт /1-р хх-ийн 213-р хуудас/

-2019 оны 02 сарын 15-ны өдрийн 11/1319 дугаартай Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн Ж  ХХК-ны улсын бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 241-р хуудас/

-2008 оны 04 сарын 18-ны өдрийн 000176525 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /2-р хх-ийн 108-р хуудас/

-2018 оны 12 сарын 31-ний өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /2-р хх-ийн 111-р хуудас/

-Гэрч Ч.Б  дахин гэрчээр 2018 оны 12 сарын 03-ны өдөр өгсөн: “...Манай компани химийн лаборатори ажиллуулж байсан. Зорилго нь төмрийн түүхий хүдрийн агууламжийн хувь хэмжээг тогтоож шинжлэх зорилгоор бага хэмжээгээр лабораторийн түвшинд ашиглаж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 82-83/

-Хохирогч Э.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Ж ХХК-иас нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

-Шүүгдэгч “Ж  ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ЛЮ ГУО ХУЙ /LIU GUOHUI/  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2017 онд Монгол Улсад ирсэн. Манай компани 10 жил хуулийн дагуу ажилласан. Би химийн бодис байгааг мэдээгүй, хараагүй. Жилд манай компани 600 сая төгрөгний татвар төлдөг. Химийн бодис хадгалж байсан гэсэн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

Хохирогч Э.О, гэрч В.О БНХАУ-ын иргэн Жао Жан Ли /Zhao Zhan Li/, Б.Б  Х.Т Ө.М  шүүгдэгч “Ж  ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ЛЮ ГУО ХУЙ /LIU GUOHUI/ нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч “Ж  ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ЛЮ ГУО ХУЙ /LIU GUOHUI/ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч “Ж ” ХХК нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан” гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.  

 Тухайлбал шүүгдэгч “Ж  ХХК нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “Ж  ХХК-ний байранд 2018 оны 06 сарын 19-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.    

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн хяналтын прокуророос шүүгдэгч “Ж  ХХК-д холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна. 

Иймд шүүх шүүгдэгч “Ж  ХХК-ийг “хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

Шүүгдэгч “Ж ХХК-иас хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлгийг өгсөн байх тул “Ж  ХХК нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Учралын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “Жин Тай Хэ” ХХК-ийн дээрх үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлд заасан Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэргийн шинжийг агуулаагүй.

“Ж” ХХК-ийн дээрх үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт заасан Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль тогтоомж зөрчих гэж гэмт хэрэг мөн байсан. “Ж  ХХК-ийн дээрх үйлдэл нь Зөрчлийн шинжтэй үйлдэл тул Зөрчлийн хуулиар шийтгэл ногдуулна. Гэмт хэрэг гараагүй. Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахад татгалзах зүйлгүй” гэх хүсэлтийг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваадоржийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “Ж ХХК-ийн дээрх үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлд заасан Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэргийн шинжид химийн бодисыг хадгалсан гэдэг нь оруулаагүй ХХК-ийн эрх хасах албадлагын арга хэмжээг хэрэглэх боломжгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь тусгай зөвшөөрлөөр эрх авахгүй. Тусгай зөвшөөрлөөр олгогдсон эрхийг хасах ёстой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект болохгүй. Эрх хасахад эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашигтайгаар шийдэж өгнө үү” гэх хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараахь нотлох баримтууд болох:

- 2018 оны 09 сарын 21-ний өдрийн 9/153 дугаартай Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн шинжээчийн дүгнэлт. Hg2CI2-гэх бодис нь Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор Монгол Улсад ашиглахыг хязгаарласан бодисын жагсаалтад орсон/ гэжээ. /1-р хх-ийн 51-53-р хуудас/ гэх дүгнэлтээр,

Тухайлбал Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 дугаар хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтаар Hg2CI2- гэх химийн бодис нь Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор Монгол Улсад ашиглахыг хязгаарласан бодисын жагсаалтад орсон нь тогтоогдож байна.

-2018 оны 11 сарын 28-ны өдрийн 5а/8419 дугаартай Байгаль орчин аялал жуулчлалын яамны “Ж  ХХК нь химийн хорт аюултай бодис халдгалах, тээвэрлэх, ашиглах, устгах, тусгай зөвшөөрөл олгогдож байгаагүй болно” гэх лавлагаа  /1-р хх-ийн 116-р хуудас/-р,

-2018 оны 12 сарын 31-ний өдрийн 2/535 дугаартай Шинжлэх ухааны академи хими, химийн технологийн хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд: “...ирүүлсэн 11 төрлийн бодисноос мөнгөн усны (I) хлорид (Hg2CI2)-ын давс нь Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад орсон” /1-р хх-ийн 213-р хуудас/ гэх дүгнэлтээр,

-Хохирогч Э.О 2018 оны 09-р сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Ж ХХК нь 2008 оноос төмрийн хүдэр баяжуулах усан баяжуулахын үйлдвэрээр үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Миний ажил үүргийн хуваарь үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийх эрх байдаг. Засаг даргын удирдамж, аймгийн Мэргэжлийн хяналт байгаль орчинтой хамтарсан шалгалтыг төлөвлөгөөний дагуу жилдээ 2-3 удаа хийдэг. Би Байгаль орчны улсын байцаагчаар 4 дэх жилдээ ажиллаж байна. “Ж ХХК нь 2014 оноос 2017 оны хооронд үйл ажиллагаа явуулаагүй, зогсонги байдалтай байсан. 2017 оны 02 дугаар улирлаас үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. “Жин Тай Хэ” ХХК нь химийн хорт бодис лабораторит ашиглах, химийн бодис хадгалах, тээвэрлэх тусгай зөвшөөрлийг 2008 онд авч байсан. Энэ зөвшөөрөл нь 3-5 жилийн хугацаатай байдаг. Харин сүүлд буюу 2017 оны 09 сард шалгалт хийхэд уг зөвшөөрлийн хугацаа дууссан, 2012 оноос хойш миний хорт бодисыг ашиглахаа больсон гэж байсан. Гэхдээ “Жин Тай Хэ” ХХК-д химийн хорт бодис хадгалагдаж байсан. Химийн хорт бодисоо гадаад иргэдийн байрладаг байрны хамгийн урд талын өрөөнд хадгалж байсан. Энэ нь химийн хорт бодис хадгалах өрөөнд тавигдах стандарт шаардлагыг хангаагүй байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 36-37-р хуудас/

-Гэрч В.Оюунтүлхүүрийн 2018 оны 07-р сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би анх Жин Тай Хэ ХХК-д 2010 онд эрүүл ахуйн, хөдөлмөр хамгааллын инженерээр анх ажилд орж өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Жин Тай Хэ ХХК нь төмрийн хүдрийг боловсруулах, экспортонд гаргах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Харин 2012 оноос туршилтаар химийн лаборатори ашигласан. Тухайн үед туршилтаар ажиллуулж байсан болохоор зөвшөөрөл байгаагүй. Уг нь зөвшөөрөл авах гэж Улаанбаатар хотоор холбогдох байгууллагуудаар явсан боловч бүтээгүй. Тийм болохоор химийн лабораторийг цаашид ашиглах боломжгүй болсон. Миний санаж байгаагаар 2014 оноос хойш химийн лаборатори ашиглаагүй. Ямар нэртэй химийн бодис юунд ашигладаг байсан эсэхийг мэдэхгүй, ер нь хүдрийн агууламж тодорхойлох зорилгоор ашигладаг байсан. Энэ ажлыг тухайн үед хариуцан ажилладаг байсан лабораторийн 2 ажилтан Мөнхцэцэг, Болормаа гэдэг хүмүүс мэднэ. Харин лабораторит ашиглаж байсан химийн бодисын хадгалалт, хамгаалалтын аюулгүй ажиллагаанд би хяналт тавьдаг байсан. Химийн бодисуудыг хууль журамд заасан стандартын дагуу хадгалдаггүй байсан. Харин лабораторийнхаа өрөөнд ямар ч байсан аливаа зүйлдээ урвалд орж эрсдэл гаргуулахгүйгээр хайрцаг саванд хийж хадгалдаг байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 41-42-р хуудас/

-Гэрч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Zhao Zhan Li 2018 оны 08-р сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Манай Жин Тай Хэ ХХК нь 2009 оноос 2012 он хүртэл лабораторийг ашиглаж байсан. 2013 оноос хойш химийн шинжилгээ явуулах лабораторийг ашиглахаа больсон. Одоо Жин Тай Хэ ХХК-д лаборатори ашиглах тусгай зөвшөөрөл байхгүй. Манай компани нь одоо лаборатори ашиглахгүй байгаа, өрөөнд нь ажилчдын хувцас угаадаг хэрэгсэл болох угаалгын машин зэрэг эд зүйл байдаг. Би хэдэн төрлийн бодис байгааг хэлж мэдэхгүй байна. Дээрх бодисыг Лут чулуу ХХК-иас ирсэн төмрийн хүдрээс дээжилж агууламж тогтоох зорилгоор химийн бодис ашигладаг. Би 2017 оны 03 дугаар сараас хойш химийн бодисыг төмрийн хүдрийн агууламж тогтоох зорилгоор ашиглаагүй. Одоо манай дээр байгаа химийн 2 төрлийн бодис байгаа харин бусад нь өмнө нь байсан химийн бодисууд. Бид төмрийн хүдрийн агууламжийн тогтоох зорилгоо ямар ч химийн бодис ашиглаагүй. Харин зөвшөөрөлтэй болж байгаад ашиглана гээд хадгалж байгаа. Надад химийн хорт бодис ашиглах эрх байхгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 27-28-р хуудас/

-Гэрч Б.Болормаагийн 2018 оны 12-р сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: Би 2010 оны 09 дүгээр сараас хойш 2012 оны 03 дугаар сар хүртэл Жин Тай Хэ ХХК-д лаборантаар ажиллаж байсан. Намайг ажиллаж байх үед “Жин Тай Хэ” ХХК-д хадгалагдаж байсан бодисуудыг мэднэ. Химийн бодисуудыг Хятад иргэд мэдэж хариуцдаг байсан. Миний хувьд үйл ажиллагаанд хэрэглэдэг байсан. Төмрийн хүдрийн агуулга тодорхойлоход хэрэглэдэг байсан юм. Намайг ажиллаж байх үед химийн лаборатори ажиллуулж байсан, би өөрөө ажиллаж байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 91-р хуудас/

-Гэрч Ө.Маналжавын 2019 оны 03-р сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: Хэнтий аймгийн Мэргэлжлийн хяналтын газрын байгаль орчин Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагчаар 13 жил ажиллаж байна. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Жин Тай Хэ ХХК нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р багийн нутаг дэвсгэр сумын төвөөс урд зүгт 2 км орчим зайд байх газарт 2009 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд үндсэндээ 10 жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд 2014-2016 онд үйл ажиллагаа нь түр зогссон. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Жин Тай Хэ ХХК нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь баяжуулах үйлдвэр нь уурхайн олборлолт явууладаггүй бөгөөд бусдын олборлосон төмрийн хүдрийг худалдаж аваад үйлдвэртээ нойтон соронзон аргаар буюу усаар норгож соронзон сеператороор баяжуулан 50-60 хувийн баяжмал гаргаж БНХАУ-руу экспортод гаргах үйл ажиллагаа явуулдаг. 2018 оны 06 дугаар сард Хэнтий аймгийн тагнуулын байгууллагын ажилтан Эрийнтовчоос БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Жин Тай Хэ ХХК нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь баяжуулах үйлдвэр нь зөвшөөрөлгүйгээр химийн бодис ашиглаж байгаа тухай мэдээллийг надад утсаар өгсний дагуу би аймгийн МХГ-т мэдэгдээд газрын даргаас хяналт шалгалт хийх чиглэл өгсний дагуу 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Жин Тай Хэ ХХК нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь баяжуулах үйлдвэрт хяналт шалгалтыг Хэнтий аймгийн МХГ-ын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Э.Цэцэгдэлгэр болон Хэнтий аймгийн Тагнуулын хэлтсийн ажилтан Эрийнтовч нарыг оролцуулан хяналт шалгалт хийхэд тус үйлдвэрийг хятад ажилчидын байрны хамгийн зүүн булангийн цоожтой өрөөнд 16 төрлийн 49 ширхэг химийн бодис байж болзошгүй зүйл хадгалж байсан нь илэрсэн учир хойшуулшгүй арга хэмжээ авч битүүмжилж прокурорт мэдэгдэж хүчинтэйд тооцуулсан. Мөн бодис байсан байж болзошгүй хоосон савыг 16 төрлийн 49 ширхэг химийн бодис гэсэн тэмдэглэлд оруулсан болохоор нэг хасагдсан байж болно. Тус үйлдвэрт жил болгон шахуу хяналт шалгалт хийж байсан, хяналт шалгалтаар химийн бодистой холбоотой зөрчил илэрч байгаагүй, бид бол хяналт шалгалт хийхдээ 5 хоногийн өмнө мэдэгдэж хяналт шалгалт хийдэг, тэгээд ч цоожтой өрөөнд нэвтрэх эрх бидэнд байхгүй” гэх мэдүүлэг /2хх-ийн 139-140-р хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж, тус тус няцаагдаж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Шүүгдэгч Жин Тай Хэ ХХК нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан” гэмт  хэрэг  үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.  

Шүүгдэгч Жин Тай Хэ ХХК-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэмт хэргийн шинж зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Жин Тай Хэ ХХК нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Жин Тай Хэ ХХК  нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Жин Тай Хэ ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан торгох ялыг хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр торгох ялыг шүүгдэгчид оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Жин Тай Хэ ХХК-ийн эрхэлсэн ажил, сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 9.3 дугаар зүйлийн 1, 9.4 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Монгол улсын хуулийн этгээд, 5218896 регистрийн дугаартай “Жин Тай Хэ” ХХК-ийг төмрийн хүдэр баяжуулах үйл ажиллагаа явуулах эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасах нь зүйтэй байна.

Уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь хадгалагдаж байсан химийн бодисын зарим хэсгийг төмрийн хүдрийг баяжуулахад хэрэглэх зорилготой байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж гэж тодорхой заасан байх тул өмгөөлөгч нарын эрх хасах ял оногдуулах үндэслэлгүй гэж хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч Жин Тай Хэ ХХК нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч “Жин Тай Хэ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ЛЮ ГУО ХУЙ /LIU GUOHUI/-ийн Е94344984 дугаартай паспортыг тогтоол хүчин төгөлдөр болмогц ЛЮ ГУО ХУЙ /LIU GUOHUI/-д буцаан олгож,  хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 11 төрлийн, 48 ширхэг савлагаатай химийн хорт болон аюултай бодисыг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн хими, химийн технологийн хүрээлэнд  Монгол Улсын Шинжлэх ухааны академийн хими, химийн технологийн хүрээлэнд  устгахыг даалгах нь зүйтэй байна.

             

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1 дүгээр зүйл,

36.1 дүгээр зүйл,  36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10,    36.13, 38.1, 38.2  дугаар зүйлд тус тус заасныг удирдлага

 болгон Т О Г Т О О Х нь:

 

              1.Шүүгдэгч “Жин Тай Хэ” ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

              2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 9.3 дугаар зүйлийн 1, 9.4 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Монгол улсын хуулийн этгээд, 5218896 регистрийн дугаартай “Жин Тай Хэ” ХХК-ийг төмрийн хүдэр баяжуулах үйл ажиллагаа явуулах эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 50000 /тавин мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50000000 /тавин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч “Жин Тай Хэ” ХХК-д оногдуулсан торгох ялыг 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаас шүүгдэгч хуулийн этгээд “Жин Тай Хэ” ХХК-ийн тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс хугацааг тоолсугай.

5.Шүүгдэгч “Жин Тай Хэ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ЛЮ ГУО ХУЙ /LIU GUOHUI/ нь цагдан хоригдоогүй, “Жин Тай Хэ” ХХК нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч “Жин Тай Хэ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ЛЮ ГУО ХУЙ /LIU GUOHUI/-ийн Е94344984 дугаартай паспортыг тогтоол хүчин төгөлдөр болмогц ЛЮ ГУО ХУЙ /LIU GUOHUI/-д буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

              6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Монгол Улсын Шинжлэх ухааны академийн хими, химийн технологийн хүрээлэнд  хадгалагдаж байгаа 11 нэр төрлийн, 48 ширхэг химийн хорт, аюултай бодисыг устгахыг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн хими, химийн технологийн хүрээлэнд даалгасугай.

              7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Жин Тай Хэ ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ЛЮ ГУО ХУЙ /LIU GUOHUI/-д авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

              8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Жин Тай Хэ ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ЛЮ ГУО ХУЙ /LIU GUOHUI/-д авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                             М.ЭНХМАНДАХ